Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          03             10                                          2021/ШЦТ/74

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Т.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.У-т холбогдох эрүүгийн 2038005480061 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.У.  

Шүүгдэгч Т.У- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Чойжингийн тохой” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч П.Л-гийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т.У- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Чойжингийн тохой” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч П.Л-гийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038005480061 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх өдөр болгон үхрээ бэлчээрээс нь хураадаг хамгийн сүүлд гэхэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний орой 18-19 цагийн хооронд манай хүү Л.Б- үхрээ бэлчээрээс нь хурааж өвөлжөөний хашаан дээр орхисон байсан. Тэгээд маргааш үдээс хойш 16 цагийн орчимд үхрээ бэлчээрээс хураах гээд үхрийн бэлчээрт очиход хоёр бяруу алга болсон байсан. Алга болсон бярууны содон шинж тэмдэг нь гэвэл хар халзан эр бяруу мориор бол зөв чих нь дөрөөвч буруу чих нь оно имтэй. Нөгөөх нь эрээн хүрэн охин бяруу зөв чих дөрөөвч буруу чих нь оно имтэй бяруунууд байсан... Миний хоёр үхрийг хулгайлсан Т.У-аас 1.500.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

              Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”....2020 оны 10 дугаар 01-ний шөнө байхаа дүү М.Ш- аймгийн төвөөр Бүрэнтогтох сум руу явж байгаад шөнө 23 цагийн орчим тус сумын нутагт 3 цахир гэх газрын ойролцоо 2 бярууг холбож туусан явж байсан нэг хүнтэй тааралдсан гэж М.Ш- надад хэлсэн. Тэгээд би Хөвсгөл аймгийн Их-Уул багийн засаг дарга Эсмэдэх багийн эмч Цэрэнбалжир нарт хоёр бярууг алдсан хүн байвал хэлээрэй гэж би хэлсэн. Үүнээс өөрөөр надад мэдэх юм алга байна. Тэгээд П.Л- надаас хоёр бярууг хүн тууж явахад нь чи харсан юм уу гэж асуухаар нь би өөрөө хараагүй манай дүүтэй Ууганаа гэдэг залуу 2 бяруу тууж яваад таарсан гэсэн би өөр зүйл мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

              Гэрч М.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”....2020 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 24 цагийн орчим байх, Мөрөн сумаас Бүрэнтогтох сум руу гэртээ харихаар явж байтал замд Т.У- улаан халзан, нэг нь эрээн хүрэн 2 бяруу туугаад явж байсан. Би өөрөө машинтай явж байсан тул зогсож Т.У-тай уулзахад аймгийн төв рүү явж байна гэж надад хэлсэн. ..Би Т.У- гэх залууг 2 үхэр тууж явсан эсэх талаар өөрийнхөө төрсөн ах А-т хэлж байсан. Түүнээс өөр хүнд хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

              Шүүгдэгч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Пэлээ овогтой П.Л- гэх хүнийг танина. П.Л- нь надтай нэг сумын нутгийн ах байгаа юм. Бид хоёр танилцаад 10 орчим жил болж байна. Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймгийн төв рүү хар хүрэн зүсмийн духан дээрээ сартай, ухам имтэй бяруу 1, улаан хүрэн зүсмийн мөн адил ухам имтэй бяруу 1 ширхэг зэргийг ганцаараа тууж явсан. Би дээрх хоёр бярууг тууж явах замдаа хөрш айлын залуу М.Ш-тай тааралдсан. Би М.Ш-тай Цахир даваа гэх газарт тааралдсан. ..Би болсон явдлыг ярина. 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би хөдөө гэр рүүгээ мотоциклоор явж байсан юм. Би тэр үед согтуу байсан. Миний унаж явсан мотоцикль асахаа байсан тул мотоциклоор хөдөө орхиод буцаад гэртээ харилгүй Мөрөн сум руу явж байхад хээр тал дээр байсан хар бяруу, улаан хүрэн бяруу байсныг явганаар туугаад Мөрөн сум руу явж байхад манай нутгийн М.Ш- гэдэг залуутай таарсан. Тэгээд М.Ш-аас хаа хүрч яваа юм бэ гэхээр нь аймгийн төвөөс гарч явна гэж М.Ш- хэлсэн. Тэгээд М.Ш- надаас юун үхэр тууж яваа юм бэ гэхээр нь би өөрийн ах А- гэдэг хүний үхэр гэж худлаа хэлээд цааш үхрээ туугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 , 53-57-р хуудас/,

              “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.М-н 2020 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 114/205 дугаартай: “... иргэн П.Л-гийн хулгайд алдсан 2 тооны бярууны үнэлгээ 1 сая төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 26-27-р хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.        

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        

              Шүүгдэгч Т.У- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3-р багийн “Чойжингийн тохой” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч П.Л-гийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч П.Л-гийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч М.А-ийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч М.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Ихэрмөрөн-Аудит ХХК-нийн мэргэшсэн үнэлгээчин Б.М-н 2020 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 114/205 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хохирол оршигт хүргэхийг зориуд хүсч, бусдын хоёр тооны үхрийг хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авахдаа хоёр тооны бод буюу олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг хоёр бод буюу олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. 

              Шүүгдэгчийн амар, хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.       

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Т.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.У- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.У- нь гэмт хэрэг үйлдэж, хохирогч П.Л-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн  болох нь хохирогч П.Л-гийн “..миний хоёр үхрийг хулгайлсан Т.У-аас 1.500.000 төгрөг авсан, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, “..П.Л- би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

              Шүүгдэгч Т.У- нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Т.У-ын баривчлагдсан 48 цагийн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005480061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 2.000 төгрөгийг шүүгдэгч Т.У-аас гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.У-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ын баривчлагдсан 48 цагийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-аас 2.000 /хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн 2038005480061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР