Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

 

 

 

  

 

2020         12          27                                  2021/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр, 

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ын От холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилын инженер, “**” ХХК-д ** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Х” хотхоны 0 байрны 0 дүгээр орцны 0 тоотод оршин суух хаягтай, урьд 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: /ХХ0000000/, Х овогт Ч-ын О.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 05 цаг 40 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 0 байрны 0 дүгээр орцны 0 давхрын 0 тоот гэртээ эхнэр Б.З-ыг хардаж хэрүүл маргаан хийж улмаар хэвлийн, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь элэгний язарч урагдсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, мэс заслын дараах байдал, тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дээд, доод уруул, зүүн чих орчим, хүзүү зүүн дал, зүүн бугалга, тохой зүүн өвдөгний цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөнх мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.З-ын өгсөн мэдүүлэг /хх-15-20/, гэрч Н.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-21-24/, гэрч Т.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Ц.Ч-ын өгсөн мэдүүлэг /хх-28-31/, гэрч Г.О-ын өгсөн мэдүүлэг, гэрч Л.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-38-39/, гэрч Т.Б-ын мэдүүлэг /хх-41-42/, гэрч Д.Н-ын мэдүүлэг /хх-44-45/, Ч.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-109-112, 140-141/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13129 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-120/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-114/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ -хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 05 цаг 40 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны 0 байрны 0 дүгээр орцны 0 давхрын 0 тоот гэртээ эхнэр Б.З-ыг хардаж хэрүүл маргаан хийж улмаар хэвлийн, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь элэгний язарч урагдсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, мэс заслын дараах байдал, тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дээд, доод уруул, зүүн чих орчим, хүзүү зүүн дал, зүүн бугалга, тохой зүүн өвдөгний цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.З-ын өгсөн: “...Өнөөдөр өглөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 05 цагийн цагийн орчимд гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад манай нөхөр Ч.О гаднаас орж ирээд миний гар утсыг үзэж байгаад миний хүн рүү бичсэн мессежийг хараад энэ юу вэ гээд хэрүүл хийсэн...Тэгээд уурлаад хэвлий цээж гэдэс орчимд гараа атгаж байгаад хүчтэй цохисон...О сэрээгээд ариун цэврийн өрөөнд ороод ир гэсэн. Гартаа миний утсыг барьчихсан байсан...Энэ ямар учиртай мессеж вэ гэсэн би тайлбарлаж хэлэх гэсэн боловч хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд гараараа миний нүүр хэсэг буюу толгой руу алгадаж цохиод байсан. Яг хэдэн удаа нүүрний аль хэсэг рүү гэдгийг тоочны хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гараа атгаж байгаад аймхай хэсэг рүү хүчтэй цохисон чинь дотор муухай оргиод ямар нэгэн хөдөлгөөн хийж явж чадахгүй болчихсон. 0000000 гэсэн дугаартай А гэдэг хүн байгаа. ...би тоглоом шоглоомоор хайртай шүү сайхан амраарай гээд мессеж бичсэн. ...Миний нөхөр бид хоёрын дунд бол хэрүүл маргаан гарч байсан гэхдээ миний биед гар хүрч зодож байсан зүйл бол байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд манай нөхөр О надад учруулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-15-20/,

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо “Х” хотхоны 0 байрны 0 дүгээр орцны 0 дугаар давхарт нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага өгснийг хүлээн авч ахлах дэслэгч Т.Д-ийн хамтаар очиж шалгасан. 0 тоотоос эрэгтэй хүний орилох чимээ гарсан муу янхан минь гээд байсан...Гэр рүү орж шалгахад эхнэр нь нойлын өрөөнд нүүрээ угаачихсан, үсээ арччихсан нүүр болон дух хэсэг нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай байсан...Хардалтын улмаас болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-21-24/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн дуудлага мэдээлэлд очоод гаднаас сонсож үзэхэд нэг эрэгтэй хүн арай ч дээ муу арчаагүй янхан гэж орилж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь тухайн айлыг мөн гэж мэдээд энгэрийн камераа асаагаад хаалгыг тогшиход Ч.О гэх хүн өөрөө хаалгаа онгойлгоод энд юу ч болоогүй эхнэртэйгээ үл ойлголцол боллоо гэж хэлэхээр нь би энд чи хүчирхийлэл үйлдээд байгаа юм биш үү гэхэд ямар ч хүчирхийлэл болоогүй гэсэн. Тэгээд ойр орчмоо харахад тухайн эрэгтэйгийн эхнэр гэх эмэгтэй ариун цэврийн өрөөндөө нүүр гараа угаагаад арчаад сууж байсан. Тухайн эмэгтэйгийн дух хавдаж, зүүн нүд шанаа хавдсан, үүдэн шүд унасан, уруул язарсан байдалтай байсан. ...би тэр эмэгтэйд бие чинь зүгээр үү түргэн тусламж дуудаж үзүүлэх үү гэхэд эмэгтэй амьсгалахад жоохон хэцүү байна. Баруун гар хөдлөхгүй байна гэсэн. Тэгээд би тэр эмэгтэйтэй ярилцаад таныг зодсон хүн таны нөхөр мөн үү гэхэд мөн гэсэн. Тэгэхээр нь би яагаад юунаас болж зодсон бэ гэж асуухад тэр эмэгтэй нэг залуутай мессеж бичлээ гээд зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 05 цаг 55 минутын орчим шиг санагдаж байна...манай хүү Ч.О өөрийн...дугаарын утаснаас миний ...дугаарын утас руу залгасан. Утсаа авсан чинь “Ааваа би гадуур таксинд явж байгаа сая орж ирлээ. Машин таглаад машин тавьчихсан гэртээ орж ирээд Б.З-ын утсыг автал...дугаарын утас руу хайраа сайхан амраарай гэсэн мессеж явуулсан байна. Бид хоёр маргалдаад байж байна та хоёр хүрээд ирэх үү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-28-31/,

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...удалгүй түргэний машин ирээд эмч нь үзсэн авч явах шаардлагатай гээд...эмнэлэг дээр ирээд үзлэг хийсэн...Золжаргалыг дотогшоо аваад орсон удалгүй эмч гарч ирээд Б.З-г цус алдаад байна яаралтай ар гэрийнхэнд нь мэдэгд гэж хэлсэн. Ер нь биеийн байдал нь маш хүнд байна гэж хэлсэн...биеийн байдал нь маш хүнд байна. Яаралтай элэгний хагалгаанд орох гэж байна. Сая цус алдлаа шинжилгээний хариу тэгж гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-33-36/,

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...унтаж байхад чимээ гарахаар нь сэрэхэд 118 тоотод маргалдаж байгаа чимээ гарч байсан ба нөхөр нь бололтой хүн чанга чанга орилоод “хэлээч, хэлээч чи, хэлээч” гээд орилоод байсан... эрэгтэй, эмэгтэй хоёрын дуу гарсан, мөн хоёр хүүхэд уйлаад байсан...Унтаж байхад зодоон хийж байгаа юм шиг түр тар гээд чимээ гарсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай дээд давхрын айлын залуу эхнэрээ зодоод түжигнээд хүүхдүүд нь уйлаад “ээжээ ээжээ” гэж орилоод уйлаад эхнэр нь орилоод байсан. Нөхөр нь зодох үедээ “чи юу юм бэ, хэн бэ” гээд чанга орилоод байсан. Би эхнэрээ зодож эхэлсэн үед өөрийн *** дугаарын утсаар 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...өнөө өглөө багцаагаар 05 цагийн үед манай дээд талын айлд эрэгтэй хүн чи намайг мэдэх үү гээд орилоод байсан...эрэгтэй нь эмэгтэйгээ зодоод байгаа бололтой юм дуугараад түс тас дуугараад байсан. Эмэгтэй уйлаад байсан. Миний санаж байгаагаар 30 орчим минут эрэгтэй нь орилсон юм авч шидээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 Яллагдагч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2-3 удаа хацар болон нүүрэн хэсэг рүү нь алгадсан чинь Дарханы залуу байгаа юм аа танилцаад 20 гаруй хонож айгаа гэж хэлсэн өөр зүйл бол хэлээгүй. Мөн хэвлий рүү нь цохихын хувьд цохисон. Харин хөлөөрөө юу өшиглөсөн эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ өөрийнхөө цохисныг мэдэж байна...Б.З-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас улмаас маргалдаж түүний биед хүнд гэмтэл учруулсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрч уучлалт гуйж хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хх-109-112,140-141/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13129 дугаартай шинжээчийн:

  1. “Б.З-ын биед элэгний язарч урагдсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа /1800мл/, мэс заслын дараах байдал, тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дээд, доод уруул, зүүн чих орчим, хүзүү зүүн дал, зүүн бугалга, тохой зүүн өвдөгний цус хуралт, шарх, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл болно.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
  5. Б.З-ын цус нь В/III/ бүлэг байна.” гэх дүгнэлт /хх-53-56/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-120/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-114/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 05 цаг 40 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны *** тоот гэртээ эхнэр Б.З-ыг хардаж хэрүүл маргаан хийж улмаар хэвлийн, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь элэгний язарч урагдсан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, мэс заслын дараах байдал, тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, дээд, доод уруул, зүүн чих орчим, хүзүү зүүн дал, зүүн бугалга, тохой зүүн өвдөгний цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.З-г нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Ч-ын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.От 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож торгох ялын хэмжээг 11.565.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС