Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2023

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Хд холбогдох эрүүгийн 2006 00000 2703 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Э-ын Х, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Х” ХХК-д хамгаалагч ажилтай, Баянзүрх дүүргийн 0-р хороо Х хотхон 0-р байр 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ХХ0000000/

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х нэртэй караокед Ц.Бтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-7-9/, гэрч Т.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-3-4/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х нэртэй караокед Ц.Бтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед найз Ц.Б-ын хамт сансарын түннелийн “Х” гэх караокед найзтайгаа үйлчлүүлж байсан. Бид хоёр 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгтэл тэнд сууж байсан 2 залуутай маргалдсан бөгөөд нэг мэдэхэд намайг цохьсон бөгөөд миний зүүн нүдний дээд талын хөмсөгнөөс цус гарсан байсан.” /хх 7-8/ гэх мэдүүлэг,

           

            Гэрч Т.Б-ын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед сансарын түннелийн “Х” гэх караокед найзтайгаа зааланд нь суусан. ...Бид 2 гурван дуу захиалах ёстой байсан. Тэгээд манай найз Б нөгөө ширээнд сууж байсан 2 залуу дээр очоод бид 2 нэг дуу дутуу захиалсан байна. 1 дуугаа захиалах гэсэн юм гэсэн чинь нөгөө ширээний 2 залуу манай найз Буяндэлгэр рүү орилж хашгираад байхаар нь би очоод та хоёр яагаад орилоод байгаа юм гэж асуутал тэр 2 залуугийн нэг нь эхлээд намайг цохиод авахаар нь би холдоод цагдаа дуудая гэтэл тэр 2 залуу шууд манай найзыг зодсон.” гэх мэдүүлэг /хх 3-4/

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х-ын яллагдагчаар өгсөн: “...Хохирогч хэл амаар доромжилж зүй бус үг хэлэхээр нь баруун гараараа хохирогчийн зүүн хөмсөг хэсэгт нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх 21-42/

 

         Шүүгдэгч Э.Х-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Х-ын 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х нэртэй караокед Ц.Б-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогтой Э-ын Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          6. Э.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

          7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Э.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС