Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2094

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч С.Чимэдцэеэ

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн 2006 04255 2890 дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Дундговь аймгийн 0 дүгээр баг, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Д овогтой Э-ын Н.

 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ө.Өын картнаас “Бусдад мөнгө шилжүүлээд өгье.” гэж хэлэн хуурч, “Хаан” банкны картыг нь аван Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дэх “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 600.000 төгрөгийг өөрийн Х дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гаргасан гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3-4/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Өын өгсөн мэдүүлэг /хх-15-17/, Ө.Ө болон Э.Н нарын дансны хуулга /хх-27-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50/11207 дугаартай албан бичиг /хх-26/, Э.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-41/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ө.Өын картнаас “Бусдад мөнгө шилжүүлээд өгье.” гэж хэлэн хуурч, “Хаан” банкны картыг нь аван Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дэх “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 600.000 төгрөгийг өөрийн Х дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Өийн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны 19 цагийн үед 16 дугаар хороонд байрлах 72 дугаар хотхоны автобусны буудлын хажууд байрлах “Сайн” ломбардтай барилга дотор  байдаг маникюрын газар хумс хийлгээд байж байтал дүү “Орлогын мөнгөө яаралтай шилжүүлээдэх, би АТМ дээр байна.” гэж ярьсан. Би тухайн үед хумс хийлгүүлээд сууж байсан учир гарч чадахгүй байсан. 19 цаг 50 минутын орчим тус газарт нэг үл таних эмэгтэй орж ирээд “Хумс хийлгэнэ, үсээ будуулна.” гэж ярьж байгаад “Нийт 80.000 болох юм байна, мөнгөө АТМ-ээс аваад ирье.” гэж ярихаар нь би тухайн эмэгтэйд өөрийн “Хаан” банкны картаа өгч, дүү А-ийн данс руу 338.500 төгрөг шилжүүлээд өгөөч гэж гуйгаад дансны дугаарыг нь цаасан дээр бичиж өгөөд өөрийн 5064282632 дугаарын “Хаан” банкны данстай холбогдсон төлбөрийн картаа өгч явуулсан. Тэгээд 20 цаг 15 минутын үед миний данснаас 600.000 төгрөгийн зарлага гарсан гэх мессеж ирсэн. Тухайн эмэгтэй миний картнаас 600.000 төгрөгийг “Асайт” худалдааны төвд байрлах хаан банкны АТМ-ээр  гүйлгээ хийж авсан байсан ба гүйлгээний утга дээр нь “ojgii” гэж бичсэн байсан.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Хаан банкны шүүгдэгч Э.Нын эзэмшлийн 5457106874 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27/,

Хаан банкны хохирогч Ө.Өын эзэмшлийн 5064282632 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Нын өгсөн “...Би нөгөө эгчийн картыг авч гараад “Асайт” худалдааны төвд байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинд картыг хийгээд үлдэгдлийг нь шалгахад  669.000 төгрөг байхаар нь 600.000 төгрөгийг өөрийн Х данс руу шилжүүлээд картыг нь хаячихаад гэр рүүгээ явчихсан.”гэх мэдүүлэг /хх-40-41/,

 

Шүүгдэгч Э.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ө.Өын картнаас “Бусдад мөнгө шилжүүлээд өгье.” гэж хэлэн хуурч, “Хаан” банкны картыг нь аван Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дэх “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 600.000 төгрөгийг өөрийн Х дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Э.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Ө.Ө нь хохирлын 600.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Э-ын Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС