Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 285

 

        Л.Г-т холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогч Д.Ө,

шүүгдэгч Л.Г-н өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-н өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Л.Г-т холбогдох 1708014240347 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-н Г, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос, нэхмэлийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамтаар ............... дүүргийн ..... дугаар хороо, ........... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........./;

Л.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 16 цагийн орчим ......... дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” худалдааны төвд иргэн Д.Ө-ыг “гутлын мөнгөө нэхлээ” гэж маргалдан, түүний нүүр, ам, цээж рүү нь хогийн шүүрээр цохиж зодон, хумсаараа хүзүүг нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Л-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Г-т үүрэг болгож, Л.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Д.Ө цаашид эмчилгээтэй холбоотой гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн ял оногдуулсан. Л.Г нь өндөр насны тэтгэврийн зээл авч ......... дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” худалдааны төвд комиссын бараа зардаг лангуу түрээслэн ажиллуулж, гэр бүлээ тэжээн амьдралаа залгуулдаг хувийн байдал нь хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийн торгууль төлөх цалин хөлс, бусад орлого хязгаарлагдмал нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан өөрчлөх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Г-т шүүхээс оногдуулсан торгох ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

Хохирогч Д.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Надад анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Нэг удаа дуудаад шийтгэх тогтоол өгсөн. Гомдолтой байна. Би бичиг баримтаа бүрдүүлж, шүүхэд нэхэмлэл гаргана. Эмчилгээний зардлаа гаргуулахыг хүсэж байна...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан. Шүүгдэгч Л.Г нь 1962 онд төрсөн, 56 настай эмэгтэй. Тэгэхээр түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм. Шүүгдэгч Л.Г нь тухайн үед лангуу ажиллуулж, тодорхой хэмжээний орлоготой болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 16 цагийн үед ........ дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” худалдааны төвд иргэн Д.Ө-ыг “гутлын мөнгөө нэхлээ” гэж маргалдан, түүний нүүр, ам, цээж рүү нь хогийн шүүрээр цохиж зодон, хумсаараа хүзүүг нь маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Ө-ны “...Би тухайн үед “Ж” төвд гутлын лангуу ажиллуулж байсан юм. Хэрэг болсон өдрөөс 7 хоногийн өмнө манай төвд хувцас зардаг Л.Г надаас 40.000 төгрөгийн гутал зээлээр авсан. Тэгээд мөнгөө буцааж өгөхгүй удаад байхаар нь “мөнгөө авъя” гэхэд надад “хорь хоногийн дараа өгнө” гэсэн. Би түүнээс “юу гэсэн үг юм бэ” гэж асуухад “наад гутлыг чинь би аваагүй бол наана чинь хэвтэж л байна биз дээ” гээд уурласан. Тэгээд надаас авсан гутлаа тайлаад над руу шидэхэд миний цээж рүү оносон. Тэгэхээр нь би Л.Г-ийн өрөө лүү ороод “би чамд шинэ гутал өгсөн, хуучин гутал өгөөгүй биз дээ” гээд мөрөнд нь хүрсэн. Тэгтэл намайг хог шүүрдэж байсан шүүрээрээ цохиж, зодож эхэлсэн. Миний нүүр, ам, хүзүү, цээж рүү цохисон. Шүүрийг нь автал намайг хумсаараа самардсан. Чи надаас гутлаа ч, мөнгөө ч авч чадахгүй гээд гутлыг хогийн саванд хийсэн...” /хх-13-14/,

Гэрч Х.Сурмаагийн “...Л.Г-ийн лангуу манай лангууны хажуу талд байрладаг. Харин Д.Ө-ны лангуу манай өөдөөс харсан байрлалтай... Тухай өдөр лангуун дээрээ зогсож байхад Л.Г, Д.Ө нар гутлаас болж хэрэлдэж байсан. Тэгэж байгаад хоорондоо зодолдоод түжигнэлдээд эхэлсэн. Би гайхаад тэр нар луу буюу Л.Г-ийн павилион руу орсон. Тэгтэл гутал зарснаас болж хоорондоо хэрэлдсэн байсан... Маргааш өглөө нь Д.Ө миний цээжин дээр ингээд урчихсан байна гээд харуулж байсан. Л.Г-ийн биед гэмтэл гэхээр айхтар зүйл харагдаагүй. Д.Ө-ны цээж л аймар болчихсон байсан...” /хх-15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Ө-ны биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх эдгэрч буй шарх байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-10/ гэх 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11649 дугаартай дүгнэлт, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Г-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Л.Г-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

      Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулгаас “... оногдуулсан торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

       Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...тавин таваас дээш насны эмэгтэй... хүнд оногдуулахгүй” байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.Г нь 1962 онд төрсөн, одоо 56 настай эмэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэвч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг ...өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасныг баримтлан, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

  Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг үл хамааран хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан заасныг,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулах...”-аар хуульчилсан байхад хэргийн оролцогчдод дээрх эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг прокурор цаашид анхаарвал зохино.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааны товыг 3-аас доогүй хоногийн өмнө талуудад мэдэгдэх”-ээр заасан байхад анхан шатны шүүх хохирогч Д.Ө-нд шүүх хуралдааныг товыг мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байгааг дурдаж байна.