Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 304

 


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Ж гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.С, тус дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.                                                  
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Ё.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 310 дугаар захирамжаар маргаж буй газрыг 05******* дугаартай гэрчилгээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл эзэмшиж байна.
2009, 2013, 2016 онуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч газар зохион байгуулагч Т.Г “газрын доогуур шугам сүлжээтэй, мэдээллийн санд зураг байхгүй” гэх мэт янз бүрийн шалтгаанаар хүсэлтийг хүлээн авахгүй буцааж байсан. Энэ тухай бид гэрчийг асууж, энэ талаар тодруулахыг оролдсон боловч Т.Г надтай уулзаж байгаагүй, хүсэлт гаргаж байгаагүй гэж хэлээгүй, би санахгүй байна гэх тайлбар өгсөн. Газрын төлбөрийг дүүргийн Газрын албанаас нэхэмжилсний дагуу  жил бүр хугацаанд нь төлж ирсэн бөгөөд 2017 оны газрын төлбөрийг 05 дугаар сарын 22-ны өдөр Газрын албанаас 99******* дугаар утсаар мессежээр ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу төлж газрыг элдэв зөрчилгүй эзэмшиж ирсэн болно.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Гэтэл  Баянгол  дүүргийн  Засаг  дарга  нь маргаан бүхий актаар дүүргийн Засаг даргын 2004 оны захирамжаар эзэмшүүлсэн, Газрын албанд эзэмших эрх нь бүртгэлтэй, жил бүр газрын төлбөрийг нь нэхэмжилж төлүүлдэг нэхэмжлэгчийн эзэмшил газрыг бусдад бүхэлд нь давхар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Баянгол дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулахаар удаа дараа хандаж байсан боловч “Газрын доогуур шугам сүлжээтэй” гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар хүсэлтийг хүлээн авахгүй буцааж байснаа дүүргийн Газрын албанаас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Эзэмшил газрыг бусдад давхар эзэмшүүлсэн тул газар эзэмших эрхийн хугацаа сунгах боломжгүй” гэж, 2017 оны 11 дүгээр саын 02-ны өдрийн 09/1408 дугаар албан бичгээр “Уг газар нь зээлийн барьцаанд байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагын дагуу шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн учир хууль бус захирамжийг  хүчингүй болгох боломжгүй” гэж тус тус мэдэгдсэн.
Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах” үүрэгтэй байхаар хуульд заасан.  
Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга болон түүнийг төлөөлсөн Газрын алба нь газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчиж, 2015 онд газрыг давхардуулан бусдад эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийн үндэслэл болгож газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны Б/104 дүгээр захирамжийг 2004 оны 310 дугаар захирамжаар хүчингүй болгож, нэхэмжлэгчид анх газар олгосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 3 дугаар эмнэлгийн хойно байрлах Амины орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамжаар уг газар олгогдсон бөгөөд газрын хувийн хэрэг байхгүй байгаа нь эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа биш гэдгийг хэлмээр байна. 2004 оноос эхлэн газар эзэмших эрх нь үүсч, өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө жил бүр төлж байгаа талаар өөрсдөө тооцоо нийлсэн актаар баталж, ирүүлсэн тул энэ тухайд тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар Ч.Б газар эзэмших эрхийг анх авахдаа уг газрыг өмнө нь эзэмшиж байсан гэж газрын эрхээ баталгаажуулахаар гаргасан өргөдөл нь хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар иргэн газар шинээр эзэмших хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон газрыг шинээр олгосон гэх тайлбар, нотлох баримтууд зөрүүтэй байгаа. Хариуцагчаас захирамжийн үндэслэх хэсэгт техникийн алдаа гаргасан гэж тайлбарлах боловч Баянгол дүүргийн Засаг даргын А/156 дугаар захирамжийн хавсралтаар Ч.Б д газар эзэмшүүлсэн үндэслэлийг тайлбарлахдаа олон жил газар дээрээ амьдарсан тул газрыг баталгаажуулж байна гэсэн байна.
2015 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд маргаан бүхий байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй бөгөөд уг алдаагаа залруулах мэтээр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу маргаан бүхий актаар Ч.Б д газар эзэмшүүлэхээс хойш тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж, газар олгосон байдлаа залруулах маягаар үйлдсэн тодотгол гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  Хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж буй тайлбарт дурдсан нөхцөл байдлууд огт нотлогддоггүй.
Хариуцагч хууль бус захирамж гаргаж, газрыг бусдад давхар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөр нэхэмжлэгч газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулж чадахгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэх заалтыг зөрчих байдалд орж, газар эзэмших боломжгүй болоод байна.
Баянгол дүүргийн Засаг даргын маргаан бүхий актын Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэнэ.
Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, тус дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Б нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Ж нь анх 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 310 дугаартай захирамжийн дагуу газар эзэмших эрхтэй болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Тухайн захирамжийн 3 дугаар эмнэлгийн хойно байрлах амины орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөний 19 дүгээрт Ч.Ж гийн нэр байх боловч анх эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны захирамжид түүний нэр байдаггүй.
Ч.Ж нь дүүргийн Засаг даргын шийдвэрээр хэдий хэмжээний газар эзэмших эрхтэй болсон нь хэрэгт авагдсан баримтаас харагддаггүй. Мөн дүүргийн Газрын албанд тус иргэнтэй холбоотой газрын хувийн хэрэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд өнөөдрийг хүртэл бүртгэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Ж гийн гэрчилгээний хугацаа дуусаад 10 жил өнгөрсөн байна. Уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Газрын албанд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийг өгч байгаагүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Анх дүүргийн Газрын албанд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх эрхээ сунгуулах хүсэлтээ өгсөн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн гаргаж буй нэгж талбар нь 277 м2 байгаа бөгөөд энэ нэгж талбар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж Газрын тухай хуульд заасан тул нэхэмжлэгч өнөөдөр газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй. Харин ч өөрийн хариуцлагагүй байдлын улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дууссан байхад сунгуулах хүсэлтээ гаргаагүй байгаа уг үйлдлээс энэ нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ямар хуульд заасан, ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анх гаргасан хугацаа сунгуулах хүсэлтийг Засаг даргын зүгээс хүлээн авч, гуравдагч этгээдийн газартай давхардуулан олгосон бол энэ нь Засаг даргын хууль бус үйлдэл болох байсан. 
Хөөн хэлэлцэх хугацааг хуулиар, хэлцлээр, шүүхийн шийдвэрээр тогтоодог. Засаг даргатай байгуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газар эзэмших хугацааг 5 жилээр тогтоож, гэрээнд талууд газар эзэмших гэрээний хугацаа дуусахад түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэйд тооцно гэж талууд гарын үсгээ зурж, хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Энэ хугацаа өнгөрөөд 9 жил болж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан,  нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч 2009, 2013, 2016 онуудад газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлтээ удаа дараа гаргаж, Газрын алба хүсэлтийг шийдвэрлээгүй буцаасан гэж тайлбарладаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны тушаалын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд нэхэмжлэгч тухайн үед хүсэлтээ гаргасан бол захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, заавал бүртгэж, баталгаажуулсан байх ёстой.
Нэхэмжлэгчийн хэлж буйгаар өргөдөл, хүсэлтээ өгөөд байхад Баянгол дүүргийн Газрын алба дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу дээд шатны байгууллага буюу Баянгол дүүргийн Засаг даргад, Нийслэлийн Засаг даргад, Нийслэлийн Газрын албанд хандан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг ажиллагааг хийгээгүй тул ийм байдал үүссэн бөгөөд дээр дурдсан онуудад хугацааг сунгуулахаар дүүргийн Газрын албанд үнэхээр хандсан эсэх нь эргэлзээтэй. Гэрчийн мэдүүлгээр энэ нь нотлогддоггүй.
Газрын тухай хуульд заасан хугацаа, зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч гэрээнд гарын үсгээ зурсан бөгөөд гэрээний нэг хувийг өөрөө хэргийн материалд хавсаргасан. Тэрээр газар эзэмших эрх дуусгавар болсон, газар эзэмших эрхгүй этгээд. Нэгэнт Газрын тухай хуульд зааснаар гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан түүнийгээ мэдсэн хирнээ газрын төлбөр төлснөөр газар эзэмших эрхтэй болох тухай ойлголт байхгүй.
Газар эзэмшүүлэх, газрын хугацаа сунгах бүрэн эрх нь Газрын тухай хуульд зааснаар зөвхөн Засаг даргад байгаа. Тэгэхээр төлбөр төлснөөр газар эзэмших эрхтэй болох хуулийн зохицуулалт байхгүй. Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураах үүрэг нь дүүргийн Газрын албанд байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс газрын төлбөр хураах ажиллагаанд ордоггүй. Нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэхэмжилж байгаагүй. Мөн газрын төлбөр нь Нийслэлийн Газрын албаны дансанд төвлөрдөг.
Төлбөрийн тайлангаас эрх нь дуусгавар болсон этгээдийг хасаагүй байгаа нь төлбөрийн байцаагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа дуусан нөхцөл байдалд газрын төлбөрийг хураа гэх шийдвэрийг гаргаж байгаагүй тул төлбөртэй холбоотой асуудалд Засаг даргыг буруутгах боломжгүй. Шаардлагатай тохиолдолд газрын төлбөрийг дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэх бүрэн боломжтой.
Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт нь зөвхөн тухайн иргэний мөнгө дүүргийн Газрын албаны дансанд орсон тухай баримт. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт гэдэг нь тусдаа ойлголт бөгөөд энэ нь зөвхөн тооцоо нийлсэн акт байна. Иймд уг баримтыг үндэслэн газар эзэмших эрхтэй гэж ойлгох боломжгүй.
 Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд, Ч.Б д Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн ард 200 м2 газрыг эзэмшүүлж, Газрын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, шинэ гэрчилгээг гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “газар эзэмших хүсэлт гаргаж байгаа иргэн нь Монгол Улсын иргэн байх ёстой” гэх заалтыг хангасан, 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэх шаардлагыг хангасан, дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болох газрын жагсаалтад орсон, хуулийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг хангасан хуулиар зөвшөөрсний хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газартай өнөөдрийг хүртэл давхцалгүй байна.
Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс бүрэн хангасан. Түүний хувьд газар дээрээ олон ажил амьдарсан байхаас үл шалтгаалж, газар эзэмших эрхтэй. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар Засаг даргын шийдвэрийн төсөлд Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хуулийн заалт, иргэний овог нэр, регистрын дугаар, газар эзэмших, ашиглахын аль нь болохыг, нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, байршил, зориулалт зэргийг заавал тусгахаар жагсаалтыг гаргасан байна. Үүнд баталгаажуулах эх үүсвэр гэх хэсэг байхгүй. Тэгэхээр Засаг даргын зүгээс захирамжид заавал тусгах хэсгүүдийг тусгасан тул холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Ч.Б д дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч Ч.Ж гийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон асуудал биш. Харин газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дууссанаар газар эзэмших эрх дуусгавар болсон. Тэгэхээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үл хамааран нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Ч.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болоншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ч.Б нь 2015 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн Газрын албанд тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн хойд талд 200 м2 талбайтай маргаан бүхий газрыг амины зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримт, тухайн газрыг судлан үзэж Ч.Б д эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн тул Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай 200 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 05******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Ч.Б д олгосон бөгөөд Баянгол дүүргийн Газрын албатай иргэн хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. 
Тухайн үед Баянгол дүүргийн Газрын албанд хүсэлт гаргах үед маргаан бүхий газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй байсан. Нэхэмжлэгч Ч.Б   маргаан бүхий газрыг өмнө эзэмшиж байсан байдлаар өргөдөл гаргасан байна. Энэ талаар Ч.Б аас тодруулж асуухад “Анх удаа эзэмшиж, ашиглахаар өргөдөл гаргахдаа ингэж бичдэг юм байна гэж ойлгосон, миний бие тухайн газар дээр машин зогсоол хэсэг хугацаагаар ажиллуулж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн маргаан гараагүй тул өөрийгөө эзэмшиж байна гэж ойлгож, амины орон сууцны зориулалтаар баталгаажуулж өгнө үү” гэж анх удаагаа өргөдөл гаргасан. Өмнө нь эзэмшиж байсан гэж үг үсгийн алдаа гаргасан байх, хуулийн нарийн зохицуулалтыг мэдэхгүй, анх удаа өргөдөл гаргасан тул сайн ойлгоогүй гэж тайлбарладаг.
Хариуцагчаас хуулийн заалтыг тодорхой дурдсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/104 дүгээр захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн ард амины орон сууцны хороололд амины орон сууц барих хүсэлт ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид тус бүр 123.2 м2 газрын зөвшөөрөл олгогдсон байна.
Гэтэл уг байршилд олгогдсон талбайд газрын маргаан үүссэнтэй холбоотойгоор 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Амины орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталсны дагуу тус дүүргийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Амины орон сууцны газрын баталгаажилтыг шинэчилж, шинээр олгох тухай” 310 дугаар[1]захирамж гарчээ.
Энэхүү 310 дугаар захирамжийн хавсралтаар Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Амины орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөний №19-д байрших газрыг нэхэмжлэгч Ч.Ж д амины орон сууц барихад зориулан баталгаажуулжээ. Улмаар 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ж д амины орон сууцны зориулалтаар 123 м2 газрыг 5 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийн 05******* дугаар[2] гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[3]байгуулж, Эдэлбэр газрын схем зургаар[4] байршлыг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт (123 м2) тогтоосон байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ж д маргаж буй газрыг эзэмших эрх 2004 онд хуулийн дагуу үүссэн ба амины орон сууцны зориулалтаар анх уг газрыг эзэмшиж байсан.
1. “Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болох хэдий ч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон тул мөн хуулийн 41  дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж заасны дагуу газрыг чөлөөлөхийг Ч.Ж гээс шаардаж байгаагүй байна.
Харин ч Баянгол дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “2017 оны газрын төлбөрөө Улаанбаатар банкны ******* дугаар дансанд төлөх”-ийг нэхэмжилсэний дагуу тэрээр төлбөрийг төлжээ[5].
Энэ талаар тухайн үед дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан гэрч Л.Лхагвасүрэн “Газрын төлбөрийн тайланг үндэслэн газрын төлбөр нэхэмжилдэг. Хэрэгт авагдсан зургаас харахад миний явуулсан мессеж мөн байна” гэх мэдүүлэг[6] өгсөн. Мөн Баянгол дүүргийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/512 дугаар[7] албан бичигт “...Манай албаны төлбөрийн тайланд бүртгэлтэй байх бөгөөд...” гэсэн тайлбараас үзвэл одоог хүртэл “Газрын төлбөрийн тайлан”-д газар эзэмшигч Ч.Ж гэж бүртгэлтэй, газрын төлбөрийг нэхэмжлэн төлүүлж, төлж иржээ.
Нэхэмжлэгч Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2010 онд дуусахад тэрээр дүүргийн Газрын албаны хариуцсан мэргэжилтэн Т.Г тай гэрчилгээний хугацаа сунгуулах талаар 2009, 2013, 2016 онуудад удаа дараа уулзаж байсан, Т.Г нь “газар доогуур шугам сүлжээтэй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүй байсан гэх боловч энэ нь гэрч Т.Г ын мэдүүлгээр[8]үгүйсгэгдэх болон нотлогдох байдлаар тогтоогдсонгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу бичгээр гаргаагүй буруутай байх боловч нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх, ашиг сонирхол түрүүлж үүссэн байна.
Мөн нэхэмжлэгчээс 2004-2017 ондууд газрын төлбөрийг Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу бүрэн төлж байсан ба 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Газар эзэмших гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” тус тус үйлдсэн[9], захиргааны байгууллагаас Газрын төлбөрийн тайланг үндэслэн жил бүр газрын төлбөрөө төлөхийг шаарддаг байсан зэрэг үйл баримтаас үзвэл газар эзэмшүүлэгч этгээдээс Ч.Ж гийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй, нэхэмжлэгч нь гэрээний эрх зүйн ерөнхий зарчмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг мөн хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж ойлгох нөхцөл байдал үүсчээ.
Иймд Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг түүнд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
2. “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд Ч.Б аас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт “3 дугаар эмнэлэгийн хойд талд 200 м2 газар эзэмшиж байсан учир тухайн газрыг амины орон сууцны зориулалтаар баталгаажуулж өгнө үү” гэсэн өргөдөл[10] гаргаж, уг өргөдөлд иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар[11] захирамжаар гуравдагч этгээд Ч.Б д 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн хойно байрших 200 м2 газрыг (маргаан бүхий газрыг) амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ч.Б д 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн оны 06 дугаар сарын 16 өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.
Ч.Б ы 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байхад өргөдөл гаргаснаас хойш 1 хоногийн дараа маргаан бүхий газрыг Ч.Б д эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.  
Учир нь, дүүргийн Засаг даргын шийдвэр нь хуулийн шаардлага хангасан иргэний бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэх бөгөөд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх, мөн Газрын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу тухайн газрыг эзэмшүүлэх боломжтой эсэхийг нягтлан шалгах ажиллагааг захиргааны байгууллагаас зохих ёсоор хийсний үндсэн дээр гарах учиртай.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 дугаар[12] тогтоолоор батлагдсан “Баянгол дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Амины орон сууцны хороололд тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх талаар төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар тусгагдаагүй байна.
Харин хариуцагчаас тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26/03 дугаар[13] тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг төлөвлөгөөний 2.3.1.1-д “иргэдийн олон жил ашиглаж буй газрыг эзэмшүүлэх” гэх үндэслэлээр 6  хорооны нутаг дэвсгэрт 0,02 га газрыг амины орон сууцны зориулалтаар олгохоор нэмж тусгагдсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү 26/03 дугаар тогтоол нь маргаан бүхий акт буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж гарснаас хойш 10 сарын дараа гарсан байна.
Аливаа төлөвлөгөө, төлөвлөлтийн гол зорилго бол эхлээд хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээг дэс дараалан урьдчилж төлөвлөж, түүний дагуу ажлаа хийх, гүйцэтгэхийг тогтоосон баримт бичиг бөгөөд нэгэнт хийгдсэн ажлын хойноос нөхөж төлөвлөснийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх хуулийн шаардлага хангагдсан гэх үзэхгүй болно.
Энэхүү байдлаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг илтэд зөрчсөн, хууль бус болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” зэрэг баримт бичгийг хүсэлтдээ хавсаргахыг тус тус шаардсан байна.
Гэтэл гуравдагч этгээд Ч.Б нь газар эзэмших тухай хүсэлтдээ зөвхөн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсарган ирүүлснийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэгт авагдсан дээрх 2 хуудас баримт болон баримт бичгийн жагсаалтаар[14]-аар тус тус тогтоогдож байна.
Ийнхүү Ч.Б ы гаргасан уг хүсэлтэд эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргаагүй, хүсэлт гаргасан газрын байршил тодорхойгүй зэргээр хуульд тусгайлан заагдсан баримт бичгийн болон газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй байхад Ч.Б д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/156 дугаар захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2-т заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.1-д “Энэхүү журам нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж энэхүү журмаар зохицуулагдах харилцааг тодорхойлон, уг журмын Тав. “Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, Зургаа. “Хээрийн судалгаа хийх” зэрэг өргөдлийн хүлээн авч нягтлан шалгах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулжээ.
Ч.Б аас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, харин маргаан бүхий акт болох Баянгол дүүргийн Засаг даргын А/156 дугаар захирамж нь уг хүсэлтийг хүлээн авсанаас хойш 1 хоногийн дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарчээ.
Энэ тохиолдолд захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь газар эзэмшүүлэх эрх олгохоор судлагдаж байгаа газар дээр өргөдөл гаргагчтай хамт очиж бодит байдлыг нүдээр үзэж нягтлан, шалгах зэргээр дээрх журамд заасан Суурин болон Хээрийн судалгаа огт хийгдээгүй болох нь илэрхий тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд[15] гаргасан “журамд заасан дээрх ажиллагаа хийгдээгүй” гэх тайлбараар мөн нотлогдож байна.
Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд эрх бүхий албан тушаалтанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Тав, Зургаадугаар зүйлд заагдсан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй байх ба тийм боломжит хугацаа ч бодит байдалд байхгүй байжээ.
Иймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/156 дугаар захирамж Газрын тухай хуулийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасныг илтэд зөрчиж гарсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/156 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтад “баталгаажигдах эх үүсвэр” хэсэгт “Газар дээрээ олон жил амьдарч байгаа” гэх үндэслэлийг дурьдсан байна.
Үүнтэй холбоотойгоор хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанаасшүүхэд ирүүлсэн тайлбаруудад[16] бичилтийн техникийн алдаа гарсан байна, уг нь “газраа олон жил ашиглаж байгаа”, “тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан” гэж бичигдэх ёстой байсан гэсэн илтэд зөрүүтэй тайлбар, мэдүүлгийг гаргах ба эдгээр үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Улмаар уг техникийн алдааг залруулсан ямар нэгэн шийдвэр гараагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байсан болно. 
Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Ч.Б д Баянгол дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “тухайн байршилд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх”-ээр тусгагдаагүй газрыг дүүргийн Засаг дарга 2015 оны А/156 дугаар захирамжаар “шинээр баталгаажуулж олгосон” гэж үзэхээр байна.
Иймээс Төрийн захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоогүй байдал, хууль зөрчсөн үйлдлийн улмаас хуулийн дагуу газар эзэмших эрх түрүүлж үүссэн байсан нэхэмжлэгч Ч.Ж гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөн, хохирох ёсгүй юм.
Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Б д 3 дугаар эмнэлгийн хойно байрших 200 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх хууль ёсны дагуу анх үүсээгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Ж гийн эзэмших Эдэлбэр газрын схем зурагт байрших газар нь гуравдагч этгээд Ч.Б д эзэмшүүлсэн нэгж талбарын ******* дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай, нэг газар болох нь Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн хойно байрлах Амины орон сууцны хорооллын ерөниий төлөвлөгөө[17], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/701 дугаар албан бичиг, хавсралт зураглалаар[18] нотлогдож байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
Мөн уг маргаж буй газар нь дээрх Амины орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зураглалд 200 м2 талбайтай болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн “Эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-т[19]талбай хэмжээ 277 м2 байх тул энэ хэмжээгээр нь эзэмшүүлэх боломжтой гэж үзлээ.
Түүнээс гадна Монгол Улсын үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж тус тус заасан шударга ёс, эрх тэгш байх, тэгш эрхийг хангах зарчмууд илтэд зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь хүн бүрт эрх тэгш хандах ёстой бөгөөд “газар доогуур шугам сүлжээтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй, сунгаагүй атлаа яг тухайн байршилд гуравдагч этгээдэд давхцуулан газар эзэмшүүлсэн байгаа нь тэгш эрхийн зарчим хэрэгжээгүй бөгөөд шударга ёсонд нийцэхгүй байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь асуудлыг нягтлан шалгаагүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн харилцаа бий болсон үр дагаварыг анхааралгүй 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Б д газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж олгосноор Ч.Ж гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.


       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2 32.5, 37 дугаар зүйлийн 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтланнэхэмжлэгч Ч.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн Ч.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Ж гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
 

 

 

 


 
                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.ЦЭЦЭГМАА