| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 116/2022/0013/З |
| Дугаар | 221/МА2022/0733 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2022/0733
Н.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Н.Х
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0024 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э
Хариуцагч Н.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 116/2022/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Х “Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрээр : “...Нэхэмжлэгч Н.Х ын, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийдвэрийн 5 дугаар талд Н.Х нь Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн 165 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албанд орох иргэдийн нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсний дагуу Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгажуулалтын мэргэжилтнээр томилогдсон. Өмнө нь тус албан тушаалд Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, П.Б ажиллаж байсан бөгөөд миний бие удаа дараа шаардаж байж өргөдлөө өгч сонгон шалгаруулалт зарлуулсан гэх тайлбарт анхан шатны шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлтийг огт өгөөгүй.
3.2. П.Б нь ямар өргөдөл өгсөн талаарх нотлох баримтыг шүүх Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна гэсний дагуу хариуцагчаас гаргуулаагүй, ингэснээр П.Б нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан эсэх нь тодорхойгүй болж шүүх П.Б-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй болсон. П.Б нь тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль нэг үндэслэлээр чөлөөлөгдсөн бол дээрх ажлын байрыг сул ажлын байр гэж үзэх хууль зүйн хангалттай үндэслэл бүрдэх бөгөөд үүнийг П.Б-н сонгон шалгаруулалтад орох зорилгоор гаргасан гэх өргөдлөөр, 2016 ны 11 дүгээр 16-ны өдрийн Б/04 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар бүрэн нотлох боломжтой байхад шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн байна.
3.3. Захиргааны шүүхээс энэ маргаанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй хуулийн зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгчийн оролцсон Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалт, терийн жинхэнэ албанд орох иргэдийн нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаар тогтоолыг өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөл, шүүхээс хүчингүй болгоогүй байгаа бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтыг илтэд үгүйсгэн, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Шүүгч А л нь өмнө нь П.Б-н нэхэмжлэлтэй Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох маргаанд шүүгчээр оролцсон гэж үзэж байгаа бөгөөд шүүгч дээрх нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэхээс татгалзах хуульд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгчийн эрх ашгийг илэрхий дордуулсан.
3.4. Мөн хариуцагчийн шийдвэрийн 6-р талд дурьдсан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр П.Б-г ажилд нь эргүүлэн тогтоосон тул Х ыг томилсон тушаал хүчингүй болсон гэсэн нь үндэслэлгүй. Дээрх шүүхийн шийдвэрт П.Б-г ажилд нь эргүүлэн тогтоохдоо Н.Х ыг томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр гараагүй болно. Үнэхээр Н.Х ыг томилсон тушаалыг хүчингүй болохыг энэ шийдвэрт тусгасан бол шүүх эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болох нэхэмжпэгч миний биеийг оролцуулаагүй шийдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Тиймээс шүүхээс Н.Х ыг томилсон тушаалыг хүчингүй болгох агуулга бүхий шийдвэр огт гараагүй ба 2019 оны 11 дүгээр 16-ны өдрийн Б/04 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ тушаалд ч П.Б-г ажлаас чөлөөлж, Н.Х ыг ажилд томилох тухай ямар нэгэн утга, агуулга, өгүүлбэр байхгүй байхад анхан шатны шүүх өөрсдийн өмнө шийдсэн шийдвэрийн агуулгад хамаарахгүй асуудлаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь илэрхий хуульд нийцэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй зөвхөн П.Б-тай холбоотой Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, өмнөх шүүхийн шийдвэрээр асуудлыг шийдвэрлэсэн н буруу байна.
3.5. Манай хэлтэст П.Б-г ажиллаж байх хугацаанд 3 орон тоон дээр 2 бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн ажиллаж байсан талаар хариуцагч тайлбар гаргасан бөгөөд эдгээр хүмүүс бүгд яг энэ албан тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцээгүй буюу П.Б-тай ижил нөхцөлд байгаа хүмүүс байхад анхан шатны шүүх албан ёсоор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн өөр хөдөлмөрийн харилцаатай хольж нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
3.6. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зөвхөн П.Б-г төрийн жинхэнэ албанд авах зорилгоор зарласан учраас нэхэмжпэгчийн томилогдсон албан тушаал мөн түүнд л зориулагдсан гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч удаа дараа гаргасныг шүүх ямар үндэслэлээр хүлээн авч байгаагаа шийдвэрт үндэслэл бүхий тайлбарлаагүй харин эсрэгээрээ гэрчээс сул орон тоо зарлагдсан энэ нь хууль зөрчөөгүй шаардлага хангасан хүмүүс оролцох боломжтой байсан. Харин дээрх сонгон шалгаруулалтад П.Б гэх хүн оролцоогүй бөгөөд Н.Х гэх иргэн тэнцсэн. Өнөөдрийн байдлаар манай салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны шалгалтыг хүчингүй болгосон шийдвэр аль нэг байгууллагаас гараагүй гэсэн тайлбарт анхан шатны шүүх Төрийн албань тухай хуулийг зөв хэрэглэж дүгнэлт өгөх ёстой байсан боловч эс үйлдэхүйгээр хандсанд гомдолтой байна.
3.7. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар 24-ний өдрийн 04/418 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлэхдээ П.Б-г төрийн албаны шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд хууль бусаар томилогдсон гэж дүгнээгүй гэх агуулга бүхий албан бичгийг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” нэхэмжпэгчид огт хамааралгүй тогтоолыг, төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг буюу хуульд заасан бусад үндэслэл гэх үндэслэлээр Н.Х ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч тал сонсох ажиллагааг явуулаагүй, нотлох баримтгүйгээр илт худал мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал сонсох ажиллагааг явуулсан гэсэн нотлох баримт байхгүй байхад хэт нэг талыг баримталж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
3.8. Миний зүгээс хуулийн ба нийтэд ил болсон мэдээллийн дагуу, хууль ёсны төрийн албаны шалгалтаа өгч тэнцсэн, хуульд заасан бусад үндэслэл гэсэн нь ажил олгогчийн хэт дур зоргийн шинжтэй гаргасан шийдвэрийг зөвтгөх гэсэн, хоорондоо хамааралгүй харилцааг хууль зүйн ямар ч дүгнэлт хийхгүйгээр хамаатуулах замаар шийдвэр гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа “...Н.Х нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сард зарлагдсан Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн боловч дээрх шалгалтыг Төрийн албаны зөвлөл хүчин төгөлдөр бус шалгалт гэдгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон байдаг.
4.1. ...Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/418 дугаар албан бичигт ... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор П.Б-г төрийн албаны шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд хууль бусаар томилсон гэж дүгнээгүй байна.
4.2. Тодруулбал, П.Б-н төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн эсэх, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн эсэх тухай үйл баримтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоосон бөгөөд шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.
4.3. Иймд Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн “... П.Б төрийн албаны ерөнхий тусгай шалгапт өгөөгүй, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуур хангаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэдгээр П.Б нь уг апбан тушаал дээр ажлаа хийсээр байгаа болно.
4.4. Мөн Н.Х ыг жирэмсэн ба амаржсаны амралттай байгаа Д.Мөнхцэцэгийн сул орон тоонд ирэх оны 03 дугаар сар хүртэл ажиллах санал /бараг нэг жил/ тавьсан боловч өөрөө ажиллаагүй, дээр нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ариунаа хоолны технологчоор тус газарт ажиллах саналыг удаа дараа тавьсан боловч мөн л ороогүй нь гайхал төрүүлж байгаа юм.
4.5. Иймд Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар “П.Б г үргэлжлүүлэн ажиллуулах тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан...” гэсэн үндэслэлээр “Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний ажлаас чөлөөлж” шийдвэрлэсэн байна.
2.2. Нэхэмжлэгч Н.Х нь Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг эс зөвшөөрч “...2018 оны 12 дугаар сараас Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтад зарлагдсан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээчийн сул орон тоонд шалгалт өгч тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 165 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолын дагуу Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны Б/05 дугаар тушаалын дагуу Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр томилогдсон. ...мэргэжилтэн П.Б тай холбоотой ирсэн бичгийн дагуу 2022 оны 03 дугаар 09-ний дотор дахин намайг халах тушаал гаргах талаар амаар мэдэгдсэн. Хэлтсийн дарга Н.Энхболд нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн үзэмжээр хандаж, хууль бус шийдвэр гаргаж байгаа нь бага насны 3 хүүхэдтэй миний хувьд маш хүндээр тусаж байна…” гэж,
2.3. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Н.Х нь Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсний дагуу Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Н.Х ыг ажилд томилох тухай Б/05 дугаар тушаалаар тус хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилогдсон. ...П.Б г 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр П.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр шийдвэр хүчингүй болсон. Уг шийдвэрийн дагуу П.Б г урьд ажиллаж байсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр томилогдсоноор Н.Х ыг томилсон шийдвэр хүчингүй болох байсан бөгөөд бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Д, Д.М нар нь жирэмсний амралттай байсан тул Н.Х үргэлжлэн ажиллах боломжтой болсон. ...Надад бүр шүүхийн шийдвэрийг дагах ёстой, сонгон шалгаруулалтыг шүүхээс хүчингүй болгосон гэсэн тогтоолыг өгсөн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б-н шийдвэрийг би эсэргүүцэж чадахгүй...” гэж тус тус маргажээ.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх П.Б г Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн төвийн даргын 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар тус төвийн баталгаажуулалтын экспертээр томилсон байна.
2.5. Улмаар Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Баталгаажуулалтын шинжээч П.Б г 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2.6. Үүний дараа нэхэмжлэгч Н.Х нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаар тогтоолын 03 дугаар хавсралтад заасны дагуу 74 оноо авч төрийн албаны шалгалтад тэнцэж, улмаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
2.7. Улмаар Хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Э-н 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Нямлхагва овогтой Х ыг тус хэлтсийн Баталгаажуулалтын шинжээчээр анх томилж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар ...шалгалт өгч тэнцсэн Дорнод аймгийн СХЗХ-ийн ажилтан Н.Х д баталгаажуулалтын орон тооны шинжээчийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаатай олгосон байна.
2.8. П.Б 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 11 дүгээр шийдвэрээр “...П.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.9. Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд ... П.Б Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар урд ажиллаж байсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнээр томилогдсоноор, Н.Х ыг томилсон анхны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаал хүчингүй болох байсан ч Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Д, Д.М нар нь жирэмсний амралттай байсан тул нэхэмжлэгч Н.Х ыг жирэмсний амралттай хүний оронд түр томилж ажиллуулсан болох нь тогтоогдож байна.
2.10. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор ...П.Б г ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцон, хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболдод “тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” 04/418 дугаар албан бичиг хүргүүлсэн байна.
2.11. Дээрх Төрийн албаны зөвлөлийн хүргүүлсэн албан бичиг болон шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Э-н 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ...П.Б г үргэлжлүүлэн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Н.Х ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.
2.12. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаар тушаалаар Орон нутгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тоо, албан тушаалын дээд хязгаарыг тогтоосон бөгөөд Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь хэлтсийн дарга-1, ахлах мэргэжилтэн-1, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн /улсын шалгагч/-3, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн-2, Салбар хариуцсан мэргэжилтэн-1, төрийн захиргааны-8, төрийн үйлчилгээний-5, нийт 13 албан хаагчийн орон тоотой байхаар батлагдсан байна.
2.13. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 13.2, 14.1, 14.2, 14.4 дэх заалтыг тус тус үндэслэн ... П.Б г Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус хэлтсийн дарга Н.Энхболдод үүрэг болгосныг хэлтсийн дарга Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-т “хуульд заасан бусад үндэслэл” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-т “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Х ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Б г Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.
2.14. Анхан шатны шүүх “байгууллагын бүтэц, орон тоонд огт өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаагүй байхад ...орон тоо хасагдсан үндэслэлээр П.Б г төрийн албанаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон ...Н.Х ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
2.15. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ