Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2042

 

 

 

                                    

                                 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Бд холбогдох 2003 00367 0277 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Т овогтой Э-ын Б.

 

/Холбогдсон хэргийн талаар /

           

            Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4.в-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ...хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэн, “Kawasaki” маркийн 0000 ХХХ улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Зын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “…Би 2020 оны 07 дугаар сарын 4-ний өдрөөс 5-ны өдрийг шилжих шөнө болсон зүйлд маш их харамсаж байна. Би одоо болтол өөртөө итгэж чадахгүй байна. Хохирогчийн ар гэрт нөхөж баршгүй хохирол учруулсандаа уучлалт гуйж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Би охиноо алдсандаа харамсаж байна. Охиныг минь найз нөхөд нь бүгд мэднэ. Хамт олон найз нөхөд дундаа нэр хүндтэй хүүхэд байсан. Нэг өдөр гэртээ орж ирэхэд охин минь уйлсан сууж байсан. Уйлсан шалтгааныг асуухад “би хөөцөлдөж байгаад ажилчдынхаа цалинг нэмүүлсэн” гэж хэлж байсан. Миний охин маш сайхан сэтгэлтэй бусдын төлөө явдаг хүн байсан. Миний охин Англи, Орос, хэлтэй Тайванд магистр хамгаалаад ирсэн. Миний охин амьдралын зорилгынхоо талаар надтай маш их зүйл ярилцдаг байсан. Тэр зорилгыг нь гүйцээж чадаагүйд маш их харамсаж байна. Охин минь урьд гэр бүл зохиож байгаагүй. Миний охин 33 нас хүрэхдээ эрэгтэй хүн гэртээ дагуулж ирж байгаагүй. Би охиндоо тоглоомоор “гэр бүл зохиох цаг нь болсон, нөхөртэй, нөхөргүй хамаагүй хүүхэд өргөх чадвартай байгаа дээр минь зээ гаргаж өгөөч” гэж хэлж байсан. Шүүгдэгч хүртэл мэдүүлэгтээ охиныг минь их цовоо сэргэлэн охин байсан гэж хэлсэн байсан. Миний охин эв эрүүл ямар нэгэн өвчингүй байсан. Би охинтойгоо ирээдүйн сайн сайхны талаар ярилцдаг байсан. Тэр ярилцаж байсан сайн сайхан ирээдүйг биелүүлэх боломжгүй болсонд харамсаж байна. Бид охинтойгоо нэг гэрт амьдардаг байсан учраас гэрт байгаа зүйлс охиныг маань санагдуулаад байна. Шүүгдэгч охинтой минь хамааралгүй баримт гэх зүйл ярьж байна. Би 2020 оны 1 дүгээр сарын 18-нд Америк улс явсан. Америк явсан шалтгааныг шүүгдэгчийн талаас амрах байдлаар явсан гэж ойлгоод байх шиг байна. Бид Америк улсад сонгууль өгөх эрхээс бусад нь эрх нь байдаг ногоон карт даруулж ажил хийхээр явсан. Америк улсад дүүгийндээ амьдраад ажиллаж амьдарч байсан. Тэгээд тэнд 6 сар ажил хийж амьдарсан. Нийтдээ 177.631.361 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 37.000.000 төгрөг төлж одоо 140.631.361 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Энэ нэхэмжилж байгаа тооцоо нь буяны ажлын зардал 29.931.000 төгрөг, зан үйлийн зардалд 4.541.000 төгрөг, Америкаас дуудагдаад ирэхэд хоёр талын билетийн үнэ, эхнэр бид хоёр тусгаарлалтад байсан зардал 10.775.933 төгрөг, энэ мөнгийг “Голомт” банктай 1 жилийн гэрээ байгуулж Америк явсан. 1 жилийн дотор 51.629.262 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан юм. Бид хоёр Америкт очиж ажиллаад бид эхний 7 сар гэхэд 11.772.262 төгрөгийг төлсөн байсан. Би Америкт 2000 долларын цалинтай байсан. Манай эхнэр 1200 долларын цалин авч байсан. Бид хоёр сард 9.000.000 төгрөгийн цалинтай байсан. Одоо банкны зээл 1 сард хугацаанд дуусна 18.382.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Бид нар Америкт байсан бол сард 9.000.000 төгрөгийн цалингаа аваад зээлээ төлөх байсан. Энэ бол бодит хохирол юм одоо сард авдаг байсан 9.000.000 төгрөгийн цалингаа 6 сард үржүүлээд 54.000.000 төгрөг энэ бол бодит хохирол юм. Олох ёстой байсан хохирлыг хагас жилээр нэхэмжилж байна. Энэ нь 63.000.000 төгрөг болж байгаа юм. Сэтгэл санааны хохирол бол бид нар нэхэмжлэхгүй байгаа юм. Сэтгэл санааны хохирлыг бол бие сэтгэлээрээ амсаад л явж байна. Би гадаад улсад байхдаа охиндоо сүүний дээжээ өргөдөг байсан. Хүн яллаж байгаа юм шиг ингээд зогсох нь хөгшин настай хүний хувьд хэцүү байна. Шүүгдэгч эв зүйгээ олохгүй дандаа худлаа хэлээд байгаа юм. Намайг Америк улсад байхад охиныг минь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж хэлээд тэр нь хүмүүст тархсан байсан. Энэ хүн хэргээ хүлээсэн бол би арай өөрөөр хандах байсан. Одоо архи уугаагүй гэсэн зүйл ярьж байна. Шалгасан төрийн цагдаа, гэрч нарыг худлаа ярьсан болгоод байгаа юм шиг харагдаж байна. Би гомдолтой байна.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс 2020 оны 7 дугаар сарын 5, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургууд /1хх-4-12, 30-37/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.З-ийн өгсөн мэдүүлэг /1хх-47-48/, гэрч П.А-ийн өгсөн мэдүүлэг /1хх-83/, гэрч Б.Н-ийн өгсөн мэдүүлэг /1хх-87-89/, гэрч Л.М-ийн өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, гэрч Б.А-ын өгсөн мэдүүлэг /1хх-94/, гэрч Э.Б-ын өгсөн мэдүүлэг /1хх-114-115/, гэрч Н.Э-ын өгсөн мэдүүлэг /1хх-117-118/, гэрч Н.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-123/, гэрч А.О-ийн өгсөн мэдүүлэг /1хх-125/, гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-127/, гэрч Д.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-133/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1415 дугаартай дүгнэлт /1хх-164-179/, Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 94 дугаартай магадлагаа /1хх-204-205/, Ц.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-79/, гэрч Ж.Х-ын өгсөн мэдүүлэг /1хх-81/, гэрч А.О-ийн өгсөн мэдүүлэг /1хх-125/, гэрч Н.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-123/, хохирлын баримт /1хх-51-54, 67, 76-78, 2хх-49-61, 60-61, 104-112/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-206, 213, 214/, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 202017дугаартай дүгнэлт /1хх-210/, гэрч Ж.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-131/, гэрч Г.А-ийн өгсөн мэдүүлэг /1хх-107/, гэрч М.С-ийн өгсөн мэдүүлэг /1хх-104-105/, гэрч Т.М-ийн өгсөн мэдүүлэг /1хх-109-110/, гэрч С.Б-ын өгсөн мэдүүлэг /1хх-120/, Э.Б-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-136-137, 248-250/, драйгер багажний тухай мэдээлэл /2хх-64, 68, 84/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17, 22/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-27/, гэрч О.О-ын өгсөн мэдүүлэг /1хх-112/, “Интерсеарч” ХХК-ийн албан бичиг /1хх-113/, гэрч Э.Б-ын өгсөн мэдүүлэг /1хх-114/,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3238 дугаартай дүгнэлт /1хх-157-158/, Тээврийн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт /1хх-13-18/, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Арвинбуудайд өмгөөлөгч Э.Туулийн гаргасан хүсэлт /2хх-26/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-221/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-24/, Гэмтэл согог судлын Үндэсний төвөөс ирүүлсэн Э.Б-ийн өвчний түүх /1хх-139, 140-148/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-11/, гэрч Э.Г-ийн өгсөн мэдүүлэг /1хх-109-130/, гэрч Ж.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-131-132/, эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-50/, Улсын Дээд шүүхийн санал хүсэлтэд хариу өгсөн албан бичиг /2хх-38/, гэрч Т.Т-ийн өгсөн мэдүүлэг /1хх-96/, гэрч Г.Д-ийн өгсөн мэдүүлэг /1хх-98/, гэрч М.Б-ийн өгсөн мэдүүлэг /1хх-100/, гэрч Ж.Х-ын өгсөн мэдүүлэг /1хх-102/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-16/, Э.Б-ийн АСАП сангийн мэдээлэл /1хх-149-151/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8450 дугаартай дүгнэлт /1хх-181-183/, Э.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-225/, Э.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-226/, Э.Бийн хувийн хэргийн хуулбар /1хх-227, 239-243/, Э.Бийн төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /1хх-228-229/, Э.Бийн дипломны хуулбар /1хх-230-231/, Э.Бийн жолоодох эрхийн лавлагаа /1хх-232/, Э.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-233/, Э.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-234-235/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /1хх-236/, Э.Бийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-237-238/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Э.Туулийн гаргасан хүсэлт /2хх-31-38/, драйгер багаж ашиглах зааварын талаархи мэдээлэл /2хх-63-96/, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны хариуцлага тооцсон тухай албан бичиг /2хх-113-114/, Тээврийн прокурорын газрын мөрдөгч нар хууль зөрчсөн талаар албан бичиг /2хх-115/, шүүгдэгчийн сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн бичиг, эмчийн бичиг /2хх-153/ шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4.в-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ...хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэн, “Kawasaki” маркийн 0000 ХХХ улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.З-ын амь нас хохироосон болох нь: 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.З-ийн өгсөн: “...Талийгаачийн буяны ажпын тооцоо одоогоор бүрэн гараагүй байна... Маш их гомдолтой байна.” /1хх-47-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Х-ийн өгсөн: “...Осол хэрхэн гарсан талаар мэдэхгүй зүйлгүй. Осол гарсны дараа манай хүү Г.З над руу утсаар холбогдон эгч нь нас барсан талаар хэлсэн. Маш их гомдолтой байна.“ /1хх-81/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ийн өгсөн: “...Бид нарыг сууж байхад манай ширээнд сууж байсан хоёр танихгүй эмэгтэйгийн найзууд нь гээд хоёр танихгүй залуу ирээд манай ширээнд хамт сууцгаасан ба амьд хөгжим тоглохоор нь талийгаач бид хоёр бүжиглээд бид нар бөөнөөрөө яг хэдэн шил гэдгийг тодорхой санахгүй байна викси ууцгаасан.” /1хх-85/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.А-ийн өгсөн: “...Талийгаач мотоцикль унаж байхыг нь хараагүй. Машин ч унаж байгаагүй. Жолоо төгссөн гэж ярьж байсан.” /1хх-83/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ийн өгсөн: “...Мотоциклийн куртиктэй залуу мотоциклоо асаагаад уначихсан каск өмсчихсөн, ард нь талийгаач Г.З суучихсан байхаар нь би хажууд нь очоод “чи одоо хаачих гээд байгаа юм бэ согтуу байж согтуу жолоочийн хойно сууж болохгүй” гээд урд нь хашиж зогсоод “явуулахгүй, чи хэн болчихоод манай найзыг авч явах гээд байгаа юм бэ, чи өөрөө уучихсан, хамгаалалтын малгай өмсчихөөд, манай найзад өмсүүлээгүй” гэсэн. Би талийгаач Г.Зын хажууд очоод “чи ядаж хамгаалалтын малгай өмс” гэсэн. Би талийгаач Г.З руу уурлаад “боль” гэхэд талийгаач Г.З тэр залуугийн араас нь тэврээд цаашаа хараад тэр хоёр цаашаа хөдлөөд хашааны ойролцоо очоод зогсох шиг болохоор нь араас нь гүйхэд цаашаа хөдлөөд уулын зам руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ хөдлөөд явахаар нь би араас нь манай найзыг аваад явчихлаа ш дээ гээд орилсон боловч зогсоогүй яваад өгсөн. Талийгаачийг Монголд мопед, мотоцикл, машин унаж байсныг хараагүй, мэдэхгүй. Хувьдаа машингүй байх дандаа такси барьдаг. Мотоциклийн хувцастай залуу намайг харахад шилэн аягатай зүйлийг бага багаар ууж байгаа нь харагдсан. Би виски ууж байна гэж бодсон. Тэр залуу согтуу нь шууд харагдахаар байгаагүй. Гэхдээ их бага ямар нэгэн хэмжээгээр уусан байсан гэж би бодож байна.” /1хх-87-89/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.М-ийн өгсөн: “...Машин дээрээ очоод байж байтал миний машины хажуугаар мотоцикл яваад өнгөрсөн ба хойно нь талийгаач Г.З ямар ч хамгаалах хэрэгсэлгүй буюу каск малгайгүй суучихсан байхаар нь ямар учраас суугаад явсан талаар хамт сууж байсан найзуудаас нь асуухад Эрхсаран би тэр хоёрыг хориглоод дийлсэнгүй гэж хэлж байсан. Би араас нь талийгаач руу зөндөө залгасан боловч утсаа аваагүй. Талийгаач мотоцикл болон тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Өөрөө машин, мотоциклгүй.” /1хх-91-92/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.А-ын өгсөн: “...Бид нар бүгдээрээ тулгаж ууцгаасан. Мотоциклтой залуу миний хажууд сууж байсан. Каск барьчихсан байсан шиг санагдаж байна. Бид нар бүгдээрээ тулгаад ууцгаасан. Мотоциклийн хувцастай залуу уусан байх. Гэхдээ би яг ам руугаа хийж байгааг нь хараагүй. Гэхдээ надад согтуу байх шиг л санагдаж байсан. Бүгд л согтож байх шиг санагдсан.” /1хх-94/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Т-ийн өгсөн: “...Бид нар бүгдээрээ тулгаад ууцгаасан. Ширээний нөгөө талд мотоциклийн хувцастай залуу сууж байсан бөгөөд яг ууж байхыг нь хараагүй. Тулгаж байсныг нь санаж байна. Би бүх хүнд хундагалж өгсөн. Бүх хүн аваад босож байсан.” /1хх-96/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А-ийн өгсөн: “...Гэмтлийн эмнэлэгт жижүүрээ эмчээр ажиллаж байсан. Шөнө 02 цаг 51 минут орчмын үед түргэний машинаар Э.Б нь хүргэгдэж ирсэн. Тус өвчтөн нь толгойдоо шархтай, зүүн мөр, хацар, хөмсөг, зүүн өвдөг, баруун шагай орчмоор язарсан шархтай бас баруун гар хөл зулгарсан шархтай. 4 газар оёдол тавиулсан. Мөн уушгины орой хэсгээр нь хийтэй байсан тул эмнэлэгт хэвтүүлсэн.” /1хх-107/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б-н өгсөн: “...Тэгэхэд Э.Б бариад явж байсан. Талийгаач нь ард нь суусан хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Э.Б касктай байсан. Бусад хүмүүс тэр хоёрыг мотоцикль дээр байгааг хараагүй, эмэгтэй найз нь хамт гарахыг нь харсан. Надад “ингээд аваад гарчихлаа, хамгаалалтын малгайгүй” гээд уурлаад ярьж байсан. Бусад найзууд нь “зүгээрээ гайгүй байх” гээд тэгж байсан. Дараа нь очсон үгүйг нь мэдэхгүй байна. 00:20 минут болж байсан байх.” /1хх-114-115/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Э-ын өгсөн: “...Э.Бийн амнаас нь бага зэрэг үнэртэж байсан. Өөрөө тухайн үед би уучихсан байгаа гэж хэлж байсан. Би тэр хүнээс “чи архи, дарс уусан уу” гэж асуухад өөрөө “уучихсан байгаа” гэж хариулсан.” /1хх-117-118/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б-ийн өгсөн: Би тэр залуугийн салхин доогуур нь гарах үед пиво шиг зүйл үнэртсэн. Тэгээд пиво шиг зүйл үнэртэж байх шиг байсан гэж О-д ярьж байсан. Гэхдээ би маш сайн лавлаж шалгаагүй. Тэр залуугаас үнэртэж байна гэж бодсон.” /1хх-123/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.О-ийн өгсөн: “...01 цаг 40 минутын үед гарахад осол гарчихсан байсан. Би их ойртож очоогүй. Батсүрэн “тэр залуугаас пиво уучихсан юм шиг байна, үнэртээд байна” гэж хэлж байсан. Би бол ойртоогүй.” /1хх-125/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ийн өгсөн: “...Тэр залуугаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Эрэгтэй нь их гэмтээгүй харагдаж байсан.” /1хх-127/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б-ийн өгсөн: “...Осол гарсанд маш их харамсаж байна. Миний ойлгосноор эмэгтэй хүн гуйхаар нь үгүй гэж хэлж чадалгүй сундалсан гэсэн. Хол явалгүй буцаж эргээд явж байгаад осол гарсан гэсэн. Би өөрөөс нь асуухад сундалж явсан хүн нь дөрөөн дээрээ босох үед нь нэг гараараа унагахгүй гэж түшиж байхдаа тэнцвэр алдсан гэж хэлсэн.” /1хх-133/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ганхуягийн гэрчээр өгсөн: “…Эмчилгээнд хэдэн тегрег гарсан талаар нарийн тооцож гаргаагүй байна. Эмчилгээний гарсан болон журмын хашаанаас машиныг авсан, үнэлгээ хийлгэсэн гэх зэрэг төлбөрийн баримтууд бүгд байгаа авчирч хэрэгт хавсаргана. Би тухайн орой ойрын гэрэлтэй явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Өөдөөс машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би гэрлээрээ дохисон болохоос биш холын гэрэл дээрээ тавиагүй. Гомдолтой байна, зүгээр явж байгаад осолд орж биедээ болон эд хөрөнгөндөө хохирол авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ.” /хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Э-ын өгсөн: “...01 цаг 45 минут өнгөрөөгөөд “Х” хотхоны хойд замд 2 хүн мотоцикльтой ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэн. Жолоочийн хамт 02 цаг 40 минутад ослын газарт очиход эмэгтэй нь дээшээ харсан байрлалтай, ам, хамраас болон толгой нь цус болчихсон нас барчихсан байсан.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1415 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Г.З-ын биед гавлын суурь ясны хөндлөн хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорхи тархмал цус харвалт, гол судас, уушгины уг дагасан цус хуралт, цээжний зүүн талын хөндий дэх бага хэмжээний шингэн цус, цээжний зүүн талын 1-11 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, дух, зулай, чамархайг хамарсан, зулайн хуйх, баруун хацрын төвгөр, зүүн өвдөг, зүүн шилбэний няцарсан шархнууд, дух, зүүн нүд, хацар, дээд, доод уруул, зүүн шуу, зүүн, баруун сарвуу, зүүн, баруун шилбэны цус хуралтууд, духны зүүн хэсэгт, зүүн мөр, зүүн хавирганы нумаас зүүн гуяны дунд 1/3 хүртэлх арьсны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн биед ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

5. Талийгаач нас бараад 5-6 цаг болсон байна.

6. Талийгаачийн цус нь ABIV бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт /1хх-164-170,

Химийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг /1хх-171-174/,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-175-179/,

         

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8540 дугаартай дүгнэлтэд:

         1. Э.Бийн биед баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, нүүр, бие, мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-181-183/ гэх дүгнэлт, 

 

Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 94 дугаартай магадлагаанд

1. Жолооч Э-ын Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ . согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /1хх-204-205/ гэсэн магадлагаа,

 

         Зам тээврийн осол хэргийн газарт 2020 оны 07 дугаар сарын 05, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-12, 30-37/,

 

         Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирлагын хэлтэст дуудлагын хуудас...Мотоцикл машинтай 2 хүн замын хажуу руу унасан байна. Эмэгтэй нь амьсгалахгүй байна.” /1хх-14/,

     

         Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл "...Э овогтой Бийг драйгер багаж ашиглан шалгахад 0.43 хувийн тоон үзүүлэлт, илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” /1хх-13/ гэсэн тэмдэглэл,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Бичлэгийн цагаар 07 минут 32 секундэнд, камерийн цагаар 00:47:27 секундэд мотоцикльтойгоо хөдлөн зүүн эргэж, ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явахад мотоциклийг каскан малгайтай, цагаан, хар алаг өнгийн куртиктэй, доогуураа цагаан канттай хар өмдтэй хүн унаж явах ба хойно нь сууж байгаа хүн нь дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай, доогуураа ягаан өнгийн хувцастай сууж байх ба цаашаа явж, бичлэгийн цагаар 07 минут 49 секундэд, камерийн цагаар 00:47:44 секундэд мотоцикльтой сундалдаж явсан хоёр хүн хяналтын камерийн тусгалаас гарч байгаа нь бичигдсэн байлаа.” /1хх-28/ гэсэн тэмдэглэл,

       

           Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 202017 дугаартай дүгнэлт /1хх-210-212/, 

           Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-22/,

           Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /1хх-13/,

  Хохирлын баримтууд /1хх-51-78/,

           Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн Э.Бийн өвчний түүхийн хуулбар /1хх-140-148/,

           Шүүгдэгч Э.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-226/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч Г.Туул нарын зүгээс гаргасан: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ийн өгсөн: “...Бид нарыг сууж байхад манай ширээнд сууж байсан хоёр танихгүй эмэгтэйгийн найзууд нь гээд хоёр танихгүй залуу ирээд манай ширээнд хамт сууцгаасан ба амьд хөгжим тоглохоор нь талийгаач бид хоёр бүжиглээд бид нар бөөнөөрөө яг хэдэн шил гэдгийг тодорхой санахгүй байна викси ууцгаасан.” /1хх-85/ гэх мэдүүлэг, гэрч Б.Н-ийн өгсөн: “...Мотоциклийн куртиктэй залуу мотоциклоо асаагаад уначихсан каска өмсчихсөн, ард нь талийгаач Г.З суучихсан байхаар нь би хажууд нь очоод “чи одоо хаачих гээд байгаа юм бэ согтуу байж согтуу жолоочийн хойно сууж болохгүй” гээд урд нь хашиж зогсоод “явуулахгүй, чи хэн болчихоод манай найзыг авч явах гээд байгаа юм бэ, чи өөрөө уучихсан, хамгаалалтын малгай өмсчихөөд, манай найзад өмсүүлээгүй” гэсэн. Би талийгаач Г.Зын хажууд очоод “чи ядаж хамгаалалтын малгай өмс” гэсэн. Би талийгаач Г.З руу уурлаад “боль” гэхэд талийгач Г.З тэр залуугийн араас нь тэврээд цаашаа хараад тэр хоёр цаашаа хөдлөөд хашааны ойролцоо очоод зогсох шиг болохоор нь араас нь гүйхэд цаашаа хөдлөөд уулын зам руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ хөдлөөд явахаар нь би араас нь манай найзыг аваад явчихлаа ш дээ гээд орилсон боловч зогсоогүй яваад өгсөн.” /1хх-87-89/ гэх мэдүүлэг, гэрч Б.Анарын өгсөн: “...Бид нар бүгдээрээ тулгаад ууцгаасан. Мотоциклийн хувцастай залуу уусан байх. Гэхдээ би яг ам руугаа хийж байгааг нь хараагүй. Гэхдээ надад согтуу байх шиг л санагдаж байсан. Бүгд л согтож байх шиг санагдсан.” /1хх-94/ гэх мэдүүлэг, гэрч Т.Т-ийн өгсөн: “...Бид нар бүгдээрээ тулгаад ууцгаасан. Ширээний нөгөө талд мотоциклийн хувцастай залуу сууж байсан бөгөөд яг ууж байхыг нь хараагүй. Тулгаж байсныг нь санаж байна. Би бүх хүнд хундагалж өгсөн. Бүх хүн аваад босч байсан.” /1хх-96/ гэх мэдүүлэг,  гэрч Н.Э-ын өгсөн: “...Э.Бийн амнаас нь бага зэрэг үнэртэж байсан. Өөрөө тухайн үед би уучихсан байгаа гэж хэлж байсан. Би тэр хүнээс “чи архи, дарс уусан уу” гэж асуухад өөрөө “уучихсан байгаа” гэж хариулсан.” /1хх-117-118/ гэх мэдүүлэг, гэрч Н.Б-ийн өгсөн: Би тэр залуугийн салхин доогуур нь гарах үед пиво шиг зүйл үнэртсэн. Тэгээд пиво шиг зүйл үнэртэж байх шиг байсан гэж О-д ярьж байсан. Гэхдээ би маш сайн лавлаж шалгаагүй. Тэр залуугаас үнэртэж байна гэж бодсон.” /1хх-123/ гэх мэдүүлэг, гэрч А.О-ийн өгсөн: “...01 цаг 40 минутын үед гарахад осол гарчихсан байсан. Би их ойртож очоогүй. Батсүрэн “тэр залуугаас пиво уучихсан юм шиг байна, үнэртээд байна” гэж хэлж байсан. Би бол ойртоогүй.” /1хх-125/ гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн өгсөн: “...Тэр залуугаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Эрэгтэй нь их гэмтээгүй харагдаж байсан.” /1хх-127/ гэх мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /1хх-13/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь тухайн үед 0.43%-ийн согтолттой байсан нь нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

 

          Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4.в-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ...хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэн, “Kawasaki” маркийн 0000 ХХХ улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Зын амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Нийтдээ 177.631.361 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 37.000.000 төгрөг төлж одоо 140.631.361 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Энэ нэхэмжилж байгаа тооцоо нь буяны ажлын зардал 29.931.000 төгрөг, зан үйлийн зардалд 4.541.000 төгрөг, Америкаас дуудагдаад ирэхэд хоёр талын билетийн үнэ, эхнэр бид хоёр тусгаарлалтад байсан зардал 10.775.933 төгрөг, энэ мөнгийг Голомт банктай 1 жилийн гэрээ байгуулж Америк явсан. 1 жилийн дотор 51.629.262 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан юм. Бид хоёр Америкт очиж ажиллаад бид эхний 7 сар гэхэд 11.772.262 төгрөгийг төлсөн байсан. Би Америкт 2000 долларын цалинтай байсан. Манай эхнэр 1200 долларын цалин авч байсан. Бид хоёр сард 9.000.000 төгрөгийн цалинтай байсан. Одоо банкны зээл 1 сард хугацаанд дуусна 18.382.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Бид нар Америкт байсан бол сард 9.000.000 төгрөгийн цалингаа аваад зээлээ төлөх байсан. Энэ бол бодит хохирол юм одоо сард авдаг байсан 9.000.000 төгрөгийн цалингаа 6 сард үржүүлээд 54.000.000 төгрөг энэ бол бодит хохирол юм. Олох ёстой байсан хохирлыг хагас жилээр нэхэмжилж байна. Энэ нь 63.000.000 төгрөг болж байгаа гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 37 сая төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн 1123145 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар тогтов.

           

            Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогтой Э-ын Бийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Э.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн 1123145 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

     10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ