| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч Ж овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 2019003130024 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг Алтанцөгц суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Наран мандал” ХХК-д хариуцлагатай удирдагч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сум 2 дугаар баг 52-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Х-ын Б /РД:СЩ81030811/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн “Зүүн цагаан дэл”-ийн ордоос 9.473.550 төгрөгийн үнэ бүхий 138.3тн жоншны хүдрийг нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, миний буруу.” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Б-ны ачуулж Бор-Өндөр суманд буулгасан жоншоо манай байгууллага буцааж өөрийн талбай руу өөрсдийн хүчээр ачуулсан ачилтын зардал 124.030 төгрөг, тээвэрлэлтийн зардал 370.017 төгрөг, нийт 494.047 төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилнэ, харин жоншны мөнгийг нэхэмжлэхгүй, буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-210-211/,
Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“Сүхээ “Зүүн цагаан дэл”-ээс гурван машин бутлуулсан” гэсэн яриа сонсчихоод манай үйлдвэрийн уулын цехийн дарга Сүхбаатар байж болзошгүй гэж таамагласан. ...Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржавын үүргээр Уулын цехийн дарга Сүхбаатар 10 орчим хоног “Зүүн цагаан дэл”-ийн уурхайд жонш тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажилласан ба Сүхбаатар нь үйлдвэрийн төлөөллөөр өрөмдлөг тэсэлгээний ахлах инженер Х.Б-ыг “Зүүн цагаан дэл”-ийн уурхайд ажиллуулсан. ...Би Х.Б-ы 94907577 дугаарын утас руу залгаж, “...“Зүүн цагаан дэл”-ийн уурхайгаас Сүхээ гурван машин жонш гаргасан байна шүү дээ” гэтэл “та юу яриад байгаа юм, тийм зүйл байхгүй” гэхээр нь “чи Сүхээг хамгаалаад байгаа юм уу” гэхэд “үгүй ээ, тийм зүйл байхгүй” гээд утсаа тасалсан...Х.Б над руу залгаад “та наадхаа хаячихаа” гэхээр нь “тийм зүйл болсон юм уу” гэж асуухад “тиймээ” гэж хэлсэн, мөн орой 23 цагийн үед Х.Б дахин над руу залгаж “та наадхаа больчих оо, хаячих” гэхээр нь “үгүй ээ наад асуудал чинь өндөр авсан, захирал мэдэж байгаа, би энэ асуудлыг хаяж чадахгүй, цааш нь шалгах болно, харин Сүхээг хамгаалж байгаа бол болиорой, өөрийгөө бодоорой” гэж хэлэхэд “Сүхээ даргад хамаагүй, би гаргасан юм, та намайг өршөөчих, тантай өглөө 6 цагт холбогдоё” гээд утсаа тасалсан...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиралд энэ асуудлыг танилцуулахад, цагдаагийн байгууллагад хандсан. ...Бүрэнцогт гэгчийн том оврын тээврийн хэрэгсэл 42-96ХЭҮ улсын дугаартай гэдгийг мэдэж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-7-8/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би “Эрдэнэ таац” ХХК-д ковшийн оператораар ажиллаж байна. ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр...уурхай дээрээ ирээд гал тогооны гэр лүү орж цай уугаад сууж байтал шар арьстай, орос гэмээр царайтай махлаг ах орж ирээд “Сүмбээ байна уу, Бауржан ярья” гэж хэлсэн, тэгээд гар утсыг нь аваад ярьтал Бауржан ах “наанаа зогсож байгаа гурван том оврын тээврийн хэрэгсэлд карьераас гарсан овоолгын наад захаас аччих, наад ах чинь өөрөө харж байгаад ачуулчих байх” гэж хэлсэн. Би ковшоо асаагаад шороог нь уг тээврийн хэрэгслүүдэд ачиж өгсөн. ...Тэр гурван тээврийн хэрэгсэлд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн шорооноос ачсан.” гэсэн мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө надтай хамт тээвэр хийдэг Нямдорж гэх хүн над руу залгаад “маргааш өглөө Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт байх “Зүүн цагаан дэл” гэх газраас жонш ачих уу” гэж асуусан, тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн 84-41ХЭҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодоод, мөн өөрийн 42-96ХЭҮ улсын дугаартай Стейвер маркийн автомашиныг Баярхүү гэх найзаараа жолоодуулаад Нямдоржийн хамт гурван машинтай Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг “Зүүн цагаан дэл” явж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдийн өмнө очиход Бор-Өндөр сумын иргэн Алтанзул, Батдэлгэр нар приус-20 маркийн саарал өнгийн автомашинтай байж байсан. ...Нямдорж “1тн жоншийг 10.000 төгрөгөөр ачихаар тохирсон” гэж надад хэлсэн. “Зүүн цагаан дэл” гэх газарт байх нөхөрлөлийн газар руу орж жонш ачуулсан. Батдэлгэр жоншнуудыг хараад зааж өгөөд ачуулаад байсан. Тэнд байсан ковшоор машинд ачаад бид Бор-Өндөр сумын гаалийн талбайн урд байх пүүн дээр пүүлүүлээд гаалийн талбайн урд байх “Баян тэгш” ХХК-ийн талбайд хоёр машины жоншийг буулгаад, уг талбайн зүүн талд би нэг машины жоншийг буулгасан. Орой нь над руу тээврийн хөлс болох 900.000 төгрөгийг Нямдорж шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-17-18/,
Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би Дорноговь аймгийн Иххэт суманд байх “Зүүн цагаан дэл” гэх газарт нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байсан Болор-Эрдэнэ ахлагчтай нөхөрлөлийн газарт очоод зарах жонш байгаа эсэхийг асуух гээд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Батдэлгэрийн хамт очиход Бауржан гэх хүн байсан. Тэгээд би “бага агуулгатай жонш худалдаж авч байгаа юмаа” гээд очиход Бауржан “энэ нөхөрлөлийн шигшсэн бага агуулгатай жонш энд байна” гээд шигшчихсэн жонш надад үзүүлсэн. Тэгээд Бауржанаас 1 хувийн агуулгыг 1000 төгрөгөөр, маргааш нь машинтай ирж авахаар тохирсон. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө...очиход Бауржан байгаагүй ба утсаар ярихад “та байж бай, ковш гуйгаад өгье” гэж хэлээд нэг ковш ирээд гурван автомашинд жонш ачуулсан. Гурван машины жолооч надаас “энэ уулын баяжуулах үйлдвэрийн жонш биш биз дээ, тийм бол бид ачихгүй” гэж хэлэхээр нь би “үйлдвэрийн жонш биш, энэ нөхөрлөлийн шигшсэн жонш байгаа юм” гэж хэлээд ачуулсан. Би Бауржанаас асуухад “үйлдвэрийн жонш биш” гэж хэлсэн. ...Гурван ачааны автомашины ажлын хөлс болох 1.260.000 төгрөгийг жолооч Нямдоржид бөөнд нь өгсөн, Бауржан надад бэлнээр 1.260.000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-22-23, 213-214/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...“Зүүн цагаан дэл” гэх газарт байх Уулын баяжуулах үйлдвэрийн газарт гэрээтэй уурхай дээр очсон, Бауржан тэнд байсан. Тэгээд бид хоёртой юм ярьж байгаад “бид хоёр жонш худалдаж авах гээд явж байна” гэхэд Бауржан “тэнд ялгасан жонш байна, тэрийг үзэх үү” гэсэн. Тэгээд бид хоёр “бага агуулгатай юм байна, зарагдвал 20.000 төгрөгөөр 1тн зарагдаж магадгүй” гэж хэлсэн. ...10 дугаар сарын 18-ны өглөө Алтанзул над руу утсаар яриад “...“Зүүн цагаан дэл” рүү очиод өчигдөрийн үзсэн жоншны гайгүйг харж байгаад ачуулаад өгчих” гэж хэлэхээр нь би хамт явсан. ...Би ойлгохдоо уурхайн жонш гэж бодоогүй, ...тэр шигшсэн жоншноос би зааж өгөөд ачуулсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-24-25/,
Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 20-доос хойш үйлдвэрийн дотоод хяналтын мэргэжилтэн Бакытжан намайг дуудаж “...“Зүүн цагаан дэл” ордоос гурван автомашинаар жоншны хүдэр ачуулсан байна” гэж мэдээлэл ирсэн гэж хэлсэн, тэгж би анх мэдсэн. Уг гурван автомашин шороог Бауржан ачуулсан гэж байсан. Бауржан тээвэрлэсэн, олборлосон жоншны хүдрийг надад мэдэгддэг байсан ба тэр гурван автомашинтай жоншны хүдрийг гаргасан талаараа надад юу ч хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-26-27/,
Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Намайг Монголросцветмет ТӨҮГ-ын ашиглалтын лицензтэй Дорноговь аймгийн Иххэт суманд байх “Зүүн цагаан дэл” гэх газарт манай үйлдвэртэй гэрээгээр овоолго шигшиж ажиллаж байгаа нөхөрлөл дээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7 хоногийн томилолтоор ажиллуулахаар болж үйлдвэрийн захирлын тушаал гарсан. ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би “Зүүн цагаан дэл” дээр нөхөрлөлийн газарт гэрт байж байхад Бор-Өндөр сумын иргэн Алтанзул, Батдэлгэр нар “түүврийн жонш сонирхоод явж байна” гэж хэлээд надтай таарсан. ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Иххэт сумын нутагт байх баяжуулах үйлдвэр дээр насос суурилуулах ажилчид авах гэж байхад Алтанзул надруу залгаад “энэ муу агуулгатай хүдрийг ах чинь авчихья” гэхээр нь “тэг, тэг” гээд хэлчихсэн. ...“Зүүн цагаан дэл”-ийн уурхайд байх жоншны хүдрийг дур мэдэн, захиран зарцуулах эрхгүй, зарсан жоншоо уурхайд буцааж өгсөн. ...Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ачилт болон тээвэрлэлтийн зардал болох 494.047 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-20-21, 215-216, 2-р хх-2-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-1/,
Монголросцветмет ТӨҮГ Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржаваас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хандан гаргасан өргөдөл /1-р хх-3/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-4-6/,
Монголросцветмет ТӨҮГ Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржаваас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Батхүүд гаргасан “...“Баянтэгш” ХХК-ийн талбай дээр буусан 3 машин жоншны хүдрийн үнэлгээг тогтоосон тодорхойлолт” /1-р хх-35/,
Монголросцветмет ТӨҮГ болон “Золотая корона” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №MR-2020-02-11 дугаартай, “Хамтран ажиллах гэрээ” /1-р хх-36-38/,
“Эрдэнэ таац” ХХК болон “Золотая корона” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №ET-2020-06-03 дугаартай, “Хамтран ажиллах гэрээ” /1-р хх-39-40/,
С.Алтанзулаас 126тн жоншны хүдэр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-198/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-201/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №860 дугаартай, “...нэр Жоншны хүдэр, тоо ширхэг 138, нэгжийн үнэ 68.500, зах зээлийн дундаж үнэ 9.473.550 төгрөг гэсэн” үнэлгээний тайлан /1-р хх-239/,
Х.Б-ын хүдэр тээвэрлэсэн хөлс 494.000 төгрөгийг Монголросцветмет ТӨҮГ-ын Хаан банк 5946025683 дансанд төлж барагдуулсан тухай баримт /2-р хх-7/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-15/,
Яллагдагч Х.Б-ы “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн хүсэлт /2-р хх-21/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн “Зүүн цагаан дэл”-ийн ордоос 9.473.550 төгрөгийн үнэ бүхий 138.3тн жоншны хүдрийг нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
гэрч С.Б-ы “...Би Х.Бы 94907577 дугаарын утас руу залгаж, “...“Зүүн цагаан дэл”-ийн уурхайгаас Сүхээ гурван машин жонш гаргасан байна шүү дээ” гэтэл “та юу яриад байгаа юм, тийм зүйл байхгүй” гэхээр нь “чи Сүхээг хамгаалаад байгаа юм уу” гэхэд “үгүй ээ, тийм зүйл байхгүй” гээд утсаа тасалсан...Х.Б над руу залгаад “та наадхаа хаячихаа” гэхээр нь “тийм зүйл болсон юм уу” гэж асуухад “тиймээ” гэж хэлсэн.” гэх,
гэрч Г.Д-ийн “...Бауржан ах “наанаа зогсож байгаа гурван том оврын тээврийн хэрэгсэлд карьераас гарсан овоолгын наад захаас аччих, наад ах чинь өөрөө харж байгаад ачуулчих байх” гэж хэлсэн. Би ковшоо асаагаад шороог нь уг тээврийн хэрэгслүүдэд ачиж өгсөн. ...Тэр гурван тээврийн хэрэгсэлд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн шорооноос ачсан.” гэх,
гэрч Б.Б-ын “...Нямдорж “1тн жоншийг 10.000 төгрөгөөр ачихаар тохирсон” гэж надад хэлсэн. “Зүүн цагаан дэл” гэх газарт байх нөхөрлөлийн газар руу орж жонш ачуулсан. Батдэлгэр гэх хүн тэнд жоншнуудыг хараад зааж өгөөд ачуулаад байсан.” гэх,
гэрч С.А-ын “...би, “бага агуулгатай жонш худалдаж авч байгаа юмаа” гээд очиход Б “энэ нөхөрлөлийн шигшсэн бага агуулгатай жонш энд байна” гээд шигшчихсэн жонш надад үзүүлсэн. Тэгээд Бауржанаас 1 хувийн агуулгыг 1000 төгрөгөөр, маргааш нь машинтай ирж авахаар тохирсон. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө...очиход Бауржан байгаагүй ба утсаар ярихад “та байж бай, ковш гуйгаад өгье” гэж хэлээд нэг ковш ирээд гурван автомашинд жонш ачуулсан.” гэх,
гэрч Г.Б-ийн “бид хоёр жонш худалдаж авах гээд явж байна” гэхэд Бауржан “тэнд ялгасан жонш байна, тэрийг үзэх үү” гэсэн...Би ойлгохдоо уурхайн жонш гэж бодоогүй, ...тэр шигшсэн жоншноос би зааж өгөөд ачуулсан.” гэх,
гэрч Д.С-ын “гурван автомашин шороог Бауржан ачуулсан гэж байсан. Бауржан тээвэрлэсэн, олборлосон жоншны хүдрийг надад мэдэгддэг байсан ба тэр гурван автомашинтай жоншны хүдрийг гаргасан талаараа надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлгүүд болон,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Монголросцветмет ТӨҮГ Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.М-аас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хандан гаргасан өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.Алтанзулаас 126тн жоншны хүдэр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Монголросцветмет ТӨҮГ Бор-Өндөр уулын баяжуулах үйлдэрт 138.3тн жоншны хүдэр буюу 9.473.550 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 126тн жоншны хүдэрийг буцаан хүлээлгэн өгч, тээвэрлэлтийн зардал болох 494.047 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч байгууллага гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Х.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Х-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгч Х.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 188, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ