Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 345

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг 79-р байрны 44 тоотод оршин суух, ЖЯ81072968 регистрын дугаартай, Хатагин овогт Чулуунбаатарын Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй,

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 63-р байрны 09 тоотод оршин суух, ЖЭ65031372 регистрийн дугаартай, Шарайд овогт Ренчинхандын Заяасайханд холбогдох,

     Гэм хорын хохирол 1.473.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Б.Төгсжаргал нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тагнуулын газрын баруун талын засмал зам дээр 61-03 ДОР улсын дугаартай “Тоёота Премо” маркийн машинд мөргүүлсэн. Улаанбаатар хот уруу явж эмчид үзүүлсэн. Р.Заяасайхан нь эмчилгээний зардал болох 1.173.820 төгрөгөөс эхлээд 200.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Иймд үлдэгдэл 473.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Р.Заяасайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх боломжгүй байна. Эмчилгээний зардал 1.173.820 төгрөг гэж нэхэмжлэлд дурдсан боловч утасны ярианы төлбөр, хоолны төлбөр, эмчийн заалтаас илүү авсан эм зэргийг төлөх үндэслэлгүй. Үүнд нийт 83.201 төгрөг болж байна. Урьдчилан 700.000 төгрөг төлсөн байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс 390.619 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

     Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэг миний бие хариуцагч Р.Заяасайханаас гэм хорын хохирол болох 1.473.000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгнөөсөө татгалзаж байгаа бөгөөд Р.Заяасайхан нь үлдэгдэл 473.000 төгрөгийг 2017 оны 4 сард багтаан бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

       Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэг нь хариуцагч Р.Заяасайханд холбогдуулан гэм хорын хохирол болох 1.473.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      Хариуцагч Р.Заяасайхан нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тагнуулын газрын баруун талын засмал зам дээр 61-03 ДОР улсын дугаартай “Тоёота Премо” маркийн машинтай зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ Ч.Чулуунцэцэгийн хүү Б.Төгсжаргалыг мөргөж зам тээврийн осол гаргасан байх бөгөөд Б.Төгсжаргалын эмчилгээний зардлын зарим хэсгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.473.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг татгалзан, зарим хэсэг болох 473.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Р.Заяасайхан 2017 оны 4 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

      Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Хариуцагч Р.Заяасайхан нь нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэгт гэм хорын хохирол 473.000 /дөрвөн зуун далан гурван мянга/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.518 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Заяасайханаас улсын тэмдэгтийн хураамжид 7.420 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 19.259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Чулуунцэцэгт буцаан олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ