Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр

Иргэдийн төлөөлөгч Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 1816003050040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Б-н Б.  

    Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анко” нэртэй цайны газрын сэндэвчин барилгын таамбарт хохирогч Э.Г-г “нүүр лүү өшиглөж зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлий, дал орчим хутгалж, хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэн  эрүүл мэндэд нь хүнд хохирол, хоёр далны хооронд үүссэн, цээжний хөндий рүү нэвтрээгүй арьсны давхаргыг гэмтээсэн өнгөц шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ “...Э.Г, Э.Б нартай архи уусан, нэг шил Чингис гэдэг архи задалсан гэж яригдаад байгаа Б гэдэг дээр овгийн эхний үсэг тавиагүй байцаалт авсан байсан. Хорлоогийн Б гэж байгаа. Дахиад Б гээд нэг жолооч байгаа. Намайг архи задалсан гэдгийг дурдаагүй. Би бол архи задлаагүй. Хорлоогийн Б тэд нартай архи уусан байсан. Би 12 цагийн үед араас нь Дэлгэр сумын цайны газар очсон. Тэгэхэд Э.Г согтуу байсан. Гэрчийн мэдүүлгүүд худлаа байгаа юм. Намайг зодуулсныхаа дараа сендвичэн барилга руу орсон гэж байгаа. Гараад би Э.Г-н 3 дүүтэй нь таарсан гэж байгаа юм. Орсны дараа М уг нь байсан юм. Тэгээд бид хоёрыг салгасан. Салгахдаа М ерөөсөө байгаагүй, машинаас хөнжлөө авах гээд гарсан гэж мэдүүлж байгаа боловч Б гэрчийн мэдүүлэг дээрээ бид 3 байсан Б машины урдуур гараад гүйсэн гээд М гэдэг хүн ерөөсөө байхгүй болоод байгаа юм. Намайг сендвичэн барилгын амбаар дотор хутгалсан гэж байгаа боловч хутга нь сендвичэн барилга дотор 5-6 метрийн урттай пиншингийн хажуугаас олдсон байдаг. Намайг хутгалаад зугтсан гэж гэрчүүд яриад байгаа. Амбаар дотор ноцолдох зай байхгүй. Жижиг амбаар байгаа. Б цаашаа зугтаасан гэж яригдаад байгаа. Барсбаатар хошууч үзлэг хийхэд сендвичэн байшингийн амбаарын хаалгыг онгойлгоход тийм зүйл байсан, шалан дээр толбо байгаагүй гээд цаашаа ороход толбо байгаагүй гэж бичсэн байгаа. Тийм боловч гэрчүүд үүдэн дээрээс цамцыг нь сөхөөд оруулахад цус гарч байсан гэж яригдаад байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэг бүгд зөрүүтэй, миний эсрэг байгаад байгаа юм …  ” гэв.  / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Иргэдийн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Баян-Өндөр багийн нутагт болсон хэрэгт хохирогч Э.Г, хэрэгтэн Б.Б нарын хэргийн хавтаст хэрэгтэй танилцлаа. Урьдын өш хонзонгийн улмаас архи уусан үедээ олон удаа зодолдож муудалцаж байсан болох нь батлагдлаа. Иймээс хоёуланг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. Хэрэгтэн Б.Б-н хувьд архи уусан үедээ хүний биед мэс хэрэглэсэн хохирогч Э.Г-н хувьд архи ууж бүлэглэн танхайрсан эсэх нь хэргийг хүндрүүлэх шалтгаан болж байна. Нөгөө талаараа шүүгч нарт хандаж хэлэхэд ямааны мах халуун нь дээр гэж хэргийг ингэж 2 жил хүндрүүлж байхаар тухайн үед нь шуурхай шийдэхгүй яасан юм бэ? гэсэн ийм асуудал ярьж байна...” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анко” нэртэй цайны газрын сэндэвчин барилгын таамбарт хохирогч Э.Г-г “нүүр лүү өшиглөж зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлий, дал орчим хутгалж, хэвлийд нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэн  эрүүл мэндэд нь хүнд хохирол, хоёр далны хооронд үүссэн, цээжний хөндий рүү нэвтрээгүй арьсны давхаргыг гэмтээсэн өнгөц шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд санаатай халдаж хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай Оюут байгаль ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн ажил дуусаад буцаад хот руу явж байхад Говь-Алтай аймгийн цагаан хаалга дээр нэг автомашин эвдэрсэн. Тэгээд тэндээс эвдэрсэн машинаа чирж яваад Дэлгэр сумын замын хажуу талын гэр цайны газар дээр ирээд тэнд хонохоор болоод орой хоолны үед Б ах, Б ах, Э, Э, М, Б, Ж, Ф бид нар эхлээд 0,5гр 2 шил Ерөөл архи уусан. Үүний дараа Б 0,75 грамм Алтан чингис архи гаргаж уусан…Ингээд бид нар хоол идээд сууж байсан чинь Б би эд нарыг хариуцаж яваа дарга нь байна гээд цайны газрын ахтай юм яриад бид нарын дунд томроод байхаар нь би очоод Б-н нүүрэн тус газар нь нэг удаа цохиод хоёр удаа өшиглөсөн чинь Б ах намайг гэрээс авч гарсан... Гаднаас Б орж ирээд намайг гараад ир хоёулаа үзье гэхээр нь би ганцаараа гарсан. Ингээд бид хоёр нөгөө сэндивчин цайны газрын таамбар дотор зууралдаад байж байхад Б нэг зүйлээр миний хэвлий болон нуруу хэсэг рүү дүрчихээд зугтаасан. Тэгээд би нөгөө сэндивчин цайны газрын ордог хаалга татахад урдаас Э намайг тосч аваад би ороод ширээ нуруугаараа налаад зогсож байхад Э эхлээд миний хэвлийний шархыг үзээд хутгалуулсан байна гэж хэлээд шархан дээр гараараа дарж байсныг мөн машинд сууж байснаа санаж байна. Хэсэг ухаангүй байж байгаад ухаан орсон чин Дэлгэр сумын төвийн эмнэлэг дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ30-31/,

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай дүү Г Б-г сууж байхад нь нүүрэнд нь 1  өшиглөөд тонгойхоор нь гар руу нь бас 1 удаа өшиглөсөн, хажууд байсан хэдэн жолооч салгаж болиулсан. Би залгаа хойд гэрээс араас нь гарч ирсэн. Тэгээд яасан гээд тэр хоёрыг боль гэхэд Б та намайг Г-тай эр хүн шиг зодолдвол хажуугаас нь өмөөрөхгүй биз дээ гэхээр нь боль та 2 гээд дүү Г-г аваад гараад явсан. Тэгээд урд талын сэндивчин байранд ороод Б, Э, Э, Г бид нар 1 шил архи задлаад уугаад сууж байтал гаднаас Б орж ирээд Г гараад ир хоёулаа эр хүн шиг нэг үзье гэж дуудсан. Г босоод Б-н хажууд байрны хаалган дээр очоод заамдалцаж авсан. Тэгсэн Б цаашаа гүйгээд гараад яваад өгсөн. Э салгах гээд наанаас нь очсноо хутгачихсан байна гэхээр нь би шууд гараад Б-н араас гүйсэн чинь Б зүүн тийшээ зам руу гүйж байсан, би Хайсе маркын машин асаалттай байж байхаар гүйж очоод жолоон дээр сууж байсан Б-г буулгаад Б-н араас явсан. Машинд манай дүү Г байсан…Б-г барьж аваад би уурандаа хэд хэдэн удаа цохиж авсан...Буцаад ирэхэд Г-г Э сугадаад гарч ирсэн. Хэвлий хэсгээс нь цус гараад Э гараараа дарсан байсан...Маш их айсан эмнэлэгт ороод дүүгээ харахад хэвлийнээс сэмж нь гоожсон, цус их алдаж байсан тул шоконд орсон байсан…” гэсэн мэдүүлэг /1-р ХХ37-38/,

Гэрч М.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Орой 21 цагийн үед бөөнөөрөө хоол унд идэж дуусаад амрах гээд байж байсан чинь Г хүрч ирээд Б-н араас хөлөөрөө өшиглөөд мөн гараараа цохиод баруун хөмсөгний дээд талаас нь цус гаргахаар нь бид нар Г-г эхлээд салгаад авч гарсан. Дараа нь Б-н цусыг угааж өгөөд байж байсан чинь нэг харахад Б гараад явсан байсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь Г-н ах Б урдаас гарч ирээд "Б хаашаа явсан бэ? Г-г хутгалаад зугтаачихлаа" гэсэн. Ингээд Б араас нь хөөгөөд Б-г барьж авчираад бид нар Г, Б хоёрыг сумын төвийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ42-43/, 

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би хөнжил пүүгээ авах гээд суудлын хайсе маркын машин дээр очтол жолооч Б сендивчин байрнаас гараад зүүн зүгт зам руу гүйж байсан. Удалгүй араас нь Б гарч ирээд Хайсе машинд сууж байсан Б-г буулгаад машиныг унаж Б-н араас явсан. Сендивчин байрнаас Э, Э 2 Г-г түшчихсэн гарч ирсэн. Яасан гэж асуухад хутгалуулчихсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ45-46/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Гаднаас нэг залуу орж ирээд зүгээр хоол идээд сууж байсан нэг залууг ямар ч үг хэлэлгүй шууд шанаа руу нь хоёроос гурван удаа өшиглөөд шанаанаас нь цус гаргасан. Тэгэхээр нь би уурлаад та нар юу болоод байгаа юм гар, та нарыг хонуулах алба байхгүй гэсэн чинь хоёр гурван залуу ирээд нөгөө өшгилсөн залууг аваад гэрээс гарсан... Тэгээд байж байтал манай эхнэр наад хүн чинь хутга авчихлаа гэхээр нь харсан чинь нөгөө залуу бор иштэй хутга бариад хаалга руу ирэхээр нь би гар луу нь цохисон чинь устай сав руу хутгаа унагаасан. Ингээд буцаж очоод сандал дээр суугаад нөгөө халзан хөгшинтэй маргалдаж байгаад гараад явсан...Тэгээд нэлээн хугацааны дараа нэг залуу гүйж орж ирээд Б ах машин унаад сум явчихлаа гэхээр нь би юу болсон юм бэ гэхэд нөгөө хоёр чинь нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлэхээр нь би урл айлд яваад орсон чинь хүмүүс нь бүгд байхгүй айлын охин Ү нөгөө хүмүүс чинь нэгнийгээ хутгалсан гэнэ. Тэгээд сум явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ48-49/,

Гэрч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Цусаа угааж байсан залуу нөгөө халзан ах руу уурлаад халзан банди минь гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгсэн нөгөө залуу гэнэт босоод манай гэрийн шкаф дээр байсан хутганы гэрээс бор иштэй хутга авахаар нь би нөхөртөө  наадах   чинь   хутга   авчихлаа гэсэн  чинь   манай   нөхөр  очоод  нөгөө залуугийн гар руу цохисон чинь хутга алдаад устай сав руу унагаачихаад тэр чигээрээ гараад явсан... манай нөхөр урд талын айл руу ороод юу болсон талаар асуухад манайхаас гарсан залуу хүн хутгалсан байна гэж хэлсэн. Дараа нь нөгөө үлдсэн хүмүүсээс нь юу болсон талаар асуусан чинь нөгөө хутгалуулсан залуу нь хутгалсан залууг зүгээр сууж байхад нь нүүрэнд нь өшиглөөд асуудал болсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ50-51/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Бид нар бөөндөө гэрт орж хоол идэж байхдаа 1 шил архи задалж тойруулж уусан. Би хоолоо идчихээд гадаа гарч  машин янзалж байгаад гэрт орж ирээд сууж байтал Б-г Г нь шууд үгийн солиогүй нүүрэнд нь өшиглөсөн. Дахиад цохиод өшиглөх гэхээр нь салгаад Г-г гэрээс гаргасан. Би Б-г салгаад хамраас нь цус гарсан байхаар нь ус хийж өгөөд угаалгачихаад гараад явсан. Тэгээд сэндивчин байранд орсон чинь Б, Г, Э нар байсан. Тэнд Б унтах гээд хэвтэж байсан, З унтаж байсан. Бид нар нийлээд 1 шил архи хувааж уух гээд байж байтал гаднаас Б орж ирээд Г гараад ир, зоригтой юм бол хоёулаа нэг халзагная гээд байсан. Тэгээд Г гараад явсан. Бид нар наад 2 чинь зодолдох гээд байна гээд ярилцаад удалгүй Э араас нь гарах гэхэд Г буцаад орж ирээд нуруу татаад байна, энд бас эвгүй болоод байна гээд хэвлий орчмоо дараад байхаар нь харсан чинь нуруу, хэвлийнээс нь цус гарч байсан. Б гүйгээд гараад явсан. Э бид хоёр Г-г хоёр талаас нь түшээд авч гарсан. Хэвлийнээс нь гарсан цусыг нь Э гараараа дараад байж байтал Б машинтай ирээд Дэлгэр сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ54-55/,

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Сэндивчин байранд З-тай хамт амарсан. Унтаж байтал шөнө Б, Э, Э, Г нар орж ирсэн. Тэд нар 1 шил архи задлаад надад аяганд хийж өгөхөөр нь би нэг татчихаад унтаад өгсөн. Тэд нар тэнд суугаад архи ууж байсан ... Хүмүүс шуугиад нэгнийгээ хутгалсан гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь гадаа хүмүүс байхгүй явсан байсан. Хойд гэр рүү орж юу болсон талаар асуухад Б нь Г-г хутгалсан. Тэгээд Дэлгэр сумын эмнэлэг рүү аваад явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ56-57/,

Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... машиндаа юм хийж байгаад Хайсе маркын машинд суугаад Б, дүү Д нарын хамтаар том машинуудаа харж зарим нэг машинаа халааж байсан. Тэр үеэр жолооч Б согтуу ирээд Г хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь яваад өгсөн. Удалгүй Б сэндивчин гуанзнаас гүйгээд гарч ирээд зүүн тийшээ засмал замын чигтээ гүйгээд явсан. Удалгүй Б ах бид нар дээр ирээд Б-г машинаас буулгаад Б-н араас яваад очтол Б зам хөндлөн гараад гүйж байсан. Б ах Б-г бариад ав Г-г хутгалсан байна гэхээр нь манай дүү Д бид хоёр машинаас бууж явган хөөж Б-г барьж аваад машинд суулгаад буцаад очтол манай ах Г-г Э гэж жолооч гэдэсний орчим шархыг нь гараараа дарсан урдаас гарч ирсэн. Тэгээд Г ахыг суулгаад Дэлгэр сум руу явж эмнэлэг дээр ирсэн. Эмч үзээд гэдэс, арын далны орчим хутгалсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ60-61/,

Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би орж хоолоо идчихээд архи хийгээд өгөхөөр нь нэг татчихаад хоолоо идээд сууж байтал удалгүй архи дуусаад бүгд амрахаар болсон. Тэгээд амрах гэж байтал Г Б-г ширээний хажууд сууж байхад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөж авсан. Би Г-г араас нь татаж аваад гэрээс гаргасан. Т, айлын эхнэр хоёр Б-н хамар, аманд ус хийж угааж цэвэрлэж өгч байсан. Б намайг зүгээр байж байхад өшиглөж зодлоо та нар харсан шүү, яахаараа зүгээр байгаа хүнийг зодож байгаа юм гээд байсан. Тэгээд удалгүй Б ганцаараа гараад яваад өгсөн. Би гар утсаараа оролдоод сууж байтал Б орж ирээд нярав Б-г сэрээгээд Б Г-г хутгалчихсан байна. Сумын төвийн эмнэлэг рүү авч явъя гээд Б-г дагуулаад явсан ...  Б уурлаад гомдоллож сууж байгаад гараад явсан. Хутга авч гарсан эсэхийг би анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ64-65/,

Гэрч Э.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г ах, Б ах хоёртой машинуудаа тойрч шалгахаар гэрээс гараад машинуудаа шалгаж байсан чинь хэсэг хугацааны дараа Б.Б ах гэрээс нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай бид 3 дээр ирээд Г хаана явна бандийг ална гэхээр нь бид 3 одоо унтаж амар гэж хэлсэн. Тэгсэн цаашаа явсан бөгөөд удалгүй Б ах машины урдуур гүйж гарч ирсэн бөгөөд араас нь Б ах гүйж ирээд Б ахыг машинаас татаж буулгаад бариад аваарай гэх шиг болсон. Энэ үед би машин ард нойрмог хэвтэж байгаад босож ирсэн чинь Г ах машинаас буусан байсан ... Би юу болсон талаар асуухад Б Г-г хутгалчихлаа гэж Б ах хэлсэн...Б ах зогсоод намайг бариад ав гэхээр нь би машины арын хаалгаар буугаад барьж авах гэсэн чинь Б ах буцаад зам дагаад гүйсэн. Тэгсэн Г ах урдаас нь барьж аваад унагааж байгаа харагдсан...Б ах машинд суухгүй гээд гар тээгээд байхаар нь Г ах бид хоёр арай гэж Б ахыг машинд суулгаад буцаж нөгөө газраа очоод Г ахыг аваад Э ах, М ах, Б ах, Г ах, Б ах бид нар Дэлгэр сумын Эрүүл мэндийн төв дээр очоод Г ахыг Э ах, Б ах, Г ах бид нар дамжлаад эмнэлэг рүү оруулсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ85-86/,

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Тэр өдөр сэндивчин цайны газар Э, Б, Г бид нар амрах гээд байж байхад гаднаас Б орж ирээд Г хоёулаа гараад уулзъя гэж хэлээд Г-г аваад гарсан. Тэгсэн удаагүй сэндивчний таамбар дотор дуу чимээ гарахаар нь би гарах гэсэн чинь урдаас Г орж ирээд Э ахаа намайг Б хутгалчих шиг боллоо нуруу рүү эвгүй болоод байна гэхээр нь би куртикийг нь дээш сөхөөд үзсэн чинь нуруу болон хэвлийнээс нь цус гарч байхаар нь сандраад болохоо байлаа хурдан эмнэлэг явъя, хутгалуулсан байна гэж тэнд байсан хүмүүст хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ91/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Б орж ирээд Г гараад ир гэж дуудаад зууралдаад хоёулаа гарахаар нь Эрхэмбаяр араас нь гарах гэхэд урдаас нь Г орж ирээд нуруу татаад байна гээд хэлийгээ бариад байхаар нь өмсөж явсан хувцсыг нь Э дээш нь шуугаад харсан чинь хэвлийнээс нь цус гарч байсан. Тэгээд л эмнэлэг энэ тэр болсон. Ер нь бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Тэр хоёр гараад удаагүй Г орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ92/,

Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Э.Г-н хэвлийд үүссэн нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 3.1.11-т "...Дотор эрхтэнийг гэмтээсэн эсэхийг үл хамааран хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэж заасан байдаг тул энэ журмыг үндэслэн дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг /3-р ХХ18-19/,

Шинжээч Б.Тэнүүний 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6345 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хуванцар бариултай хутган дээр цус илэрч байна.

  1. Илэрсэн цус нь хүний цус байна.
  2. Илэрсэн цус нь Э.Г-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ...” гэсэн дүгнэлт /3-р ХХ35/,

Шинжээч Г.Ганцэцэг, Г.Ганзориг, Ч.Эрдэмболор нарын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 547/1882 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн  Э.Г-н өмсөж явсан юүдэнтэй саарал өнгийн  цамцны халаасанд ханзралт, ар талд зүсэгдэлт шинээр гарсан байна.

2. Ханзралт, зүсэгдэлтийн хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

3. Ханзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр   шинээр,   зүсэгдэлт   ир,   мөртэй   зүйлийн   үйлчлэлээр   гарсан   байна.

4. Зүсэгдэлт, ханзралт гэмт хэрэг үйлдэхдэх үед гарсан эсэхийг тогтоох шинжилгээний арга аргачлал байхгүй тул хариулт өгөх боломжгүй.

5. Юүдэнтэй   саарал    цамцны   ар   талд   гарсан   200мм   хэмжээтэй   зүсэгдэлт   нь шинжилгээнд    ирүүлсэн    Яаралтай   тусламжийн   хуудасны    хуулбарт:    яаралтай тусламжинд ирсэн огноо 2018 он 12 сар 7 сар 00 цаг 02 минут...,  Хэсэг газрын үзлэг: "5-6 дугаар хавирганы орчим нурууны ар хэсэгт 2см орчим хүтганы шархтай" гэсэн үзлэгт дурдсан шархтай хэмжээ, байрлалаар тохирч байна.

6. Харин дээрх үзлэгт байх "Хэвлийн зүүн тус газар 6-7 см орчим хутгаар зүсэгдсэн шархтай" гэх ба үзлэгт бие дээр   гарсан   зүсэгдсэн   шархны   налалт,   чиглэл   зэргийг дурдаагүй   байх   тул шинжилгээнд ирүүлсэн саарал цамцны ар тал, зүүн хажуу доод хэсэгт гарсан 30мм хэмжээтэй зүсэгдэлтийн ир зүүн дээш байрлалтай байгаа, цамцны урд талд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралтаас үндэслэхэд бие дээр гарсан 6-7см урттай зүсэгдсэн  шарх болон  цамцанд гарсан  зүсэгдэлтүүд  нь  ноцолдох,  цамц татагдах үед хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хоёр өөр хэмжээтэй гарсан байж болно...” гэсэн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /3-р ХХ138-144/,

Шинжээч Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор, Н.Туяа нарын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 546 дугаартай “... 1. Э.Г-н биед хэвлийн зүүн хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн, нуруунд хоёр далны хооронд 5-6-р хавирганы орчимд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

2. Э.Г-н биед учирсан гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018-12-06-ны өдөр үүссэн байх боломжтой.

3. Яаралтай тусламжийн хуудас болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6059 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн үзлэгээр нурууны хоёр далны хоорондох хатгагдаж зүсэгдсэн шархны гүнийг тодорхойлох боломжгүй байна. Уг эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд цээжний хөндий рүү нэвтэрээгүй байна.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлехгүй. Хэвлийн зүүн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, нурууны хоёр далны хоорондох хатгагдаж зүсэгдсэн шарх нь         2.4. 1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

5. Нурууны хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шархыг өөреө өөртөө үүсгэх боломжгүй.

6. Урьд гаргасан 2, 51 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /3-р ХХ161-164/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ5-7/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан тайлбарлажээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.

Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь санаатайгаар хүний биед халдан хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Ууганбаярын “...Урьдын өш хонзонгийн улмаас архи уусан үедээ олон удаа зодолдож муудалцаж байсан болох нь батлагдлаа. Иймээс хоёуланг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. Хэрэгтэн Б.Б-н хувьд архи уусан үедээ хүний биед мэс хэрэглэсэн хохирогч Э.Г-н хувьд архи ууж бүлэглэн танхайрсан эсэх нь хэргийг хүндрүүлэх шалтгаан болж байна...” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргажээ.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс  шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн саналыг харгалзан үзсэн бөгөөд харин хохирогч Э.Г-н үйлдлийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн саналд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “...улсын яллагчийн яриад байгаа хавтаст хэрэгт байгаа, дурдаад байгаа нотлох баримтыг харах юм бол нийт 24 гэрчийн мэдүүлэг байгаа. 24 гэрчийн ихэнх мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдсан байдаг. Энэ мэдүүлгүүд нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан мэдүүлгүүд гэдэг нь бодит байдлаас харагдаж байгаа. Тэр олон гэрч нараас нэг цаг хугацаанд нэг орон зайд бүгдийг нь зэрэгцүүлж суулгаж байгаад авсан байгаа...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь 1-р хавтаст хэргийн 32-96 дугаар хуудсанд авагдсан мөрдөн шалгах ажиллагааг  Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч М.Барсбаатар, Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Алтаншагай нар  явуулсан байх бөгөөд гэрч А.Үргэлжбаяр /1-р ХХ77/-аас бусад гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журам зөрчсөн, цаг хугацаа, орон зайн хувьд давхардсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Э.Б, М.Т, Ц.М, Б.Б, Г.О, Б.Э, Ч.Б, Э.Г, Х.Б, Э.Д, С.Э, Б.Э нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хэрэг хаана гарсан тогтоогдоогүй, Б Г-г хутгалж байхыг харсан гэрч байхгүй, хутгалсан гэх хутга нь хэрэг болсон гэх үүдний таамбар/гонх/-аас илрээгүй харин сэндвичэн барилга дотроос илэрсэн тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү? гэж, шүүгдэгч Б.Б нь “... би энэ хэргийг үйлдээгүй, хутгалаагүй...өөр хүн үйлдсэн байх...” гэж мэдүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцжээ. Энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

1. Гэмт хэрэг болсон газрын талаар гэрчүүд эргэлзээгүйгээр мэдүүлсэн, хэдийгээр хутгалах үйл явцыг харсан гэрч байхгүй боловч үйл явдал зөвхөн шүүгдэгч, хохирогч нарын хооронд маш богино хугацаанд болоод өнгөрсөн байх тул бусад гэрч нарыг заавал харсан байхыг шаардах боломжгүй юм.

2. Хэрэг учрал болсон гэх барилгын таабараас бус дотор талаас цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг мөрдөгч илрүүлэн хураан авч, эд мөрийн баримтаар тооцжээ. Цус нь хохирогчийнх болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хутга барилга дотроос илэрсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эргэлзэх үндэслэл болохооргүй байна.

3. Шүүгдэгч Б.Б нь “...би хутгалаагүй...өөр хүн үйлдсэн байх...” гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар уг хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсоноос гадна эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон бөгөөд тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШТ/10 дугаар тогтоолоор гэрч А.Ү-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р ХХ77/-ийг нотлох баримтад тооцохгүйгээр шийдвэрлэснээс өөр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Б нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Э.Г, Б.Б нар гэмт хэргийн улмаас хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас өөрт нь хөнгөн хохирол учирсан болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Б-т 5 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан хорих ялыг хаалттай хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн цамц 1 ширхэг, шар цоохор иштэй хутга 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхгийг устгаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Э.Г, Б.Б нар хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогтой Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  шүүгдэгч Б.Б-г  5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн цамц 1 ширхэг, шар цоохор иштэй хутга 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1 ширхгийг устгаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Э.Г, Б.Б нар хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХТУЛГА

                                                                     ШҮҮГЧИД                       Ч.МӨНХТУЯА

                                                                                                              Д.САРАНТУЯА