Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Д, О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр  хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Б-ын Д, Я овогт О-ийн Э нарт холбогдох 2116000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д, О.Э  нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 07, 08, 09, 11, 16-ны өдрүүдэд буюу нийт 5 өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд facebook-ээр буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 579.000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би ажлаар хот руу яваад буцаж аймагт ирээд 14 хоногийн хорионд орсон. Хорионд орох явцдаа эхнэр төрөөд удаагүй байсан. Сүү памперс ойр зуурын хэрэглээ, ажилгүй оюутан болохоор хүмүүс фэйсбүүкээр тоглуулж байхаар нь тоглуулж болдог юм байна гээд ямар ч хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хүн дуурайж алдлаа. Одоо их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Бид хоёр гэрийн хорионд байсан. Тэгээд хүмүүс хийж байхыг хараад хийж болдог юм байна гэж бодсон. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй учир ийм зүйл болсон. Тэр үед би төрөөд удаагүй байсан. Манай найз залуу аймгийн  анагаахад сурдаг оюутан учир хүүхдийнхээ сүү, пампарсны мөнгийг олох гэж тоглуулсан. Хууль эрх зүйн мэдлэггүй учир ийм зүйл болно гэж мэдсэнгүй гэв.

“Хаан банк” дахь О-н Э-ийн эзэмшлийн 5315351446 дугаартай дансны хуулга /хх-ийн 14-31-рт/

 

“Хаан банк" дахь Б-ын Д-ын эзэмшлийн 5323116026 дугаартай дансны хуулга /хх-ийн 36-47-рт/

 

 Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хаан банк” дахь О.Э-ийн эзэмшлийн 5315351446 тоот дансанд үзлэг хийсэн “...О-ийн Э-ийн 5315351446 тоот данс руу гүйлгээний утга SeegiiЗ, guumii 4 гэх мэт нийт 3.589.000 төгрөгийн орлогын гүйлгээ орж, мөрийтэй тоглоом тоглож хожсон хүмүүсийн данс руу гүйлгээний утга дээр “Орлого” гэх мэт утгатай 3.010.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж нийт 579.000 төгрөгийн ашиг олсон байна” гэх тэмдэглэл /хх-ийн 32-рт/

 

  Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн“...Би Ховд аймгийн Дөргөн сумын төв Өгөөмөр багт эхнэр М, хүүхдийн хамт оршин суудаг. Би Хаан банкны 5850107960 дугаарын данс эзэмшдэг. Фэйсбүүкээр лайв явагдаж покер тоглуулж байсан болохоор сонирхож 1 удаа тоглосон. Өөрийн нэрээ бичээд 5315351446 дансанд орлого хийсэн. Нэг тоглоомд 5 хүн оролцох бол покер тоглоом зохион байгуулж байгаа хүн нэг хүний мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний ашиг авдаг гэсэн үг. Нийт хоёр хүн зохион байгуулж тоглуулж байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн тоглуулж байсан. Нэг нь лайв хийж байгаа утасны камерыг бариад, нөгөө нь хөзөр тараагаад тоглуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-79-рт/

 

Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...О.Энхжил нь 2020 оны 12 дугаар сарын 07-оос 16-ны өдөр гэртээ буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 18 дугаар байрны 3-19 тоотод байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би ажлаа тараад гэртээ очтол О.Э цагдаад дуудагдаж мэдүүлэг өгснийг мэдэж тус явдлыг мэдсэн. Би Энхжилийг “яагаад мөрийтэй тоглоом зохион байгуулсан юм бэ” гэж асуутал О.Э нь “манай нөхөр Б.Д Улаанбаатар хот руу самранд явах ажлаар очоод хөл хорионд 14-21 орчим хоноод ирэх үедээ фэйсбүүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа хүмүүсийг ажиглаж байгаад энд ирээд тус мөрийтэй тоглоомоо зохион байгуулаад миний дансыг ашигласан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-рт/

Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалангийн Б.Д, О.Э нарын зохион байгуулсан тоглоомыг тоглосон гэх Б.Б-тэй утсаар ярьсан тухай 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх- ийн 90-рт/

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэг нь Б.Д, О.Э нарын зохион байгуулсан тоглоомыг тоглосон гэх Г.Б-той утсаар ярьсан тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх- ийн 91-рт/

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэг нь Б.Д, О.Э нарын зохион байгуулсан тоглоомыг тоглосон гэх М.Отгонбаяртай утсаар ярьсан тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-92-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Д, О.Э нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 07, 08, 09, 11, 16-ны өдрүүдэд буюу нийт 5 өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд facebook-ээр мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 579.000 төгрөгийн ашиг олсон гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.  

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Д, О.Э нар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан   “Хаан банк” дахь О-ийн Э-ийн эзэмшлийн 5315351446 дугаартай дансны хуулга, “Хаан банк" дахь Б-ын Д-ын эзэмшлийн 5323116026 дугаартай дансны хуулга,  Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хаан банк” дахь О.Энхжилийн эзэмшлийн 5315351446 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Б, Ж.О нарын мэдүүлэг, Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалангийн Б.Б-тэй утсаар ярьсан тэмдэглэл, Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэгийн Г.Б-той утсаар ярьсан тэмдэглэл, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Алтанчимэгийн М.О-тай утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Д, О.Э нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д, О.Э нарыг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Мөн шүүгдэгч Б.Д, О.Э нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Д, О.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ар гэрийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Д, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д, О.Э нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг тэдгээрийн хувийн байдал, бусад орлогыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д, О.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилжээ. Мөн хуулийн тухайн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Д, О.Э нар нь дээрх гэмт хэргийг үйлдэж нийт 579.000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.3,  7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Б.Д-аас 289.500 төгрөг, шүүгдэгч О.Э-ээс 289.500 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын дансны гүйлгээг хязгаарласан прокурорын тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелтэл хүчинтэйд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ын Д, Я овогт О-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, О.Э нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д, О.Э нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Д, О.Э нарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 3, 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Б.Д-аас 289.500 төгрөг, шүүгдэгч О.Э-ээс 289.500 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нарын дансны гүйлгээг хязгаарласан прокурорын тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелтэл хүчинтэйд тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА