Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

хохирогч Б.Б

шүүгдэгч Ч.У

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Ч.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасан боловч шүүх цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч буюу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй” холбоотойгоор хэргийг хуульд заасан 7 хоногийн хугацаанд хянан шийдвэрлээгүй болохыг жич дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.У /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн гадна хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлгээ цагдаагийн газарт өгсөн. Миний хувьд ямар ч хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

 

Шүүгдэгч Ч.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн гадна хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед манай хэсгийн хороо нь 113 дугаар сургууль дээр ажиллаж байгаа гээд тэр хавийн хөгшчүүд болох 3 хөгшин, хоёр залуугийн хамт аваад тухайн хэсгийн хороо дээр ирсэн бөгөөд ирээд сонгууль өгөөд гарч унаандаа суугаад цуг ирсэн хүмүүсээ хүлээгээд сууж байсан чинь машины хойно урд нь гараад нэг үл таних эмэгтэй зураг аваад байсан. ...нөгөө эмэгтэй намайг “чи хүн зөөгөөд байна гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би эргэж ороод нөгөө хэсгийн хорооны даргад танай энэ хүмүүс чинь яах гээд ингээд зураг хөрөг аваад байгаа юм гэж хэлсэн. Дотор байсан нэг цагдаагийн алба хаагч гарч ирээд нөгөө хүнтэй уулзсан. Тэгээд нөгөө эмэгтэй хэл ам хийгээд маргаан болоод байсан бөгөөд гарч ирсэн цагдаа бид нарыг салаад явцгаа гээд хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй миний нүүр лүү гараараа самардсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Баяраагийн хамт хажуугийн айлын хүмүүс болох Лхагвасүрэн болон тэнд байдаг 2 өвөө эмээ нарын хамт сонгууль өгнө гээд Оюунтунгаа гэх охиных нь хамт санал сонгууль өгүүлэхээр хэсгийн хорооны байр буюу 113 дугаар сургууль дээр авч ирсэн. Бид нар цуваад оочирт ороод эхнээсээ саналаа өгөөд үлдсэн хүмүүсээ гарч ирэхийг хүлээгээд машинд суугаад хүлээж байхад нэг эмэгтэй манай машины зургийг аваад байсан. Тэгэхээр нь манай нөхөр гараад яах гээд машины зураг аваад байгаа юм гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй хариуд нь хүн зөөгөөд санал өгүүлээд байна гэх зүйл яриад байсан. ...нөгөө эмэгтэй хүн зөөгөөд байгаа биз дээ гэж хэлээд манай нөхрийн нүүрийг ураад авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болж байсан бөгөөд би тухайн өдөр хэсгийн хорооны хамгаалалтад хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Отгон-Эрдэнийн хамт 24 цагийн хугацаатай 113 дугаар сургуульд байрлах хэсгийн хороо дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд санал авах байрны гадна 17 цагийн үед үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр гадна хэрүүл маргаан хийж байсан бөгөөд дэд ахлагч Отгон-Эрдэнэ бид хоёр очиж ямар асуудал болсон талаар тодруулахад 40-50 орчим насны эмэгтэй би Ардын намын ажиглагч байгаа юм гээд харин нөгөө эрэгтэй нь би хүн зөөгөөгүй сонгууль өгөх гэж ирсэн юм авгай минь гэж хэлээд гараараа салаавч өгөөд чичсэн чинь нөгөө эмэгтэй нь уурлаад эрэгтэйн өөдөөс гараараа нүүрийг нь самардах үед би хамтрагчийн хамт салгахад өөр нэг ажиглагч гэх залуу хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болж байсан бөгөөд Монгол Ардын намын ажиглагч хийж байсан. Гэтэл орой 18 цагийн үед намайг гадна маргаан болоод байна гээд хэлэхээр нь би гадна гарсан чинь манай нөгөө нэг ажиглагч гадна нэг эрэгтэй хүнтэй маргаад байж байсан бөгөөд нөгөө эрэгтэй хэл ам хийгээд дайрч давшлаад байсан бөгөөд эмэгтэй хүн рүү салаавч гаргаад байсан. Тэгээд би нөгөө хоёрын дундуур ороод салгаж холдуулахыг оролдсон чинь нөгөө эрэгтэй миний хажуугаар дайраад Уранчимэг гэх эгчийн өөдөөс ухас хийсэн бөгөөд энэ үед нөгөө эмэгтэй нь гараараа нүүр орчим нь хүрсэн бөгөөд би эрэгтэйгээс нь холдуулсан бөгөөд намайг харахад нүүрний хэсэгт хумсаар маажсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон  нутгийн сонгууль болж байсан бөгөөд би тухайн өдөр хэсгийн хорооны хамгаалалтад Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н.Чын хамт 24 цагийн хугацаатай 113 дугаар сургуульд байрлах хэсгийн хороо дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд санал авах байрны гадна 16 цагийн үед үл таних эрэгтэй хэсгийн хорооны байранд ирээд намайг сонгууль өгүүлэхгүй иргэний үүргээ биелүүлэхэд саад учруулаад байна гэж орж ирсэн бөгөөд би энэ тухай хамт гарч байсан дэслэгч Чинбатад хэлээд хамт гарсан. Бид нар очиход 50 орчим насны эмэгтэй наад хүн чинь хүн зөөгөөд байна гэж хэлсэн бөгөөд нөгөө эрэгтэй нь би хажууханд байдаг хоёр хөгшнийг сонгууль өгүүлэх гэж өөрийн хамт ирсэн гэж хэлээд муу сайн нам дагасан юмнууд гээд салаавч өгтөл нөгөө эмэгтэй уурлаад өөдөөс нь хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд хэрэлдэж байгаад нүүр орчим нь гараараа самардсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11926 дугаартай шинжээчийн

“1.Б.Бгийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын орон нутгийн сонгууль болж байсан бөгөөд миний бие Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 24-9/1 дүгээр хэсэгт Монгол Ардын намын ажиглагчаар ажиллаж байсан. ...үл таних хүн машинаар хүн зөөгөөд байх шиг байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг баримтжуулах гээд 10 секунд орчим бичлэг хийсэн бөгөөд энэ үед нөгөө залуу та нар намайг сонгууль өгч байхад гээд уурлаад байсан. ...салаавч өгөөд нүүр ам руу дайраад байсан. Тэр үед нь би нүүрний орчим нь гараараа түлхчихсэн юм. Гэтэл нөгөө залуугийн нүүрнээс нь цус шүүрээд байсан...би тухайн гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хэргийн 51-61 дүгээр хуудас/, “Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Ч.Уийн 5059119728 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 62-71 дүгээр хуудас/, хохирогч Б.Бгийн “...энэ хэрэг маргаантай холбоотой гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 72 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн гадна хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.У нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ч.У нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Ч.Уийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Бгийн “...Энэ хэрэг маргаантай холбоотой гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 72 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.У нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Ч.У нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Ут торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Чанцалын Уранчимэгийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ут оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО