Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Экспресс авто угаалгын газраас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн Тоёота маркийн Харриер /Toyota harrier/ загварын 01-77 УБЧ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би архи уусан согтуу байх үедээ угаалгын газарт байсан машинуудыг хөдөлгөж байгаад найзынхаа гэрт очоод ирдэг юм билүү гэж бодоод тэр машиныг унаад найзындаа очиж хоносон. Маргааш нь тэр машиныг барьж явж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Экспресс” авто угаалгын газраас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн Тоёота маркийн Харриер /Toyota Harrier/ загварын 01-77 УБЧ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 01-77 УБЧ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү Отгонбаярт өгч угаалгын газарт угаалгаж, цэвэрлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү ченж угаалга хийлгэхээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Экспресс угаалгад өгсөн ба би очиж үзсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний машиныг угаагаад хүлээлгэж өгнө гэж байсан. Маргааш нь төрсөн дүү Отгонбаяр над руу яриад “таны машиныг уг авто угаалгын ажилтан нь унаад явсан байна” гэж хэлэхээр нь би Отгонбаярт наад асуудлаа өөрөө шийд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн замын цагдаагаас манай эхнэр Баярмаа руу яриад “таны машиныг оллоо, журмын хашаанд байна” гэж хэлсэн. Тэгээд шууд 32 дугаар тойргийн урд талд байрлах ТС-2 журмын хашаанд очиж машинаа үзэхэд энд тэндээ сэвтэж, эвдэрсэн байсан. Чингэлтэй дүүргийн замын цагдаатай уулзахад нэг залуу согтуугаар унаж явж байгаад цагдаад баригдсан байсан. ...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 12,14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэр Ү.Энхцэцэгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хермес худалдааны төвийн эсрэг талд Экспресс авто угаалга ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө  над руу манай угаагч, манаач Мягмарбаяр залгаад угаасан машин алга болсон байна, камер шүүх гэтэл камер шүүж мэдэхгүй, хэн унаж явсныг нь мэдэхгүй байна, машины эзэн ирээд машинаа асуугаад байна гэж хэлэхээр нь ажил дээр яваад очиход манай угаалгын газрын битүү зогсоолд угаалгаад хонуулах гэж орхисон байсан 01-77 УБЧ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд би камер шүүж үзэхэд манай угаагч Дэлгэрсайхан гэх залуу үүрийн 04 цагийн үед гаднаас согтуу гэмээр орж ирээд унаад гарч байгаа бичлэг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бэр эгч Б.Баярмаагийн эзэмшлийн 01-77 УБЧ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Экспресс авто угаалгын газар угаалгахаар очоод авто угаалга хариуцсан Б.Лхагважаргал гэх хүнд 21 цаг 40 минутын үед хүлээлгэн өгөөд маргааш өдрийн 12 цагт гарна гэхэд нь би түлхүүрээ өгөөд явсан. 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед машинаа авахаар очиход машин байхгүй байсан. Тэгээд Лхагважаргалтай уулзахад “машиныг чинь манай угаагч залуу унаад явчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

 

“Сүлд үнэлгээ” автомашин техникийн үнэлгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №2086/ДД№18612368 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 24-27 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хэргийн 5-8 дугаар хуудас/,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ЗШ/845 дугаартай шийтгэвэр /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ды мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө угаалгын газар дээрээ зүс таних хүнтэй архи уугаад нэлээн согтсон ба нөгөө хүн маань яваад өгсөн. ...угаалгын газар хонуулж байгаа машинуудын түлхүүр нь бүгд дотроо байдаг. Тэгээд машин зайчилж тавих гээд 01-77 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Харриер маркийн машиныг асааж жолоон дээр нь сууж байснаа гэнэт гадуур явмаар санагдаад унаад угаалгын газраас гараад явсан. ...Дарь-эх орж найзындаа очоод хамт гэрт нь амраад маргааш нь уг машиныг ахиж унаж гараад дэлгүүр ороод архи авах гэсэн болохгүй болохоор нь гадуур шагийн архи хайж явж байгаад Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст баригдаж арга хэмжээ авхуулж баривчилгаанд 1 сар яваад ирсэн. Би уг машиныг унаж явж байгаад замын хажуу талын шон мөргөж гэмтээсэн байсан, одоо бүх хохирлоо төлж барагдуулсан. Ямар нэгэн хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хэргийн 47-52 дугаар хуудас/, хохирогч Д.Мгийн “...Б.Д нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 61 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч  Б.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Экспресс” авто угаалгын газраас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн Тоёота маркийн Харриер загварын /Toyota Harrier/   01-77 УБЧ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, автомашин техникийн үнэлгээний тайлан, шүүхийн шийтгэвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

 Түүнчлэн тус гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь гэмт этгээд тухайн авто тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн санаа зорилгогүй, харин түр унах, дүрсгүйтэх, хорхойсох, зугтаах, оргох зэргээр авч явсан байна. Харин авто тээврийн хэрэгслийг завших зорилгоор авч явсан бол үйлдлийн аргаас нь хамааруулан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээр /хулгайлах, дээрэмдэх/ зүйлчлэхийг дурдах нь зүйтэй.   

 

  Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Д.Мд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Д нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Б.Дыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мгийн эд хөрөнгө болох автомашинд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Мгийн  “...Б.Д нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 61 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Д нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО