Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны авто зогсоолд хохирогч Ч.Оы эзэмшлийн 15-15 УНҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг жолоодон хохирогч Ч.Оыг хүргэж, машиныг зогсоолд байршуулан улмаар хохирогчийн эзэмшлийн хаан банкны 5027647485 тоот дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч уг картыг ашиглан АТМ-ээс 1.100.000 төгрөг,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Ч.Оыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 40 тоот болох гэрт нь оруулах явцдаа түүний эзэмшлийн 3.089.000 төгрөгийн үнэ бүхий “алмаз, марзад, саппир, сувд, бадмаарган шигтгээтэй өрөөсөн ээмэг, бөгж, 2 ширхэг өрөөсөн шаргал өнгийн ээмэг” зэрэг эд зүйлсийг тус тус нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.189.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Өглөө манай таньдаг найз хурим болох гээд байна машин бариад өг гэхээр нь машиныг нь барьж өгсөн. Хурим тараад найзыгаа гэр лүү нь хүргэж өгөөд машинаас нь карт, гэрээс нь ээмэг, бөгжийг нь аваад гарсан” гэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны авто зогсоолд хохирогч Ч.Оы эзэмшлийн 15-15 УНҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг зогсоолд байршуулах явцдаа түүний автомашинаас хохирогчийн эзэмшлийн хаан банкны 5027647485 тоот дансны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч уг картыг ашиглан АТМ-ээс 1.100.000 төгрөг,  

Мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Ч.Оыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 40 тоот болох гэрт нь оруулах явцдаа түүний эзэмшлийн 3.089.000 төгрөгийн үнэ бүхий “алмаз, марзад, саппир, сувд, бадмаарган шигтгээтэй өрөөсөн ээмэг, бөгж, 2 ширхэг өрөөсөн шаргал өнгийн ээмэг” зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4.189.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ч.Оаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дүү Мөнхжаргалын хуриманд оролцоод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Б гэх залуугаар машин бариулж явсан ба замдаа Цонжин болдог дээр зогсож 6 пиво аваад би 1 пиво уучхаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь унтлагын өрөөндөө байсан. Том өрөөнд хүн дуугарахаар нь хаалгаа онгойлготол нэг хүн гүйгээд гарсан. Тэгээд би том өрөө рүүгээ ороод ээмэг, бөгжний саваа шалгахад юм алга болоогүй юм шиг болохоор нь найзууд руугаа залгахад нэг найз маань “чиний машиныг тавиулчхаад гэртээ унтаж байна” гэсэн. Бусад нь утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь Мөнхжаргал руу яриад “дансаа өгчих чиний хуримын бэлгийг шилжүүлэх гэсэн юм” гээд дансыг аваад дансаа шалгаж үзэхэд миний дансанд 15.000 төгрөг үлдсэн байсан. Би уг нь Мөнхжаргалын хуриманд бэлэглэх гээд 1.000.000 төгрөг дансандаа байлгаж байсан, мөн цалингийн үлдэгдэл 200.000 орчим төгрөг дансанд байсан. Би Бт картаа өгөөд Цонжин болдог дээр 6 ширхэг пиво авхуулсан. Тэгэхэд миний пин кодыг мэдэж авсан байх. Хаан банкны карт, алмазан шигтгээтэй 24 каратын алтан бөгж, алмазан шигтгээтэй 24 каратын өрөөсөн ээмэг тус тус алга болсон. Мөн 2 ширхэг өрөөсөн шаргал өнгийн төмөр ээмэг алдагдсан. ...Би тухайн өдөр хуримаас тараад өөрийн эзэмшлийн 15-15 УНҮ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашинаа Бээр жолоодуулж гэр лүүгээ явсан. ...Баянгол дүүргийн 3 дугаар хороо 74 дүгээр байрны зогсоолд автомашиныг байрлуулаад гэр лүүгээ Бээр туслуулж орсон...Д.Б нь машин байрлуулаад буухдаа виза картыг аваад, намайг гэр лүү оруулаад гарахдаа ээмэг, бөгж авч яваад виза картаас дараа нь мөнгө авсан байх ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22, 23 дугаар хуудас/,

 

Гэрч М.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүргийн “Талын толгой” амралтын газарт хуримаа хийсэн. Тэгээд би ээжийн дүү Отгонцагааны 15-15 дугаартай Лексус-570 машиныг үйлчилгээнд авч өөрийн танил Бээр машиныг бариулж явсан. Тэгээд 10 дугаар сарын 05-ны орой хурим дуусаад хот руу Б Отгонцагаан эгч болон найзуудыг нь хүргэж өгөхөөр машиныг нь бариад түрүүлээд явсан. Явж байх замдаа Отгонцагаан эгч Бт картаа өгч, пин кодоо хэлээд пиво авхуулсан гэсэн. Тэгээд Б эгчийн найзуудыг хүргэж өгөөд хамгийн сүүлд машиныг нь зогсоолд тавьж өгөөд эгчийг гэрт нь оруулж өгсөн гэсэн. Тэгээд   гэрт нь оруулж өгчхөөд гарахдаа ээмэг, бөгжнийх нь савнаас тоть хэлбэртэй алмазан шигтгээтэй ээмгийг бөгжтэй нь хосоор нь авч мөн картыг нь аваад гараад явчихсан байсан гэсэн. Тэгээд картаас нь 1.100.000 төгрөгийг авчихсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №БГ1-19-938 дугаартай “алмаз, марзад, саппир, сувд, бадмаарган шигтгээтэй өрөөсөн ээмэг, бөгж 3.060.000 төгрөг, 2 ширхэг өрөөсөн шаргал өнгийн ээмэг 24.000 төгрөг, хаан банкны карт 5.000 төгрөг, нийт 3.089.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Оы хаан банкны 5027647485 тоот дансны хуулга /хэргийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Отгонцагаантай найзаараа дамжуулж танилцсан бөгөөд тухайн өдөр Отгонцагааны жолоочоор ажилласан. Цонжин болдогийн орчмоос Отгонцагаан надтай хамт дэлгүүр орж виза картаа уншуулж пиво авсан мөн бензин авах үед дансны дугаарыг нь мэдэж авсан. Отгонцагаан нь замдаа пиво ууж байгаад унтсан бөгөөд би гэрт нь оруулж  өгөөд гарахдаа ээмэг бөгжний савнаас нь ээмэг, бөгж бугуйвч зэрэг эд зүйлийг нь авсан. Машин дотор нь виза карт нь байсан учраас авч буусан. Ингээд гэрээс нь гараад гадуур явж байгаад картыг нь АТМ-д уншуулж 1.100.000 төгрөгийг авсан. ...Эд зүйлийг нь гадуур явж байгаад танихгүй хүнд 180.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39, 127-129 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдэж байсан тогтоолын хуулбарууд /хэргийн 43-57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 92 дугаар хуудас/, шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 96-103 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжлах асап сангийн мэдээлэл /хэргийн 106-110 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ч.Оы эзэмшлийн 15-15 УНҮ улсын дугаартай Lexus-570 маркийн автомашиныг жолоодон явсан ба тухайн автомашиныг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны авто зогсоолд байршуулан тавих явцдаа тус автомашинаас хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5027647485 дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч уг картыг ашиглан ATM-ээс 1.100.000 төгрөг авсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Ч.Оыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 40 тоот болох гэрт нь оруулах явцдаа хохирогчийн гэрээс түүний эзэмшлийн 3.089.000 төгрөгийн үнэ бүхий “алмаз, марзад, саппир, сувд, бадмаарган шигтгээтэй өрөөсөн ээмэг, бөгж, 2 ширхэг өрөөсөн шаргал өнгийн ээмэг” зэрэг эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4.189.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн  хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

   Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

  Тиймээс шүүгдэгч Д.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

        Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

                Хохирлын талаар:

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Од 4.189.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 өдөр завсарлуулсан боловч шүүгдэгч нь хохирогчид хохирлыг нөхөн төлөөгүй. 

            Иймд хохирогч Ч.Од учирсан 4.189.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх” тухай ойлголт нь шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг илэрхийлэл нь баримтаар нотлогдсон тохиолдолд хохирол нөхөн төлөгдөх бодит боломжтой байна гэж шүүх үзэх үндэслэлтэй.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд “хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх” тухай ойлголтыг тухайлан заагаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба Монгол Улсын төрөөс энэрэнгүй ёсны зарчмын илэрхийлэл болгож шүүгдэгчийг удаа дараа өршөөж байсан боловч санаатай гэмт хэргийг олон дахин үйлдэж байсан, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, хохирол, төлбөрийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Д.Бийн хувьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны  07 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т зааснаар тус тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 07 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 01 хоногийн хугацаагаар тогтоосныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар 07 жил 01 хоногийн хорих ял болгон өөрчилжээ. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Б нь тухайн хяналт тогтоосон хугацааны дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

 

Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан болон урьд ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

 

        Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бийн 2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Бийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацааны хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилсөн 07 жил 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 2 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 48 / дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.   

 

  1. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бээс 4.189.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Од олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО