Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Б,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 52а байрны 65 тоотод мэдээллийн технологи ашиглан “batnasan Burennemeh” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5315361884 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 418.350 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 52а байрны 65 тоотод мэдээллийн технологи ашиглан “batnasan Burennemeh” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5315361884 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 418.350 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:      

 

Гэрч Б.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө гэртээ шигтгээ наамал хийдэг байсан. Тэгээд Батнасан ах жижиг өрөөнд ганцаараа хөзөр тоглуулаад фейсбүүкээр шууд бичлэг болох live хийж байсан. Тэгээд дэвтэр дээр бүртгэж аваад хожсон хүмүүстээ буцаагаад мөнгийг нь өгөөд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байхдаа фейсбүүкээр найзуудтайгаа холбогдоод интернэт тоглоом тоглосон.  “Batnasan Burennemeh” гээд манай найз групп нээсэн байсан ба тийшээ нэг удаа ороод “Тexas” покер тоглосон. ...5315361884 тоот данс руу Tsagaanaa 2,5 гээд 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Tsagaanaa гэдэг нь миний фейсбүүк хаягийн нэр, харин 2 болон 5 гэдэг тоо нь 2,5 дугаар ширээ захиалж авч байгаа гэсэн утгатай. Уг гүйлгээ хийсэн дансны дугаар нь Батнасангийн дансны дугаар байсан. Шилжүүлсэн 20.000 төгрөг нь 2 дугаар ширээг 10.000 төгрөгөөр, 5 дугаар ширээг 10.000 төгрөгөөр захиалсан гэсэн утгатай...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Batnasan Burennemeh фейсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 22-25 дугаар хуудас/,

 

Б.Бгийн 5315361884 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26, 30 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас, 28-29 дүгээр хуудас/,

 

Б.Бгийн 5315361884 тоот дансны хуулга /хэргийн 32-51 дүгээр хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний ТХҮ-621/008 дугаартай үнэлгээний “Самсунг Эс-8 плас гар утас-280.000 төгрөг” гэх дүгнэлт  /хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр фейсбүүкээр яваад байсан цахим покер тоглоомыг үзээд тэгээд өөрөө тоглуулж болох юм шиг санагдаад бичгийн цаасан дээр суудал зураад дэлгүүрээс хөзөр худалдаж аваад өөрийнхөө Batnasan Burennemeh гэсэн цахим хаягаар шууд бичлэг буюу live хийж хамгийн олон гишүүдтэй фейсбүүк группүүд рүү share хийх буюу хуваалцаж миний бичлэгт орж ирсэн хүмүүстэй шууд харилцаж өөрийнхөө хаан банкны 5315361884 тоот дансаар мөрийний мөнгийг шилжүүлэн авч утга хэсэгт нь фейсбүүк нэр, суудлын тоог бичиж авч хөзрөөр Техас покер нэртэй тоглоом тоглуулан хожсон хүнд нь “yondoo” гэсэн утгаар мөнгийг хаан банкны интернэт банкны аппликейшн ашиглан  шилжүүлж байсан. Би энэ үйл ажиллагааг Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 52а байрны 65 тоотод байхдаа ганцаараа өөрийнхөө Самсунг Эс-8 загварын гар утсаар хийсэн. ...Би цар тахлын улмаас ажилгүй мөнгө олох боломжгүй гэрийн хорионд байсан, мөн фейсбүүкээр дүүрэн хүмүүс тоглуулаад байсан учир мөнгө олох зорилгоор энэ тоглоомыг тоглуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 85-86 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 61 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 62-78 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

     Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52а байрны 65 тоотод мэдээллийн технологи ашиглан “batnasan Burennemeh” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5315361884 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, нийт 418.350 төгрөгийн ашиг олсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гар утас болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,  шүүгдэгчийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүгдэгч Б.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Бг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

 Шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Бгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 418.350 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бг үргэлжилсэн үйлдлээр “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 418.350 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЗОЛБОО