Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 380

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдох

Гуравдагч этгээд: Р.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Н.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Р , хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б , өмгөөлөгч Н.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 оноос хойш төрийн байгууллагад ажиллаж байгаа. 2013 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Анх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга буюу Нарийн бичгийн даргаар томилогдсон.

Тухайн жил буюу 2016 оны 06 дугаар сард Улсын Их Хурлын сонгууль болж шинэ Засгийн газар байгуулагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаярын зөвлөх н.Т 2016 оны 08 дугаар сараас эхлэн өдөр болгон өрөөндөө дуудаж “...Шинэ Засгийн газар байгуулагдсан. Та бол хуучин Засгийн газрын хүн. Бид нар тантай ажиллахгүй. Сайд тантай ажиллахгүй, ажлаа өг гэж байна” гэдэг байсан. Ийм байдлаар өдөр тутам тулган шаардалтууд яваад байхаар нь би “...Нэгдүгээрт би тангараг өргөсөн төрийн албан хаагч. Олон нийтийн дагаж мөрдөх захирамжилсан шийдвэр гаргадаг, төсвөөс санхүүжилт авдаг, төрийн байгууллагын албан хаагч. Тэгэхээр бүтэц өөрчлөгдөөгүй учраас ажлаа өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Ингээд ажил хийлгэхгүй явсаар 2016 оны 09 дүгээр сард “...Бүтэц өөрчлөгдөөгүй. Би салбартаа ажиллана” гэхэд “...Тэгвэл таныг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлж өгнө үү гээд өргөдлөө бичээд ир” гэсэн. Тэгэхээр нь 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө бичээд очсон. Гэхдээ миний бичсэн өргөдөл “...Ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн утгатай биш “...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлэн томилж өгнө үү” гэсэн утгатай байсан. 

2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар н.А гэх хүн томилогдсон. Таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ингээд 10 дугаар сараас эхлээд ажлаа хийгээд явж байтал 12 дугаар сарын 15-ны өдөр сайдын зөвлөх дахиад дуудаад “...Таны дараагийн хүнийг томилох гээд байна. Тэгэхээр хуучин өргөдөл өгсний чинь дагуу Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилъё. Бичиг баримтаа яаралтай бүрдүүлээд өг” гэсэн. Тэгэхээр нь бичиг баримтаа бүрдүүлээд өгтөл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газар руу албан бичиг явуулсан байдаг. Бичиг явуулаад намайг ажлаа өг гээд ирэнгүүт нь би “...Ажлаасаа шилжиж томилогдож байгаа болохоор чөлөөлөгдсөн тушаал гарахаар дараагийн байгууллага дээрээ тушаалаа гаргуулчихмаар байна” гэсэн. Ингэж явсаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуудаж “...Хэрвээ тушаалаа гаргаад ажлаа өгөхгүй бол ажлыг чинь албан хүчээр булааж авна” гэсэн утгатай зүйл яриад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 

Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сайд дээр ороод “...Сайдаа ийм, ийм процесс болсон. Би ажлаа 01 дүгээр сарын 09-ний өдрөөр хүлээлгээд өгчихлөө. Авилгатай тэмцэх газраас бичиг ирсэн” гэхэд “...Хэн чамайг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилно гэсэн юм. Хэн ч чамтай тийм зүйл яриагүй” гэсэн. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага нь Монгол Улсын Их хуралд ажлаа тайлагнадаг, гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллага. Тэгэхээр хариуцагч байгууллага бол нэгдүгээрт төрийн байгууллага, хоёрдугаарт гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Гуравдугаарт Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь тодорхой бүрэлдэхүүнтэй хамтын удирдлагаар асуудлаа шийдвэрлэдэг Засгийн газрын бус байгууллага гэж харагдаж байна. 

Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нийтийн эрх зүйн байгууллагын Ажлын алба гээд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтан юм. Магадгүй төрийн жинхэнэ алба биш байлаа гэхэд нийтийн эрх зүйд хамаарах төрлийн маргаан байна гэж үзэж байгаа. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаал болон томилсон тушаал нь дандаа Төрийн албаны тухай хуулийг барьсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн ажлын байрыг харахад дандаа гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Түүнээс төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хариуцдаг ажлын байр биш юм. Тийм учраас Захиргааны хэргийн дагнасан шүүх тус маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт төрийн албан хаагчтай өөртэй нь урьдчилж тохиролцоод таны мэдлэг чадвар тань өөр байгууллагад хэрэгтэй бол таныг шилжүүлэн ажиллуулъя, та зөвшөөрч байна уу гээд зөвшөөрсөн тохиолдолд шилжүүлэх томилогоотой заалт юм. Гэтэл ийм зүйл байхгүй хирнээ ажлаас чөлөөлсөн нь буруу юм. 

Хариуцагч байгууллагын тайлбарлаж байгаагаар “...Нэхэмжлэгч өргөдлөө өгсөн учраас ажлаас нь чөлөөлсөн юм” гэдэг. Хэрвээ өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн бол магадгүй чөлөөлөгдөх тухай хүсэлт байх ёстой. Гэтэл тийм хүсэлт байхгүй. Нэхэмжлэгчийг хүсээгүй байхад нь чөлөөлсөн. Тийм учраас Б.Б гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн захиргааны акт гарсан байна. Хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар, нийтийн эрх зүй төрийн жинхэнэ албатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн бол хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байна гэж ойлгоно. 

Тэгэхээр хариуцагч байгууллагын тайлбарлаж байгаа шиг байхгүй байна. “ажлаас чөлөөлж өгнө үү, би танайд ажиллахгүй” гэсэн үйл баримт байхгүй байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 9 хүнтэй хамтын удирдлагатай байгууллага. Магадгүй дарга нь ганцаараа асуудлыг шийдвэрлэдэг байж болно. Эсхүл хамтаараа шийдвэрлэдэг ч байж болно. Ажлаас чөлөөлсөн захиргааны актыг харахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол байдаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж байгаад энэ асуудлыг шийдвэрлэсэн юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хамтын удирдлагатай байгууллага учраас хамтаараа асуудлыг шийдвэрлэх ёстой байх. 

Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р , өмгөөлөгч Ч.Н нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын ажилтнаа ажлаас нь чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд товчхондоо Б.Б гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон шийдвэр гаргасан. 

Нэхэмжлэгч “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга буюу Нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөөд өөр ажилд шилжиж ажиллая” гэсэн хүсэлт өгсөн байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй боловч өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох эрхгүй. Нэгэнт хүсэлтээ өгөөд ирж байгаа хүнийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлсөн байгаа. 

Хэргийн харъяаллын хувьд уг маргааныг Хөдөлмөрийн хууль буюу хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд Б.Б гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэсэн. Хэрвээ хамтын удирдлагатай байгууллага гээд хамтын удирдлагаар тогтоол гаргаад, хуралдаанаар олонхоор шийдвэрлэнэ гэж үзэх юм бол улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа болно. Тэгэхээр үүнийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. 

Тус маргаанд хариуцагч болон гуравдагч этгээд аль аль нь нэг байр суурьнаас оролцож байгаа учраас өмгөөлөгчийн тайлбарыг нь нэгтгэж хэлье гэж бодож байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд аль аль нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байх хоёр үндэслэл байгаа. Нэгдүгээрт, тус маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Нэхэмжлэгч өөрийгөө “...Төрийн захиргааны албан хаагч, би бол захиргааны албан тушаал эрхэлж байсан” гэдэг тайлбар хэлж маргадаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэсэн байдаг. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар албан бичиг ирсэн. Тус албан бичгээр “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т...гэж заасан хэдий ч Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал нь төрийн албан хаагч байхаар тусгаагүй байгаагийн зэрэгцээ Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2007 оны Төрийн захиргааны болон үйлчилгээний албаны ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын хавсралтуудад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажилтнуудыг төрийн албан хаагч байхаар тусгаагүй байна... Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын албан тушаалыг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй” гэх хариу удаа дараа ирсэн байдаг. 

Төрийн албаны зөвлөлийн төв байгууллага нэхэмжлэгчийг захиргааны албан хаагч биш гэж үзээд байгаа юм. Нэхэмжлэгчийн статус буюу эрх зүйн байдал тодорхойгүй байгаа тохиолдолд тус маргааныг Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгээд, хянан шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан буюу захиргааны хэргийн харъяаллын бус маргаан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал бүрдээд байна. 

Хэрэгт нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга буюу сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь авагдсан байгаа. Тус гэрээ нь хугацаагүй байгуулагдсан. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан бичгүүд, хөдөлмөрийн гэрээ зэргээс үзэхэд нэхэмжлэгч захиргааны албан хаагч биш гэдэг нь харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр ажилтан, ажил олгогч ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх үү, хөдөлмөрийн харилцаа хэрхэн дуусгавар болох уу гэдгийг зохицуулж өгсөн. Үндсэн хөдөлмөр эрхтэй холбоотой харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын гаргасан тогтоол нь Захиргааны хэргийн шүүхийн биш Иргэний хэргийн шүүхийн харъяаллын маргаан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Иргэний хэргийн шүүхийн маргаан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хоёрдугаарт, Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “...Ар гэрийн хувийн шалтгаанаар Орхон аймаг руу шилжиж болсон тул Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлж томилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга буюу сайдад Үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргыг чөлөөлөх эрх хэмжээ нь Нийгмийн даатгалын тухай хуулиар байгаа боловч харин нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ажил, албан тушаалд томилох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэсэн байдаг. Тэгэхээр ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд сайд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлээд, Б.Б г ажлаас чөлөөлсөн. 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдохтой холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газар буюу томилох, чөлөөлөх эрхтэй байгууллагад шилжүүлсэн. Тэгэхээр сайдын 02 дугаар тогтоолыг ямар нэг байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Р.О ын шүүхэд ирүүлсэн тайлбарт: “...Миний бие Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга буюу Ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байгаа болно. 

Намайг ажилд томилсон уг шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт буюу өргөдлийн үндэслэж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн. 

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны хэргийн шүүх нь Б.Б гийн талаар сайн судалж, шийдвэрлэж өгнө гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  ихэсгэн  тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “...Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. 2017 оны 02 дугаар тогтоол захиргааны акт биш, захиргааны актын шинжийг агуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч рүү чиглэсэн шийдвэр гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний үндсэн ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан тушаалтны маргааныг иргэний шүүх хянан шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш” гэх үндэслэлээр мэтгэлцэн маргаж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж шийдвэр, үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхээр хянагдах захиргааны байгууллагад хамаарах субьектыг тодорхой зохицуулсан.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 3.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг зохицуулсан болно.

Дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиуд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.5-д нэрлэн заасан захиргааны байгууллагын гаргасан шийдвэр буюу захиргааны акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр харъяалалыг тогтоож өгчээ. Өөрөөр хэлбэл, дээрх захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актын улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх зохицуулалттай байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Б г тус зөвлөлийн Ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба уг тогтоолын улмаас Б.Б гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, түүнд үр дагавар үүсгэсэн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй байна. 

Дээрхээс үзвэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтанд хамаарах тул уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, маргаж буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 02 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Б.Б гийг субьектив эрх буюу хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн гэж үзэн шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “2017 оны 02 дугаар тогтоол нь зөвхөн нэхэмжлэгч рүү чиглэсэн бөгөөд захиргааны актын шинжийг агуулаагүй, мөн Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Маргаж буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын тухайд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана” мөн зүйлийн 2-д “...Үндэсний зөвлөл ажлын албатай байна”, 4-д “Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална” гэж эрх зүйн үндэсийг хуульчилсан байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн 2.4-д “Ажлын албаны ажилтнуудыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга томилно”, мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны 32 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны ажиллах журамын 2.1-д “Алба нь дарга бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ...  нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор: ...4/-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн даргын томилох, чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогджээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр  тогтоолоор Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ. 

Гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б г Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас мөн өдрөөс чөлөөлсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Б.Б гийн гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн харилцааг (2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр) дуусгавар болгосон шийдвэр гаргасан. Үндэсний зөвлөлийн даргад түүний дурьдсан ажил, албан тушаалд томилох эрх мэдэл хуулиар олгогдоогүй, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргыг томилох эрхтэй байгууллагад шилжүүлсэн” гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад “...Ар гэрийн хувийн шалтгаанаар Орхон аймаг руу шилжих болсон тул Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлэн томилж өгнө үү” гэж өргөдөл гаргасан байх бөгөөд Сайд уг өргөдлийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд нь шилжүүлсэн байна.

Ингээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга “...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилогдсон тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй мэдэгдье” гэх хариуг Б.Б д өгсөн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/112 дугаар , 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/418 дугаар  албан бичгүүдээр тогтоогдож байна. 

Ийнхүү эрх бүхий албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээний хүрээнд Б.Б гийн гаргасан “төрийн өөр байгууллагад шилжин ажиллах” хүсэлтийг судалсаны үндсэн дээр хариуг зохих ёсоор хуулийн хугацаанд өгсөн, уг өргөдлийн хувьд асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь нэгэнт шийдвэрлэгдсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэл болгон 3 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02 дугаар тогтоол гаргаж Б.Б г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ. 

Учир нь нэхэмжлэгч Б.Б гийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл нь “Ар гэрийн хувийн шалтгаанаар ...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжин ажиллах” агуулгатай байсан ба нэхэмжлэгчээс уг өргөдлийг шийдвэрлэсэн хариуг хүлээн авсанаас хойш дахин ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаагүй байх ба хариуцагч талаас дээрхээс өөр Б.Б гийн гаргасан гэх өргөдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “Би улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан үнэхээр гомдолтой байна. Ажлаа хийж явж байхад сайд, дарга солигдон, чамтай ажиллахгүй, чи өмнөх намын хүн гэсэн. Би ажлаас чөлөөлж өгнө үү гэж өргөдөл гаргаж байгаагүй. Авилгатай тэмцэх газар руу материал явуулж, судалж байгаа юм шиг ойлголт өгч хууль бусаар, хууран мэхлэх аргаар ажлаас чөлөөлсөн“ гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчаас энэхүү тайлбарыг баримтаар няцаагаагүй, хангалттай нотолж үгүйсгээгүй болно.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хариуцагчийн гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан.

Гэтэл захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Б.Б гаас тайлбар, санал авах буюу сонсох ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан болох нь Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаар  албан бичгээр ирүүлсэн “...Б.Б нь өөрөө ар гэрийн хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг шийдвэрлэсэн...иргэний гаргасан өргөдлийг хангаж шийдвэрлэсэн тул сонсох ажиллагаа явуулаагүй болно” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 

Түүнчлэн Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн албан тушаалын аль ч ангилал, зэрэглэлд хамаарахгүй байх ба төрийн албан хаагч гэж үзэхээргүй байна. 

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоол “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай”, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” жагсаалтад Үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл тусгагдаагүй, уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгдөггүй болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 932 дугаар , 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар  албан бичгээр тогтоогдож байна.

Хэдийгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болон Б.Б нар 2016 оны 6 дугаар сард Үр дүнгийн гэрээ , Хөдөлмөрийн гэрээ  тус тус байгуулан ажиллаж байсан, албан тушаалын цалинг АА-1 зэрэглэл, цалингийн шатлалаар тогтоож олгож байсан боловч энэ нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид хамааруулах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд бүрдээгүй байхад түүнийг ажлаас чөлөөлснөөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдсөн байна.

Үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар  тогтоолоор гуравдагч этгээд Р.О ыг Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргаар томилсон байх ба дээрх тушаалын үндэслэл болсон Авлигатай тэмцэх газрын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/6119 дүгээр  албан бичигт “...нэр дэвшигч нь... Ажлын байрны тодорхойлолтод заасан “төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байна. Иймд...томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг...хууль тогтоомж болон Ажлын байрны тодорхойлолтод  нийцүүлэн томилоход анхаарна уу” гэсэн байхад түүний томилогоо хийгдсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэвэл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б гийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх (үндсэн цалин 978427 төгрөг, эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл 391371 төгрөг, нийт сарын цалин хөлс 1.369.798 төгрөг) нийт 17 сар 3 хоногийн (23.286.566+186.790) цалин хөлстэй тэнцэх 23.473.356 (Хорин гурван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун тавин зургаа) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг нэхэмжлэгч Б.Б д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-д 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх, нийт 17 сар 3 хоногийн цалин хөлстэй тэнцэх 23.473.356 (Хорин гурван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун тавин зургаа) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА