Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 110/2022/0022/З |
Дугаар | 221/МА2022/0693 |
Огноо | 2022-11-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0693
М.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд А.Н,
Нэхэмжлэгч: М.Б,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах ажлын хэсэг,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: А.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох хоёр дахь удаагийн иргэдийн санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Засаг даргад нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчид даалгах, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгох, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох, эсхүл багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг тус багийн Хурлын Зөвлөлд даалгах”,
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн дарга, хуралдааныг даргалагч З.А, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн М.Е, К.Т, Т.Ш, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга Х.Е, гуравдагч этгээд А.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С, орчуулагч Б.Ж нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 110/2022/0022/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах ажлын хэсэг, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох хоёр дахь удаагийн иргэдийн санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Засаг даргад нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчид даалгах, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгох, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох, эсхүл багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг тус багийн Хурлын Зөвлөлд даалгах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.8.4, 32.9, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд даалгаж, үлдэх хэсэг болох “Хоёр дахь санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуралдаан даргалагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд А.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Баян Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг Тогтоох хэсэгт заасан “... Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож” гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.2. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар баг нь Ногооннуур сумын 4 дүгээр багаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хуваагдаж, 2022 оны 03 дугаар сард шинээр байгуулагдсан. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн иргэдийн Нийтийн Хурал нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр багийн төвд явагдаж багийн Засаг даргад М.Б, Д.Р, А.Н нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, М.Б 103 иргэний санал, А.Н би 90 иргэний санал, Д.Р иргэний 25 санал тус тус санал авсан. Ингээд багийн Засаг даргад нэр дэвшигч нар тус багийн иргэдийн олонхийн санал аваагүй учраас хамгийн олон санал авсан М.Б, А.Н бид хоёрын хооронд дахин санал хураалт явуулахаар шийдвэр гарсан. Уг дахин санал хураалтыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр явуулахад М.Б 111 санал, А.Н би 111 санал тус тус авч тэнцсэн. Өөрөөр хэлбэл, тус багийн Засаг даргад нэр дэвшигч нар багийн иргэдийн олонхийн санал аваагүй буюу тэнцсэн учраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрээр гуравдахь удаа санал хураалт явагдсан. Уг санал хураалтад тус багт бүртгэлтэй 280 гаруй иргэнээс 231 иргэн оролцож, М.Б нь 113 санал, А.Н би 115 саналыг тус тус авсан. Ингээд хүчинтэй саналын хуудасны тоо 228 байна. А.Н би тус багийн иргэдийн хүчинтэй саналын олонхийн санал авсан тул тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргасан. Тухайн үед гурав дахь санал хураалт явуулахыг нэхэмжлэгч М.Б зөвшөөрөн оролцож, өөрөө нэрээ дэвшүүлж өөрөөр хэлбэл, гурав дахь санал хураалтад оролцсон. Ингээд санал хураалтад оролцсон иргэдийн 228 хүчинтэй саналын дагуу А.Н би 115 иргэний санал авсан нь 50,4 хувь буюу олонхийн санал авсан учраас би тус багийн Засаг даргад хууль ёсоор нэр дэвшсэн. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргаар томилсон. Одоо 5 дахь сардаа тус багийн Засаг даргын ажлыг хэвийн хийж байна. М.Б нь гурав дахь санал хураалтаар тус багийн иргэдийн олонхийн санал аваагүй учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй.
3.3. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хурлын үргэлжлэл байсан гэдгийг тэмдэглэн хэлье. Тус багт багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох эрх бүхий 280 иргэн оршин суудаг ба 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явагдсан багийн иргэдийн Нийтийн Хуралд 230 иргэн оролцсон тул тус багийн Засаг даргад нэр дэвшигчдэд өгсөн иргэдийн санал хүчинтэй. Нэгэнт орон нутгийн өөртөө удирдах ёсны байгууллагаас гурав дахь санал хураалтыг зарлан зохион байгуулан, багийн Засаг даргад олонхийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3, 56.6-д заасныг зөрчөөгүй.
3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг Тогтоох хэсэгт заасан “... Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Н миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч М.Б нь “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох хоёр дахь удаагийн иргэдийн санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Засаг даргад нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчид даалгах, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгох, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох, эсхүл багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг тус багийн Хурлын Зөвлөлд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд даалгаж, үлдэх хэсэг болох “Хоёр дахь санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуралдаан даргалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.3. Гуравдагч этгээдээс шүүхийн шийдвэрээр “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул гомдлын хүрээнд маргаан бүхий 03 дугаартай тогтоол, Б/83 дугаартай захирамжууд нь хуульд нийцсэн эсэх, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн эсэхийг хянасан болно.
3.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болох бөгөөд 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, 56.5.3-д зааснаар санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр байна.
3.5. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаанд гурван нэр дэвшигчээс хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан А.Н, М.Б нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин санал хураалт явуулсан, уг санал хураалтаар М.Б, А.Н нар нь хуралдаанд оролцсон 223 хүнээс тус бүр 111 хүний санал буюу тэнцүү санал авсан тул 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулсан, улмаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн санал хураалтын дүнгээр 115 хүний санал авсан гуравдагч этгээдийг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу 50.4 хувийн санал авсан гэж үзэн, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
3.6. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд 231 иргэн оролцсон, А.Н нь уг хуралдаанаас 115 хүний санал авсан нь саналын 49,78 хувь байх тул түүнийг хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан гэж үзэхээргүй байна. Тодруулбал, хариуцагч хуралдаанд оролцсон 231 иргэний саналаас хүчингүйд тооцсон 3 саналыг хасаж 228 хүний саналаас тооцон саналын хувийг гаргасан нь буруу, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй, зөв дүгнэж маргаан бүхий 03 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, хуульд “тухайн хуралд оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан бол Засаг даргаар нэр дэвшүүлэхээр” заасан, “хүчинтэй саналын олонхын санал авсан бол Засаг даргаар нэр дэвшүүлэхээр” заагаагүй тул “... хүчинтэй саналын олонхийн санал авсан тул миний бие багийн Засаг даргаар хууль ёсны дагуу томилогдсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.7. Шүүх дээрх байдлаар 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул уг тогтоолыг үндэслэн гарсан Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А.Ныг багийн Засаг даргаар томилсон Б/83 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН