Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 380

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Мид холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сүхбат,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Мид холбогдох эрүүгийн 1809004500000005 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Доржготовын Д.М, 1900 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 6-101 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000032/,     

 

             Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венди бейкери” дотор үйлчлүүлж байсан иргэн Ц.Оийн эд хөрөнгө болох “Самсунг Галакси Жэй-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Мид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулийг чанд сахин ажиллах...” үүргийг тодорхойлсон байна.

Прокуророос шүүгдэгч Д.Мид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлага нөхцөл хангагдаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г журамласан байна.

Энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-г тусгайлан зохицуулсан бөгөөд энэ зүйл хэсэгт заасан шаардлага нөхцөл бүрэн хангагдсан байх ёстой. Эдгээр үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” нь зайлшгүй хангагдсан нөхцөл байдлын нэг шаардлага нь юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна”, ялын төрөл гэж энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-1.5 дахь хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах...” ял гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд прокурор ялын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулах ба уг ялын төрөл, хэмжээний талаарх талуудын тохиролцоог үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл прокуророос ял оногдуулахгүйгээр зөвхөн тэнсэж, албадлагын арга хэмжээний төрлийг хэрэглэхээр дүгнэлт үйлдэж ирүүлсэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мид холбогдох 1809004500065 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.Мид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 428 дугаартай захирамжаар: “...Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мид холбогдох 1809004500065 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг ...шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заажээ.

Шүүх хуралдаан даргалагч томилох тухай, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан зарлан явуулах тухай шүүгчийн захирамжуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж дурьдсан боловч 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дүгээр шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэж андуурч бичсэн байна. Иймд тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дүгээр шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт өөрчлөлт оруулж техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй байх тул ...тyc шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дүгээр шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэсэн өөрчлөлтийг оруулж...” шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сүхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн 340 дугаартай захирамжаар эрүүгийн 1809004500065 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагджээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байна.

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулна.

Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж прокурорын хяналтанд хэрэг ирсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс “ял оногдуулахгүйгээр зөвхөн тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр санал гаргаж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс прокурорын яллагдагчтай тохиролцсон талаарх эрүүгийн хариуцлагын талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээнээс доогуур хэмжээгээр эсхүл тус ялыг шууд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн өөр тохиолдолд прокурор эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүх хуралдааны үед шүүгдэгч “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлсөн надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүхээс хэрэглэж, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөөч” гэсэн өмгөөллийн үг явуулахад прокурортой тохиролцсон ялаасаа санал зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан гзсэн байр сууриар асуудалд хандах явдал гарч байна.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр “шүүхийн эрх хэмжээнд халдсан, хууль буруу хэрэглэсэн” гэж үзээд, прокурор эрүүгийн хариуцлагын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор тохиролцож, шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглүүлэхээр шүүгдэгч өмгөөллийг үг явуулахад “эрүүгийн хариуцлагын саналаасаа зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан” гэх байр суурийг шүүхээс илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй болгосон, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх олон улсын жишиг хандлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй үйл явц болж байна гэж дүгнэж байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна” гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбож ойлгож байгаа нь хууль буруу хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарахаар байна.

2. Хэргийг прокурорт буцаахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг буюу “хэргийг түдгэлзүүлэх” гэсэн зүйл ангийг барьж буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Мид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг заасан байх ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “торгох ял”, 1.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 1.3-т “зорчих эрхийг хязгаарлах ял”, 1.4-т “хорих ял”, 1.5-д “эрх хасах ял” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”, 1.2-т “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”, 1.3-т “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж албадлагын арга хэмжээний төрлүүдийг тус тус хуульчилжээ.

 

Эдгээрээс дүгнэн үзэхэд, улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д.Мийг “2 жилийн хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах” санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи санал...” гэснийг зөрчөөгүй байна гэж үзэхээр байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүгчийн захирамж болон уг захирамжид залруулга хийсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгож, прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч ханган шүүгдэгч Д.Мид холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд буцааж, дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 340 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай”, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгож, прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж Д.Мид холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ