Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Б.Жаргал,

иргэдийн төлөөлөгч Д.Н,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Ганбат, С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааран дотор иргэн Б.Бийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газарт нь зэвсгийн чанартай зүйл болох шилээр цохиж, зэвсэг болох хутгаар гуя тус газарт, зүүн талын цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Би Гөөс болж их хохирсон. Би өөрөө циркийн жүжигчин хүн тухайн үед хүүхдүүд ахлаад Солонгос руу тоглолтоор явах байсан чадаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа утсаар ярьж эргэж ирж байгаагүй. Уулзъя гэхээр зугтаагаад алга болчихдог. Хороололд байдаг хүүхдүүдэд намайг хутгалсан талаараа бахархалтайгаар яриад явж байсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааран дотор иргэн Б.Бийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газарт нь шилээр цохиж, зэвсэг болох хутгаар зүүн гуя, зүүн талын цээжин тус газарт нь тус тус хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би “Дурсамж” бааранд хамгаалагчаар ажлаа хийж байхад 00 цагийн орчим бааранд 4 залуу орж ирээд сэтийн буйдантай ширээнд суугаад архи, пиво захиалж уугаад сууж байсан. ...зөөгч Анхбаяр надад ирээд тэр буйдан дээр сууж байгаа 4 залуучууд хоорондоо маргалдаад нэгнийгээ шилээр цохисон гэж хэлэхээр нь би яваад очиход нэг залуу нь толгойноос нь цус гарсан толгойгоо бариад сууж байсан. ...Тэр залуугийн зүүн талын хавирганд цус болсон байхаар нь зүгээр үү гэж асуухад тэр залуу зүгээр зүгээр гэж хэлээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд зүүн наранд зүс мэдэх хэдэн хүнтэй 2 шил архи хувааж уусан. ...Намайг Өргөө дээр очиход Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Г гурав байсан. Бид хэд уулзаад 10-р хороололд Ггийнд очиж 1 шил архи уусан. ...”Дурсамж” баар луу явсан. ...Бааранд ороод архи согтууруулах ундаа авснаа сайн санахгүй байна. Хэдэн шил сэнгүр пиво л байсан. Уугаад сууж байтал тооцоо хий гэж байсныг санаж байна. Би нэлээн согтсон байсан болохоор бааранд ороод сууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд Г миний толгой дээрээс пивоны шилээр цохиж байхад нь сэрсэн. Г юугаар гэдгийг нь мэдэхгүй нэг иртэй зүйлээр хөлийн өвдөгний нүд рүү хатгасан. Дараа нь миний цээжин тус газарт нэг юмаар хатгасан. Би хурц иртэй зүйл миний биед ороход өөрийгөө хутгалуулж байна гэж бодсон. Намайг хэд хэдэн удаа хутгалаад байгаа юм шиг байсан. ...Би өнөөдрийг болтол 2.800.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Гомдолтой байна. Тэр хүнд хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү, мөн өөрийн эмчилгээний зардал болон өвчтэй байх үеийн ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байх үеийн бүх зардлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15, 18 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би найз Г, хуурай ах Бат-Эрдэнэ бид гурав 20 цагийн орчимд Өргөө кино театрын урд уулзсан. ...Гийнд архи уучхаад гарахаар болж Улаанбаатар паласд байдаг “Дурсамж” гэж баар луу орохоор болсон. ...”Дурсамж” бааранд 23 цагийн орчимд орсон. ...Гансүх, Г, Памбага бид дөрөв үлдсэн. Бид бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд Г, Памбагын толгойн дээр пиво асгаад толгой руу пивоны шилээр цохисон. ...Бямбадорж Гийн гэрт архи ууж байхад хоорондоо бага зэрэг маргалдсан. Бямбадорж Гийг зайлуулаач гэж Бат-Эрдэнэ ах бид хоёрт хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө би “Дурсамж” бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгээд тайз дээр зогсоод шалгаж байхад зөөгчөөр саяхан ажилд орсон хүн дотор найзыгаа пивоны шилээр толгойг нь хага цохичихлоо гэхээр нь би ороход пивоны шилээр толгойгоо цохиулсан залуу буйдан дээр суугаагаараа тасарчихсан байсан. ...Тэр толгойгоо хагалуулсан байсан залуугийн толгойн баруун чамархайн хойд хэсэгт хагалуулсан байсан бөгөөд доошоо харахад зүүн суганых нь тэр хэсэгт их хэмжээний цус гараад нөжирсөн байхаар нь Сүхээ гээд хамгаалагчаа очоод сугыг нь харчих гэхэд Сүхээ хараад хутгалуулчихсан байна гэсэн. ...Тэгсэн чинь нөгөөх залуу нь Улаанбаатар паласын үүдээр гараад такси барих гээд зам дээр зогсож байхаар нь бид хоёр баарны үүднээс такси барьж очоод таксиндаа суулгаж аваад буцаад “Дурсамж” баар руу очсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө ажил дээрээ байж байтал 140.000 төгрөгийн сэттэй ширээн дээр хамгаалагч зөөгч нар очсон байхаар нь би очтол юу болсон гэж хамгаалагч Сүхбаатараас асуухад энэ залуугийн толгойг нь шилээр хагалчхаад явчихлаа гэж хэлсэн. Буйдан дээр ногоон куртиктэй, халзан толгойтой залуу хэвтэж байсан. Би цохисон хүн нь хаана байна гэхэд хамгаалагч гараад явсан гэж хэлэхээр нь хамгаалагч Төвдөнг араас нь очоод бариад ир гээд гаргасан. ...толгойноос нь цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Танай дүү чинь баарны гадна цус алдаад байна. Цагдаа, эмнэлэг дуудах уу чи хүрээд ир гэсэн. 01 цаг 30 минутын орчимд Улаанбаатар паласын гадна такси бариад очтол Улаанбаатар паласын хашаан дотор манай дүү Бямбадорж сандал дээр сууж байсан. ...Бааранд байхдаа бөөрнөөс нь цус гараад байсан гээд хар куртикээр ороосон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч О.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээр байж байтал хамт ажилладаг Билгүүнээ гэх залуу миний төрсөн өдөр байгаа юм, орой бааранд орно чи хүрээд ирээч гэсэн. Би ажлаа тараад 20 цагийн орчимд Билгүүнээ рүү залгахад “Дурсамж” бааранд байна гэсэн. ...Би, Билгүүнээ, Г, тасраад унтаж байсан залуу бид дөрөв үлдсэн. Сууж байтал Г нөгөө тасарсан унтаж байсан залууг босгож ирээд юм ярьж байснаа толгой дээр нь пиво асгаад шилээр нь толгой руу нь цохисон. Энэ үед баарны хамгаалагч  нар ирээд юу болсон, яасан бэ гэхээр нь би энэ залууг Г пивоны шилээр цохичихоод гараад явчихлаа гэж хэлсэн. ...Пивоны шилээр цохиулсных нь дараа духнаас нь цус гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бат-Эрдэнэ ахын нэг найзын төрсөн өдөр дээр хамт очиж Бат-Эрдэнэ ах бид хоёр хүмүүстэй хамт 2 шил архи уучхаад тэндээсээ гараад орой 19 цагийн орчимд Билгүүнээгийн гэрийн гадна Билгүүнээ, Г хоёртой уулзсан. ...Гийн гэрээс гараад “Дурсамж” баар орсон. Бааранд ороод дахиад 1 шил архи авч уусан. 2 дахь шил архийг ууж байхад би нэлээн согтсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч С.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд хуурай дүү Билгүүнээтэй утсаар ярьсан юм. ...Би архи уугаад нэлээн согтуу байсан учир Бямбадоржийг хэзээ ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар паласын баар луу орохоос өмнө нэг газар нэг шил архи уусан юм. Дурсамж баар луу шөнө 23 цаг өнгөрч байхад орсон. ...Бааранд ороод яг яаснаа санахгүй байгаа юм. Гэртээ шөнө 01 цагийн үед харьсан байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрт нь ороход манай хүү Тэмүүлэн Гийн гэрийн цонхны тавцан дээр байсан эвхдэг хар хутга бариад тоглоод байхаар нь хүүгээсээ тэр хутгыг нь аваад үүнийгээ далд хий гээд Гт өөрт нь өгч байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4996 дугаартай шинжээчийн

“1.2. Б.Бийн цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 47 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дүгнэлт гаргахдаа зүүн гуяны зүсэгдсэн шархыг баруун гэж андуурч бичсэн байна. Бямбадоржийн биед тухайн үед зүүн гуянд зүсэгдсэн шарх үүссэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2323 дугаартай шинжээчийн

“1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн гадуур хүрмэнд 27мм, хар малгайтай цамцанд 25мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд гарсан байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 60 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2326 дугаартай шинжээчийн

“1. Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганд байх полиэстр ширхэгт хохирогчийн өмсөж байсан гэх ногоон гадуур хүрэмний материалын сэмэрдсэнд полиэстр ширхэгтэй өнгө, диаметрийн хэмжээ, гадаргуун үзүүлэлт зэргээр тохирч байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 63 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 6 дугаар сарын 13-ны өдрийн №БГ2-19-608 дугаартай “хар өнгийн малгайтай цамц-1ш, ногоон өнгийн хүрэм-1ш, хар өнгийн цайвар өмд-1ш зэргийг 64.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 89 дүгээр хуудас/,

 

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 07 минут 30 секундэд Б.Г хар өнгийн хутга гаргаж ирж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...Б.Г хар өнгийн хутгаар Б.Бийн зүүн гуя хэсэг рүү хатгаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...07 минут 43 секундэд Б.Г хар өнгийн хутгаар Б.Бийн цээжний зүүн хэсэг рүү хатгаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...08 минут 34 секундэд Б.Г нь Б.Бийн толгойг шилээр цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 92-100 дугаар хуудас/,

 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хувцсанд үзлэг хийсэн “...Miracle galaxy sunshine гэсэн бичиг бүхий хөх өнгийн малгайтай цамц, баруун зүүн ханцуй, зүүн суга хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Зүүн суганы ар хэсэгт доош 12 см зайд 3 см урттай урагдалтай.

- Marka ware гэсэн бичиг бүхий ногоон өнгийн цэргийн куртик/ урдуураа товчтой, энгэр хэсэгтээ халаастай/ зүүн ханцуй, зүүн суга хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Зүүн суганы ар хэсэгт доош 12 см зайд 3 см урттай урагдалтай.

- DC jeans  гэсэн бичиг бүхий цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд, зүүн баруун гуя хэсэгт болон ар талдаа цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон.

- Цагаан өнгийн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмдний тэлээ 1 ширхэг. “ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 107-110 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ...би ууж байсан пивоо Бямбадоржийн толгой дээр нь асгаад шилээр нь толгой руу нь цохиод халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд Бямбадоржийн зүүн өвдөг рүү нь хатгасан. Тэгээд дараа нь яаж хатгаснаа санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Гэрч Б.Гийн мэдүүлэг хэргийн 31-34 дүгээр хуудас, хохирогч Б.Боос гаргаж өгсөн хохирлын баримтууд хэргийн 112-114 дүгээр хуудас, яллагдагч Б.Гийн мэдүүлэг хэргийн 130-135 дугаар хуудас, Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэргийн 138 дугаар хуудас, Б.Гийн оршин суух газрын тодорхойлолт хэргийн 143 дугаар хуудас, ял шийтгэл эдэлж байсан эсэх тодорхойлолт хэргийн 145 дугаар хуудас, шинээр гаргаж өгсөн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хувийн зан байдлын тухай баримтууд.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааран дотор хохирогч Б.Бийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний толгойн тус газарт нь шилээр цохиж, мөн зэвсэг буюу хутгаар зүүн гуя, зүүн талын цээжин тус газарт нь тус тус хутгалж  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг, камерын бичлэгт болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

         Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх галт, хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж үйлдсэн байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан учрах үедээ амь насанд аюултай буюу хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаардах бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тиймээс шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн улсын яллагч шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулахдаа ашигласан шилийг “зэвсгийн чанартай зүйл” гэж яллах дүгнэлтдээ тайлбарласан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.” гэж,

...“тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

 

Гэтэл хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь ууж байсан пивоны шилээр хохирогчийн толгой тус газарт нь цохиж байгаа нь пивоны шилээр хүний биеийг гэмтээхээр тусгайлан бэлтгэж, засаж тохируулаагүй, харин тухайн үйл явдал болох явцад гарт тааралдсан эд зүйл буюу пивоны шилээр хохирогчийг цохисон болох нь тогтоогдож байна. Иймд урьдаас засаж тохируулж бэлдсэн гэх шинжид хамаарахгүй байх тул пивоны шилийг зэвсгийн чанартай зүйлд оруулан тайлбарласныг үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Хохирлын талаар:

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгчээс 3.500.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт хор уршигтай холбоотой 1.865.500 төгрөгийн баримт авагдсан байна. Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогчид нийт 3.000.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын болон бусад  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.  

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд санаатай гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зэвсэг буюу хутга хэрэглэн үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар их, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд оргон зайлсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Б.Гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг хутга 1 ширхэг, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Б.Гийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг хутга 1 ширхэг, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО

 

 

                 

                    ШҮҮГЧ                           М.ДАЛАЙХҮҮ

 

 

                              

                        ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА