Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Я.Ө

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Я.Ө холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.Ө /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, тоотод байрлах Б.Бийн гэрт “охин Бтэй хэрүүл, маргаан хийж зодлоо” гэх шалтгаанаар Ш.О нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний сулрал, доод уруулд няцарсан шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Я.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, 77а тоотод байрлах Б.Бийн гэрт “охин Бтэй хэрүүл, маргаан хийж зодлоо” гэх шалтгаанаар Ш.О нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний сулрал, доод уруулд няцарсан шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 10-77 тоотод 18 цагийн орчим өөрийн төрсөн дүүгийндээ очсон. Тэгээд дүүгийн эхнэр Б бид 2 дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 3 ширхэг пиво аваад хувааж уусан. Би жоохон согтоод байхаар нь уухгүй гэсэн чинь Б над руу уурлаад өөдөөс орилоод байсан. Тэгэхээр нь би Бийг нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд Бийн аав Ө гаднаас орж ирээд юу болсон учрыг нь олоогүй байж миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Б, Ө, Бийн 10 орчим насны 2 дүү нь байсан. ...Би анх цохиулсан даруйдаа Гэмтлийн эмнэлэг дээр очиж уруулдаа оёдол тавиулсан. Дараа нь шүдний хувийн эмнэлэгт шүдэндээ эмчилгээ хийлгэж, эм авч уугаад нийт 300.000 төгрөг зарцуулсан. Ө надад эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11,13 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 10-77 тоотод гэртээ байхад 18 цагийн үед манай нөхрийн эгч О ирээд бид 2 дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 3 ширхэг пиво аваад хувааж уусан. Тэгээд О эгч бид 2 хоорондоо маргалдаад миний нүүр лүү 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би уйлсан чинь манай аав гаднаас орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд Оыг аав хөөсөн чинь О уурлаад дахиж над руу дайраад миний үснээс зулгаагаад дахиад алгадсан. Тэгээд аав Ө бид хоёрыг салгаад Оын нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед дүү О залгаад намайг Бийн аав цохичихлоо гээд ярихаар нь яваад очиход Оын амнаас нь цус гарсан, уруул нь хавдсан байдалтай уйлсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад О “миний төрсөн дүүгийн эхнэр Бтэй цуг пиво ууж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд Бийн аав Ө гаднаас орж ирээд шууд үгийн зөрүүгүй цохисон” гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1150 дугаартай шинжээчийн

“1.Ш.О биед нэг шүдний сулрал, доод уруулд няцарсан шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой .

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Я.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо 10-тоотод гэртээ унтаж байгаад машинаа асаах гээд гэрээсээ гартал манай хашаан дотор амьдардаг хүргэн Амарбаясгалангийн гэрт хүмүүс чанга орилолдоод байхаар нь гэр лүү нь ортол миний охин Б хадам эгчтэйгээ маргалдаад зууралдсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад хадам эгчийг нь яв гэж хөөсөн чинь миний үгэнд орохгүй Бийг нүүр лүү нь 1 удаа цохиод, үснээс нь зулгаагаад газар унагасан. Тэгэхээр нь би Бийг татаж босгоод хадам эгчийг нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд надад цохиулсан эмэгтэй эгчийгээ дуудсан. Эгч нь ирээд цагдаа дуудсан байх нэг мэдсэн цагдаа ороод ирсэн. Амарбаясгалангийн эгч нь миний охиныг цохиод боль гэсэн болихгүй болохоор нь би охиноо өмөөрөөд уур хүрээд санамсаргүй 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 42 дугаар хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1514430 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/,  хохирогч Ш.О “...Я.Ө нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Я.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, 77а тоотод байрлах Б.Бийн гэрт “охин Бтэй хэрүүл, маргаан хийж зодлоо” гэх шалтгаанаар Ш.О нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний сулрал, доод уруулд няцарсан шарх, дээд уруул, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Я.Ө нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Од хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Я.Ө нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Я.Өийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.О “...Я.Ө нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Я.Ө нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Өөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Я.Ө нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Я.Ө нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Я.Өөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Я.Өөд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Я.Өийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Өийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Өөд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Өөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО