Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 399

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

       Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбарын нэхэмжлэлтэй

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Цэнхэрийн 47 тоотод оршин суух, ЖЗ77011407 регистрийн дугаартай, Баргачин овогт Жамбалсүрэнгийн Нарантуяад холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэг 14.180.768 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Нарантуяа нь 2015 оны 7 сарын 07-ны өдөр 1650006939 дугаар зээлийн гэрээ байгуулан 8.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, мөн 2015 оны 2 сарын 9-ний өдөр 1220014944 дугаар зээлийн гэрээг байгуулан 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн 1650006939, 1220014944 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, уг гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийг ноцтой зөрчиж байна. Ж.Нарантуяатай өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Иймд Ж.Нарантуяагаас 14.180.768 төгрөг 66 мөнгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 5 сарын 13-ны өдрийн 1650001445 дугаартай баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг СМУ-гийн 21-р байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614001484 дугаарт бүртгэлтэй 27 м.кв нийтийн орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 7 сарын 07-ны өдөр 8.800.000 төгрөг, 2015 оны 2 сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 10.937.052 төгрөг 66 мөнгө болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 14.180.768 төгрөг 66 мөнгийг төлж барагдуулж чадахгүй байгаа тул Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг СМУ-гийн 21-р байрны 04 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614001484 дугаарт бүртгэлтэй 27 м.кв нийтийн орон сууцаар хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

        Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбар нь хариуцагч Ж.Нарантуяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.180.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Ж.Нарантуяа нь Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбартай  2015 оны 2 сарын 9-ний өдөр 1220014944 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэйгээр, мөн 2015 оны 7 сарын 07-ны өдөр 1650006939 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр зээлэхдээ Дорнод аймгийн Хэрлэн сумын     6-р баг СМУ-гийн 21-р байрны 04 тоот нийтийн орон сууцыг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2015 оны 2 сарын 9-ний өдрийн 1220014944 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 7 сарын 7-ны өдрийн 1650006939 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 5 сарын 13-ний өдрийн 1650001445 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 1650001445-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.180.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж.Нарантуяа нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

       Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбарын зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.180.768 төгрөг 66 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж.Нарантуяа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.853 төгрөг 84 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 114.426 төгрөг 92 мөнгө, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 114.426 төгрөг 92 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Дорнод аймаг дахь Дорнод салбарт олгосугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ