Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.М

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Яримпил, Ц.Баасанжаргал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.М /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин хорооллын *** байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Гыг хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой, нүүр, бие зэрэг рүү нь цохих, өшиглөх, хана руу түлхэх зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь аврах боломжгүйгээр уг хүнд гэмтэл хүндэрч тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барахад хүргэн алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотын Ус цаг уур шинжилгээний төвд ажилладаг. Миний амьдардаг Хархорин хотхоны Хархорин сөх-өөс надад менежерээр ажиллах санал ирсэн юм. Тухайн үед би 3 хүүхэдтэй болох гэж байгаа юм чинь амьдралд нэмэртэй юм байна гэж бодоод тухайн ажлыг хийхийг зөвшөөрсөн. Миний ажлын үндсэн үүрэг нь байгууллагын ажилчдыгаа удирдлага арга зүйгээр хангах, оршин суугчдыг мэдээллээр хангах, орцоор эргэж тойрох, оршин суугчдын сэтгэл ханамжийн баталгааг хангах гэсэн ажлын байрны тодорхойлолттойгоор ажиллаж байсан. Тухайн өдөр 2019 оны 02 сарын 28-ны өдөр байсан. Би ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад 7 өнгөрч байхад Хархорины хажууд байх Мишээл гэх кафед хоол идэж байхад тэр газрын хүн нь намайг Технологийн инженер мэргэжилтэй юм чинь манай камерыг засаад өгчхөөрэй гэж гуйхаар нь орой нь би буцаж очоод гэр байсан илүү бичигчээ холбоод зассан. Тухайн үед тэр газарт төрсөн өдөр тэмдэглэж байсан хэдэн залуучуудтай бага зэрэг муудалцаад нэг залуу нь миний чихнээс татаад гараас зуураад чихийг гэмтээсэн тэр нь биед хийсэн үзлэгээр зургийг нь дарсан. Би тэр газраас 2 цаг өнгөрч байхад гараад гэртээ харихаар явсан. Тухайн өдөр манай сөх-д гарч байсан харуулын бие нь тааруу байсан. Тэгэхээр нь би орцоо нэг эргэчихье гэж бодоод лифтэнд суугаад 16 давхарт гараад доошоо орцоо эргээд буусан. 6 давхарт Юүдэнтэй малгайтай 25-30 орчим насны нэг хүн цаашаа хараад унаж байхаар нь бос гээд чанга орилоод татсан тэгтэл өөрөө боссон. Тэгээд дахиад доошоо явж байтал 5 давхарт саарал өнгийн куртиктэй 45-50 орчим насны эрэгтэй байсан тэрийг бас сэрээгээд явуулсан. Доошоо үргэлжлүүлж шалгаад явж байтал 3 давхрын шатанд дээр хог хаячихсан юм шиг харлаад байсан очоод сайн шалгаад хартал цаашаа хараад хэвтсэн хүн байсан тэгэхээр нь би гараач гээд хөл рүү нь тонштол гарахгүй байсан. Тэр хүн эргээд харахад цус болчихсон тэр хавьд нь бас цус болсон байсан. Тэгэхээр нь би та яасан юм бэ гарах уу гэхэд өөрөө өндийх гээд байхаар нь би татаад өргөөд босгосон тэгтэл намайг заамдаад татах шиг болохоор гарыг нь тавиулсан чинь өөрөө цаашаа буцаад суусан тэгээд сайн харсан чинь тэр хавиар нь цус болсон байсан бөгөөд хөөе яасан ах гэхэд тамхи байна гэхээр нь тамхи асааж өгөөд Юу болсон юм бэ ахаа та зодуулсан юм уу зүгээр үү гэхэд зүгээрээ гэж хэлсэн. Манай орцонд тиймэрхүү хүмүүс их байдаг л даа учир нь Хархорин захын хажууд болохоор тиймэрхүү байдалтай хүмүүс их байдаг юм. Би тухайн үед тэр хүнээс түргэн дуудах уу гэж асуухад зүгээрээ гэж хэлсэн тэгэхээр нь ахаа энэ хавиар чинь цус болсон байна шүү оршин суугчид гомдол гаргаад байдаг шүү одоо гараарай гэж хэлчхээд доошоо буугаад тухайн үед гарч байсан ээлжийн харуул Батхуяг дээр очсон. Тэгтэл Батхуяг нь дараа нь цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө ирж уулзаагүй гэж мэдүүлсэн бид хоёрыг уулзсаныг гэрчлэх камерын бичлэг байгаа тэрний төхөөрөмжийг цагдаа нар аваад явсан. Би Батхуяг дээр очоод цонхыг нь тогшоод дээр орцонд хүн байна тэрийгээ хараач гэж хэлчхээд би гэртээ ороод унтсан тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан. Би өглөө босоод ажилдаа явсан бөгөөд өөр шинэ хувцас өмсөөд явсан. Миний хуучин өмссөн хувцаснуудыг эхнэр тагтан дээр гаргаад гутлыг далд хийсэн юм шиг байна лээ учир нь тэр гутал их шивэртэй болохоор муухай үнэртээд байсан байх. Ажил дээр байж байтал 10 цагийн үед над руу цагдаа ярьсан. Тэгээд надаас танай байранд болсон асуудлаар камер шүүх гэж байна камерынхаа нууц дугаарыг хэлж өгөөч гэхээр нь хэлж өгсөн. 11 цагийн үед дахиж залгаад чи хаана байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би явж очсон. Тэгтэл камерын бичлэг дээр та тэр орц руу орсон байна гэсэн тиймээ гэсэн тэгээд миний өчигдөр өмсөж байсан хувцас чинь хаана байна гэхээр нь гэрт байгаа талаар хэлсэн. Тэгээд манай гэрт ороод өчигдөр өмсөж байсан хувцаснуудаа гаргаж өгсөн. Миний хувцсыг аваад миний биед үзлэг хийгээд 12 цаг өнгөрч байхад цагдаагийн хэлтэс рүү авч яваад хана руу харуулаад зогсоосон. Тэнд хүнтэй ч яриулахгүй утсаар ч яриулахгүй оройны 22 цаг хүртэл зогсоосон. Надад ус ч өгөөгүй, суулгаагүй, орж гарахдаа загнаад, нэг цагдаа нь намайг 1 давхрын мэдүүлэг авсны эсрэг талын өрөөнд цамцаа тайл гэж тайлуулаад цохисон.  Тэгээд байж байтал Ганчулуун байцаагч ирээд тэр хүнээс чинь байцаалт аваад ирлээ толгой тархи нь шалбарсан талаар хэлээд энэ мэдүүлэг дээр гарын үсэг зурчхаад гэртээ харь гэж хэлсэн. Тухайн үед надад тэр хүн чинь зүгээр гэж худлаа хэлж байгаад мэдүүлэг авсан байсан тэгэхээр нь би уншаагүй гарын үсэг зураад явсан. Дараа нь Ганчулуун байцаагч надад Чи тэр хүнийгээ очиж эргэ тэр хүний бие нь сайжирвал чамайг зодож цохиогүй бол тэр талаар чинь хэлнэ гэхээр нь би тэр хүн дээр очсон тэр хүний биеийн байдал муу байсан би ч дотроо за баларлаа гэж бодсон. Би тэр хүнд хэрэгтэй эм тариа зэргийн авч өгсөн учир нь хөл дээрээ босож үнэнийг хэлж өгөх гэж бодсон. 2019 оны 3 дугаар сарын 06-ны үед байх нэг очсон чинь нөгөө хүн маань нүдээ нээгээд ярьдаг болчихсон сууж байсан. 07-ны үед бүр сайжраад юм ярьдаг болсон байсан эмч нар энэ хүний ар гэр нь олдсон уу тасаг руу оруулъя гэж байсан. Тухайн үед ахаа та намайг таньж байна уу гэж асуудаг байсан, тухайн үед тэр хүнийг гараас нь марлаар хүлсэн байсан яасан талаар асуухад сувилагч очихоор цохиод нулимаад байна гэсэн. 10-нд очиход тэр хүний бие муудсан байсан бөгөөд цаашаа муудсаар байгаад 16-нд нас барсан. Тухайн үед би аавтай очоод Бямбаренчин эмчтэй уулзахад тэр эмч миний ардаас тэр хүнтэй ярьсныг сонссон гэж хэлж байсан. Энэ асуудал 2019 оны 03 сарын 01-ний үед болж байсан би тухайн үед энэ хүний ар гэрийг хайгаад явж байхад тэр хавиар явж байхад тухайн өдөр өөр хүмүүстэй зодолдож байсан талаар сонссон. Манай үйлчлэгч цус болсон байдалтай алхаж байсан талаар бас хэлсэн бөгөөд цагдаагаас дуудвал тэр талаар мэдүүлэг байцаалт өгнө гэж байсан гэв.”

 

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Гыг орцноос хөөж босгох зорилгоор түүнийг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины хүнд гэмтэл учруулж, улмаар тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт эхлүүлж, 10.30 цагт дуусгав.

           ...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байр буюу Хархорин захын ертөнцийн зүгээр зүүн талд “Эрин” нэртэй хороолол байна. ...16 давхар шар өнгийн байр... орцоор ороод шатаар дээш 3 давхарт гарахад 3 давхрын коридор хэсэг байх ба айлууд руу ордог хэсгийг хаалгаар тусгаарласан байна. Шатнаас буюу хамгийн дээд талын шатнаас урагш 2*2 метр талбайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ... тус бүр хоёр хэсэг өтгөрсөн байдалтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйл тогтсон байсныг 0 процентын уусмалд шингээсэн цагаан өнгийн марльд бэхжүүлэн авав. ...Доороос дээш өгссөн шатны хамгийн дээд талын шатнаас баруун урд дээд ирмэгээс урагш 30 см зайд, мөн шатны ирмэгээс зүүн урагш 25 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дээр гутлын мөр үүссэн байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Коридор хэсгийн дээд шатнаас урагш урд талын хана хүртэл шалнаас дээш 147 см зайд хананы баруун хойд хэсгээс урд хэсэг хүртэл баруун урд хэсгээс зүүн догол хэсэг хүртэл улаан хүрэн өнгийн цус мэт зүйл цацарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Урд болон баруун хананд цацарсан хэсгүүдээс 0 процентын уусмалд шингээсэн марлиар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авав. Шатны дээд баруун урд өнцгөөс урагш 50*45 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн цацралтыг гэрэл зургаар бэхжүүлсэн. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн 3 давхрын шаттай коридороос айлын хаалгануудыг тусгаарласан хаалгануудыг нээж үзэхэд баруун хананаас 15 см -ийн зайд урд хананаас 5 см-ийн зайд тал хэсэг нь байхгүй 5000 төгрөгийн дэвсгэрт байсныг...хаалганы хойд өнцгөөс хойш 20 см зайд хана дагуу улаан хүрэн өнгийн цус мэт зүйл хатсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж ховхлон хураан авсан болно...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 21-25 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн “...зүүн нүдний дээд доод зовхи хөхөрч хавдсан, зүүн чамархайд 23см-ийн 20 ширхэг мэс заслын оёдолтой, тах хэлбэрийн мэс заслын шархтай, цээжний баруун, зүүн, урд талын хэсгээр хатгалж хийсэн зүүний оромтой, дээд уруул 3*1 см зулгаралттай, цээжний урд, дээд хэсэгт 3*1,5см, 4*2 см бүдэг ногоон өнгийн хөхрөлттэй, зүүн шуунд шар шувуу, “за мийр в3” гэсэн ногоон өнгийн шивээстэй, зүүн сарвуу хэсэг хавдсан, зүүн өвдөгний дотор хэсэгт 18*9 см түлэгдэж эдгэрсэн сорвитой, зүүн тавхайд 6*2см, 1,3*0,8, 0,6*0,5 см өнгөц зулгаралттай ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 26-28 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагаас 13:24 цаг хүртэл ...Ж.Мийн оршин суух Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51-4 дүгээр байрны 9 тоот байранд үзлэг хийн эд мөрийн баримтаар унтлагын өрөөний хаалганы урд талд байсан эрэгтэй хүний куртик, тагтны баруун талд байх хөргөгчин дотор байсан Ж.Мийн хэрэг болсон гэх өдөр өмсөж явсан 1 хос 2 ширхэг гутал тус тус хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 29-32 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн “...Ж.М нь 178 см өндөр, ...түүний баруун чихний дотор хэсэгт цус мэт улаан өнгийн зүйл хатаж тогтсон байхыг гэрэл зургаар бэхжүүлэв. ...баруун гарын шууны гадна хэсэгт хөндлөн шалбарсан, мөн дээд хэсэгт шалбарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 35-37 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хувцсанд үзлэг хийсэн “...2019.03.04-ний өдөр 20 цаг 50 минутаас 20 цаг 59 минут хүртэл хугацаанд Ж.Мийн хэрэг болох үед өмсөж явсан өвлийн куртик, жинсэн өмд, тэлээ, улаан эрээн үдээс бүхий хар хөх өнгийн өвлийн гутланд үзлэг хийсэн ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 38-40 дүгээр хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хувцсанд үзлэг хийсэн “...хохирогч Д.Гын өмсөж явсан гэх жижүүрийн бүрэлдэхүүний хураан авсан хувцсанд үзлэг хийхэд энгэр хэсгээрээ гоёлын оруулгатай шаргал өнгийн даавуу цамц цооролгүй, зах хэсгээрээ ягаан өнгийн эмжээртэй хар хөх өнгийн даавуун цамц урагдал ханзралгүй, ... гутлын улны дотор болон гадна талын хэсгээр хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 41-42 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эргүүлийн офицер а/х Д.Бямбасүрэнгийн “... 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг 16 минутад хэлтсийн жижүүрээс 99514133 дугаарын утсаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хар хорин хороолол, 51-4-р байр, 3 давхарт нүүр ам нь цус болсон хүн хэвтэж байна гэх дуудлагыг хүлээн авч шалгахад 60 орчим насны толгой, нүүр орчимдоо цус болсон ухаангүй эрэгтэйг 103-ын эмч Батцэцэг ирж авч Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг рүү авч явсан болохыг илтгэе” гэсэн илтгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/,

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Яын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрсөн дүү Д.Г нь 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд айлын бага хүүхэд болж төрсөн юм. ...Надаас өөр садан төрөл ах дүүгийн хүн байхгүй. ...Сүүлд хүү Наранбаатараас сонсоход 2018 оны 5 дугаар сард Нарантуул зах дээр гадуур дэмий тэнэдэг, тэнэмэл хүн шиг болчихсон явж байна лээ, тэгэхээр нь эгч дээрээ очиж уулзаач гэхэд үгүй гэж хэллээ гэж хүү маань хэлсэн. Тэгээд ерөөсөө холбоо сонсоогүй байж байгаад өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дүүгийн салсан эхнэр Саранчимэг нь надад шууд хэлэхээсээ санаа нь зовоод Багануур дүүрэгт явж байгаад том охинд маань хэл дуулгасан байсан. Тэгээд би дүүгээ нас барсныг нь мэдээд өнөөдөр ирж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 52-53 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин *** тоотод амьдардаг. Манай нөхөр Мэндбаяр ажлаасаа ирж байна гэхээр нь тосож дэлгүүр хамт орох санаатай гэрээсээ 23 цаг 10 минутын үед гарахад 4 давхрын шат руу гардаг хаалганы хэсэгт насыг нь мэдэхгүй, 40-50 орчим насны архи ууж гадуур хонодог гэмээр хар өнгийн куртиктэй, цоохор өмдтэй, бор өнгийн гуталтай эрэгтэй хүн 1 сарын өмнөөс хааяа нэг унтаж байгаа байдалтай 4 удаа таарч байсан зүс царайг нь харж байгаагүй. Архи, шээс гэмээр юм шиг үнэр үнэртдэг хүн байнгын хонож унтдаг байсан. Өчигдөр орой гарахад хувцсыг нь сайн хараад өмнө унтдаг хүн мөн эсэхийг мэдэхгүй толгой нь хаалга тал руу харсан, доошоо харсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь өмнө нь унтдаг хүн байх гэж бодоод нээх тоолгүй гадагшаа гараад эргэж нөхөртэйгөө орж ирэхэд бас хэлээд цуг орж ирсэн юм. Гэртээ орж ирэхэд унтаж байгаа бололтой байсан, дахиж хараагүй. Хувцсыг нь сайн хараагүй хар өнгийн өмдтэй хүн байсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Нилээн согтуу гэмээр хувцас нь шороо болсон хар куртик, десант өмдтэй хар саравчтай малгайтай байсан. Гэрт байх хугацаанд буюу шөнө 2 цаг гэж унтах хүртэл хүмүүс хэрэлдэх маргалдах зодолдох чимээ гараагүй. Орц кодтой боловч хүчтэй татахаар онгойчхоод байдаг юм. СӨХ-оос орцонд камер тавьсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 56-57 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг өнгөрөөгөөд Вокзалаас хүн тосох гээд гартал манай байрны 3 давхарт шатан дээр 50 орчим настай эрэгтэй баруун тийшээ хараад хэвтсэн байдалтай, толгой хэсэг нь цус гарсан байхаар нь шууд гараад машин дотроо суугаад 102 дугаарт дуудлага өгөөд яваад өгсөн. Тэгээд замдаа явж байхад цагдаа над руу залгаад хаяг асуугаад 103 давхар дуудаарай гэхэд нь дуудлага өгсөн. Тэгээд би буцаад 07 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд нөгөө хүн нь байхгүй байхаар нь 103 аваад явсан байх гэж бодсон. Өөр хүн байгаагүй. Тэр хүн ганцаараа хэвтэж байсан. Би ярилцаагүй, хажуугаар нь гарахдаа хараад дуудлага өгсөн. Ямар нэгэн хүн тааралдаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/,

 

           Гэрч Ч.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-ний 8 цаг 30 минут хүртэл би яаралтай түргэн тусламжийн төвд ажилтай буюу ээлжтэй байсан. Энэ хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо 54 дүгээр байрны 4 давхарт ухаангүй хүн байна гэсэн дуудлага миний санаж байгаагаар 05-07 цагийн хооронд ирсэн. Тэгээд хаягийн дагуу очиход 4 давхарт хүн байхгүй харин шатаар доош буухдаа 3 давхрын шат дээр толгой нь шатан дээр дээш харсан, 2 гар биеийн дагуу, 2 хөл нийлсэн, толгой нь эгц дээш харсан байрлалтай 45-55 орчим насны эрэгтэй хүн байсан ба тухайн хүн ухаангүй байсан. Хүүхэн хараа шалгахад өргөсөөгүй нүднээс нь цус гарч байсан. Ингээд талийгаачийн амин үзүүлэлтийг үзэхэд даралт бага, пульс бага байсан яг хэдтэй байсныг нь санахгүй байна. Үзлэг хийсэн карт дээр тодорхой байгаа. Ингээд насилкан дээр гаргахад толгой доорх цус шалан дээр их байсан, нүүр амны цус нь хатсан, нүүр нь хавагнасан байсан. Тухайн хүнийг тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгсөн. Дуудлага өгсөн дугаар руу залгаагүй, учир нь хүн маань байсан учраас залгах шаардлага байгаагүй. Нэмж ярих зүйл гэвэл дуудлага өгсөн бүртгэл болон үзлэг хийсэн карт төв дээр хадгалагдсан байгаа. Тэр хүний дэргэд нүдний шил байсан ба нүдний шил тэр газраа үлдсэн. Өөрөө хаясныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 60-62 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст офицер албан тушаалтай бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 28-наас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн “Бугат 115” чиглэлд цагдаа жолооч, дэд ахлагч Ч.Отгонтөрийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат 10-с 06 цагийн орчим... Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Хар хорин хорооллын 51/4 дүгээр байрны орцонд цус гарсан байдалтай хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн байсан. Дуудлага ирэх үед ТНТ зочид буудлын зодооны дуудлагыг шалгаж байсан учир дуудлага өгсөн иргэнийг 103 дуудлага өгсөн эсэхийг лавлаж асууж зөвлөгөө өгөөд төмөр замын эрүүлжүүлэх байранд хүнээ өгөх гэхэд хүлээж аваагүй учир тухайн дуудлагад очиход 103 ирчихсэн нөгөө хүнийг аваад явж байсан. Биеийн байдлыг 103-ын эмчээс асуухад хурхираад унтаад байна, ухаангүй байна, биеийн байдал муу байна. Гэмтлийн эмнэлэгт аваачиж өгнө гэж хэлэхээр нь хэлтэс рүү бүрэлдэхүүн дуудчихаад зодуулсан гэх газарт нь орж харахад 3 давхарт шатны хэсэгт хана болон шал нь нилээдгүй цус болсон байсан учраас “Бугат 10” руу утсаар холбогдож учир байдлыг тайлбарлаж хэлж өгөөд, бүрэлдэхүүн шаардлагатай байна гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 63-64 дүгээр хуудас/,

 

           Гэрч А.Бадмаарагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д.Г гэх 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт гавал тархины хүнд гэмтэлтэй тархины хатуу хальсан доорхи цус хуралт, 2 голын ухархайн яснуудын хугарал гэх мэт хүнд гэмтэлтэй ирж яаралтай тусламжаар хурсан цусыг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засалд ороод эрчимт эмчилгээний тасагт шилжиж хэвтсэн байдалтай байсан ба хагалгааны дараагаас миний бие хүлээн авсан. 2019 оны 3 дугаар сарын 01-16-ны өдрийг хүртэл өвчтөний биеийн байдлыг харгалзан эмийн эрчимт эмчилгээг зохиомол амьсгалын аппаратын тусламжтай хавсран хийгдсэн. Эмчилгээ хийгдэх хугацаанд өвчтөн өмнө тасагт ухаангүй, маш хүнд, орчиндоо харьцаагүй, хагалгааны дараах байдалтай ирсэн. Ингээд өвчтөнд зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч үр дүн өгөхгүй хагалгааны дараах идээт үрэвсэл буюу гэмтлийн шалтгаантай хүндрэлийн улмаас нас барсан юм. Ухаангүй хагалгааны дараах байдалтай өвчтөн ирж ойролцоогоор 6-7 хоногийн дараа арай гайгүй болж ухаан орж гарсан байдалтай байсан өдрүүд ганц нэг удаа байгаа. Түүнээс биеийн байдал эргэж хүндэрсэн хэзээ гайгүй болж хэзээ хүндэрсэн нь өвчтөний түүхэн дээр байгаа. Эрчимт эмчилгээний тасагт өрөө гэж байдаггүй өвчтөн бүгд нэг том зааланд байдаг ба хамт хэвтэж байсан хүмүүс нь ухаангүй орчинтой харьцах чадваргүй хүмүүс байсан. Хэрвээ бие нь гайгүй болсон бол энгийн тасагт шилждэг юм. Өвчтэй хүмүүс дээр өглөө 07 цаг өдөр 13 цаг орой 19 цагаас 30 минутын хугацаатай хүмүүс ордог, тэрнээс биш сахиур байхгүй, тасгийн сувилагч нар эмчилгээ сувилгааг хийдэг. Гантулгын тухайд бол СӨХ-ийн ажилтан гээд 35-36 орчим насны эрэгтэй хэвтсэнээс нь хойш 1-2 хоногийн дараагаас ирж Гтай сэм ярихаасаа илүүтэй биеийн байдлыг харж хоол цай өгчхөөд явдаг байсан. Өвчтөн Гас хэрхэн яаж гэмтэл авсан талаар болон болсон асуудлын талаар асуух болон өөрөө ч хариулах боломжгүй. Ухаан бие муу байсаар байгаад нас барсан. Эргэлтээр ирсэн хүн юу болсон талаар асуудаггүй биеийн байдлын талаар асуудаг байсан. Өөрөө ямар хамааралтай талаар асуухад манай гэрийн ойр хавиар явдаг зүс таньдаг гэж байсан. Өөр төрөл садангийн болон хамааралтай хүн ерөөсөө ирж байгаагүй. Намайг хяналт тавьж байх хугацаанд цагдаагийн байгууллагаас хүн ирж уулзах, мэдүүлэг авах боломжгүй, мөн хүн ирж уулзаагүй, мэдүүлэг өгөх боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай менежер Ж.М намайг дуудаад энэ орц дотор байгаа тэнэмэлийг хөөж гаргая гээд намайг Маадыроолын хамт гурвуулаа гараад 4 давхарт очиход 60 орчим настай десант эрээн өмдтэй, хар куртиктай, саравчтай малгайтай эрэгтэй хүн ганцаараа хэвтэж байхад нь манай менежер цээж рүү нь өшиглөөд бос гээд байсан. Тэгээд тэр хүн өөрөө босоод гарсан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа гарах гээд өглөө 8:40 цагт ирэхэд 3 давхарт цус болсон байсан. Урьд шөнийн жижүүр Баттулгаас асуухад би мэдэхгүй байна гэсэн. Урд нь манай менежер Ж.М зодоод хөөж байсан. Камерын бичлэгт 03 цаг 30 минут орчимд Ж.М цахилгаан шат руу орж байгаа бичлэг байсан. М зодоод хөөсөн байх гэж бодож байна. ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Маадыроол бид хоёр ээлжинд гараад байж байтал менежер М ирээд оршин суугчид 51/3 дугаар байрны орцонд хүн байна гээд гомдол гаргаад байна хамт орж хөөж гаргая гээд М, Маадыроол бид гурав 51/3 дугаар байрны орц руу орж 4 дүгээр давхарт унтаж байсан хүнийг 22 цаг 10 минутанд хөөж гаргаж явуулсан. Тэгэхэд менежер М уг хүнийг унтаж байхад нь бос, гар гээд хөл рүү нь нэг удаа өшиглөөд, мөрнөөс нь гараараа татаж босгоод чирээд хөөгөөд явуулж байсан юм. Тэр хүнийг 2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө  51/4 дүгээр байрны орцонд бусдад зодуулсан хүн гэж яаж мэдээд байгаа вэ гэхээр 03 дугаар сарын 01-ний өглөө ээлжиндээ гарах гээд ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирчихсэн надад тэр зодуулсан хүний зургийг харуулсан юм. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагдаа нар манай СӨХ-ийн камерыг шүүж үзэхэд би хажууд нь байсан. Камерын бичлэгт 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө менежер М шөнийн 03 цаг 30 минутад 51/4 дүгээр байрны орц руу ороод лифтэнд суугаад дээшээ гараад хэсэг хугацааны дараа 2 хүн хөөчихсөн, үс нь арзайчихсан гарч ирж байгаа бичлэг байсан. Уг нь бичлэгт М орц руу орохдоо үс нь зүгээр байсан. Харин гарахдаа үс нь арзайчихсан байсан. Тэгээд л би Мийг урд нь уг хүнийг өшиглөөд чирээд хөөгөөд явуулж байсан. Мөн үс нь зүгээр орчихоод гарахдаа үс нь арзайчихсан бууж ирж байгаа бичлэг байсан болохоор уг хүнийг М зодсон байх гэж мэдүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 70-72 дугаар хуудас/,

 

           Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, жижүүрийн тэмдэглэл бүхий 2 хуудас хуулбар баримт /хэргийн 1 дүгээр хавтас 73-75 дугаар хуудас/,  

 

           Гэрч Ж.Маадыроолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М, Пүрэв нартай хэд хэдэн удаа орцоор хоноглож байсан хог түүдэг хүмүүсийг хөөж байсан. Орцонд хоноглож байгаа хүмүүсийг М бос бос, гар гээд л хэд хэдэн удаа өшиглөж босгоод, хувцаснаас нь чирээд гаргадаг байсан. М хааяа оройн цагаар манай СӨХ-ийн хариуцдаг 4 байрны орцоор явж орцонд хоноглож байгаа хүмүүсийг хөөж гаргадаг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 76-77 дугаар хуудас/,

 

           Гэрч С.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...51/4 дүгээр байрны тухайд бол гадна орцны хаалга харсан хяналтын камер, давхар болгоны лифт, айлуудын хаалгыг харсан хяналтын камер байгаа. Харин явган хүний шатны хэсэгт ямар нэгэн хяналтын камер байхгүй. ...Цоожтой боловч манай байр нь Хархорин захын хажууд учраас тэнэмэл байдлаар архи согтууруулах ундаа ууж хэрэглэдэг хүмүүс их явдаг учраас оршин суугчдыг дагаад орж ирээд орцонд унтчихсан байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 78-79 дүгээр хуудас/,

 

           Гэрч Г.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М нь манайхаар үе үе орж ирж хоол идээд гардаг. М нь манай ажиллуулдаг Мишээл нэртэй кафед 13 цагаас 14 цагийн үед ирсэн. Тухайн үед би камерыг хараад үзүүлсэн. Тэгэхэд орой нэг хараад аваад ирье гээд хоол идчихээд гараад явсан. Харин архи дарс уугаагүй хоолоо идчихээд гараад явсан. Тухайн үед банштай ногоотой шөл, нэг липтон цай авсан. Орой 22 цагаас 23 цагийн орчим ирсэн ба тухайн үед М ганцаараа ирсэн ба өдөр ярьж байсан хард дискээ авч ирээд холбож байгаад буудуулчихсан. Ойролцоогоор 03 цагийн орчимд гараад явсан. Би өөрөө цуг гарч явсан. М өдөр, орой ирэхдээ архи дарс хэрэглээгүй мөн хард диск холбож байхдаа ч архи дарс хэрэглээгүй. Харин дотор вип өрөөнд сууж байсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй хэрүүл хийгээд 2 эрэгтэй нь хоорондоо цохилцоод байхаар нь М болон би хөөж гаргасан. Харин дундуур нь орж салгаж болиулсан зүйлгүй би тэрийг ажиглаагүй. Тухайн үед М хард диск янзалж байсан болохоор бичлэг хийгдээгүй... “ гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 80-84 дүгээр хуудас/,

 

          Гэрч Ц.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бух хочит Г гэж хүнийг танина. Би 2018 оноос хойш зүс таньдаг болсон. Хархорин зах, түүний хойд талаар архи уугаад явж байдаг хүн. ...архи уугаад согтохоороо хаа таарсан газраа ихэвчлэн дулаан газар гээд орцоор хоноглодог. Бух хочтой Тулгаа ахтай хэзээ таарснаа санахгүй байна. Орцонд хонолоо, хөөгдлөө гээд явж байдаг... “ гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Жаалнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ярихдаа СӨХ-ийн менежер учраас байруудаа байнгын эргэдэг. Цаанаас нь байнгын эргэж тойрч бай гэж шаарддаг. Мөн ойр орчимд тэнэмэл иргэд их учраас байнгын эргэж тойрч бай гэж шаарддаг, мөн ойр орчимд тэнэмэл иргэд их учраас байнгын байр, орцоо шалгадаг гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 28-наас 2019 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэрийнхээ замын хойд талын бааранд орж камер засварлаж өгчихөөд эргээд гэр рүүгээ орохдоо байрны харуулуудаа шалгаад, нэг байр руу ороод орцонд унтаж байсан хоёр хүнийг хөөж гаргачихаад доошоо уруудаад явж байсан чинь цус болсон нэг хүн хэвтэж байхаар нь бос гээд хэлэхэд босож ирээд өөдөөс барьж авах гэхээр нь холд гээд гараараа хүрэхэд нөгөө хүн эргээд хана налаад суучихсан. Тэгэхээр нь та яачихсан юм бэ гэхэд юм хэлэхгүй, эмнэлэг дуудах уу гэхэд хэрэггүй, ах нь одоо жаахан байж байгаад явлаа гэхээр нь эртхэн гараад  яваарай гэж хэлчихээд гэртээ орж унтаж амарсан гэж хэлсэн. Тэрнээс биш нарийн учир шалтгааныг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дүгээр хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3136 дугаартай шинжээчийн “...1. Д.Г-н биед зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархайн орой болон хажуу суурийг хамарсан, баруун тал бөмбөлгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр цохилт, уналтын аль ч үед үүсгэгдэх боломжтой, 2019 оны 3 дугаар сарын 01-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” ...гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 113 дугаар хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №746 дугаартай шинжээчийн “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн голомтлог няцрал, цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун дух, зулай, чамархай, зүүн дух, чамархай дагз хэсгийн хуйх, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, дагзанд шарх, зүүн, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн доод ханын хугарал, хоёр нүдний салст, зовхи, зүүн хацар, шанаа, баруун шанаа, баруун чихний орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...

           5.6.7.8.9.10.11. Өвчтөнийг зөв оношлон эмнэлгийн зохин ёсны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээг бүрэн хийсэн байна.

           12. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ.

          13. Талийгаачид уушгины хатгалгаа, голомтлог сүрьеэ, элэг, нойр булчирхайн архаг хууч өвчин тогтоогдсон ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 117-123 дугаар хуудас/,

 

           Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд. Толгой хэсэгт олон удаагийн хүч үйлчилсний улмаас дээрх гэмтлүүд үүснэ. Олон удаагийн үйлчлэл гэдэг нь 2-оос дээш гэж ойлгож болно. Мохоо зүйл гэдэгт хурц ир, ирмэгтэйгээс бусад зүйлийг оруулна. Гараар цохих, хөлөөр өшиглөх, шал, хананд цохигдох бүгд орно. Дээрх гэмтлүүдийг авсан хүн богино хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Уг хүн нь хүнд гэмтэл авч тархины хүнд гэмтлийн улмаас хүндэрч идээт үрэвсэл болж нас барсан байна. Ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Уг хүн нь хүнд гэмтэл авч хүндэрч нас барсан. Эмчилгээ бол шаардлагатай бүх эмчилгээг бүрэн хийсэн байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 124-125 дугаар хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №1651 дугаартай:

“         “...3. Ж.Мийн гэх өвлийн гутал дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлэг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 134-138 дугаар хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №1916 дугаартай:

           “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №8,9,10 дугаартай гутлын мөрийн хэмжээг тогтоох боломжгүй. Харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой байна.

           2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №8,9,10 дугаартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны мөртэй хээний ерөнхий шинж, тэмдгээрээ ижил байна. ... “ гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 144-149 дүгээр хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №1330 дугаартай:

           “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон эрээн өмдөнд түлэгдэлт, ханзралт, хар, бор алаг өнгийн хос гутланд урагдалт, улны салалт, хар оймсонд цооролтууд, хар өнгийн хүрмэнд урагдалт, ханзралт гарсан байна.

           2. Хар, бор алаг өнгийн баруун гутлын өсгийн дээд талд байрлах татуурганд урагдалт, хар хүрмэнд ханзралт, урагдалт шинээр гарсан байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 159-162 дугаар хуудас/,

 

           2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл түр хураан авсан “...JUAN гэсэн бичиглэл бүхий хар өнгийн жижиг дөрвөлжин төхөөрөмж ...нийт 2 ширхэг хар төхөөрөмжийг шинжилгээнд өгүүлэхээр хураан авав. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 174 дүгээр хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №1331 дугаартай:

           “...1. Шинжилгээнд ирүүлсэн “HIKVISION” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгүүдээс шүүлт хийж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20:45:00 секундээс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07:14:59 секундийн хоорондох камеруудын дүрс бичлэгийг хөрвүүлэн авч Дивиди дискэнд хуулбарлав.

           2. Шинжилгээнд ирүүлсэн “JUAN” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгүүдээс шүүлт хийж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20:45:00 секундээс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07:14:59 секундийн хоорондох камерын дүрс бичлэгийг хөрвүүлэн авч дивиди дискэнд хуулбарлав.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 178-180 дугаар хуудас/,

 

           Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1349 дугаартай:

           “...1. Ж.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           2. Ж.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

           3. Ж.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

           4. Ж.М нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 184-185 дугаар хуудас/,

 

           Хохирогч Д.Гын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан 00002044 дугаартай өвчний түүхийн “...2019.03.01 Нүүрээр маш их хаван хавдартай, зулгарсан шархтай. Дагзны хэсэгт 3-4 см орчим зүсэгдсэн шархтай, шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт... ГССҮТ. КТГ-д: ...хоёр нүдний ухархайнуудын дотор ханын цөмөрсөн, зүүн нүдний ухархайн доод ханын зөрөөгүй хугаралтай. Баруун, зүүн этмоид хөндийн салст зузаарсан. Хамрын баруун зүүн дайвар хөндий цустай... Зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 2,0-2,5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан +60 нягтралтай хурц субдурал цус хуралттай. Зүүн тал бөмбөлгийн тархины эд дарагдалтай... Зүүн хажуу болон 3-р ховдол шахагдаж нарийссан ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 195-235 дугаар хуудас/,

 

           Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 21-23 дугаар хуудас/,

 

           Мөрдөгч баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 31-34 дүгээр хуудас/,

 

           Гэрч Ө.Бямбаринчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ж.М гэх залууг бол танихгүй. Харин өвчтөн Доржийн Г гэх өвчтөнг санаж байна. Хамгийн анх манай тасагт хүргэгдэн ирэхдээ нэр хаяг нь тодорхойгүй гэж ирж байсан. Тэр үед нь сахиурын уулзах цагийн үеэр нэг залуу ирсэн байсан. Тэр залуу памперс болон бусад хэрэгтэй зүйлсийг нь авч ирж өгч байхаар нь чи ямар учиртай хүн бэ энэ өвчтөнтэй ямар холбоотой юм бэ гэхэд тэр залуу манай байрны орцонд байсан хүн юм гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд өвчтөн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүндэрч нас барсан юм. Тэрнээс хойш мэдэхгүй байна. Тэгтэл 2020 оны 10 дугаар сард байх өдрөө сайн санахгүй байна, ажил дээрээ байж байхад намайг нэг хүн дуудуулсан. Гараад очиход нэг залуу байсан. Тэр залуугаас яах гэж байгаа билээ гэхэд тэр залуу та намайг санахгүй байна уу өнгөрсөн жил нэг хүн сахиж байсан тэр хүн маань нас барсан. Та намайг тухайн үед яасан хүн чанартай хүн бэ гээд байсан гэж хэлэхээр нь би санасан. Тэгтэл тэр залуу надад тулгаад би нас бардаг хүн дээр байнга ирдэг байсан биз дээ, хэрэгтэй зүйлийг нь бүгдийг нь авч ирж өгдөг байсан биз дээ гээд намайг тулгаад байхаар нь тийм ээ тийм гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надаас би тэр хүнийг зодоогүй, тэр хүн өөрөө ойчсон гэж надад хэлж байх үед та хажууд байсан биз дээ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй, санахгүй байна гэж хэлээд ажил руугаа буцаад орсон юм. Намайг үзэж байх хугацаанд Д.Га гэх өвчтөн ямар нэгэн яриа өгүүлэл гаргах чадваргүй ухаангүй байсан. Тэр Ж.М гэх залуу над дээр ирээд тэгж хэлснийг бодохоор би их гайхаад байна. Би тухайн үед тэр залуу Д.Га өвчтөнтэй ямар нэгэн ах дүү хамаатан садангийн харилцаа байхгүй мөртлөө эмнэлэгт хэвтээд нас бартал нь сахиур хийгээд хэрэгтэй юмыг нь авч өгөөд байсныг гайхаж сүүлдээ ямар хүн чанартай залуу вэ гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 50-51 дүгээр хуудас/,

          

           Гэрч М.Цэрэнпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би мэдэхгүй байна. Тийм яриа өгүүлэл болсон талаар мэдэхгүй байна. Өвчтөний түүхийг харахад амь хохирогч Д.Га нь ухаангүй, ямар ч орчиндоо харьцах чадваргүй байсаар байгаад нас барсан талаар өдөр болгоны эмч нарын үзлэгийн тэмдэглэлээр тодорхой бичсэн байна. Тийм хүн ямар нэгэн байдлаар яриа өгүүлэл гаргаж чадаагүй, тийм чадвар байхгүй байсан. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 53 дугаар хуудас/,

 

          Гэрч Ч.Батмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвчтөний биеийн байдал болон ухаан санаа үнэлэх үнэлэмжээр өвчтөний тавиланг үнэлдэг, тархины гэмтлийн үеийн гласкогийн үнэлэмж 12-13 байсан байна. Энэ бол өвчтөн бүрэн ухаантай гэсэн үнэлэмж биш. Өөрөөр хэлбэл үнэн зөв бодит өгүүлэмжийг өгөх боломжгүй гэсэн үнэлгээ юм. Ухаан санааг үнэлэх үнэлэмж 15 балтай буюу биеийн байдал тогтворжсон дэмийрэл хөөрөлгүй байдлын үед үнэн зөв яриа өгүүлэмж өгөх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 54 дүгээр хуудас/,

 

         Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар юу ч санахгүй байна. Манай сэхээний тасагт ерөнхийдөө ухаангүй яриа өгүүлэл гаргаж чадахгүй хүмүүс байдаг. Тийм болохоор ярьсан эсэх талаар санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 56 дугаар хуудас/,

 

           Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/802 дугаартай албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 64 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө харуул, лифтчин Баттулга маш өндөр халуурч бие нь сульдсан байсан юм. Би 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад өмнө нь ирэхэд бие нь муу байсан болохоор чөлөө авах уу гэхэд би унтана аа гэж байсан юм. 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа 19 цагийн үед ирээд гэртээ орж хэсэг амарч байгаад 22 цаг өнгөрч байхад Мишээл кафе руу камер янзалж өгөхөөр гарсан юм. Надад байсан илүү бичигтэй хардыг суулгаж өгөх гэж байсан юм. Мишээл кафед ороход төрсөн өдрөө тэмдэглэж байгаа бололтой нилээн хэдэн залуучууд охидууд байсан бөгөөд Отгоо тэд нарыг хальт таньдаг юм шиг санагдсан. Би паб-д орохдоо цоо эрүүл орсон бөгөөд пабаар утас янзлаад явж байхад төрсөн өдрөө тэмдэглэж байсан хүмүүс хамт суугаач гэхэд би ах нь ажилтай байна уухгүй гээд хундагатай архийг нь буцаагаад өгөөд дараа болъё гэж хэлсэн. Тэгээд хэсэг ажлаа хийж байгаад намайг дахиад дуудаад байхаар нь би очиж ширээн дээр нь хальт суугаад надад 1 пиво задалж өгсөн. Би пивоноос нь хальт амсчихаад босоод явсан. ...Ажлаа хийгээд явж байтал нойлын хажуунаас нэг залуу нь дуудаад хаалгаа хаачихаад яръя хөгшөөн гэхээр нь очиход хаалгаа хаагаад нөгөө залуу чинь пизда минь гээд хараалын үг хэлэхээр нь би юу гээд байгаа юм бэ гэхэд намайг барьж аваад мөргөөд би барьцалдахад нөгөө залуу чинь почкин дээр гараад намайг цохих гээд би гараас нь бариад байж байхад Отгоо нөгөө хүмүүс ирээд салгасан. Би ажлаа хийгээд нөгөө хүмүүсийг гар гээд гаргаад би жаахан ажиллаж байгаад 02 цаг өнгөрч байхад гарсан. Тэнд би ямар нэгэн архи дарс хэрэглээгүй цоо эрүүл гарсан... Би паабаас гараад өөрийн гэр болох Хархорин хорооллын 51/3 дугаар байр руу эхэлж ороод лифтээр нь 16 давхарт шууд гараад доошоо шатаар бууж орцоо эргэж явсаар 6, 5 давхарт нэг, нэг эрэгтэй хүмүүс хэвтэж байхаар нь хөөе гар гар гэхэд өөрсдөө босоод доошоо буусан. Тэгээд нөгөө 2 миний өмнө гараад явчихсан. Би 3 давхарт буухад мэдрэгчтэй гэрэл асахгүй байхаар нь хөлөөрөө дэвсэлж үзсэн. 3 давхрын шатны хажууд хүмүүс хог хаясан байна гэж би харсан байсан юм. Гэтэл гэрэл асахад хүн байхаар нь “хөөе ах аа гараарай” гээд хөл, гараараа бүсэлхий хэсэгт нь тогших байдалтай дуудахад сайн харахад нөгөө ах чинь боссон. Би сайн харахад тэр ахын толгой, дагз хэсэгт нь цус урссан, хэвтэж байсан газар болон наахан талд нь шал цус болсон байсан. Энэ ах болохоор нилээн согтолттой надаас тамхи байна уу гэхээр нь би татаж байсан тамхиа өгөөд яасан бэ гэж асуухад амандаа бувтнаад байхаар нь би яасан юм уначихсан юм уу гэхэд толгой дохисон. Би гараас нь татаж босгоход нөгөө ах өөрөө өндийж босож дайвалзаж 2-3 алхаад шатан дээр суугаад тамхи татсан. Би дахиад зүгээр үү ахаа гэж асуухад зүгээрээ зүгээр гээд амандаа архитай холбоотой үг хэлэх шиг болсон. Та гадаа хүйтэн байгаа учраас эндээ хоночихоод өглөө эрт энэ хавьд болсон цусаа цэвэрлээд гараад яваарай. Оршин суугчид уурлана шүү гээд түшиж босгоод хана налуулж үлдээхэд толгой дохиод үлдсэн. Би Г дээр очиход унтаж байхаар нь дээр чинь хүн унтаж байна шүү энийгээ анзаараарай гэж хэлээд шууд гэр рүүгээ орсон. Намайг гэрт ороход 03 цаг өнгөрч байсан байх аа. ... Би гэртээ орчихоод эргэж гарч ирээгүй ээ. Энэ хүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Пүрэв, Маадыроол хоёртой хамт орцоор тойрч явсан нь үнэн юм аа... Камерын бичлэгүүд харуулуудын өрөөнд байдаг. Пүрэв ганцаараа байхдаа камерын бичлэгийг буцааж харах боломж байхгүй байсан. Харин 3 дугаар сарын 01-ний өглөө цагдаа нар ирээд камерын кодыг нь асуугаад шүүж үзэх гэхэд нь би утсаар кодыг нь хэлж өгсөн. Энэ үед Пүрэв цагдаа нартай хамт байсан байхаа. Г гэх хүнийг би цохиж, зодож хана руу түлхсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 16-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

        Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хэргийн 43-46 дугаар хуудас/, Гэрч Ч.Саранчимэгийн мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/,  Сэжигтнийг  шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 188 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Мийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хэргийн 236-250 дугаар дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 67-85 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн “Хар хорин-51” СӨХ-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Мөөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт сэрдэгдэж буй хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь түүний үндсэн эрхийг зөрчиж Үндсэн хуульд харшилж байна гэж үзэх бөгөөд мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Мөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 25 минутад гэрчийн мэдүүлэг авах үед гэрч “...би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэсээр байхад 5 минутын дараа буюу 21 цаг 30 минутад гэрчээс өмгөөлөгчгүй дахин мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6 дахь хэсэгт “өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрчээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.М нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Гыг орцноос хөөж босгох зорилгоор түүнийг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины хүнд гэмтэл учруулж, улмаар хохирогч “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв”-д эмчлэгдэж байгаад 15 хоногийн дараа тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогч Д.Гын “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй. 

Хохирогч Д.Гын тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон болно. 

Монгол улсын иргэний амьд явах эрх Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх ба энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ж.Мийн амь хохирогч Д.Гыг орцноос хөөж гаргах гэсэн шалтгааны улмаас зодсон үйлдэл, амь хохирогч Д.Га нь гавал тархины хүнд гэмтэл авч улмаар 15 хоногийн дараа тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан хоёр нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Мийн дээрх үйлдэл хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж хүсэж үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт буюу хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Тиймээс шүүгдэгч Ж.Мийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар“...Талийгаач хүнд гэмтэл авсны улмаас нас бараагүй, уг хүнд гэмтлээс үүссэн шарханд эмнэлэг зохих эмчилгээг хийгээгүй, хариуцлагатай хандаагүй, эмч өргөсөн тангарагтаа үнэнч зүтгээгүйгээс шарх гэмтэл нь халдвар авч бохир орсны улмаас идээлсэн, улмаар идээ нь бугшиж улам хүндрээд үхэх үндсэн гол шалтгаан болсон ... шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн үр дагавар биш эмч нарын шархыг цэвэрлээгүй, үүргээ биелүүлээгүй, төгс эмчилгээ хийгээгүй шалтгааны улмаас амь хохирогч нас барсан  ...Шүүгдэгчийн хувьд СӨХ-ийн менежерийн ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлснээс болж ийм байдалд хүрсэн, тийм болохоор шүүгдэгчийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж өгнө үү... ” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно. 

         Учир нь хавтаст хэрэгт авагдсан “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв”-ийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Бадмаарагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Доржийн Г гэх 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт гавал тархины хүнд гэмтэлтэй, тархины хатуу хальсан доорхи цус хуралт, 2 голын ухархайн яснуудын хугарал гэх мэт хүнд гэмтэлтэй ирж яаралтай тусламжаар хурсан цусыг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засалд ороод эрчимт эмчилгээний тасагт шилжиж хэвтсэн байдалтай байсан ба хагалгааны дараагаас миний бие хүлээн авсан. 2019 оны 3 дугаар сарын 01-16-ны өдрийг хүртэл өвчтөний биеийн байдлыг харгалзан эмийн эрчимт эмчилгээг зохиомол амьсгалын аппаратын тусламжтай хавсран хийгдсэн. Эмчилгээ хийгдэх хугацаанд өвчтөн өмнө тасагт ухаангүй, маш хүнд, орчиндоо харьцаагүй, хагалгааны дараах байдалтай ирсэн. Ингээд өвчтөнд зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч үр дүн өгөхгүй хагалгааны дараах идээт үрэвсэл буюу гэмтлийн шалтгаантай хүндрэлийн улмаас нас барсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №746 дугаартай шинжээчийн “...Өвчтөнийг зөв оношлон эмнэлгийн зохих ёсны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээг бүрэн хийсэн байна.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ.Талийгаачид уушгины хатгалгаа, голомтлог сүрьеэ, элэг, нойр булчирхайн архаг хууч өвчин тогтоогдсон ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно.” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан гэмтлүүд. Толгой хэсэгт олон удаагийн хүч үйлчилсний улмаас дээрх гэмтлүүд үүснэ. Олон удаагийн үйлчлэл гэдэг нь 2-оос дээш гэж ойлгож болно. Мохоо зүйл гэдэгт хурц ир, ирмэгтэйгээс бусад зүйлийг оруулна. Гараар цохих, хөлөөр өшиглөх, шал, хананд цохигдох бүгд орно. Дээрх гэмтлүүдийг авсан хүн богино хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Уг хүн нь хүнд гэмтэл авч тархины хүнд гэмтлийн улмаас хүндэрч идээт үрэвсэл болж нас барсан байна. Ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Уг хүн нь хүнд гэмтэл авч хүндэрч нас барсан. Эмчилгээ бол шаардлагатай бүх эмчилгээг бүрэн хийсэн байна. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

       Өөрөөр хэлбэл хохирогч Д.Гын амь нас хохироход түүнд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй болно. 

 

       Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм, журам, гэрээ хэлцлийг зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байдлаар илэрнэ. Энэ гэмт хэрэгт ихэвчлэн ахуйн болон мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм журам, горимуудыг зөрчсөн, эсхүл сахиагүй зэрэг нөхцөл байдлууд хамаарах бөгөөд гэм буруутай этгээд чухамдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүрэг биелүүлээгүй гэдгийг тогтоох шаардлагатай.

 

      Хавтаст хэрэгт шүүгдэгч Ж.Мийн “СӨХ-ийн менежер” ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд ажлын байрны 5 дугаар зорилтод “...орц хонгилоор архичин, тэнэмэл хүмүүсийг хонуулж орогнуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэх, ажлын бус цагаар орц подволоор явж орон гэргүй тэнэмэл хүмүүсийг оруулахгүй, орсон тохиолдолд тэр даруй гаргах...” гэж заасан бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч Ж.М ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэн явж байгаад хохирогч Д.Гатай тааралдаж энэхүү гэмт хэрэг гарсан байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй буюу шүүгдэгч нь харин ч ажил үүргээ гүйцэтгэж байсан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

       Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Ж.Мийн хохирогч Д.Гын эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй, дээр дурдсанчлан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

       Товчоор дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

       Иргэдийн төлөөлөгч Ц.М нь шүүгдэгч Ж.Мийг гэм буруутай гэж үзсэн болно.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

        Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ... эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

       Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь Д.Гын амь нас хохирсон байдал ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно. Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлын болон бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал “...Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй байна.

 

  Түүнчлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдаж байна.   

 

  Нөгөөтэйгүүр хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шууд учирсан хохирол нь “хүний амь нас” байдаг бөгөөд үүнтэй холбогдон гарах бусад зардал нь /оршуулах болон бусад/ хор уршигт тооцогдоно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлсон байдаг. Хуулийн энэ тодорхойлолтоос дүгнэхэд хүний амь нас хохирсон гэм хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй буюу “хохирол нөхөн төлөгдсөн” гэх ойлголт хөндөгдөхгүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 8 /найм/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Мийн шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хөндөг оёдолтой куртик 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн улаан эрээн үдээстэй хагас түрийтэй саарал арзгар ултай Brodxx гэсэн бичигтэй гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг 8 /найм/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 8 /найм/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

          4. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийн шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хөндөг оёдолтой куртик

1 ширхэг, хар өнгийн жийнсэн өмд 1 ширхэг, хар өнгийн улаан эрээн үдээстэй хагас түрийтэй саарал арзгар ултай “Brodxx” гэсэн бичигтэй гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

        8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО

 

                   ШҮҮГЧ                           Л.ОЮУН

 

                               ШҮҮГЧ                           Л.ОДОНЧИМЭГ