Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Б.************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************ы **************өд холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Б.************** нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 27-14 тоотод нөхөр **************тэй маргалдаж түүнийг эсэргүүцэн хөл гараа савчих явцдаа тухайн үйл явдлыг салгах гэж ирсэн хохирогч **************ын давсган тус газар хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.************** нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 27-14 тоотод нөхөр **************тэй маргалдаж түүнийг эсэргүүцэн хөл гараа савчих явцдаа тухайн үйл явдлыг салгах гэж ирсэн хохирогч **************ын давсган тус газар хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.**************ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Чандмань-Өндөр сум луу явж мах авч ирнэ гээд гэрээс явсан. Би нөхөртөө туслах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байна гэж тэнд байсан айлын хүн надад хэлсэн болохоор нь 2 хоногийн дараа би гэрээсээ гарсан. Намайг очход манай нөхөр намайг очихоос урд өдөр нь архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Би юуг уусан аль зэрэг уусныг сайн мэдэхгүй нилээн үнэртэй байсан. Маргааш өглөөнөөс бид 2 тус тусын ажилаа хийсэн манай нөхөр мал нядлаж би гэдсийг нь цэвэрлээд өдөр чинь болсон бид хоёр З цагийн үед дуусаж Сайханбаяр гэх айлд хонсон. Маргааш өглөө 11 цагийн Чандмань-Өндөр сумаас гарж ойроо 20 цагийн үед бид 2 гэрт орж иртэл хадам ээж Лашням их ууртай байсан. Над руу уурлаад авчирсан идээ будааг шидлээд намайг хэл амаар өдөөд, доромжлод өөд болсон эцэг эх ах дүү нараар нь доромжилсон дараа хадам ээж хүүгийн толгойг илсэнээ миний хүү архи уу ёстой зөв архи уугаарай гээд байсан. Тэгж хэлээд байхаар нь би хадам ээжээс өдөөс хэдэн үг хэлсэн тэгтэл хадам ээж чи орох оронтой юм уу миний хүүгийн гэрээс зайл чи зүгээр алга бол гэхээр би гэрээсэй гарсан. Би тэр өдөр дүүгийндээ буюу Бадрал гэх айлд хонсон. Маргааш өглөө 08 цаг 30 минутанд очиж хувцасаа авах гээд очсон чинь нөхөр уурлаад намайг дараад авсан хадам ээж намайг үснээс цулгасан миний өвдөг дарсан байсан. Би болиоч гэж хэлсэн тэгээд манай нөхөр цодох гэж байхаар би хадам ээжийг өшиглөсөн байсан. Манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. … Би хадам ээжтэйгээ хэвийн харилцаатай хадам ээж уурлахаарай элдэв янзаар хэлээд байдаг. Хадам ээжийн биед болгоомжгүйгээр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  ” гэх мэдүүлэг,

Хохирогч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Би хэзээ болсоныг мэдэхгүй байна. Манай хүү Гэндэнпүрэв гэрт ирээд хоймроо сууж
байсан чинь эхнэр ************** нь утас үзээд хоол ундаа идэхгүй суугаад байсан. Тэгсэн чинь Тввшрөх түлээний модноос нэг ширхгийг аваад хүү Гэндэнпүрэв рүү шидсэн. Тэгэхээр нь би зүгээр сууж байгаа хүүхэд рүү мод шиддэг нь яаж байгаа юм гэж хэлсэн чинь юм дуугарахгүй байсан. Би хүүхдээ гар гээд гаргасан чинь манай хүү гараад явсан. Манай хүү гараад явсны  дараа ************** намайг барьж аваад үстэж дараад өшиглөсний дараа би ухаан балартсан. Тэр хүүхэн намайг манайд шээсэн байна чавганц минь гэхээр нь би шээснээ мэдсэн. Тэгээд би хүн байна уу намайг салгаач гээд орилоод хүүгээ дуудсан. Хүү гадаа байж таараад орж ирээд цагдаа дуудсан. Тийм л зүйл болсон. ...миний хүү Гэндэнпүрэв нь **************ийг орон дээр гарыг нь дараад унагасан байдалтай байсан. Тэгээд би уур хүрээд гүйж очоод **************ийн үснээс нь зулгаагаад доошоо дарсан байхад өшиглөх шиг болсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-20-21, 24х/,

Насанд хүрээгүй гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би хэзээ болсныг сайн санахгүй байна. Ээжийн бие муудаад байгаа болохоор аав ээжийг амарч бай гээд үлдээгээд нэг хүнтэй хөдөө цагаан идээ, мал авахаар явсан. Хөдөө очсон айлын эхнэр манайд ирсэн байсан чинь “аавыг архи уугаад байна, чи явж малаа янзлахгүй бол болохгүй юм шиг байна” гээд маргааш нь ээж, айлын эгч, дүүг дагуулаад явсан. Удаагүй 2 хоногийн дараа аав, ээж, хөдөө очсон айлын эзэн нь цуг ирсэн. Тэгээд бид нар ор дэрээ засаад унтах гэж байсан чинь ээж аавыг “архи ууж машинаа эвдлээ” гээд уурласан чинь эмээ “хааяа уухад яадаг юм” гээд өмөөрөөд хоорондоо хэрэлдээд эмээ ээжийг “гудманд явж байхад чинь авсан” гэх мэт үгээр доромжлоод аавыг “миний хүү архи уух нь зөв” гэж хэлээд толгойг нь илсэн. Тэгээд ээж уурлаад эмээ “чамайг энхрийлэх ээж байдаг юм уу”  гэж хэлсэн. Би ээжийг дуугүй бол гэж хэлсэн чинь дуугүй болохгүй байхаар нь би дүүг нь дуудсан чинь ээжийн дүү ирээд ээжийг аваад явсан. Маргааш өглөө нь ээж , аав хоёр яг зэрэг гэрт орж ирсэн чинь эмээ “бас л хэрэлдэх гэж орж ирэв үү” гэж хэлээд тэгээд аав ээжийг дарж аваад байж байхад эмээ гэнэт босч ирээд ээжийг үстсэн чинь ээж эмээгийн подволкноос бариад авсан чинь хоолой хэсэг нь урагдсан. Тэгээд байж байхад манай ах босч ирээд алин болгон ээжийгээ та нарт дарамтлуулдаг юм”гээд хоёр тийш болгосон чинь эмээ “боль, боль миний энд өвдөөд байна гээд гэдсээ дараад байсан. хоёр билүү гурав хоног зүгээр явж байсан. гэнэт аав манай ээж чамаас болж хагалгаанд орж байна гэж ээжид хэлсэн. Тэгээд аав цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирсэн. Эмээ дуугүй хэвтэж байснаа цагдаа ирсэн чинь “наадах чинь намайг алах гээд байна” гэж хэлсэн. Манай эмээ манайд ирснээс хойш өдөр болгон муудалцдаг болсон. ... эмээ элгээ тэврээд байхаар нь өшиглөсөн байх гэж бодсон. Аав ээжийн хоёр гарыг дараад байж байсан ...” гэх мэдүүлэг /хх-28-30/,

Гэрч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сард болсон асуудал байхаа. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. ... ээж ор засах гээд яваад байсан чинь эхнэр би ор засахын оронд юу хийгээд яваад байгаа юм гээд ээж рүү уурлаад хоорондоо хэрэлдээд сүүлдээ над руу уурлаад мод аваад шидэхээр нь би гараад явсан. Маргааш өглөө нь ирсэн чинь дахиад хэрүүл болоод надтай барилцаж аваад дараа нь ээжтэй барилцаж аваад ээжийг өшиглөсөн чинь орилоод унасан. Тэгээд би шууд цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Гэрч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... өглөө нь манай дүү бид хоёр унтаж байхад аав, ээж хоёр гэрт ирсэн. Аав ээжийг зодох гээд дээрээс нь дараад ороод ирсэн чинь хөгшин ээж ээжийн зүүн талын өвдөг дээр дараад үстээд байсан. Би босоод салгаад эмээ, аав хоёрыг аваачиж суулгаад байж байхад аав хөгшин ээжийн шээстэй өмдийг ээж рүү шидээд угаа гэж хэлсэн. ...аав ээжийг дарж унасан байхад эмээ, нөгөө талаас ирээд үстээд байсан. Ээж тавиач гээд байхад эмээ тавихгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Эгчийн хүүхэд намайг дуудахаар  нь би очих үед эмгэн, манай эгч хоёр хэрэлдэж байсан. Тэгээд эгчийг маань хоосон нойтон гуйлгачин, чамд ах дүү нар байгаа юм гээд доромжлоод байхаар нь эгчийгээ өрөвдөөд аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-41-42х//,

Гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10-11 цагийн үед байх манай эхнэр ээжийг зодоод байна гэх дуудлага ирээд тухайн үед би Мөрөн суманд үүрэг гүйцэтгэж байсан болохоор дуудлагад очсон” гэх мэдүүлэг /хх-44х/ ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 тоот дүгнэлт:

  1. **************ын биед давсагны урагдал, баруун шуу, умдагны дээд хэсэгт цус хуралт бүхийн  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ.
  3. **************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 46х/,

Хохирогч ************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-н 115х/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд

тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.************** нь хохирогч **************ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.**************ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.**************ийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр хохирогчтой харилцах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1500 төгрөгийг гаргуулна гэв.

Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон хохирогчтой харилцах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялын саналыг шүүгдэгч Б.************** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр хохирогчтой харилцах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.**************өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.**************өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1500 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч “Хатгин” **************ы **************ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч **************ы **************ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************ийг хохирогч **************тай 1 /нэг/ жилийн хугацаагаар харилцах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогч **************тай 1 /нэг/ жилийн хугацаагаар харилцах эрхийг хязгаарласан албадлагын арга хэмжээг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.**************өд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1500/нэг мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.**************өөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.**************өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************өд шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН