Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 14

 

Ц.Цээмаагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 86 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-5 тоотод оршин суух Тайж овгийн Цацралтын Цээмаагийн /РД: ДЮ83060500/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Мөнхнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Цээмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймаг дахь орон нутгийн өмчийн албанд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Ингэж ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор Аймгийн орон нутгийн өмчийн албатай худалдан авах ажиллагааны албыг нэгтгэж Орон нутгийн өмчийн газар нэртэй болгон 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамж гарсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надад ямар ч мэдэгдэх хуудас өгөөгүй, мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаал захирамжгүй, харин Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалын дагуу миний ажлыг хүлээн авч, Худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.Зогсохжаргалыг томилсон. Ингэж томилохдоо Төрийн сангийн хэлтсээс мэргэжилтнүүд ирж Худалдан авах

ажиллагааны нягтлан бодогч Я.Зогсохжаргал бид хоёроос шалгалт авсан боловч энэ нь хүчин төгөлдөр шалгалт байсан гэхэд эргэлзээ төрж байгаа юм. Учир нь төрийн албаны шалгалтанд тэнцээд ажлаа хийж байгаа албан хаагчаас дахин шалгалт авах эрх төрийн сангийн хэлтэст байхгүй бөгөөд шалгалт авах асуудлыг Төрийн албаны салбар зөвлөл хариуцаж авах ёстой гэж би үзэж байна. Мөн түүнчлэн намайг ажлаас гаргахдаа орон тоог цөөрүүлэх хэрэгтэй байна, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэж хэлж байсан мөртлөө намайг ажлаас гарснаас хойш Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг мэргэжилтнээр ажилд авсан байна.

Иймд 12 дугаар сарын 20-ноос хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж авсан дээрх шалгалтыг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Орон нутгийн өмчийн газрын даргын тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд буцаан томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу Орон нутгийн өмчийн газрыг байгуулахаар тогтоосон. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурал нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан. Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулсан. Ингэж тус газар үүсэн байгуулагдаж, 2016 оны жилийн эцсийн төсөв санхүүгийн гүйлгээ хаах үе дөхсөн байсан тул шинэ бүтцийн дагуу газрынхаа албан хаагчдыг байршуулах зайлшгүй шаардлага гарсан. Татан буугдсан Орон нутгийн өмчийн алба, мөн Худалдан авах ажиллагааны алба нь тус бүрдээ нягтлан бодогчтой байсан, шинээр байгуулагдсан газрын батлагдсан бүтэц орон тоонд дан ганц нягтлан бодогч гэсэн албан тушаал батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн орон тоо батлагдсан байсан тул тус албадад ажиллаж байсан 2 нягтлан бодогчоос хууль журмын дагуу аль нэгийг нь сонгож томилох зайлшгүй шаардлага гарч, тус 2 албан хаагчаас хэн нь нягтлан бодогчийн албан тушаалд илүү их нийцэж байгааг нь зөвшилцөхөөр газрын даргын 2016 оны 7 тоот албан бичгээр Санхүү, төрийн сангийн хэлтэст саналаа хүргүүлж, Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 6/1368 тоот албан бичгийг голлон авч үзэж газрын нягтлан бодогчоор Я.Зогсохжаргалыг томилсон. Газрын нягтлан бодогч нь худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэх ёстой, Я.Зогсохжаргал нь худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй байгаа нь уг хүн тус албан тушаалд илүү их нийцэж байгааг нотлон харуулж байгаа тул нягтлан бодогчийг томилсон шийдвэрийг хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоход ямар нэгэн байдлаар мэдээгүй байж байхад нь нягтлан бодогчийн ажилд авсан гэж байх шиг байна. Манайхан бүгд мэдсэн байсан. 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалингаа авалгүй байж байгаад байгуулагдсан. Нягтлан бодогчийн асуудал яригдана гэдгийг мэдэж байсан. Байнга чиглэл өгөөд амаар ярилцаж мэдэж байсан. Үзлэг тооллогын ажлыг ганцаараа хийсэн юм шиг ярьж байна. Өөр өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу ажилласан. Жирэмсний амралтаа эдлэхдээ мэргэжилтэнд хэлээд явсан. 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ороход нэгтгэгдээгүй байсныг би өөрөө нэгтгэж Тамгын газарт явуулсан. Ц.Цээмааг би чөлөөлөөгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 55 дугаар тогтоолоор байгууллага нь татан буугдсан. Албан байгууллага татан буугдахад чөлөөлөх ёстой байсан байх. Заавал би чөлөөлөх үндэслэл байхгүй. Ц.Цээмаа нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан нь түүний төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж тэнцсэнтэй хамааралгүй, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага нь шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан тул уг шалгаруулалттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг манай газар хариуцах шаардлагагүй гэж үзэж байна. Ундрахбаяр нь төрийн сангийн хэлтэст 6-7 жил ажиллаж байгаа. Нөгөө нягтлан бодогч дээр манай гүйлгээ хийгддэг тул ашиг сонирхол үүсэхгүй байх. Ажилгүйдлийн тэтгэмж аваагүй эсэх нь өөрийнх нь асуудал. Шинэ байгууллагынхаа тамга тэмдэг захиалаад 12 дугаар сарын 20-ны өдөр болоод 12 дугаар сарын 23-нд эхний ээлжинд нягтлан бодогчоо томилох шаардлагатай болсон. 1.6 сая төгрөгийн тэтгэмжийг Ц.Цээмаа авсан. Тэтгэмжээ авахгүй гэж байгаа бол тэтгэмж бодож өгөхгүй. Өргөдлөө өгчихөөд 10 минутын дараа засвар хийе гэж хэлээд урчихсан. Маргааш нь миний тэтгэмжийн мөнгө буух гэж байна уу гээд асуугаад байсан. Томилолтоор бид нар хамт явсан. Бид нар өнөөдөр хүртэл аваагүй. Томилолтын зардал хүрэхгүй байгаа гээд тодотголоор тавьж өгөөгүй. Манай байгууллагад хүн нэмж аваагүй. Өөрсдөө дотроо байрлах газаргүй байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгасан нь Ц.Цээмааг ажлаас чөлөөлөгдсөнийг нотлох төдийгүй нэхэмжлэгч нь бүтэц орон тооны өөрчлөлтөд орсонтой холбогдуулан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг төрөөс авсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цээмааг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цээмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.984.840 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ц.Цээмаад олгохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Цээмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Мөнхнасан би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 86 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэтэрхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд гарсан нэг талын шийдвэр гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

Орон нутгийн өмчийн алба нь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж, Орон нутгийн өмчийн газар болон зохион байгуулагдаж бүтэц, орон тоог тогтоож өгсөн ба энэ захирамжаар манай газар нягтлан бодогчгүй болж, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийг хавсран гүйцэтгэхээр бүтцийг баталж өгсөн.

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага нь А-3 гэрчилгээтэй байж худалдан авах ажиллагааг зохион байгуулах хууль зүйн үндэслэлтэй байсан.

Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн, томилж, чөлөөлнө", 19.6.3 дахь заалтад аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай" зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тэдний шалгалт аваад санал болгосон, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй Я.Зогсохжаргалыг худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, орон тоо хасагдаж өөрчлөлт орж байгаа, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байгаа гэдгээ Ц.Цээмаа нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамж гарснаас хойш мэдэж, бид ч хоорондоо ярилцаж санал, солилцож байсан.

Мөн нэхэмжлэгч Ц.Цээмаа нь өөрөө ажлаас гарснаа хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авах тухай өргөдлөө бичиж, мөн тэтгэмж хэзээ орох вэ, тэтгэмжээ авмаар байна гэж удаа дараа шаардаж байсан учир би тэтгэмж олгох тушаалыг өргөдлөө өгснөөс хойш 1 хоногийн дараа гаргаж, тэтгэмжийн 1.618.641 /нэг сая зургаан зуун арван найман мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг Ц.Цээмаагийн 5315 087162 тоот дансанд шилжүүлж өгсөн.

Гэтэл өргөдөл дээрээ тэтгэмжийнхээ дүнг буруу бичсэн байна, засаад өгье гэж хэлж аваад, тэр дор нь манай байгууллагын мэргэжилтэн Н.Цэвэлмаа бид хоёрын дэргэд урж хаясан юм.

Энэ өргөдөл нь нэхэмжлэгч Ц.Цээмаагийн ажлаас халагдсанаа зөвшөөрсөн, бүх асуудлыг мэдсэн нотлох баримт байсан.

Энэ нотлох баримт болон өргөдөл гаргаж өгснөөр өөрөө бурууджээ гэдгээ тэр дороо хуулийн зөвлөгөө авснаар мэдээд устгасан байх гэж үзэж байгаа ба энэ байдлыг хариу тайлбар шүүх хуралдаан дээр үнэлээгүй хэтэрхий нэг талыг барьсанд нь гомдолтой байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 19.6.3 дахь заалтад зааснаар мэргэжлийн байгууллагадаа хандаж, зөвшилцөн, томилж, чөлөөлнө гэдгийг болон ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага нь А-3 гэрчилгээтэй байна гэдгийг Ц.Цээмаад хэлж ойлгуулахад ойлгосны үндсэн дээр тухайн үед өргөдөл гаргасан гэж үзэж байна.

Энэ талаараа ч шүүхэд нотлох баримт гаргаж өгч. хэлж тайлбарласаар байтал үнэлээгүйд гомдолтой байна.

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 19.6.3 дахь заалтад зааснаар нягтлан бодогчоо зөвшилцөхөөр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст санал хүргүүлэхдээ тэгш шударга байх үндсэн зарчмыг бодож шийдвэрлэж өгөхийг хүсч тоот явуулахад Санхүү, төрийн сангийн хэлтэс уг 2 албан хаагчдаас тестээр шалгалт авсан байдаг.

Тус шалгалтыг авахад Ц.Цээмаа, Я.Зогсохжаргал нар нь шалгалтад амжилтгүй дүн үзүүлвэл ажлаас халагдана гэдгээ мэдэж, зөвшөөрч шалгалтад орсон байгаа гэж үзэж байна.

Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа ба хариуцагчаас гаргаж өгсөн бүх нотлох баримт нь Ц.Цээмааг ажлаас халагдана гэдгээ мэдсэн зөвшөөрсөн, цаг хугацааг нотолж байгаа болно.

Гэтэл шүүх мэдэгдэх хуудас өгөөгүй гэдэг үндэслэлээр Ц.Цээмаагийн нэхэмжлэлийг хангасныг би зөвшөөрөхгүй байна.

Ц.Цээмаа нь Я.Зогсохжаргалыг жирэмсэн, жирэмсэн хүнийг ажлаас халахгүй , шалгалтаар илүү оноо авсан, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангаж байгаа, төсөв санхүү орон тоо байхгүй гэдгийг мэдэж байсан, мэдсээр ч байгаа болно.

Шүүх дээрх байдлуудыг харгалзан үзээгүйд харамсаж байна.

Техникийн эрин үе цахимжсан нийгэмд амьдарч ажиллаж. төрийн албыг хэрэгжүүлж байгаа өнөө үед заавал мэдэгдэх хуудас өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Сүүлийн үед төрийн байгууллагууд цахим, онлайнаар төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж харилцдаг болсон.

Энэ байдлаар бидэнд манай байгууллагатай холбоотой шийдвэр, баримт бичиг ирдэг байсныг Ц.Цээмаа мэдэж байгаа ба бид ч үйл ажиллагаагаа зохицуулж, хэрэгжүүлж ажилладаг.

Мөн шүүх бүрэлдэхүүн Ц.Цээмааг өмнө нь эрхэлж байгаагүй, одооч эрхлээгүй. томилогдоогүй байгаа аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж байгууллагын томилогдоогүй албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж. нэхэмжлэлд дурьдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ц.Цээмааг худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн албан тушаалд томилсон нэг ч хуудас тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа болно.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 86 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Цээмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цээмаа нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.984.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Говь-алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь өмнө буюу /хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч/-оор ажиллаж байсан Ц.Цээмааг уг ажлаас чөлөөлжээ.

Хариуцапн байгууллагын төлөөлөгч ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа "...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу Орон нутгийн өмчийн газар байгуулахаар болж, Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны алба хоёрыг нэгтгэж Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулсан. Дээрх хоёр алба нь тус тусдаа нягтлан бодогчтой байсныг нэг нягтлан бодогчтой болгосныг хууль журмын дагуу аль нэгийг нь сонгож томилох шаардлага гарч улмаар Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3, 19.6.7 дахь заалтын дагуу 2 албан хаагчдаас хэн нь илүү нягтлан бодогчийн ажилд нийцэж байгааг нь зөвшилцөхөөр Санхүү, төрийн сангийн хэлтэст саналаа хүргүүлж тэндээс ирсэн албан бичгийг голлон авч үзэж нягтлан бодогчоор Я.Зогсохжаргалыг томилсон..." гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч "...Ц.Цээмаа нь надад ямар ч мэдэгдэх хуудас өгөөгүй, мөн намайг ажлаас чөлөөлсөн тушаал захирамжгүй, харин Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 тушаалын дагуу миний ажлыг хүлээн авч, Худалдан авах ажиллагааны нягтлан бодогч байсан Я.Зогсохжаргалыг томилсон.

Цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэж хэлж байсан мөртлөө намайг ажлаас гарснаас хойш Н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг мэргэжилтнээр ажилд авсан байна..." гэжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ц.Цээмаад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, энэ тэтгэлэг олгохын өмнөх буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/01 тушаалаар Я.Зогсохжаргалыг уг байгууллагын нягтлан бодогчоор томилон "...хуучнаар орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албаны чиг үүрэг нэгдэн, шинэчлэгдэн зохион байгуулагдсан тул хоёр албаны нягтлан бодогчидтой холбоотой санхүү, өмч хөрөнгийн тооцоог зохих хууль, журмын дагуу хийж... дүнг танилцуулж ажиллахыг нягтлан бодогч Я.Зогсохжаргалд даалгасугай..." гэж уг тушаалдаа заасан байгаа нь Ц.Цээмааг ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байгаа нь буруу бөгөөд ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь хариуцагчийн ...нягтлан бодогчийн асуудал яригдана гэдгийг ...мэдэж байсан... гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ...өмнө нь эрхэлж байгаагүй, одоо ч эрхлээгүй, томилогдоогүй байгаа аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь... асуулын хүрээнээс хальж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны алба, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба хоёрын чиг үүрэг нэгдэж, Орон нутгийн Өмчийн газар болсон, нэхэмжлэгч Ц.Цээмаа нь тус албадыг нэгдэж үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэл Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан төдийгүй хэрэгт авагдсан болон зохигчдын шүүхэд өгсөн түүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажилд томилоогүй гэх тайлбараар энэ нь няцаагдаж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН