| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2018/0201/З |
| Дугаар | 411 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 411
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр ихэсгэн тогтоож, 2010-2017 онуудад нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой гэж шаардаж буй тул илүү нэхэж байгаа 127.881.600 төгрөгийг багасгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Т би 1994 онд Нийслэлийн Өмч хувьчлалын газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож хуучнаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах Хүүхдийн больницийн 2 давхар хос барилгыг дагалдах обьект болох агуулах, манаачийн байр, гуанзны 1 давхар барилга, уурын зуух, гүний худаг зэрэг нийт 7 объект, уг объектууд байрлах 1.73 га эзэмшил газрын хамт худалдан авсан. Дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн тул Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын тогтоол 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 404 тоот "өмчлөх эрхийн гэрчилгээ" олгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эдэлбэр газрын хамт миний өмчлөлд хүлээлгэн өгсөн.
Улмаар миний бие дүү Л.Д-н хамт үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээ авсан. Үүний дараа 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд манай эзэмшил газар, үл хөдлөх эд хөрөнгө маань шинэ хуулийн дагуу дархан цаазат газрын “хязгаарлалтын бүс" -д хамаарах болсон. Миний бие газар ашиглахтай холбоотой тогтоосон төлбөрийг жил бүр тогтмол төлж, “хязгаарлалтын бүсийн дэглэм”-ийг сахиж, хууль тогтоомжоор газар ашиглуулагчид хүлээлгэсэн үүргийг биелүүлж ирсэн.
Байгаль орчны сайдын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тушаалаар "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ" олгохоор шийдвэрлэж, мөн оны 08 сарын 31-ний өдөр 428 тоот гэрчилгээг яамнаас олгосон. 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан бөгөөд газраа өнөөдрийг хүртэл тасралтгүй ашиглаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашиглах гэрээгээ сунгуулахаар тухай бүр хандаж байсан боловч ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, гэрээг сунгаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр зохих шийдвэрийг гаргаж өгөхгүй саатуулж байгаа боловч манайх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж жил бүр газрын төлбөрөө төлж, улс төлбөрийг хүлээн авсаар байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2012-2014 онуудад гэрээгээ сунгуулах хүсэлтийг хамгаалалтын захиргаа болон яаманд удаа дараа гаргаж байсан. Тэгэхэд "холбогдох журамд өөрчлөлт орохоор хүлээгдэж байна, хүлээж бай, танайх газраа ашиглаад байж бай, удахгүй хариу өгнө" гэж хэлж итгэл төрүүлж, асуудлыг шийдэх гэж байгаа мэт ойлголтыг төрүүлдэг байсан. Ингэж манайхыг хүлээлгэсээр, янз бүрийн тайлбар хэлсээр 2015 оныг хүрсэн.
Анх газар ашиглах гэрээ хийгдсэн цаг үеэс эхлэн бидний хувьд сайн дурын үндсэн дээр газрын төлбөрөө төлөөд явж байсан. Гэвч Хан-Уул дүүргийн Газрын алба иргэн Л.Т гаас үндэслэлгүйгээр газрын төлбөр илүү нэхэмжилж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль, тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасныг зөрчиж байна. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас иргэн Л.Т гийн Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон зүйл байхгүй. Газар ашиглах гэрээ болон гэрчилгээ хүчин төгөлдөр цааш сунгах боломжтой. Тухайн газарт олон объект байдаг. Тусгай хамгаалалттай газрын захиргааны зүгээс тус газарт ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэддэг. Бидний хувьд газар ашиглах, эзэмших харилцаатай холбоотой зөрчил гаргасан зүйл байхгүй. Гэрээнд заагдсан төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаа. Цаашлаад газар эзэмших, ашиглах эрх сунгагдсаны дараа хуулийн дагуу төлбөрийг төлөхөд бэлэн байна.
Хан-Уул дүүргийн Газрын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэн болон Газрын алба 2017 оны сүүлээс эхлэн “2010 оноос эхлэн төлбөрийн зөрүүтэй байгаа” гэсэн тайлбарыг хэлж газрын төлбөрийг төлсөн байхад илүү мөнгө төлөхийг байнга шаардсан. Тодруулбал 2010-2017 оныг дуустал газрын төлбөрт жил бүр 22.836.000 /хорин хоёр сая, найман зуун гучин зургаан мянга/ төгрөг буюу нийтдээ 182.688.000 /нэг зуун наян хоёр сая, зургаан зуун наян найман мянга/ төгрөг төлөх ёстой гэдэг. Нийтдээ ямар ч үндэслэлгүйгээр 127.881.600 /нэг зуун хорин долоон сая, найман зуун наян нэгэн мянга, зургаан зуун/ төгрөгийг илүү нэхэмжилж байна. Түүнчлэн 8 жилийн өмнөх төлбөрийг нэхэмжилж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд Хан-Уул дүүргийн Газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр ихэсгэн тогтоож, 2010-2017 онуудын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой гэж шаардаж буй тул илүү нэхэж байгаа 127.881.600 төгрөгийг багасгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд газар ашиглагч Л.Т нь уг газраа 2007-2012 оныг хүртэл газар ашиглах гэрээ байгуулсан боловч цаашид албан ёсоор сунгалт хийгээгүй нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсэгт "Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах", 35 дугаар зүйлийн 35.3.1-д "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн газар ашиглах гэрээнд “гэрээний биелэлтийг талууд дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор дүгнэж шаардлагатай бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэсэн заалтыг үндэслэн жил бүр гэрээг дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэж, шаардлагатай бол гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Иймд газар ашиглах гэрээний хугацаа сунгуулахгүйгээр өмнөх гэрээний үнийн дүнгээр газрын төлбөр төлж байсан нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарагддаг бөгөөд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт гэрээгээр газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэснийг үндэслэн 1 м2 газарт ногдуулах төлбөрийн хэмжээг 3 дахин өсгөж тооцдог.
2004 онд газар ашиглах гэрээ байгуулан 2009 он хүртэлх газрын төлбөрийг төлж байсан тул 2010 оноос хойших төлбөрийн тооцооллыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тоот тогтоол, Хан-Уул дүүргийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолуудын дагуу тооцоог гаргасан. 2007 онд Улсын тусгай хамгаалалтай газарт газар ашиглах тухай гурван талт гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 2 дугаар заалт буюу Сум, дүүргийн засаг даргын хүлээх үүрэг гэж байгаа. Энэ хэсэгт гэрээний 2.3-д “Газар ашигласны төлбөрийн хувь хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дах хэсгийг үндэслэн ногдуулна” гэж заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дах хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж байгаа. Газрын албанаас шаардаж байгаа мөнгөн дүн нь гэрээнд заасан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шаардаж байгаа.
Нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа нь үнэн. Ашиглаж байгаа эрх нь хэрхэн үүссэнтэй маргахгүй. Газар ашиглахаар байгуулсан гурвалсан гэрээнд тусгасан төлбөрийг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлж төлбөрөө төлнө үү гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээнд тодорхой мөнгөн дүнгээр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар төлөхгүй гэсэн эрх олгосон зүйл байхгүй. 2012 онд газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзвэл 2017 он хүртэлх газрын төлбөрийг төлөх эрх бүхий этгээд гэж үзэх үү гэдгийг тодруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд тухайн газартай холбоотой маргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн газрын төлбөр төлөх, түүнийг багасгах хүсэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй гэж үзэж байна. Газар ашиглах, эзэмших эрх зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүснэ, дүүргийн Газрын албаны гэм буруутай үйлдэл гэж харагдахгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Т гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр ихэсгэн тогтоож, 2010-2017 онуудын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой гэж шаардаж буй тул илүү нэхэж байгаа 127.881.600 төгрөгийг багасгуулах” гэж тодорхойлсон болно.
Байгаль орчин, аялал жуулчалын сайд 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” 242 дугаар тушаалаар иргэн Л.Т д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 1.7 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.
Улмаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 428 дугаар гэрчилгээ олгож, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэн Л.Т нар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээ байгуулагджээ.
1. Үйл баримтын талаар:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаар, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээ зэргийг баталсан.
Гэтэл “Н ” ХХК-иас тус шүүхэд нийслэлийн иргэдийн Төлөлөөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 дэх заалтаар “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж”, 2 дахь заалтаар “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг тогтоох тухай аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар арга хэмжээ авахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
Улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаар, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг хуульд нийцүүлэн батлах чиглэл өгсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/ “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж тус тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг зохицуулжээ.
Ингээд хуулиар тусгайлан эрх олгогдсоны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөх “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг баталсан байна.
Гэтэл тус шүүхэд иргэн Н.Цэлмүүн, “Ц” ХХК-иудаас “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 211/МА2017/0745 дугаар магадлалыг хянасан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дуаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор “1. ...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд нийцүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол хүчингүй болохыг дурьдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02/147 дугаар албан бичгээр “Газрын төлбөр итгэлцүүр хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг шинэчлэн батлахаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллагаа хийж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
2. Нэхэмжлэгч Л.Т гийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу иргэн Л.Т тай 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээгээр “Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.73 га талбай ашиглах, газрын нэгжийн төлбөр 396 төгрөг, бүгд (1 жилд) 6.850.800 төгрөгийн төлбөр төлөх”-өөр гэрээний гол нөхцөлийг 3 тал харилцан тохирчээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага / албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”, 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Л.Т нь дээрх газар ашиглах гэрээний дагуу 2007-2017 ондууд газар ашигласны төлбөрт жил бүр 6.850.800 төгрөгийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримтууд , Хан-уул дүүргийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/56 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.
Хэдийгээр Л.Т гийн газар ашиглах гэрчилгээ, гэрээний хугацаа 2012 онд дууссан ч гэсэн одоог хүртэл төрийн захиргааны байгууллагаас түүний газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргаагүй бөгөөд тэрээр тухайн газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж үргэлжлүүлэх ашигласаар байгаа болно.
Гэтэл хариуцагч Хан-уул дүүргийн Газрын алба нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолын дагуу Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 1.7 га газар ашигласны төлбөрт жил бүр 22.836.000 төгрөг төлөх ба 2010-2017 онуудын газрын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой тул дээрх онуудын төлбөрийн үлдэгдэл 127.881.600 төгрөг төлөх”-ийг нэхэмжлэгч Л.Т гаас шаардаж байгаа нь хууль бус байна.
Учир нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд нийцүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол уг 03 дугаар тогтоолыг хүчингүй болох”-оор шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон шинэ захиргааны акт” дахин гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллагаануудыг хийгээд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байгаа. Хурал хуралдаагүй тул эцсийн байдлаар батлагдан гаргаагүй” гэх тайлбараар тогтоогдож байх ба улмаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоол хүчингүй болсон байна.
Иймээс хариуцагчаас шүүхийн тогтоолын дагуу хүчингүй болсон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн дээрх төлбөрийн тооцооллыг гарган, нэхэмжлэгч Л.Т г 2010-2017 онуудын газрын төлбөрийн үлдэгдэл (зөрүү) 127.881.600 төгрөг төлөхийг шаардан маргаж байгаа нь үндэслэлгүй, захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглах харилцаанд дүүргийн Газрын алба нь зөвхөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гурвалсан гэрээ”-нд заасан хэмжээгээр газрын төлбөрийг хураан авч төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бөгөөд харин газар ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Гэтэл Хан-Уул дүүргийн Газрын алба нь “2010-2017 онуудын газрын төлбөрт жил бүр 22.836.000 төгрөг төлөх ёстой гэж төлбөрийн хэмжээг (нөхөн) шинэчлэн тогтоож, дээрх онуудын газрын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой ба уг төлбөрийн үлдэгдэл (зөрүү) 127.881.600 төгрөг төлөхийг Л.Т гаас шаардаж байгаа нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн, нэхэмжлэгчид шууд чиглэсэн, үр дагавар бий болгосон шийдвэр буюу үйл ажиллагаа гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгаж, гэрээг шинэчлэн байгуулсны дараа цаашид уг гэрээгээр тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөхөөс татгалзаагүй бөгөөд бодит байдалд нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын хэмжээ, газрын үнэлгээний бүсчлэл нь зөрүүтэй байх боловч энэхүү маргаанд хамраалгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, Хан-Уул дүүргийн Газрын алба нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглаж буй газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох эрх хуулиар олгогдоогүй байхад өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн Л.Т гийн 2010-2017 онуудын газрын төлбөр жил бүр 22.836.000 төгрөг гэж үндэслэлгүйгээр ихэсгэн тогтоон, улмаар дээрх онуудын газрын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой гэж үзэн, үлдэгдэл (зөрүү) 127.881.600 төгрөг төлөхийг шаардаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчид үр дагавар үүсгэн, түүний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Т гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр ихэсгэн тогтоож, 2010-2017 онуудын төлбөрт нийт 182.688.000 төгрөг төлөх ёстой гэж үзэж, илүү нэхэж байгаа (зөрүү) 127.881.600 төгрөгийг багасгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА