Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0707

 

 

 

 

 

 

 

 

                “Д” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

Гомдол гаргагч: “Д” ХХК,

Хариуцагч:   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-О,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-Оын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 668 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч М.Б-О нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2022/0365/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Д” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-От холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-Оын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-Оын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034242 тоот шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.5-д “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Д” ХХК-ийн ашиглалтаар авсан газарт “Г.И” ХХК-иар хяналтын хэмжилт хийлгэж, хүргүүлсэн байна” гэжээ. Хэргийн материалд авагдсан “Г.И” ХХК-ийн хийсэн гэх хяналтын хэмжилтийн захиалагч нь “Б” ХХК байдаг бөгөөд тус хяналтын хэмжилт хийх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцоогүй, зөвхөн “Б” ХХК-ийн төлөөлөл оролцсон. Энэ нь хэргийн 70 дахь талд авагдсан “Нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-д Богдхан уулын дархан цаазат газрын байцаагч н.Ө гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй, баталгаажаагүй байгаагаар тогтоогддог. Гэтэл шүүхээс төрийн байгууллага хэмжилт хийлгэсэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хэрэв төрийн захиргааны эрх бүхий байгууллага хэмжилт хийсэн буюу хэмжилт хийх ажиллагаанд оролцсон гэх дүгнэлтийг шүүхээс хийж буй тохиолдолд энэ талаарх нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, гэрч /Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн Ж.Ө/-аас мэдүүлэг авах боломж шүүхэд байсан боловч энэ талаарх ажиллагааг хийгээгүй атлаа дээрх байдлаар дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй.

            3.2. Шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын үндэслэлүүдийг дутуу бичиж, заримыг орхигдуулж, гаргасан гомдлын үндэслэлүүдэд нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй байна. “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа байсан бөгөөд зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх талаарх Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хариуцагч зөрчсөн талаар шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж, мэтгэлцсэн. Гэвч энэ асуудалд дүгнэлт хийлгүй, зөвхөн шийдвэрийн 4.8-д “... хариуцагчийн зөрчил үйлдэгдсэн хугацааг “2021 оны 06 дугаар сараас хойш хашаа хатгасан гэж үзэж 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг тооцсон” гэх тайлбар эргэлзээ төрүүллээ” гэх ойлгомжгүй, тодорхойгүй тайлбарыг л дурджээ.

            3.3. Шийдвэрийн 4.6-д “... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Алтангэрэлийн Наас авсан мэдүүлэгт гарын үсэг зурагдсан ... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Бын Нын мэдүүлэгт гарын үсэг зурагдаагүй, овог зөрүүтэй, мэдүүлэг зарим нэг зүйл хасагдсан, засагдсан байсан”, 4.7-д “Энэ талаар шүүхээс тодруулахад хариуцагчаас “... Тухайн хохирогч ирж мэдүүлгээ өгсөн боловч захиралтайгаа ярилцана гээд гарын үсэг зураагүй. Дараа нь дахин ирж мэдүүлгээ шинээр өгч, гарын үсэг зурсан ...” гэж тайлбарласан” гэжээ. Хэргийн материалд авагдсан баримтуудаар болоод шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нь хэзээ, хэрхэн хохирогчоос мэдүүлэг авсан болохоо тодорхойлж, хэнийг хохирогч /хууль ёсны төлөөлөгч/ гэж үзсэн, яагаад хохирогч гэж үзэх болсон, хохирогчоос мэдүүлэг авсны дараа ямар ажиллагаанууд хийгдсэн болох нь тодорхой харагддаггүй буюу хохирогчоос мэдүүлэг авсны дараа холбогдох ажиллагаануудыг хийсэн болохоо нотолж чаддаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь “Б” ХХК-ийг хохирогчоор тогтоосон атлаа тухайн этгээдийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болохыг тодруулж, энэ талаар ажиллагаа явуулалгүйгээр “Д” ХХК-ийг “Б” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Угтаа “Б” ХХК-ийг хохирогчоор тогтоож буй бол нэн тэргүүнд түүнээс тайлбар, гомдлыг нь авсны үндсэн дээр холбогдох ажиллагааг явуулах ёстой байсан. Шүүх хуралдааны явцад энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах үүднээс хариуцагчаас “Д” ХХК-ийн гаргасан гэх зөрчлийн улмаас хэний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн болохыг тодруулахад “... улс л хохирогч нь байх” хэмээн хариулсан бөгөөд яагаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Б” ХХК-ийг хохирогчоор тогтоож, оролцуулсан талаараа тайлбарлаж чаддаггүй. Дээрх байдлаас хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй болох нь тогтоогддог.

3.4. Шийдвэрийн 4.3-д “Мөн зөрчил гаргагчийг “эзэмшил газраа хэтрүүлэн хашсан” гэж, зарим тохиолдолд орон сууцны зориулалттай газрын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн гэж буруутгах боловч зөрчлийг дээрх хоёр аж ахуйн нэгжийн хэн нь үйлдсэн болохыг хөдөлбөргүйгээр тогтоогоогүй байна” гэжээ. Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч аль алинд нь “Д” ХХК-ийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг тодорхойлж чаддаггүй. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу “Д” ХХК нь эдлэн газар, нэгж талбарын хэмжээг өөрчилсөн үү, эсхүл эдлэн газар, нэгж талбарын байршлыг дур мэдэн өөрчилсөн үү гэдгийг тодорхойлж чаддаггүй. Зарим тохиолдолд “Б” ХХК-ийн орц, гарцыг хаасан гэх атлаа зарим тохиолдолд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан гэх байдлаар нэхэмжлэгчийг буруутгадаг. Мөн зөрчлийн хэрэгт авагдсан “Г.И” ХХК-ийн хийсэн гэх хяналтын хэмжилт дээрх зургаас “Д” ХХК-ийн хатгасан гэх хашаа хаашаа, ямар байдлаар хэтэрсэн, ямар байх ёстой хашааг хэрхэн хашсан болох нь тодорхой харагддаггүй. Энэ талаар ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулж, ямар байх ёстой хашааг яаж хатгасан болохыг тогтоосон эсэх, тухайн үйлдэл нь яагаад зөрчилд тооцогдож байгааг лавлахад “манай байгууллага хэмжилт хийх чиг үүрэг бүхий байгууллага биш, хэмжилт хийгээгүй” хэмээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын хэмжилт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрдөг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг зөрчил гаргасан эсэхийг тодруулж, нотлох баримтаар нотлоогүй атлаа зөрчил үйлдсэн хэмээн хийсвэр дүгнэлт хийж, шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд “хяналтын хэмжилт хийх, бусад холбогдох ажиллагаа хийх шаардлагатай” гэх үндэслэлээр хоёр ч удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахаар прокурорт санал гаргасан, тухайн саналыг нь үндэслэн прокуророос хугацааг сунгасан байхад энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй хирнээ тогтоосон мэтээр дүгнэлт хийж буй нь хачирхалтай. Түүнчлэн, зөрчлийн зүйл болсон хэтрүүлэн хашсан гэх хашааг чухам хэн хийсэн болохыг ч тогтоогоогүй. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд Зөрчлийн тухай хуулийн зорилго оршдог. Гэтэл “Д” ХХК-ийг зөрчил гаргасан болохыг хөдөлбөргүйгээр тогтоож чадаагүй хирнээ шийтгэл оногдуулж буй нь шударга ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүх дээрх ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг зөв тодорхойлсон атлаа захиргааны актыг түдгэлзүүлж буй нь ойлгомжгүй байна.

            3.5. Шүүх шийдвэрийнхээ 4.4-т “... “Д” ХХК-иас уг хашааг бариулах зөвшөөрлийг олгосон, түүнийг гүйцэтгэхийг шаардсан эсэх асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаагүй”, 4.5-д “... нэгж талбарын зургийг хашаалсан хэсэгтээ харьцуулан хяналтын хэмжилтийг дахин хийлгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй”, 4.10-д “... хуулийн дагуу хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй” гэсэн дүгнэлтийг хийж, ийнхүү шалгаж тогтоогоогүй хариуцагчийн үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн зөв дүгнэсэн атлаа тухайн алдаатай үйл ажиллагааны хүрээнд зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй “Д” ХХК-д шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болголгүй, харин ч дахин нэмэлт ажиллагааг хийх, тухайн актыг хуульд нийцүүлэн гаргах эрх буюу боломжийг хариуцагчид олгосон шийдвэрийг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

            3.6. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг нээснээс хойш Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журам, хугацааны /58 хоног/ дотор шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой ба энэ хугацааны дотор хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг бүрэн явуулж, “Д” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол хөдөлбөргүй баримтаар нотлох ёстой байсан. Хариуцагч нь нэгэнт хуульд заасан хугацаанд “Д” ХХК-ийг зөрчил үйлдсэн болохыг баримтаар тогтоогоогүй байхад шүүхийн шийдвэрээр дахин 2 сарын сарын хугацаа олгож буй нь зүйд нийцэхгүй.

            3.7. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэхдээ түүнийг хэрэглэх үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд маш тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж хэрэглэх учиртай. Тодруулбал, тус зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь нэгдүгээрт, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг цаашид тодруулах, хоёрдугаарт, цаашид тодруулах нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байхыг шаарддаг. Хариуцагч нь “Д” ХХК-ийг зөрчил гаргасан болохыг хөдөлшгүй баримтаар гарцаагүй байдлаар нотолж, бодитоор тогтоогоогүй атлаа зөрчил үйлдсэн хэмээн хариуцлага оногдуулсан нь захиргааны акт бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Нэгэнт маргаан бүхий шийтгэлийн хуудсаар зөрчил үйлдсэн болохыг тогтоогоогүй болох нь нотлогдсоор атал шүүхээс дахин тодруулах шаардлагатай, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоор хэтэрсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрээс цаашид захиргааны байгууллага яг ямар ажиллагааг нөхөж хийх шаардлагатай болох нь ч тодорхой харагддаггүй.

            3.8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч “Д” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-Оын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034242 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “Д” ХХК нь “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч М.Б-Оын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон, 0034242 дугаар шийтгэлийн хуудсаар “Д” ХХК нь “газраа хэтрүүлэн хашсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1-д “хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн” гэж заасны дагуу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.2. Маргааны үйл баримтаас үзвэл “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутгийн “Хүүшийн ам” нэртэй газар дээр хэрэгжиж буй “Белмонте” орон сууцны хотхоны барилгыг “Э.Т.Э” ХХК барьж ашиглалтад оруулсан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1-д зааснаар “эдлэн газар, нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн” бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан, иргэн, хуулийн этгээд дээрх зөрчлийг гаргасан болох нь баттай тогтоогдсон тохиолдолд торгохоор байна.

3.4. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар “Д” ХХК нь “газраа хэтрүүлэн хашсан” гэх зөрчлийг гаргасан болох нь баттай тогтоогдоогүй, хариуцагч “... бид хэмжилт хийх эрхгүй, гүйцэтгэгч компанийн захирал тухайн компанийг төлөөлж харилцаж байсан хүний хувьд хяналтын хэмжилтийг хийлгэ гэж П.У-ад хэлж байсан. Т.П-д хяналтын хэмжилтийг хийлгэ гэж байсан. Одоо хүртэл хийлгэж ирээгүй” гэж тайлбарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй байна.

3.5. Тодруулбал, маргаан бүхий газрын ашиглах эрх “Д” ХХК-ийн нэр дээр, барилгыг “Э.Т.Э” ХХК барьсан байхад хариуцагч эдгээр компаниудын чухам аль компани нь зөрчил гаргасан болох, газрын байршлыг өөрчилсөн эсхүл газрын хэмжээг өөрчилсөн эсэх, газраа хэтрүүлэн хашсан гэж үзэхдээ хяналтын хэмжилт хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, “Э.Т.Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх П.У “... бид кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан, тодорхой хэмжээнд бага зэрэг хэтрүүлсэн зүйл бий, манайх “Д” ХХК-ийн эдэлбэр газарт барилга барьж байгаа гүйцэтгэгч компани, бид анх тэр хашааг барихдаа манай кадастр хойшоо байгаа гэдэг байдлаар тухайн үед хийж байсан, тухайн үед манайх тодорхой хэмжээний өөрийн кадастраас хэтрүүлсэн зүйл бий” гэж шүүхэд мэдүүлсэн тул зөрчилд холбогдогчийг бүрэн тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар байжээ. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай, шүүх хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийг нөхөн гүйцэтгэж, дээр заасан ажиллагааг хийх боломжгүй тул хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл актыг түдгэлзүүлснээр “... дахин нэмэлт ажиллагааг хийх, тухайн актыг хуульд нийцүүлэн гаргах эрх буюу боломжийг хариуцагчид олгосон шийдвэрийг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хариуцагч зөрчлийг баттай нотолж чадаагүй нь зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, түүнчлэн  Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг зөрчиж “газраа хэтрүүлэн хашсан” гэх зөрчлийн улмаас заавал хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахгүй, товчхондоо иргэн, хуулийн этгээд аливаа байдлаар хууль зөрчсөн бол хуульд заасан хариуцлагаа хүлээх үүрэгтэй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.7. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заасан, энэ тохиолдолд зөрчил таслан зогсоогдоогүй, үргэлжилж байгаа буюу хашааг буулгаагүй байх тул зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй.

3.8. “...хэргийн материалд авагдсан “Г.И” ХХК-ийн хийсэн гэх хяналтын хэмжилтийн захиалагч нь “Б” ХХК байдаг бөгөөд тус хяналтын хэмжилт хийх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцоогүй, ...  гэтэл шүүхээс төрийн байгууллага хэмжилт хийлгэсэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй...” гэх гомдлын тухайд. Маргааны үйл баримтын хувьд “Б” ХХК-ийн гомдлоор  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Д” ХХК-ийн ашиглалтаар авсан газарт “Г.И” ХХК-иар хяналтын хэмжилт хийлгэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн, төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий “Г.И” ХХК-ийн хийсэн хяналтын хэмжилтийг үгүйсгэх боломжгүй тул хариуцагчийн “... тухайн хэмжилтээр зөрчил тогтоогдсон ...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        

                ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

                ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН