| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Б, ******* овогт Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2007003060250 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг, Цогт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ................................., ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Б.Б /РД: /,
Монгол Улсын иргэн, 196*******-ний өдөр *******,*******анд төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .................................................... ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ........................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Ж.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газарт хохирогч Ж.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь баруун гарын эрхий хурууны уг шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газарт хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараар цохиж биед тархи доргилт, толгойн хуйх, нүүр, баруун мөр, баруун бугалга, зүүн шуу, бүсэлхий, баруун зүүн өвдгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж ярих зүйл байхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж бодож байна” гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 07 сарын 03-ны өдөр миний зээ охины 1 насны ой болсон. Тэгээд төрсөн өдрөөр нь хамаатан садан, хэдэн хөгшчүүлээ уулзуулъя гээд Тэрэлжид өдөр 1 цагийн үед очоод орой 7, 8 цагийн үеэс эхлээд томчууд нь жоохон пиво, архи уусан. Тэрнээс болж хоорондоо маргасан асуудлаас болж ийм асуудал гарсан. Бид нар урд нь таарамжгүй харилцаатай байгаагүй. Уг нь бид хоёр хамаатан садан буюу нагац эгчийн маань бэр нь юм. Урьд нь ингэж явж байгаагүй учраас хүндрэлтэй асуудал болно гэж ойлгосонгүй. Одоо би 2 жилийн дараа тэтгэвэрт гарах юм. Шүүхээр орчихоор ял шийтгэлтэй гэсэн юм гарч ирэхээр болж байх шиг байна. Дуудсан цагт нь 2-3 удаа ирж хоёр байцаагчийн нүүр үзлээ. ...Би Б.Бгийн нүүр рүү хоёр удаа алгадаж цохисон. Тархи доргилт, нүүрэнд цус хуралт гэмтлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр миний охин Дэлгэрмаагийн бага охины төрсөн өдөр болсон. Охин маань ах дүү нараа бүгдийг уулзуулж төрсөн өдрөө тэмдэглэнгээ агаарт гаргах зорилгоор Тэрэлжид байх “..............” нэртэй амралтанд очсон. Би тухайн амралтын газарт 14 цагийн үед очсон. ...Гэрт гал түлээд сууж байхад нэг хүүхэд гэрт орж ирээд эхнэрийг чинь тэнд цамцтай хүн зодоод байна гэхээр нь би гараад гүйгээд очсон. Эхнэрийн дээр Б.Б гараад суучихсан тойроод амралтад амарч байсан хүмүүс хараад зогсож байсан. Би Б.Б миний дүү ямар газар байгаагаа мэдэж байна уу гээд араас татаад эргүүлэхэд миний нүүр лүү алагдаад миний цээж рүү жийсэн. Хойшоо саваад би газар унасан. Би зүрх муутай уурлахаараа салганаад чичрээд юу болж байгаагаа мэдэхээ байдаг. Өнчин тархины хавдартай хүн жилийн өмнөөс өвчилж эмнэлгийн хяналтанд байдаг. Би босоод Б.Бтай барицалдаж аваад зууралдсан. Б.Б бид хоёр хоорондоо зууралдаад ноцолдсон. Эхнэр голоор салгах гээд чадахгүй байсан. Би Б.Бг цохисноо бол санахгүй байна зүрх савлаад юу хийснээ үнэхээр санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг хүүхэд гүйж ирээд эгчээ “нэг хүүхэд ээжээ би танаас айгаад байна, аллаа авраарай” гээд орилоод байна ш дээ гэхээр нь Р.О бид хоёр яваад очиход Б.Б байшингийн хаалгыг гараараа нүдээд хулгайчаа чи хаалга онгойлго гээд хаалга балбаж байхаар нь би очоод Б.Бг тэврээд юу болж байгаа юм бэ гэхэд эргэж хараад Р.Оийн нүүр лүү алгадсан. Чи муу архичин янхан гэж хэлж байсан. Р.О арагшаа унах үед нь танихгүй хоёр залуу түшээд авсан. Р.Оийг есөн шидээр хэлээд зайл гээд Б.Б хөөгөөд байсан. Р.Оийг явчих гэхэд Р.О холдоод явах үед намайг үсдэж дарж унагаагаад миний дээр Б.Б дараад хаалгаа онгойлго та нар муу сайн юмнууд яах гээд байгаа юм гэж хэлж байсан. Б.Б босооч гэхэд үгэнд ороогүй буугаагүй. Тэр үед нөхөр Ж.Б ирээд Б.Б миний дүү болио хаана байгаагаа мэдэж байна уу, эх дүү нар байна ш дээ гэж хэлээд нөхөр Б.Бг татаад босгосон. Б.Б нөхрийн нүүр лүү хоёр алгадаад тийрээд нөхрийг унагасан. Нөхөр босож ирэх үед нүүр нь улайчихсан уурлаад чичрээд босоод ирэхээр нь би Б.Бг тэврээд холдуулах гэх үед бид хоёр давхралдаад унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Р.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хадам ах Ж.Бгийн зээ охиных нь нэг насны төрсөн өдрийн баярт уригдаад тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад очсон. ...Бүжиглэж байгаад гадагш гарахад Б.Б байшингийн хаалганы урд өвдөглөөд суучихсан хаалгаа нүдээд уйлаад байсан. П.Оийн хамт бид 2 Б.Бг аргадах санаатай очоод юу болсон бэ гэхэд Б.Б эргэж хараад миний нүүр рүү алгадаад авсан. Тэгээд би гэр рүүгээ ороод унтсан. ...Өглөө нь П.О намайг Б.Б үсэдсэн байхад Ж.Б ирээд намайг салгах гэхэд алгадаад, тийрээд унагасан гэж ярьж байсан. Б.Бтай 2 хоногийн дараа очиж уулзахад Ж.Б миний нүд рүү цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ж.Бгийн зээгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Тэрэлжийн мэлхий хадны яг эгц урд талд байрлах амралтын газар нөхөр Баярсайхан, хадам ээж Юмсүрэн, ах Жавзансүрэн, бэр Р.О нарын хамт 13 цаг өнгөрч байхад хамт нэг машинаар очсон. ...Намайг харангуутаа Ж.Б над руу гүйж ирээд чи намайг доромжилдог хэн бэ гэж хэлээд нүүр лүү гараараа цохисон чинь нүд харанхуйлаад газар унасан. Оюунаа гүйж ирээд хүний нүд рүү цохичихлоо ш дээ Баясаа гэж хэлээд миний дээр намайг хамгаалаад хэвтчихсэн. Миний дээрээс өшиглөөд байсан. Эхнэрийг нь холдуулаад би босоод Ж.Бд хандаж та намайг яагаад зодож байгаа юм бэ миний нүдийг хардаа гэж хэлээд нэг удаа алгадсан. Миний зүүн нүднээс цус гарч байсан, намайг нэлээн хэдэн удаа цохисон. Байшин луу буцаад ороод нөхөрт хандаж чи намайг хүнд зодуулж байхад яагаад авахгүй байгаа юм энэ чинь намайг алах гэж байхад хамгаалсангүй гэхэд энэ дотор байхад чамайг алчих гээд байсан юм. Харин Ж.Б ирээд чамайг зодчихлоо гэж хэлээд намайг байшингаас түлхэж гаргаад хаалгаа түгжчихсэн. Би орох гэхэд хаалгаа тайлж өгөхгүй, хаалгыг онгойлгохгүй байхаар нь би тэр хавиар явж байгаад хүнээс утас гуйж ярьчихаад буцаад байшин дээр ирэхэд онгойлгосон. Би ороод цүнхээ авсан тэр үед нөхөр чи хаачих гэж байгаа юм гэхээр нь би ариун цэврийн хэрэглэлээ солимоор байна гэхэд энд соль гээд түлхээд байхаар нь би цүнхээ авчихаад машиндаа очиж хэсэг суусан. Хэсэг хугацааны дараа нэлээн орой болсон хойно дүү Б.Б нөхөртэйгөө ирээд намайг аваад гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ унтаж байхад 23 цаг өнгөрч байхад эхнэр чанга чанга утсаар хүнтэй яриад байсан. Тэр үед би сэрээд эхнэрээс юу болсон талаар асуухад Б.Б эгч хүнд зодуулсан гэнээ хүрээд ир гэж байна хоёулаа яваад ирье гэж хэлсэн. ...Очиход машины зогсоол дээр Б.Б эгч, эхнэр, бас залуухан танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Баясаа ах цохичихсон байна бид хоёр хүн хүргэж өгчихөөд ирэхэд ийм болчихсон байна гэж эхнэр нөхөр бололтой эрүүл хүүхэн, залуу хоёр хэлж байсан. ...Баясаа ах намайг цохисон гэж ярьж байсан. Ёстой цохино гэж санасангүй тэгтэл цохичихлоо гэж ярьж байсан. Зүүн нүд нь нэлээн хөхөрч хавдсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад танихгүй утаснаас миний гар утсанд дуудлага ирсэн. Утсаа аваад ярихад Б.Б эгч байсан. Би хүнд зодуулчихлаа чи хүрч ирээд намайг аваадхаач гэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэхэд ах дүү нараараа намайг бариад зодчихлоо гэж хэлэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд тэрэлжийн “..............” нэртэй амралт дээр байна гэж хэлээд утсаа салгасан. ...ороход машинуудын ард уйлж байгаа эмэгтэй хүний чимээ гарахаар нь тухайн газарт очиход эгч байсан. Хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Б.Б эгчийн нүүрэн дээр нь савтай цэвэр усаар жин тавьсан байсан. Тэр хоёр хүнээс та нар яаж байгаа юм, юу болсон юм бэ гэхэд Баясаа ах зодоод хаячихаж би нүүрэн дээр жин тавиад байж байна гэж хэлсэн. Тухайн хоёр хүнийг өмнө нь зүс харж байсан. Хүргэн ахьн хамаатны хүмүүс байсан. Нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Эрэгтэйг нь Мөөгий гэж дууддаг санагдаж байна. Та нар яахаараа хүнийг ингэж зодож байхад хараад байж байдаг юм уу гэхэд бид хоёр хүүхэд хүргэж өгчихөөд ирэхэд ийм болчихсон байна гэхээр нь та нар согтуу юм уу гэхэд үгүй эв эрүүл байна гэж хэлсэн. Эгчийг аваад машин дээрээ очиж машиндаа суулгаад гэрэл асаагаад нүүрийг нь харахад зүүн талын нүд нь хөхөрч хавдсан харагдаж байсан. Би машинаасаа буугаад Мөөгийд хандаж бухимдаад хэдэн үг хэлэхэд харин тиймээ уучлаарай Б.Б эгчээ жин тавих уу гэж асууж байсан. Би оръё эсвэл та нар зодсон хүмүүсээ гаргаад ир гэж хэлэхэд яах юм бэ хүмүүс согтоод унтчихсан байна яах юм бэ гэхээр нь би Б.Б явъя хувцас хунараа машинаас ав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Бгийн биед учирсан тархи доргилт болон нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч дан дангаараа бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 152 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №1096 дугаар:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №508 дугаар:
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, бакалаврын диплом зэрэг /хх-ийн 99-107 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 122-123 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, бакалаврын диплом зэрэг /хх-ийн 110-120 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Үүнд: Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж ярих зүйл байхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж бодож байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би босоод Б.Бтай барилцалдаж аваад зууралдсан. Б.Б бид хоёр хоорондоо зууралдаад ноцолдсон. Эхнэр голоор салгах гээд чадахгүй байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед нөхөр Ж.Б ирээд Б.Б миний дүү болио хаана байгаагаа мэдэж байна уу, эх дүү нар байна ш дээ гэж хэлээд нөхөр Б.Бг татаад босгосон. Б.Б нөхрийн нүүр лүү хоёр алгадаад тийрээд нөхрийг унагасан” гэх мэдүүлэг,
Гэрч Р.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд “...өглөө нь П.О намайг Б.Б үсэдсэн байхад Ж.Б ирээд намайг салгах гэхэд алгадаад, тийрээд унагасан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №1096 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” амралтын газарт хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараар цохиж биед тархи доргилт, толгойн хуйх, нүүрэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Ж.Б над руу гүйж ирээд чи намайг доромжилдог хэн бэ гэж хэлээд нүүр лүү гараараа цохисон чинь нүд харанхуйлаад газар унасан. Оюунаа гүйж ирээд хүний нүд рүү цохичихлоо ш дээ Баясаа гэж хэлээд миний дээр намайг хамгаалаад хэвтчихсэн. Миний дээрээс өшиглөөд байсан” гэх мэдүүлэг,
Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины зогсоол дээр Б.Б эгч, эхнэр, бас залуухан танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Баясаа ах цохичихсон байна бид хоёр хүн хүргэж өгчихөөд ирэхэд ийм болчихсон байна гэж эхнэр, нөхөр бололтой эрүүл хүүхэн, залуу хоёр хэлж байсан. ...Баясаа ах намайг цохисон гэж ярьж байсан. Ёстой цохино гэж санасангүй тэгтэл цохичихлоо гэж ярьж байсан. Зүүн нүд нь нэлээн хөхөрч хавдсан харагдаж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б эгчийн нүүрэн дээр нь савтай цэвэр усаар жин тавьсан байсан. Тэр хоёр хүнээс та нар яаж байгаа юм юу болсон юм бэ гэхэд Баясаа ах зодоод хаячиж би нүүрэн дээр жин тавиад байж байна гэж хэлсэн. ...Эгчийг аваад машин дээрээ очиж машиндаа суулгаад гэрэл асаагаад нүүрийг нь харахад зүүн талын нүд хөхөрч хавдсан харагдаж байсан” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Бгийн биед учирсан тархи доргилт болон нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт , бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч дан дангаараа бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №508 дугаар дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архидалт болон шүүгдэгч Б.Бгийн зүй бус харьцаа, үл хүндэтгэсэн байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдсан байх ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, Ж.Б нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт эмнэлэгт хэвтсэн 727.250 төгрөгийн төлбөрийн баримтыг гаргаж ирүүлсэн боловч шүүх хэлэлцүүлгийн явцад “шүүгдэгч Ж.Бгаас эмнэлэгт хэвтсэн зардал 800.000 төгрөгийг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид нар эвлэрсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ж.Б, Б.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхөцөлд тооцсон ба шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг тус бүр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Б.Б, ******* овогт Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ