| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шинжээч эмч С.Төгсбуян,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Ч.Б,
шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Гд холбогдох эрүүгийн 2007004400277 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймаг, Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Ж.Г /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой .................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Бтэй “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан ширмэн тавиур шидэж, баруун бугалга хэсэгт нь цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд гэр цэвэрлэсэнгүй, хоол хийсэнгүй гээд маргалдаад уурандаа би ширээн дээр байсан тавиур аваад шидсэн. Архи дарс уугаад эхнэр хүүхдээ гомдоосондоо гэмшиж байна” гэв.
Хохирогч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай том эгчийн бэр болох ******* хотод төрөөд тэгээд бэрээ төрүүлээд ирсэн чинь манай нөхөр гэртээ согтуу байсан. Тэгээд намайг гэртээ байсангүй гээд миний баруун бугалга руу төмөр тавиур авч шидээд би ээжийнх рүүгээ яваад ээжийндээ байж байсан. Манай нөхөр архи уухаараа ийм зан араншин гаргадаг, архи уухгүй байвал гэртээ ажлаа хийгээд сайхан байдаг. Тэгээд архины эмчилгээнд ах, дүү нартай нь ярьж байгаад явуулаад баруун бугалга руу нь спираль тавиулсан. Тэгээд спираль тавиулснаас хойш архи уугаагүй. Өөрийнхөө гаргаж үйлдэлдээ дүгнэлт хийсэн, эхнэр, хүүхдүүдтэйгээ зүй бус харьцдаг гэдгээ ойлгосон. Бид дөрөв гэртээ хамт амьдарч байгаа, нөхөр маань архи уухгүй сайхан байгаа” гэв.
Шинжээч эмч С.Төгсбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайханы зөвшөөрлөөр 2007000546 тоот зөрчлийн хэргийн 35 дугаар хуудасны гэрэл зургаар шүүх эмнэлгийн шинжилгээний 887 дугаар дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд зураг тус бүрийн гэмтлийн шинж чанарыг тоочиж бичээд, Ч.Бийн биед баруун бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь зураг авсан гэх он сараас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн байна” гэв.
Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бэрээ төрүүлчихээд гэрт иртэл манай нөхөр гэртээ согтуу байсан. Тэгтэл манай нөхөр “Бэр чамд ямар хамаатай юм. Чи гэр орныхоо ажлыг хийсэнгүй” гэж хэлээд миний зүүн гарын булчин руу данхны доор байрладаг төмөр тавиур авч баруун гараараа шидсэн ба тухай үед зүүн гарын булчин улайж 2, 3 хоногийн дараа хөхөрч хавдсан. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй баруун гарын бугалга хэд хоноод хөхөрсөн нь арилсан ...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим манай хамаатны эгч П хотод төрөөд, ээж очиж аваад гэртээ 22 цагийн орчим ирсэн. Тэгтэл аав ээжийг өдөржингөө хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ гэж хэлээд аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж байтал аав ээж рүү халуун юм гаргаж тавьдаг төмөр ширмэн тавиурыг баруун гараараа авч шидсэн чинь ээжийн баруун гарын мөрний хэсэгт оноход, ээж уйлаад өөрийнхөө ээж болох Б эмээгийнд очсон. Аав согтуу ирээд ээжтэй хэрүүл хийгээд байдаг болохоор надад хэцүү байдаг. Гэр оронд ч тайван амгалан байлгахгүй хэрүүл хийгээд архи уугаад байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна. Надад Ж.Г 3 хоногийн өмнө согтуудаа над руу данхны төмөр тавиур шидээд гарыг маань ийм болгосон гэж хэлж байсан. Би Ч.Бийг “наад гараа эмчлүүл, яс бэртээгүй байгаа даа” гэж хэлэхэд Ч.Б “зүгээр юм шиг байна, гар хөдөлж байхыг бодоход” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхнэр, хүүхэд хоёр маань эхнэрийн дүү болох Пг төрүүлэхээр 1 дүгээр эмнэлэгт очсон. ...Би тэр үед архи уугаад мэдээгүй байсан. Орой 22 цаг 00 минутын орчимд гэрт ирэхээр нь би эхнэртээ хоол, унд байхгүй, гэр орон харсангүй гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би данхны доор байдаг суурь болох төмрийг аваад шидсэн чинь эхнэрийн зүүн гарын булчин, мөр орчимд оноод хөхрөөд хавдсан. ...Би сүүлийн 4-5 жилд архи уух дуртай болоод донтох маягтай нэг уухаараа 4-5 хоног дараалан уудаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 887 дугаар:
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 77-85 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 91-102 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 16-10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Бтэй “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан ширмэн тавиур шидэж, баруун бугалга хэсэгт нь цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Ж.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд гэр цэвэрлэсэнгүй, хоол хийсэнгүй гээд маргалдаад уурандаа би ширээн дээр байсан тавиур аваад шидсэн. Архи дарс уугаад эхнэр хүүхдээ гомдоосондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай том эгчийн бэр болох ******* хотод төрөөд тэгээд бэрээ төрүүлээд ирсэн чинь манай нөхөр гэртээ согтуу байсан. Тэгээд намайг гэртээ байсангүй гээд төмөр тавиур миний баруун бугалга руу авч шидээд би ээжийнх рүүгээ яваад ээжийндээ байж байсан” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Төгсбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайханы зөвшөөрлөөр 2007000546 тоот зөрчлийн хэргийн 35 дугаар хуудасны гэрэл зургаар шүүх эмнэлгийн шинжилгээний 887 дугаар дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд зураг тус бүрийн гэмтлийн шинж чанарыг тоочиж бичээд, Ч.Бийн биед баруун бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь зураг авсан гэх он сараас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр “Бэр чамд ямар хамаатай юм. Чи гэр орны орныхоо ажлыг хийсэнгүй” гэж хэлээд миний зүүн гарын булчин руу данхны доор байрладаг төмөр тавиур авч баруун гараараа шидсэн ба тухай үед зүүн гарын булчин улайж 2,3 хоногийн дараа хөхөрч хавдсан. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй баруун гарын бугалга хэд хоноод хөхөрсөн нь арилсан” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аав ээжийг өдөржингөө хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ гэж хэлээд аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж байтал аав ээж рүү халуун юм гаргаж тавьдаг төмөр ширмэн тавиурыг баруун гараараа авч шидсэн чинь ээжийн баруун гарын мөрний хэсэгт оноход, ээж уйлаад өөрийнхөө ээж болох Биньяа эмээгийнд очсон” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г 3 хоногийн өмнө согтуудаа над руу данхны төмөр тавиур шидээд гарыг маань ийм болгосон гэж хэлж байсан. Би Ч.Бийг “наад гараа эмчлүүл, яс бэртээгүй байгаа даа” гэж хэлэхэд Ч.Б “зүгээр юм шиг байна, гар хөдөлж байхыг бодоход” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 сарын 30-ны өдөр 22 цаг 00 минутын орчимд гэрт ирэхээр нь би эхнэртээ хоол, унд байхгүй гэр орон харсангүй гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би данхны доор байдаг суурь болох төмрийг аваад шидсэн чинь эхнэрийн зүүн гарын булчин, мөр орчимд оноод хөхрөөд хавдсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 887 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.Г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Ч.Бийн эрүүл мэндэд халдаж, “биед нь баруун бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.Г, хохирогч Ч.Б нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Гыг гэмт буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ч.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдааны явцад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хоорондоо эвлэрсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “Прокурорын гаргасан ялын санал, хэмжээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна, шүүгдэгчийн цалин, орлоготой нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ж.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээсэн гэмшиж байгаа байдал, хувиараа том машин барьж хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Жамсрангийн Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ