Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0624

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Пп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У,

Нэхэмжлэгч: “Пп” ХХК,

Хариуцагч: З аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр, З аймгийн Засаг даргаас “Хжс” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах“,

З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0021 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У,

Хэргийн индекс: 118/2021/0043/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0021 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 54.1.14, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг тус тус баримтлан Пп ХХК-ийн З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар Гэрээнээс татгалзах тухай шийдвэр, Хжс ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

“Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Хариуцагч З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 тоот гэрээнээс татгалзсан тухай шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг үндэслэн гэрээ байгуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн... тус гэрээнд дурдсан дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллагаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдье" гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан захиргааны гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал:

Нэгт, "...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хууль тогтоомжоор олгогдсон эрхийг үндэслэн гэрээ байгуулсан нь иргэний хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн" гэжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т Аймгийн засаг дарга нь "харьяалах нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх бодлого боловсруулж Хурлаар батлуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай" тогтоолын тогтоох нь хэсгийн 1-д "... Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан З аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөл, арга хэмжээ, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг ... холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай" гэж тус тус заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 1/443 дугаартай түншлэлийн гэрээг байгуулахдаа тухайн үеийн З аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь гэрээг байгуулсан тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэж захиргааны гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хоёрт, "... дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга түүний Тамгын газартай хамтран ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй" гэжээ.

Гэтэл талуудын байгуулсан ТГ-20/13 дугаар түншлэлийн гэрээний 3.1-т "түншлэгч нь ... дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийн стандарт, норм, дүрмийг боловсруулах, ... улсын экспертизээр батлуулах чиглэл баримтлан ажиллана" гэж, мөн гэрээний 2.2-т "Захиалагч нь ... улсын төсвөөс олгох санхүүжилтийг бодит ажлын гүйцэтгэлээр түншид олгуулна" гэж, мөн гэрээний 1.3-т "ажил эхлэх хугацаа 2021 оны 05 сарын 01-ний өдөр" гэж заасны дагуу Манай компани зураг төслийг гаргуулахаар "К ХХК-тай харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа эхлээгүй, зураг төслөө боловсруулах ажил явагдаж байх үед гэрээнээс татгалзсан байна.

Пп" ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ямар үүргээ зөрчсөн талаар тодорхой тусгаагүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна", 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", 40.3-т "захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэж тус тус заасныг зөрчсөн буюу ямар ч хуулийн зүйл заалтыг үндэслэл болголгүйгээр шууд концессын гэрээг цуцалсан.

Захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т "Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ" гэж заасны дагуу тодорхой үндэслэл тогтоогдсон, өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн тохиолдолд л захиргааны гэрээг цуцлах үндэслэл бүрддэг байтал захиалагч нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ТГ-20/13 дугаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалтуудыг зөрчиж үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгоогүй, гэрээ цуцлахдаа гүйцэтгэгчид хөрөнгө оруулалтын зардлаас гэрээ цуцлах хүртэлх хугацаанд олсон орлогыг хасч тооцоогүй зөрчлүүдийг гаргасан. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах бөгөөд шийдвэр гарсны дараа шийдвэр гарсан талаар тухайн этгээдэд мэдэгдэх хуульд заасан үүргүүдийг хүлээсэн байдаг.

Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар шийдвэр гаргахаас өмнө урьдчилж манай компанид огт мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" талаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй, мөн захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг явуулалгүй, манай байгууллагад огт мэдэгдэлгүй шийдвэр гаргасан нь захиргааны байгууллага хуульд заасан үүргээ зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 118/ШШ2022/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхээс маргаан үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Пп” ХХК-иас “...З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр,

 З аймгийн Засаг даргаас “Хжс” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг З аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил эхлүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилсан байдлаар бэлтгэл ажил ханган нийт 49,000,000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй, гэрээний 3.1-д заасны дагуу манай компани зураг төслийг гаргуулахаар К ХХК-тай харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан, гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа эхлээгүй, зураг төслөө боловсруулах ажил явагдаж байх үед гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй” гэж маргадаг.

3.Харин хариуцагчаас “сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан нь илт хууль бус, И сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 1/33, 1/166, 3/77 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон” гэж маргажээ.

4.Гуравдагч этгээдээс “түншлэлийн гэрээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай байгуулсан үйлдэл нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч компаниас тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Б-тай байгуулсан ТГ-20/13 гэрээний 3.1-д “түншлэгч нь тус ажлыг улсын экспертээр батлагдсан зураг төсвийн дагуу хийнэ” гэж заасан, энэ нь тус гэрээний ажлын үндсэн шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага нь юм. Гэвч эдгээр нэн шаардлагатай бичиг баримт байхгүйгээр гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна” гэж маргасан.

5.Нэг талаас захиалагч болох З аймаг, нөгөө талаас түнш болох “Пп” ХХК-ийн хооронд “З аймгийн И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г[1] 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ.

Энэхүү гэрээний үндэслэл болсон Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогын 1.3.2-т “бодлогын зорилт нь дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэгдсэн төсвийн үр ашгийг дээшлүүлэх, ...”, 4.1-т “түншлэл нь дараахь төрөлтэй байна:”4.1.2-т “дэд бүтцийн салбарын түншлэл”, 4.1.3-д “төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх түншлэл”,

Мөн тогтоолын 4.5-д “Түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар батална.”, 4.6-д “Төрийн, эсхүл аймаг, нийслэлийн өмч, эд хөрөнгийг концессын гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгоход дараахь аргыг ашиглана: ” 4.6.1-д ““Барих-ашиглах-шилжүүлэх” (ВОТ) - эрх эзэмшигч гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан гэрээнд заасан  хугацааны дотор ашиглан, хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдийн өмчлөлд  шилжүүлэн өгөх үүрэг хүлээх” гэж заасан.

Мөн Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолын 1-д “...сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт” даалгажээ.

6.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.”, 52.2-д “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:”, 52.2.4-т “концессын харилцаанд” гэж зохицуулсан.

Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн дараах хэлбэр байна:”, 30.1.1-д “төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх”, 30.1.2-д “концессын гэрээгээр гүйцэтгүүлэх” гэжээ.

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.1-д “"концесс" гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг”, 3.1.2-д “"концессын зүйл" гэж Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг”, 3.1.3-д “"концессын гэрээ" гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг” гэж;

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Концесс нь дараахь төрөлтэй байж болно:”, 4.1.1."Барих-ашиглах-шилжүүлэх"–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх” гэж тус тус заасан.

7.Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 1.2-т зааснаар З аймгийн И сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих, төвлөрсөн халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих, төвлөрсөн дулаан хангамжаар хангах үйл ажиллагааны гэрээний нийт дүн болох 1,250,000,000 /нэг тэрбум хоёр зуун тавин сая/ төгрөгийн нэхэмжлэгч компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн гэрээний 1.3-д “гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан 30 жилийн хугацааны дотор ашиглан, хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлсэн өгснөөр гэрээ дуусгавар болохоор” заажээ.

8.Дээр дурдсан хууль тогтоомж, гэрээний заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч талтай хариуцагчаас байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ нь Засгийн газар, Эрчим хүчний сайдаас шууд гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргад шилжүүлсний дагуу захиалагч З аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанитай байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ гэх нэртэй боловч Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "Барих-ашиглах-шилжүүлэх" концессын гэрээний агуулгатай адил байна.

Мөн гуравдагч этгээдтэй хариуцагч байгуулсанЗ аймгийн И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байгуулсан ЭХ-19/2021 дугаартай гэрээ[2]”-ний хууль зүйн үндэслэл, шаардлага, зохицуулах харилцаа нь агуулгын хувьд дээр дурдсан нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээтэй адил байна.

9.Иймд маргааны тохиолдлын хувьд маргаан бүхий нэхэмжлэгч,  хариуцагч талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ болон гуравдагч этгээд, хариуцагч талуудын хороонд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгохтой холбоотой концессын харилцаанд Концессын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэхээр байна.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий хоёр гэрээний үндэслэлтэй холбогдуулан гэрээний агуулгыг тайлбарлаагүй, эдгээр гэрээг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох харилцаанд илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж, маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

10.Маргаан бүхий гэрээг цуцалсан 1/443 дугаар шийдвэрээр[3] ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг үндэслэн гэрээ байгуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан  дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанитай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээ хариуцагч талаас цуцалсан байна.

11.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, ...ийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”, 

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “..., сум, ...ийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”,  22.1.9-д “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих”, 22.1.11-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах”,

Уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 29.1.4-т дэд бүтцийн талаар 29.1.4. д/ нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, ... хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, гэж тус тус заажээ.

З аймгийн И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн буюу концессын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний захиалагч тал нь З аймгийн Засаг дарга байх бөгөөд мөн захиалагчийг төлөөлж И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Энхтүвшин нь тус гэрээнд гарын үсэг зурсан байна.

Дээр дурдсан гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээр дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.11-д заасны дагуу Концессын тухай хуулийн холбогдох заалт, Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэн И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Энхтүвшин нь өөрийн И сумын нутаг дэвсгэрт хэрэгжих эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн арга хэмжээнд хамаарах “халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих” гэрээг байгуулахад оролцож, гарын үсэг зурсан үйлдлийг “хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг эдэлсэн” гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, 55.1.14-т .төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэсэн заалтыг үндэслэн ТГ-20/13 дугаар гэрээгээр зохицуулагдах харилцаа нь сумын Засаг даргад харьяалуулсан, түүний эрх хэмжээний асуудал ..., И сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан..., ” гэсэн агуулга бүхий дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

12.Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Дараахь тохиолдолд концессын гэрээ дуусгавар болно:”, 24.1.2-д “гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээг сунгаагүй”, 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.3-д “Концессын гэрээг дараахь тохиолдолд концесс эзэмшигчийн санаачилгаар цуцална:”, 24.3.1-д “эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсонгэж тус тус зохицуулсан.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 4.1-д “Талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээрт хариуцлага хүлээлгэх асуудлыг энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.”,

Уг гэрээний 5.1-д “Гэрээ байгуулсан аль нэг тал нөгөө талдаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах буюу гэрээг цуцлах санал гаргаж болно.”,

13.Маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 3.1-д “Түнш нь... өөрийн хөрөнгөөр ... дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийн стандарт, норм, дүрэм, ...ийн дагуу боловсруулан улсын экспертизээр батлуулж, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулах...” гэж,

Уг гэрээний 1.3-т “гэрээт ажил эхлэх хугацааг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, ажил дуусч Улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр” гэж тогтоосон[4].

Ийнхүү гэрээнд заасан хугацаанд гэрээт ажил эхлээгүй, нэхэмжлэгч компаниас гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэх хугацаа болоогүй байхад буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч З аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан  “дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж буруутган гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгч компаниас гэрээт ажил эхлэхээс өмнө ажлын зураг, төслийг батлуулах,  гэрээт ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл  ажил хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөрөнгө зарцуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[5] тогтоогдож байна.

Хариуцагчийн гэрээт ажил эхлээгүй, нэхэмжлэгч компаниас гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэх хугацаа гэрээнд зааснаар болоогүй, тус компаниас гэрээний бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэрээнд заасан  дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан үйлдэл нь бодит байдалд нийцээгүй бөгөөд дээр дурдсан Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3, 24.2.3-д заасантай нийцээгүй буюу хууль бусаар нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

14.Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан шийдвэр гараагүй буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд, мөн хариуцагч, гуравдагч этгээд нарын хооронд З аймгийн Засаг даргаас  тус аймгийн И сумын дулаан, ус хангамжийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгүүлэх ЭХ-19/2021 дугаар 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шууд гэрээг байгуулаагүй байхад гуравдагч этгээд компаниас “К ХХК-тай З аймгийн И сумын гадна дулаан, ус хангамжийн шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах гэрээг[6] 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, мөн И сумын нэгдсэн дулаан хангамж, дулаан механикийн зураг төсөв боловсруулах ажлын зургийн даалгавар, техникийн нөхцөл[7] зэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан,  З аймгийн Онцгой байдлын газраас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт[8] зэргийг гаргуулсан байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, хариуцагч, нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй, хариуцагчаас гуравдагч этгээдтэй шууд гэрээ байгуулж эхлээгүй байх цаг хугацаанд гуравдагч этгээдээс гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан нь Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.гэж заасантай нийцээгүй байна.

15.З аймгийн И сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/33 албан бичгээр[9] З аймгийн Засаг даргад хандан “З аймгийн И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг цуцлах, өөрчлөх арга хэмжээ авах тухай” хүсэлтийг уламжилжээ.

З аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын даргаас Хууль, эрх зүйн хэлтэст хандсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/77 албан бичигт[10] “Тус сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих түншлэлийн гэрээ хийгдээгүй болно” гэжээ.

Харин  З аймгийн И сумын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн З аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 1/166 албан бичгээр[11] “Тус сумын төвд халаалтын зуух, дулаан болон цэвэр усны шугам сүлжээ барих “Пп” ХХК”-ны энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар бидэнд өгсөн тайлан мэдээлэл байхгүй тул бид тайлан хүргүүлэх боломжгүй байна.” гэсэн агуулга бүхий З аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/388 дугаар албан бичгийн хариуг мэдэгджээ.

Мөн хариуцагч З аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7/116 дугаар албан бичгийг[12] “Пп” ХХК-д хүргүүлсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар албан бичгээр[13] бэлтгэл ажил ханган 49,000,000 /Дөчин есөн сая/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг нэхэмжлэгч компани мэдэгдсэн байна.

Эдгээр баримтын агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлыг нотолсон баримтууд гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч талын “И сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 1/33, 1/166, 3/77 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон” гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

16.Гуравдагч этгээд “Хжс” ХХК-иас З аймгийн Засаг даргад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 567 дугаар албан бичгээр[14] “З аймгийн И сумын 2020-2024 оны дэд бүтцийг  хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сумын нэгдсэн дулаан цэвэр ус хангамжийн ажлыг концессын гэрээгээр 2021-2022 онд багтаан гүйцэтгэх” хүсэлтийг хүргүүлжээ.

17.Уг хүсэлтэд З аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/869 дугаар албан бичгээр[15] Хжс ХХК-д гэрээ байгуулахыг мэдэгдэж, улмаар ЭХ-19/2021 дугаар “Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд” З аймгийн И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг[16]  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээдтэй хариуцагчаас байгуулж, хариуцагчийн А/185 дугаар захирамжаар[17] гуравдагч этгээдэд 2201 м.кв газрыг дэд бүтцийн байгууллагын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

18.Дээр дурдсанаар хариуцагчийн нэхэмжлэгч компанитай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнээс З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар нэг талын санаачилгаар “Гэрээнээс татгалзсан” шийдвэр нь хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд Хжс ХХК-тай хариуцагчаас байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр гэрээг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна.

19.Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, маргааны үйл баримттай холбоотой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

 Харин “гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа эхлээгүй байсан, зураг төслөө боловсруулах ажил явагдаж байх үед гэрээнээс татгалзсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.11, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Концессын тухай хуулийн 24.1.2, 24.1.3, 24.2.3-д заасныг тус тус баримтлан З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 118/ШШ2022/0021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Пп ХХК-иас З аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, З аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр, З аймгийн Засаг даргаас “Хжс” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр И сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 13-17 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 126-129 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 13-17 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 23-25, 72-90 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 135-137 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 138-142 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 143 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 48 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал         

[13] Хэргийн 1-р хавтас 52 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 130 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 125 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 126-129 дэх тал

[17] Хэргийн 1-р хавтас 204 дэх тал