Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 445

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.А

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Гуравдагч этгээд: Ш.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуулийн мэргэжилтэн Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. 

Шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн орох талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад удаа дараа хандаж байсан боловч шүүхийн шийдвэрийг эс биелүүлж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд Ш.А ийг хууль бусаар томилсон байсан. 

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ш.А ийг үүрэгт ажлаас чөлөөлөхгүйгээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлыг “түр орлон гүйцэтгэгчээр” намайг томилсон гэж мэдэгдсэн боловч маргааш нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/170 тоот тушаал гарч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаалд “түр орлон гүйцэтгэгчээр” томилсон шийдвэр гаргасан. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон тул намайг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилох үүрэгтэй. Гэтэл Ш.А тэй давхацуулан намайг “түр орлон гүйцэтгэгчээр” томилсон шийдвэр гаргасан гэх боловч тэрхүү тушаалыг миний бие гардаж аваагүй бөгөөд гарсан эсэх нь тодорхой биш байсан. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа олон нийттэй харилцах албаны даргын албан тушаалд өмнө нь тус албан тушаалыг эрхэлж байсан Д.Э-тыг Нийслэл дэх Захиргааны хэргийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалаар эгүүлэн тогтоогдсон бөгөөд өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байгаа тул Д.Э нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болно.

Миний бие урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлаа эрхлэх хүсэл зорилготой бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтэст шилжин ажиллах хүсэл зорилгоо ямар нэг байдлаар илэрхийлээгүй. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэсэн зохицуулалтыг хангасны үндсэн дээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргах ёстой билээ. Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар надаас ямар нэг байдлаар зөвшөөрөл авч мэдэгдэлгүй шийдвэрээ гаргасан. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хууль бус шийдвэрүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүргийг гүйцэтгэх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу намайг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлыг эрхлүүлэх сонирхолгүй болох нь илт байгаа тул “дүр үзүүлсэн шийдвэр” гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасан байдаг. Энэ тухай н.Б даргад “...та нар хууль зөрчиж байна. Ингэж болохгүй болов уу” гэж тухайн үед хэлсэн. Яагаад Ш.А гэж улсад 1 сар ч ажиллаж үзээгүй хүнийг хууль зөрчин байж томилсон бэ? Тухайн оны 11 сард Авлигатай тэмцэх газраас энэ хүн шаардлага хангахгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн байгаа тул өөр хүн томилохыг анхаарна уу гэж анхааруулсан бичиг ирсээр байтал, үүнийг хүлээж авалгүй уг албан тушаалд байлгаж байсан гэдэг нь хачирхалтай.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад энэ хууль бус тушаалын талаар гомдол гаргасан байгаа тул хариу иртэл ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй байна гээд зөвшөөрөөгүй. “Тамга алга болсон” гэж Цагдаагийн байгууллага болон Прокурорын газарт удаа дараа гомдол гаргасан байдаг. Тухайн гомдлын дагуу прокурорын байгууллагаас хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Н.А г шилжүүлэн ажиллуулахаар томилсон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 тоот тушаалын хууль зүйн үндэслэл нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн явдал юм. 

Тус газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын орон тоо 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш сул байсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А г доорх нөхцөл байдлыг харгалзан томилсон. 

Нэхэмжлэгч Н.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2010-2015 онуудад мэргэжилтэн, Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба Төрийн албаны зөвлөлөөс Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, уг албан тушаалд жинхлээгүй байсан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг Н.А хангаагүй. 

Нэхэмжлэгч Н.А г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 тушаалаар томилохдоо түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй ба албан тушаалын үндсэн цалин ТЗ-7-3 663.720 шатлалаас ТЗ-9-5 буюу 864211 төгрөгөөр тогтоосон. 

Байгууллагын зүгээс нийт ажилтнууддаа хөврүүлэх ажиллагаа хийгдэж байсан. Зөвхөн нэхэмжлэгчтэй холбоотой бус нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд сэлгэн ажиллуулах тушаал гарч хооронд нь сэлгэн ажиллуулдаг. Ингэснээр ажилчдын чадвар нэмэгддэг гэж хувьдаа харсан. Маргаан үүсэх тохиолдолд төдийлөн гардаггүй. Ажлаа хүлээж авснаас хойш ажлаа хийлгүй, 2017 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд байгууллагын тамга авч, зугтаан ажлын байрыг орхиж явсан үйлдэл нь нотлох баримт шинжлэн судлах явцад ажиглагдсан. Тамга авч зугтсан зүйл байхгүй гэж хэлж байна. Энэ нь худлаа 2017 оны 09 дүгээр сарын 25, 26-ний өдөр хаалга нь цоожтой байсан. Комисс гараад үүдийг нь онгойлгож үзэхэд тамганы хайрцаг хоосон байсан учраас тамга авч зугтаасан гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.А нь уг тушаалыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлийн талаар тодорхой дурдаж маргаагүй, өөрөөр хэлбэл би ажил таслаагүй, байгууллагын тамга тэмдгийг авч зугтаагүй гэх талаар тайлбар гаргаагүй, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байдаг. Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд “Сэлгэн ажиллуулах зөвшөөрлийг бичгээр авна” гэж тайлбарласан байна. Тухайн тохиолдолд сэлгэн гэж байхгүй, шилжүүлэн ажиллуулах тухай гэж тодотгосон учраас нэхэмжлэгчээс зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай гэдэг нь тогтдоогдохгүй байна. 

Хариуцагч дээр дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 94 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах тухай журам”-ын 5.1-д “Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хүний нөөцийг оновчтой байршуулах үүднээс дотроо шилжүүлэн томилж болно” гэж заасныг тухайн тушаал зөрчөөгүй байна. 

Гуравдагч этгээд Ш.А тэй холбоотой олон зүйлийг ярьдаг боловч энэ хүнийг хууль зөрчиж томилсон тухай нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй байдаг. Тухайн шүүхийн шийдвэр нь түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилох агуулгатай юм. Үүний дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаал гарч, ажлаа хүлээж авсан байдаг. Одоо болохоор шууд даргаар томилуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн тухай баримт огт байхгүй. 

Н.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын тамгыг нуун, энэ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр уг тушаал гарсан. Ажил тасалсан тухайд нэхэмжлэгч тус ажлыг хүлээн зөвшөөрөхгүй учраас ажилдаа очоогүй гэж тайлбарладаг. 

Хэдий гомдол гаргах эрх нь нээлттэй боловч өгсөн үүрэг даалгаврыг мөн биелүүлэх үүрэгтэй. Тамга нуусан тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон боловч тамгыг хадгалалтын журмын дагуу зориулалтын саванд хадгалаагүй гэдгийг тогтоосон. Хариуцлага хүлээлгэхээр хэмжээний зөрчил биш гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Байгууллагын тамга байхгүй тохиолдолд хэвийн үйл ажиллагаа алдагдсан болох нь тодорхой. 

Иймд энэ үндэслэл нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Н.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр  тушаалуудыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлжээ.

Хариуцагчаас “Н.А нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлтод заасан шаардлагыг хангахгүй, албан ажлын зайлшгүй шаардлагаар түүнтэй тохиролцон шилжүүлэн томилсон,...мөн ажил тасалсан, хэлтсийн тамгыг авч зугтаасан зөрчил гаргасан болох нь баримтуудаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдууласан” гэж мэтгэлцэн маргаж байгаа.

Н.А нь анх Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 375 дугаар  тушаалаар Хяналт мониторингийн газрын Мониторинг үнэлгээний албаны мэргэжилтнээр томилогдсон ба Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт хяналтын байцаагч, даатгалын байцаагч, Газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон  ажиллаж байсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.А д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар  шийдвэрээр “нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар  магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэн хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар Н.А г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 09 дүгээр сарын 18-ны өдрөөс томилжээ.

Ингээд Н.А 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлтэл хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/170 дугаар тушаалаар Н.А г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байна.

1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар тушаалын тухайд:

Маргаж буй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар  тушаалд “албан ажлын зайлшгүй шаардлагаар” гэх үндэслэлээр Н.А г 09 дүгээр сарын 25-ны өдрөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь тухайн шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах буюу оролцоог хангах ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий Б/170 дугаар тушаалыг гаргаснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ. 

Тухайлбал, нэхэмжлэгч Н.А нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/163 дугаар  тушаалаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 09 дүгээр сарын 18-ны өдрөөс томилогдон ажлаа хүлээн аваад 1 хонож байтал 09 дүгээр сарын 19-ний өдөр түүнийг “Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэх томилох болсныг” Тамгын газрын дарга Б.Б мэдэгджээ .

Гэвч тухайн үед Н.А уг “шилжүүлэн ажиллуулах” асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Мэдэгдэх хуудсыг гардан аваагүй, улмаар тухайн өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад энэхүү асуудлаар гомдол гаргасан  бөгөөд гомдлын хариуг дарга Д.Зоригт 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/213 дугаар албан бичгээр  өгсөн (гэх) болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих ёстой.  

Гэтэл хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн дагуу Н.А г 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон атлаа маргааш нь буюу 9 дүгээр сарын 19-ний өдөр түүний санал, тайлбарыг сонсолгүйгээр шууд өөр ажилд “Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах” тушаал гаргаснаас үзэхэд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр дүр үзүүлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр бодитой хэрэгжээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байх ба захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Н.А тай харилцан (тохиролцож) зөвшилцөн, түүний саналыг авсаны үндсэн дээр шилжүүлэн томилох эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

Энэ тохиолдолд хариуцагчаас шийдвэр гарах тухай урьдчилан мэдэгдсэн байх боловч уг шийдвэрийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангах, сонсох ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим хэрэгжээгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагчаас Н.А г өөр ажилд шилжүүлэн томилох болсон шалтгаан, үндэслэлээ “албан ажлын зайлшгүй шаардлага” байсан гэх боловч шүүх хуралдааны явцад энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан үндэслэл бүхий тайлбар гарган мэтгэлцээгүй, баримтаар нотолж чадаагүй тул “албан ажлын зайлшгүй шаардлага” байсан гэдэг нь тогтоогдоогүй болно. 

Иймээс нэхэмжлэгч Н.А г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах бодит нөхцөл байдал байгаагүй, “ажилд эгүүлэн тогтоосон” захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бодитой хэрэгжээгүй байх тул маргаан бүхий 2017 оны Б/170 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

2. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалын тухайд: 

Маргаж буй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны Б/219 дүгээр  тушаалд Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 1 дэх хэсгийн 1.6, 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус газрын Тамгын газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга (албан үүргийг түр орлон гүйцэтгэгч) Н.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тамгыг нуун төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж албан үүргээ биелүүлээгүй тул түүнд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “шилжүүлэн ажиллуулах тухай” Б/170 дугаар тушаалыг эс зөвшөөрч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж тухайн өдөр нь буюу 09 дүгээр сарын 19-нд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад, 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол  гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1128 дугаар  албан бичгээр түүний гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн ба тус салбар зөвлөлөөс хуулийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөөгүй тул тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А Б/170 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул эрх бүхий байгууллагад гомдол гаргаж маргаж байсан, мөн Тамгын газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн даргын ажлыг албан ёсоор хүлээлцээгүй атлаа түүнийг “2017 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдийн ажил тасалж, албан үүргээ биелүүлээгүй” гэж 10 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарган сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус болжээ. 

Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4-д “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 8-аас дээш цаг тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд энэ нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно”, 8 дугаар зүйлийн 8.2-т дараах тохиолдолд ажилтныг албан тушаалаас захиргааны санаачилгаар чөлөөлөх үндэслэл болно”, 8.2.3-д “Сахилгын зөрчил давтан гаргасан” гэж тус тус зохицуулсан байна.

Энэхүү журмын дээрх заалтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол сахилгын ноцтой зөрчил гэж үзэж, уг сахилгын зөрчлийг удаа дараа буюу давтан гаргасан бол захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор байна. 

Түүнээс гадна Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1/2526 дугаар  албан бичгээр “...тамга тэмдэг ... олж тогтоох” тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалган, тогтоож Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 504 дүгээр  тогтоолоор “...цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд Н.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тамга тэмдэгийг зориуд нуусан болох нь тогтоогдохгүй байна...хэргийг...“гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хаасугай” гэж шийдвэрлэсэн.

Мөн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1811000314 дүгээр  тогтоолоор “...Н.А д холбогдох...хэргийг ...заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус  шийдвэрлэжээ.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тамгыг нуусан гэх үйл баримтыг эрх бүхий байгууллага шалгаж, эцэслэн тогтоогоогүй байхад хариуцагч нь Н.А г “...тамгыг нуун төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж буруутган 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/219 дүгээр тушаалаар ажлаас халсан нь учир дутагдалтай, захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасны зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-д “Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэсэн хуулийн шаардлага тавигдсан болно. 

Гуравдагч этгээд Ш.А нь анх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдон  ажиллаж байтал шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.А г өмнөх ажилд буцаан томилох болсон тул түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дээрх албан тушаалаас чөлөөлсөн  байна.

Улмаар нэхэмжлэгч Н.А г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасаны дараа дахин Ш.А ийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс томилсон  бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолтод  “эдийн засагч, нягтлан бодогч, төрийн удирдлага, эрх зүйч, бусад” мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байх ба нэхэмжлэгч Н.А нь Төрийн удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй , харин гуравдагч этгээд Ш.А нь сэтгүүлч мэргэжилтэй  байна.

Иймээс хариуцагч болон гуравдагч этгээдээс Н.А г дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан гэх тайлбарыг гарган маргаж буй нь үндэслэлгүй байна. Харин одоо ажиллаж буй Ш.А ийн хувьд хуулийн (нийгмийн даатгалын байгууллагад 3-с доошгүй жил ажилласан байх) болон мэргэжил нь Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй байгаа болох нь тогтоогдож байна. 

Мөн Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 01/7228 дугаар  албан бичигт “...нэр дэвшигч нь Ш.А нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-д заасан...нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...сонгон шалгаруулж томилно гэж заасныг хангаагүй байна. Иймд тус албан тушаалд...хууль тогтоомж болон Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу” гэсээр байхад Ш.А ийн анхны томилгоог хууль болон Ажлын байрны тодорхойлолтыг зөрчин хийсэн байна.  Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим илтэд зөрчигдсөн гэж үзлээ. 

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй болно.

Дээрх байдлуудаас нэгтгэн дүгнэвэл, маргаж буй захиргааны актуудын  улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үндсэн цалин 795935 төгрөг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргын урамшуулал 164000 төгрөг, Н.А гийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 119390 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 198983 төгрөг, 1 сарын цалин хөлс 1.278.308 төгрөг  байна. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаа болох 9 сар 14 хоногийн (11.504.772+813.456) цалин хөлс, олговор 12.318.228 төгрөг болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.А гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 9 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх 12.318.228 (Арван хоёр сая гурван зуун арван найман мянга хоёр зуун хорих найм) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг нэхэмжлэгч Н.А д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170 дугаар, 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Н.А г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А д 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 9 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх 12.318.228 (Арван хоёр сая гурван зуун арван найман мянга хоёр зуун хорих найм) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   М.ЦЭЦЭГМАА