Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 15

 

Б.Буянхишигийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант Найрамдал 5 дугаар гудамжны 3 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Түмэн баг, 4 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДЮ61061362, Өрлүүд овогт Базаррагчаагийн Буянхишигийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох 36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Буянхишигийн гомдлоор 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Буянхишиг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батсанчир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бунхишиг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1984 оны 4 дүгээр сараас эхлэн одоогийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд байрын багш, номын санчаар ажилд орж энэ байгууллагад нийтдээ 33 жил тасралтгүй ажилласан болно. Ажиллах хугацаандаа багшийн дээд сургуулийг номын санчийн мэргэжлээр төгссөн дараа нь Боловсролын Их Сургуулийг бага ангийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн. Гэтэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Гансүх нь 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тушаал дээр дурдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5-д зааснаар мөн Төрийн албаны тухай хуулийн 30.2-т зааснаар 36 сарын нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгохоор заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд Улаанбаатар хотод очиж яамны хүмүүстэй уулзаж амьдралын байдлаа танилцуулж, өргөдөл хүртэл бичиж өгөхөд 2017 оны төсөвт хуулийн дагуу ажилласан жилээр нь тэтгэмж суулгаад явуулна гэсэн. Гэтэл 2017 оны төсөвт 28.089.200 төгрөгийн тэтгэмж суугдаж ирсэн. Надтай хамт тэтгэвэрт гарч байгаа 4 хүн 25 жил ажиллаагүй тул 6 сараар тэтгэмж аваад гарах ёстой гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрч байгаа. Засгийн газрын 405 дугаар тогтоолын 3 дугаар заалтанд 25 буюу түүнээс дээш жил боловсролын салбарт ажилласан ажилтан тэтгэвэрт гарах үед 36 сараас хэтрэхгүй хугацаагаар тэтгэмж олгоно гэж бичсэн хуулийн зүйл заалт байгаа тул түүнийг үндэслэж байгаа. Мөн энэ тогтоолд бүх шатны боловсролын ажилтан гэж байгаа. Тиймээс Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5, Засгийн газрын 405 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь заалтуудыг үндэслэн энэ мөнгийг нэхэмжилж байна. Миний сарын цалин 469.000 төгрөг бөгөөд 36 сараар үржүүлээд 16.884.000 төгрөг гарч байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсанчир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус төвийн номын санчаар ажиллаж байсан Б.Буянхишиг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэг, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8-ыг үндэслэн тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцож олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 56 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул уг хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг үндэслэн 6 сарын тэтгэмж олгохоор болсон. Боловсролын тухай хууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуульд заасан 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгохоор заасан боловч үүнд сургуулийн номын санчийн албан тушаал хамрагдаагүй. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтад Боловсролын тухай хуулийн 43.5-д заасан гэж тусгасан бөгөөд үүнд мэргэжлийн боловсролын байгууллагыг тусгаагүй. Манай байгуулага 2017 оны төсвийн төслийг бэлтгэн холбогдох яаманд хүргүүлэхдээ номын санч Б.Буянхишигт олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч 2017 оны төсөв 6 сараар тооцон батлагдсан буюу төсөв багасаж батлагдсан. Төсөвт тусгагдсан 28.069.200 төгрөг нь манай байгууллагаас тэтгэвэрт гарсан 6 хүний тэтгэмж бөгөөд Н.Энхбаяр нь 25 жил ажилласан нягтлон бодогч ажиллаж байгаад нас барсан хүүхдүүд нь өргөдөл өгч авах ёстой тэтгэмжийг авмаар байна гэдэг байдлаар хандсан тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгөхөөр болсон гэж сонссон. Ерөнхийдөө төсөв багасаж батлагдсан, тэтгэврийн санд суугдсан мөнгөн дүн байгаа. Иймд номын санчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Буянхишигт 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Боловсролын тухай хулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4, 43.5, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 36 сарын тэтгэмжид 16.884.000 /арван зургаан сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Өрлүүд овогт Базаррагчаагийн Буянхишиг /ДЮ61061362/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Буянхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 151 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие Б.Буянхишиг нь 1984 оны 4 сараас эхлэн одоогийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хуучнаар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургууль-д байрын багш номын санч-аар орж ариун цэвэр станцын гахай тавьдаг үед жорлонг нь лоомоор ухаж ачаад, хөлдүү паарыг гал тавиад, шефь нэгдэлд малчнаар явж, төрийн сургууль түмний хүүхдийн төлөө мэдэхгүй чадахгүй юмгүйгээр боловсролын байгууллагад 33 жил тасралтгүй ажилласан ба нэг өдөр амар хялбарыг харалгүйгээр зүтгэж явсан. Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5, 43.1.7 -д зааснаар боловсролын үйл ажиллагааг явуулахад туслах үйлчилгээг гүйцэтгэж байсныг үндэслэн 2016 оны 7 сард Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, нягтлан бодогч нар нь миний удаан жил боловсролын байгууллагад ажжилласан хөдөлмөрийг үнэлж тэтгэвэрт гарах хүмүүст олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 11.258,400 төгрөгийг төсөвт суулгаад үндсэн байгууллагын саналыг дэмжиж 2017 оны төсөвт суугдан батлагдаж ирсэн байсан. Мөн санхүүжилт нь энэ оны 4 дүгээр сарын дундуур тус сургуулийн дансанд орж ирсэн байна. Гэтэл өрх толгойлсон цалингийн зээлнээс тэтгэвэрийн зээл рүү шилжсэн надад батлагдан санхүүжигдэж ирсэн тэтгэмжийг олголгүйгээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох шийдвэр гаргаад өндөр настан ахмад ажилтан намайг үгүйсгэж, удаан хугацаагаар сэтгэл зүйн болон эдийн засгийн хямралд оруулж хохироож байгаа учир Боловсролын тухай хууль, Засгийн газрын 2014 онд гарсан 405 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь заалтуудыг үндэслэн суугдсан 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний 11.258.400 төгрөгийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Гансүхээс гаргуулж өгч өндөр настан надад тусална уу.

Нэгэнт үнэхээр боловсролын салбарт тасралтгүй 33 жил ажиилласан байхад өөрөөсөө өгөх гэж байгаа мэт удаан хугацаагаар намайг чирэгдүүлж, та шүүхээр заргалдаад олоод ав гэж байгаа нь албан тушаалаа ашигласан, нягтлан бодогчтойгоо ашиг сонирхлын зөрчилтэй хамааралтай үйлдэл байх гэж ойлгохоос өөр аргагүй байдалд хүргээд байна.

Анхан шатны шүүх Боловсролын тухай хуулийн 43.5-д, мөн хуулийн 43.1.4 -д

 

Засгийн газрын 405 дугаар тогтоол 3.1.15, 43.1.2, 30.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4 - 5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно. Засгийн газрын газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмсэн бөгөөд энэ журмыг 2015 оны 23-ны өдрөөс эхлэн мөрдөнө гэсэн байна. Мөн Боловсролын тухай хуулийн 43.5, 43.1.4-д "Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв-д гэсэн заалт байсаар байхад хийсвэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж тусгагдаагүй гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 21-д зааснаар надад олгох ёстой буцалтгүй тусламжийг журамласан байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүст олгох тэтгэмж нь 2016 оны төсөвт суугдаад хууль журмынхаа дагуу 2017 оны төсөвт салбарын яам, сангийн яамаар батлагдаад ирсэн. Миний 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний 11.258.400 төгрөгний мөнгөн тэтгэмжийг анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7 - ны өдрийн 151 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон.

Иймд 2017 оны 4 дүгээр сард санхүүжилт нь орж ирсэн 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний 11.258.400 төгрөгийг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс надад гаргуулж өгнө үү? гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Буянхишиг нь өндөр насны тэтгэвэрт гарахад нэг байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байхад тэтгэвэрт гарахад олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн 16.884.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв эс зөвшөөрч маргажээ.

Б.Буянхишиг нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хуучин нэрээр Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1984 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Нэхэмжлэгч Б.Буянхишигийн нэхэмжлэлийн шаардлагын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 3.1.5, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг зэрэг заалтуудад боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгаа, хуулийн нэр томъёо, төрийн албан хаагчид олгох тусламжийн талаар тодорхойлж заасан бөгөөд хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтандаа мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэхдээ дээрх Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалт, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 21 зэргийг баримтлан тус байгууллагаас 2017 онд тэтгэвэрт гарах хүмүүст олгох тэтгэмжийг суулгасан 2017 оны төсвийн төслийг холбогдох яамандаа хүргүүлэхдээ Б.Буянхишигт олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч 2017 онд батлагдсан төсөвт 6 сараар тооцон төлөвлөсөн зардлыг 10.199.400 төгрөгөөр бууруулан хуваарилсан байна.

Нэхэмжлэгч нь тус байгууллага /Мэргэжлийн сургалт үйлдвэрлэийн төв/-д 1984 оноос 2017 он хүртэл байрын багш, номын санчаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 1994 оноос хойш номын санчаар ажиллсан байна, нэхэмжлэгчийн тус байгууллагад 33 жил байрын багш, номын санчаар ажиллаж байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 21-д ...төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4-д заасны дагуу тогтоох бөгөөд ...Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа...оруулан тооцно гэж заасан бөгөөд хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тэтгэмж олгоно... гэж заасан байна.

Дээрх одоо дагаж мөрдөж байгаа Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуулийн болон Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудад Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасан төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд номын санчийн ажил албан тушаал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь тусгагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дээрх хуулиуд, журамд зааснаар Б.Буянхишиг нь хариуцагч байгууллагаас 36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөг шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгэт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН