| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00112/И |
| Дугаар | 204 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 204
2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00204 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00112/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-06 тоотод оршин суух, Боржигон овогт Амгалангийн Одончимэг /РД:ЛД88112100/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт оршин суух, Хатгин овогт Төмөрсүхийн Отгонцэрэг /РД:ЛД88092712/-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
Хариуцагч Т.Отгонцэрэгт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 93399030 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх ба нэхэмжлэгч А.Одончимэг нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.Отгонцэрэгийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Одончимэг би Т.Отгонцэрэгтэй 2001 оноос буюу 6 дугаар ангид байхаасаа хамт нэг ангид сурч байсан. Бидний үерхэж байх хугацаанд 2010 оны 06 дугаар сарын 26-нд хүү О.Даваанямыг төрүүлсэн. Би жирэмсэн болсон хүүхдээ тээх, төрүүлэх, өсгөж бойжуулах хугацаанд дэргэд байгаагүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Миний бие 10 сартай хүүхэдтэй учир Сүхбаатар аймгийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байх тул энэ байдлыг минь харгалзаж үзнэ үү. Миний хүү О.Давааням нь 2014 оноос судасны хоргүй хавдар өвчнөөр өвчилж Улаанбаатар хотод ЭХЭМҮТөвд хяналтанд байдаг. 2017 оны 02 дугаар сарын 16-нд хагалгаанд орох байсан боловч ханиад хүрч өндөр халуурсны улмаас 03 дугаар сар хүртэл хойшлогдсон. Хүүхдийн эмчилгээний зардал мөнгө шаардлагатай байгаа тул 2014-2016 оны тэтгэлэг болох 2 850 000 төгрөгийг Т.Отгонцэрэгээс гаргуулж өгнө үү. Мөнх хүү О.Даваанямын эцэг нь Т.Отгонцэрэг мөн болохыг нь тогтоож, 18 нас хүртэл нь тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгч А.Одончимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 6 дугаар ангид сурч байхдаа Т.Отгонцэрэгтэй танилцаж байсан. Би 8 дугаар ангиа төгсөөд Хэнтий аймагт ирж сурсан. Т.Отгонцэрэг хотруу явсан. Сүүлд ангийн уулзалтаар уулзсан. 2009 оны намар Улаанбаатар хотод очсон. Тэгээд уулзаж учирч байгаад жирэмсэн болсон. Т.Отгонцэрэг надаас үр хөндүүлэхийг шаардсан. Манай ээж аав намайг үр хөндүүлэхийг зөвшөөрөөгүй. Тэгээд хүүхдээ төрүүлсэн. Тэрнээс хойш холбоо барихаа больсон. Т.Отгонцэрэгээс 2 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд 2010 оны 06 дугаар сарын 26-нд хүү О.Даваанямын эцэг Т.Отгонцэрэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Отгонцэрэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2001 оноос нэхэмжлэгч гэгч А.Одончимэгтэй нэг ангид сурч байсан боловч бидний дунд хайр сэтгэл, үерхэлийн холбоо байгаагүй. 2009 онд биднийг оюутан байхад тодорхой шалтгаанаар А.Одончимэгийн хүсэлтээр хоёроос гурван удаа уулзаж байсан. 2009 оны 11 дүгээр сард А.Одончимэг нь утсаар жирэмсэн болсон талаар хэлсэн болно. Тэр үед бид хоёр оюутан байсан ба тэр үед эрс эсэргүүцэж, хойшдоо гэрлэхгүй гэдгээ ч би хэлсэн. Эсэргүүцэж болох бүхий л шалтгааныг тоочин ойлгуулсан боловч үл ойшоон хүүхдээ төрүүлсэн. Чамаар тэжээлгэхгүй, бүү ай гэж хүртэл хэлж өөрийн шийдвэрийг тулгаж байсан болно. Т.Отгонцэрэг миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд А.Одончимэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахад сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хүлээн авч чадахгүй болохоо тайлбар болгон хүргүүлэв гэжээ. /хх-ийн 18-20х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Одончимэг нь хариуцагч Т.Отгонцэрэгт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А.Одончимэг нь хариуцагч Т.Отгонцэрэгтэй 2008 онд үерхэж, эр эмийн холбоотой болж, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Давааням төрсөн болох нь №0365318 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1-2х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 18-20х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Отгонцэрэгийн хувьд хүү О.Даваанямыг өөрийн хүү мөн гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэгч А.Одончимэгийн хариуцагч Т.Отгонцэрэгтэй эр эмийн харьцаатай байж, хамтран амьдарч байсан үедээ буюу 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн хүү О.Давааням /РД:СЮ10262634/-ын эцэг нь хариуцагч Т.Отгонцэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Нэгэнт Даваанням хүүгийн эцэг нь хариуцагч Т.Отгонцэрэг мөн болох нь хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрлөөр тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.Одончимэгийн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Отгонцэрэгээс Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч Т.Отгонцэрэгийн хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул хүүхдийн тэтгэлгийг гаргуулахдаа түүний энэ байдлыг харгалзан тэтгэлгийг улирал тутам тооцож төлүүлэхээр тогтоох нь зохистой байна.
Нэхэмжлэгч А.Одончимэг нь хариуцагчаас 2014-2016 оны хүүхдийн тэтгэлэгт тооцож 2 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул уг байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Амгалангийн Одончимэг /РД:ЛД88112100/-ийн 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн хүү О.Давааням /РД:СЮ10262634/-ын эцэг нь хариуцагч Хатгин овогт Төмөрсүхийн Отгонцэрэг /РД:ЛД88092712/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү О.Даваанямыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Отгонцэрэгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг улирал тутам мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, хүү О.Даваанямыг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч А.Одончимэг нь хариуцагч Т.Отгонцэрэгээс 2014-2016 онуудын хүүхдийн тэтгэлэгт 2 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Одончимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Отгонцэрэгээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Одончимэгт олгосугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР