| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа,
улсын яллагч С.Цэрэндалай /томилолт/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Март,
шүүгдэгч А.А, А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.А нарт холбогдох эрүүгийн 2007000000190 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, 21 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү, хүүхдийн хамт, ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
******* овогт А.А /РД: /,
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эгч, дүү нарын хүүхдүүдийн хамт ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............................... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Э.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 00 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод оршин суух иргэн А.Агийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Э.Э над руу утсаар яриад “ажил ярих гэсэн юм, яваад очъё” гэсэн. Тэгэхэд нь би “За за, барилгын ажлыг утсаар яриад яах вэ, манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд ирэхдээ 1 пиво, 1 ундаа, 1 хайрцаг тамхитай ирсэн. Э.Эыг манайд ажил ярих гэж биш, өөр санаатай ирснийг мэдсэн, “чи яв аа, би унтаж амарлаа” гэж хэлээд гэрээс гаргахад явахгүйгээр 2, 3 удаа хашаагаар эргэлдээд байсан. А.Аыг түр явсан хойгуур нь хаалгаа түгжээд, дээд айлынх руу очиж тусламж гуйгаад иртэл Э.Э манай гэрийн цонх хагалаад орчихсон байсан. Би “чи манай гэрт юу хийж байгаа юм бэ, яагаад эзэнгүй айлд ороод байгаа юм бэ, наад хаалга чинь түгжээтэй байгаа юм биш үү” гэхэд “би өмдөө авмаар байна” гэсэн. Тэгээд өмдийг нь хайхад байхгүй байсан. Э.Эыг нь гарч явсны дараа ******* эгчтэй хамт унтаж байхад хаалганы цүү эвдэлж манайд орж ирсэн. Гэрт орж ирээд намайг арагшаа хоолны шкаф руу түлхээд, үснээс зулгаасан. Тэгэхээр нь би шкаф дээр байсан хутгыг аваад “чи над руу ойртох юм бол би чам руу дүрчихнэ шүү” гэтэл зандрангуй харцаар хараад над руу дайрсан. Тэр хооронд л тийм юм болсон” гэв.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ажлаа тараад А.А руу “ажил байна, хамт хийх үү” гэж утсаар ярьсан. Тэгэхэд “Чи хүрээд ир ээ, манай ээж хөдөө явсан, би хоол хийгээд байж байя” гэж хэлсэн. Би сүүлийн автобусаар орой 9 цаг өнгөрч байх үед Налайхад ирчихээд А.Агийн гэр лүү такси бариад очсон. Тэгээд хоол идээд сууж байхад “мөнгө байна уу” гэж асуусан. Би өөрт байсан 37.000 төгрөгөө гаргаж өгсөн. А.А “чи хоолоо идээд байж бай, би дэлгүүр орчихоод ирье” гээд өөрөө гараад явсан. 30-40 минутын дараа А.А 1 том пиво, 1,5 литрийн ундаа, 1 хайрцаг тамхитай орж ирсэн. 00 цаг өнгөрч байхад пиво ууж дуусгасан, А.А намайг дахиад пиво аваад ирээч гэсэн. Тэгээд би гараад онгорхой дэлгүүр олоогүй буцаж ирээд “дэлгүүр хаачихжээ” гэхэд А.А “хоёулаа цайз орох уу” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр хамт гарч, такси бариад цайз гэх дэлгүүр дээр очиж пиво авсан. 1 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Бид 2 пиво ууж байхад А.А огцом, огцом уурлаад, хэрүүл болчих гээд байсан. Тэгээд байж байтал намайг гадаа гараад байж бай, би айл руу оччихоод ирье гээд гэрээ цоожлоод явсан. А.А ирэхгүй байхаар нь би ажлын хувцсаа авах гээд том өрөөний цонхоор орсон. Ороод өмдөө олохгүй болохоор, орны ард байсан ундааг уугаад байж байтал А.А гаднаас ******* гэдэг хүнтэй хамт орж ирсэн. Орж ирээд “чи яахаараа эзгүй айлд орсон байж байдаг юм бэ” гээд загнаад, хөөгөөд байхаар нь би хаалгаар нь гараад явсан. Би А.Ад “ажлын хувцсаа, авчихмаар байна, Налайхад надад таньж мэдэх айл байхгүй, чи яагаад ингээд байгаа юм бэ” гэхэд уурлаад байсан. Дараа нь тэр хоёр том өрөөнд ор засаад унтаад өгсөн. Би хувцсаа авах гээд цонх, хаалгыг нь тогшоод цаг гаруй болсон. Тэгэхэд А.А хаалгаа онгойлгоод “чи яах гээд байгаа юм бэ, ажлын хувцас алга байна” гээд уурлаад байсан. Тэгээд гэнэт хутга гаргаж ирээд “Чи яагаад явахгүй байгаа юм бэ, би чамайг дүрчихнэ шүү” гэхэд нь “наад хутга шөвгөөрөө яах нь вэ, тоглоом биш шүү” гэж хэлэхэд “за за, хоёулаа эв зүйгээрээ ярилцъя, ороод ир” гээд арагш нь хутгаа шидэх шиг болсон. Тэгээд хамт гал тогооны өрөө лүү ороод дахиад маргалдаад эхлэхэд А.А хутгаа аваад хөл рүү 2 удаа, дал руу 1 удаа дүрсэн. Тэгээд цус нэлээн алдсан болохоор А.А “цус их гарч байна” гэж хэлээд миний өмдийг тайлж, хөл боож өгөөд, ахынхаа өмдийг өмсүүлсэн. Дараа нь би явлаа гэж хэлээд гарсан ба хашааны үүдэнд толгой эргээд, ухаан алдаад уначихсан. А.А араас гарч ирээд гэр рүүгээ оруулсан. Тэгээд цагдаа, эмч дуудах уу гэхэд нь яах юм бэ, би өөрөө очоод эмчид үзүүлье гэхэд А.А надад 1.000 төгрөг өгөөд такси бариад эмнэлэг дээр очиж боолго гэж хэлсэн. Би гэрээс гараад гүүр хүртэл яваад Хоргын гүүрний орчим толгой эргээд, ухаан алдаад уначихсан. Өдөр 15 цагийн үед тэр хавьд зар нааж явсан эгчийн утсаар ахыгаа дуудаад, эмнэлэгт очиж үзүүлсэн” гэв.
Хохирогч А.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А.А руу утсаар ярьсан. Заслын ажил олсон талаараа хэлэхэд “орой хүрээд ир, ирэхээр чинь ярилцъя” гэж хэлсэн. Ажил 19 цаг өнгөрч байхад дуусаж Налайхад 21 цаг өнгөрч байхад орж ирсэн. Ордон дээр буугаад А.Агийн гэрт нь очсон. Очиход А.А гэртээ ганцаараа хоол хийж байсан ба хоол идээд сууж байхад А.А “дэлгүүр ороод тамхи аваад ирье” гэхээр нь 37.000 төгрөг өгсөн. А.А мөнгө аваад гэрээсээ гарсан. Эргэж орж ирэхдээ нэг том пиво, ундаа, нэг хайрцаг тамхи авч ирсэн. Бид хоёр пиво хувааж уугаад маргааш хийх ажлынхаа талаар ярилцсан. Пиво ууж дуусаад 00 цаг 10 минут болж байхад надад 10.000 төгрөг өгөөд “нэг пиво олоод ирээч” гэж гуйсан. Гарч яваад би дэлгүүр ороход хаачихсан байсан. Эргэж ороод “дэлгүүр хаачихжээ” гэхэд А.А “хоёулаа цайз орох уу” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр хамт гарч цайз гэх дэлгүүр дээр очиж пиво авсан. Явсан такситайгаа буцаж ирээд гүүрэн дээр буугаад алхаад гэр рүү орсон. Бид хоёр сүүлд авч ирсэн пивоо дуустал уусан. А.А цухалдаад уурлаад байсан. Би гарчихаад ирье гэхэд “чи яв” гэж хэлэхээр нь би ажлынхаа хувцсыг авъя гэхэд өгөхгүй байсан. Гэрээ цоожлоод А.А яваад өгсөн, би хэсэг хашаанд зогсож байхад гаднаас А.А нэг эгчтэй орж ирсэн. Тэр эгч намайг “яв” гэж хэлэхэд би ажлынхаа хувцсыг авъя гэхэд намайг хөөгөөд байсан. Тэр хоёр гэр рүүгээ ороход нь би араас нь очоод “ажлынхаа хувцсыг авъя маргааш ажилтай, авчихаад явлаа” гэж хэлсэн. А.А хутга гаргаж ирээд “дүрчихнэ шүү, зайл” гэж хэлэхээр нь “наад хутга шөвгөөрөө яах нь вэ, тоглоом биш шүү” гэж хэлэхэд “за за” гээд арагш нь хутгаа шидчихсэн. Бид хоёр гал тогооны өрөөнд орсон. А.А хаалга түгжээд бид хоёр маргалдсан. Тэгээд шидсэн хутгаа аваад миний зүүн хөлийн шилбэнд хоёр удаа хутгаар хатгасан. Дахиж хутгаар далайгаад зүүн талын мөрний орчим хутгалсан. Тэгээд цус нэлээн гарсан ба А.А “цус их гарч байна” гэж хэлээд шилбийг боосон. Тэгээд би явлаа гэж хэлээд гарсан ба хашааны үүдэнд толгой эргээд уначихсан. А.А араас гарч ирээд гэр рүүгээ оруулсан. Өмд, цамц хоёрыг маань А.А сольж өгөөд надад 1.000 төгрөг өгөөд такси бариад эмнэлэг дээр очиж боолго гэж хэлсэн. Би гэрээс гараад гүүр хүртэл яваад Хоргын гүүрний орчим толгой эргээд уначихсан, 15 цагийн үед ахыгаа утсаар дуудсан. Ах ирээд эмнэлэг хүргэж өгч эмнэлгийн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.У эгчид надтай хамт жоохон байж байгаач намайг нэг эрэгтэй хүн эргүүлээд байна гэхэд зөвшөөрөөд бид 2 буцаад манай хашаанд ороод ирэхэд цонх хагарсан хөшиг хийсч харагдахаар нь очоод байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогшоо ортол Э.Э гэр дотор хойд өрөөнд орны хажууд зогсож байсан ба “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд “ажлынхаа өмдийг хайж байна” гэхээр нь “ажлын чинь өмд байхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд буцаад цонхоороо гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/,
Гэрч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 цагийн үед манай гэрт А.А ирж надтай уулзсан. “Нэг хүн ирчихээд элэг бариад байна та надтай хамт очоод хэлээд явуулаад өгөөч” гээд гуйхаар нь би хувцсаа өмсөөд бид хоёр очсон. Гэрийнх нь цонхыг хагалаад хүн орчихсон байхыг хараад “хүүш ээ чи яаж байгаа юм бэ” гэж цонхоор хэлэхэд цонхоор нэг залуу буцаад гараад ирэхээр нь барьж аваад цагдаа дуудна гэхэд тэр залуу гараа мултлаад зугтаагаад явчихсан. Гэрийнх нь хаалгыг онгойлгоод гэрт нь орсон. Би явлаа гэж хэлэхэд А.А “жаахан байж байгаач” гэж хэлээд надаа гудас дэвсэж өгсөн. Би гудсан дээр хэвтэж байгаад хэсэг унтчихсан байсан. Хаалга нүдэх чимээгээр би сэрсэн. Тэгтэл хаалганы цоожийг суга татаад нөгөө залуу ороод ирсэн. Тэр хоёр хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би босоод гал тогооны өрөө рүү ороход А.А тэр залуугийн хөлийн булчинд хутгалчихсан байсан. Би гэр рүүгээ гүйж очоод гар утсаа аваад цагдаа эмнэлэг дуудах гэхэд тэр залуу хэрэггүй эгч ээ битгий дууд гээд байсан. А.А хөлийг нь боож өгсөн, тэр залуу үүр цайж байхад гараад явсан. Хаалга эвдэж орж ирээд А.Агийн үснээс нь зулгаахыг хараад би босоод очих хооронд хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би тухайн өдрөөс 2 байна уу 3 хоногийн өмнө А.Агийн ээж *******, аав Амайн нартай найзууд болохоор гэрт нь уулзахаар очиход цонх нь бүтэн байсан. Намайг гэрт байхад А.А ирээд намайг эрэгтэй хүн ирээд дээрэлхээд оролдоод байна гэхээр нь би хамтдаа гараад очиход гэрийнх нь хаалга цоожтой, А.А гаднаас нь түлхүүрээр онгойлгож орсон. Хаалга цоожтой байсан ба цонх нь хагархай хөшиг нь хийсч харагдсан. Цонх нь том буюу онгойдоггүй хэсэг нь хагарсан байсан. Гадуураа гялгар ууттай тэрнийх нь нэг тал нь салсан байдалтай байсан. Тухайн үед би хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. А.А надад хэлэхдээ цонх хагалаад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд цонх нь хагарсан хөшиг нь хийсч байгаа харагдсан. Хаалга нь бол зүгээр цоожтой ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй А.А надтай хамт очихдоо түлхүүрээр онгойлгоод орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хэвтэж байхад хаалга нүдэхээр нь чагнаад хэсэг хэвтсэн. Хаалганы цоож мулт татаад Э.Э ороод ирсэн. Яах гээд байгаа юм бэ яв гэхэд явахгүй байсан. Намайг түлхсэн шүүгээний шургуулганд байсан цэнхэр иштэй хутгыг аваад “ойртвол хутгална шүү” гэхэд над руу дөхөөд ирсэн. Бид хоёр хоорондоо зууралдаж байх явцдаа шилбэнд нь хутгалчихсан байсан. ...Шархыг нь боож өгөөд 1.000 төгрөг өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-96 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Аы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би явах гэтэл анх ирэхдээ авч ирсэн ажлын хувцсаа хайгаад олохгүй байсан ба А.Агаас ажлын хувцсыг нэхэхэд байхгүй гээд би хайгаад олохгүй, тэгээд намайг “гарч бай, би айлд очлоо” гэж хэлээд хашаандаа үлдээгээд гэрээ цоожлоод гараад явахаар нь хашааны гадаа хүлээгээд бараг 1 цаг орчим болоод орж ирэхгүй болохоор нь гэрт нь дахиад үзье гэж бодоод цонхны цаагуур байх гялгар уутыг нь татаж салгаад цонхоор нь гэр рүү нь ороод хувцсаа хайсан боловч байхгүй байсан. Ингээд гаднаас А.А нь ******* гээд эгчийн хамт орж ирээд надад уурлаад “чи яаж байгаа юм бэ, яагаад зөвшөөрөлгүй гэрт орж байгаа юм” гээд уурлахаар нь “би ажлын хувцсаа аваад явмаар байна” гэхэд гар гээд хаалгаа онгойлгохоор нь би гарсан. ...А.А гэрийнхээ хаалгыг цоожлоод гарч явчихаад буцаад орж ирэхгүй удаад байхаар нь би ажлын хувцасаа авах гээд л цонхоор нь яваад орсон юм. ...Хоёр долоо хоног гэмтлийн эмнэлэг дээр очиж хөлөө боолгосон. Тэгэхдээ машинд бензин хийж явсан баримтууд байгаа юм. Мэс заслын эмчийн өдөр болгон боолт хийлгэ гэсэн бичиглэл амбулаторийн картан дээр байсан. Карт яг хаана байгааг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 112-115 дугаар хуудас/,
Гэрч О.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.А миний төрсөн охин байгаа юм. Э.Э нь 2016 оноос манай охинтой танилцаад үерхэж байсан гэсэн би царайг нь нэг л удаа харсан. Би Э.Эы талаар сайн мэдэхгүй. Миний охин А.А нэг хүүтэй, нөхөргүй, нөхрөөсөө салаад 4 жил болж байна. Гэртээ хүүхдээ хараад байдаг, заримдаа тоосгоны үйлдвэрт ажилладаг. Зан аашийн хувьд нилээд ааш гаргадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Аы биед үзлэг хийсэн ба түүний биед даланд шарх гэмтэл байхгүй буюу зүүн бугалганы ар дээд хэсэгт шарх гэмтэл байсан. Үүнийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч зүүн дал хэсэг гэж андуурч бичсэн байж болно. Зүүн бугалганы ард дээд хэсэг нь зүүн мөрний ар хэсэгт байрлалын хувьд ойролцоо байдаг. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын бичигт зүүн мөр, зүүн шилбэнд шарх гэсэн онош тавьсан ба зүүн даланд ямар шарх гэмтэл байхгүй байсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №609 дугаар :
“1. А.Аы биед зүүн бугалга, зүүн шилбэнд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн бугалга, зүүн шилбэнд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулгэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №665 дугаар :
“1. А.Агийн биед үзлэг хийсэн 2020.08.31-ний байдлаар гэмтэл тогтоогдлоо.
2. А.А нь хэрэг болсон гэх цаг хугацаанд эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй байх тул тухайн үед үүссэн гэмтлийг болон гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №40 дугаар:
“1. А.А сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.А хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. А.А сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,
Хохирогч А.Агийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 58-64 дүгээр хуудас/,
Хохирлын тооцоо /хх-ийн 116 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Мэргэжлийн боловсролыг үнэмлэх, Чадамжийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбар, Суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 117-123 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн124 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, охин А.Баваржаны төрсөний гэрчилгээний хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-74 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Аыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох”, шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Г.Наранбаатар “түүний үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах”, шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Д.Март “гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” байр сууринаас оролцож, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 00 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 16-144 тоотод оршин суух иргэн А.Агийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч А.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.А ирэхгүй байхаар нь би ажлын хувцсаа авах гээд том өрөөний цонхоор орсон. Ороод өмдөө олохгүй болохоор орны ард байсан ундааг уугаад байж байтал А.А гаднаас ******* гэдэг хүнтэй хамт орж ирсэн. Орж ирээд “чи яахаараа эзгүй айлд орсон байж байдаг юм бэ” гээд загнаад, хөөгөөд байхаар нь би хаалгаар нь гараад явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.У эгчид надтай хамт жоохон байж байгаач намайг нэг эрэгтэй хүн эргүүлээд байна гэхэд зөвшөөрөөд бид 2 буцаад манай хашаанд ороод ирэхэд цонх хагарсан хөшиг хийсч харагдахаар нь очоод байшингийнхаа хаалгыг онгойлгоод дотогшоо ортол Э.Э гэр дотор хойд өрөөнд орны хажууд зогсож байсан ба “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд “ажлынхаа өмдийг хайж байна” гэхээр нь “ажлын чинь өмд байхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд буцаад цонхоороо гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 цагийн үед манай гэрт А.А ирж надтай уулзсан. “Нэг хүн ирчихээд элэг бариад байна та надтай очоод хэлээд явуулаад өгөөч” гээд гуйхаар нь би хувцсаа өмсөөд бид хоёр очсон. Гэрийнх нь цонхыг хагалаад хүн орчихсон байхыг хараад “хүүш ээ чи яаж байгаа юм бэ” гэж цонхоор хэлэхэд цонхоор нэг залуу буцаад гараад ирэхээр нь барьж аваад цагдаа дуудна гэхэд тэр залуу гараа мултлаад зугтаагаад явчихсан. Тэгээд гэрийнх нь хаалгыг онгойлгоод гэрт нь орсон. Би явлаа гэж хэлэхэд А.А жаахан байж байгаач гэж хэлээд надаа гудас дэвсэж өгсөн. Би гудсан дээр хэвтэж байгаад хэсэг унтчихсан байсан. Хаалга нүдэх чимээгээр би сэрсэн. Тэгтэл хаалганы цоожийг суга татаад нөгөө залуу ороод ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Аы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би явах гэтэл анх ирэхдээ авч ирсэн ажлын хувцсаа хайгаад олохгүй байсан ба А.Агаас ажлын хувцсыг нэхэхэд байхгүй гээд би хайгаад олохгүй, тэгээд намайг “гарч бай, би айлд очлоо” гэж хэлээд хашаандаа үлдээгээд гэрээ цоожлоод гараад явахаар нь хашааны гадаа хүлээгээд бараг 1 цаг орчим болоод орж ирэхгүй болохоор нь гэрт нь дахиад үзье гэж бодоод цонхны цаагуур байх гялгар уутыг нь татаж салгаад цонхоор нь гэр рүү нь ороод хувцсаа хайсан боловч байхгүй байсан. Ингээд гаднаас А.А нь ******* гээд эгчийн хамт орж ирээд надад уурлаад “чи яаж байгаа юм бэ, яагаад зөвшөөрөлгүй гэрт орж байга юм” гээд уурлахаар нь “би ажлын хувцсаа аваад явмаар байна” гэхэд гар гээд хаалгаа онгойлгохоор нь би гарсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ. Энэхүү зохицуулалтаас үзэхэд орон байрны халдашгүй байдал хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан байна. Энэ зүйл, хэсэгт оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрснээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөнд тооцогдох бөгөөд тухайн нөхцөл байдалд орон байранд хүн байсан эсэх, орон байрны цонхоор эсхүл хаалгаар нэвтэрсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч А.А нь тухайн орон байранд “ажлын хувцсаа авах зорилгоор орсон” гэж мэдүүлж байх боловч энэ нь бусдын орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орсон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүгдэгч А.Аыг оршин суугчийн буюу А.Агийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замчны 16-144 тоотод иргэн ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биеийн зүүн бугалга, зүүн шилбэ хэсэгт нь хутгаар хатган биед нь зүүн бугалга, зүүн шилбэнд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгэхээр нь би шкаф дээр байсан хутгыг аваад “чи над руу ойртох юм бол би чам руу дүрчихнэ шүү” гэтэл зандрангуй харцаар хараад над руу дайрсан. Тэр хооронд л тийм юм болсон.” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.А хутга гаргаж ирээд “дүрчихнэ шүү, зайл” гэж хэлэхээр нь “наад хутга шөвгөөрөө яах нь вэ, тоглоом биш шүү” гэж хэлэхэд “за за” гээд арагш нь хутгаа шидчихсэн. Бид хоёр гал тогооны өрөөнд орсон. А.А хаалга түгжээд бид хоёр маргалдсан. Тэгээд шидсэн хутгаа аваад миний зүүн хөлийн шилбэнд хоёр удаа хутгаар хатгасан. Дахиж хутгаар далайгаад зүүн талын мөрний орчим хутгалсан. Тэгээд цус нэлээн гарсан ба А.А “цус их гарч байна” гэж хэлээд шилбийг боосон” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хоёр хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би босоод гал тогооны өрөө рүү ороход А.А тэр залуугийн хөлийн булчинд хутгалчихсан байсан. Би гэр рүүгээ гүйж очоод гар утсаа аваад цагдаа, эмнэлэг дуудах гэхэд тэр залуу хэрэггүй эгч ээ битгий дууд гээд байсан. А.А хөлийг нь боож өгсөн, тэр залуу үүр цайж байхад гараад явсан. Хаалга эвдэж орж ирээд А.Агийн үснээс нь зулгаахыг хараад би босоод очих хооронд хутгалчихсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Намайг түлхсэн шүүгээний шургуулгад байсан цэнхэр иштэй хутгыг аваад “ойртвол хутгална шүү” гэхэд над руу дөхөөд ирсэн. Бид хоёр хоорондоо зууралдаж байх явцдаа шилбэнд нь хутгалчихсан байсан. ...Шархыг нь боож өгөөд 1.000 төгрөг өгөөд явуулсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №609 дүгээр дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд “...шүүгдэгч А.Агийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Аы хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар А.Агийн үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжтэй. А.Аы үйлдэл үргэлжилсэн довтолгоон бөгөөд тухайн үед хутгалахаас өөр таслан зогсоох арга байгаагүй” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч А.А, А.А нар нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж муудалцсан, бие биенийхээ биед халдсан байх хэдий ч хүчиндэх гэж байсан гэж таамаглалын шинжтэйгээр хутгаар гурван удаа хутгалсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Учир нь бусдын хууль бус халдлага бодитой эхлээгүй, мөн аргагүй хамгаалалтын үед учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос ямагт бага байх ёстой бөгөөд хутга нь хүний амь нас, эрүүл мэндэд аюултай зэвсгийн шинжтэй байхад гурван удаа хутгалсан байх тул шүүх аргагүй хамгаалалтын шинжгүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын “шүүгдэгч А.Агийн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцуулах дүгнэлт”-ийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.А нь гэмтлийн улмаас эмчилгээ, оношлогоо, эм авсан зэрэг нийт 131.450 төгрөгийн баримтыг, боолт хийлгэхээр явахад зарцуулсан шатахууны зардалд 276.520 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж, бүгд 407.970 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх дээрх баримтуудыг судлан үзээд 2020 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр шатахуун худалдан авсан 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин 2020 оны 08 дугаар сарын 07-21-ний өдрийн буюу 14 хоногийн хугацаанд боолт хийлгэхээр явсан шатахууны зардал болон эмчилгээ, оношлогоо, эм авсан зэрэг нийт 377.970 төгрөгийг шүүгдэгч А.Агаас гаргуулж хохирогч А.Ад олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.А нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч А.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт, шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Д.Март “шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч А.А, А.А нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч А.А нь 2014 онд хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй, харин шүүгдэгч А.А нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүх шүүгдэгч А.А, А.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ял биелэгдэх боломж тогтоогдоогүй/ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн, ******* овогт А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.А нар нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Аы нэхэмжилсэн нийт 407.970 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлээс 30.000 /гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Агаас 377.970 /гурван зуун далан долоон мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Ад олгосугай.
5. Шүүгдэгч А.А, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ