Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.М холбогдох эрүүгийн 2007000000265 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ........................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд *******ийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

*******ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* овогт Ц.М /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....................” нэртэй амралтын газрын үйлчилгээний байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Гын өмчлөлийн архи, тамхи зэрэг эд зүйлийг хулгайлан авч 345.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .................... нэртэй амралтын газрын захирлаар ажилладаг юм. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд хүн хүч дутмаг учраас миний бие амралтын газраа ажиллуулахаа болиод өөрөө амралтын газраа хараад ганцаараа амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны орой 00 цаг өнгөрөөд унтаад өгсөн ба маргааш нь 11 цагийн үед амралтын газраа эргээд байшингуудаа тойроод явж байтал зоогийн газрын арын жижиг цонх хагархай байхаар нь очоод хартал тоосго шидээд хагалсан байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирээд манай хяналтын камерыг шүүж үзэхэд хар курткатай, хар өмдтэй, хар малгайтай цамц өмссөн, хар нүдний шилтэй залуу гаднаас цонх хагалаад орж ирээд шууд үйлчилгээний хэсэг дээр очоод гялгар уут аваад архи болон тамхинуудыг хийгээд гарч байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бороо ах /Ц.М/ тусламж дуудаж машин чирч гаргахаар явсан. Би тэр хооронд унтчихаж нэг мэдсэн намайг сэрээгээд нэг хайрцаг парламент тамхи өгсөн. Тэгээд босоод ир архи ууя гэхээр нь “та хаанаас архи авсан юм бэ гэхэд хүнээс 350.000 төгрөг авах ёстой байсан юм, тэрийгээ авлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар 1 шил Соёрхол нэртэй 0.75 граммын архи уугаад дуусаж байтал цагдаа нар ирсэн. Ц.М “....................” чиглээд явсан манай ах Одгариг гол дагаад өгсөөд явсан. Ц.М нь хар өнгийн эсгий түрийтэй гуталтай, хар өнгийн савхин курткатай, дотуураа хар саарал малгайтай цамцтай, хар өнгийн биеийн тамирын өмдтэй явж байсан... Ирэхдээ цүнх үүрчихсэн ирсэн. Дотор нь юу байгааг асуугаагүй. Тэрэлжийн Болор ороод архи аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд л хамт 1 шил архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэртээ харихаар “....................” амралтын газар өнгөрөөд явж байгаад шаварт суусан. Ингээд машинаа гаргах гээд чадахгүй, ухаад дийлэхгүй сүүлдээ цаг орой болоод гадаа гэгээ тасрахаар нь архиа уухаар болоод Одгариг, О.О бид гурав авсан 1 шил 0,75 литрийн стандарт нэртэй архиа хувааж уугаад машиндаа хоносон. Өглөө гэгээ оронгуут гурвуулаа сэрээд машинаа хэрхэн яаж гаргах уу гээд ярилцаад хэсэг ухаад шургааг мод доогуур нь хийгээд болохгүй байхаар нь татуулах машин хайхаар болоод би “....................” амралтын газрын гадна нэг портер байхаар нь гуйх гээд яваад очтол хүн байхгүй байхаар нь амралтын газар руу яваад ортол ресторан дотор хүнгүй, архи текэн дээр нь өрөөстэй харагдахаар нь хойгуур нь тойрч очоод хүн байхгүй юм шиг байхаар нь байшингийн ард байсан хураалгаатай тоосгоноос тал тоосго аваад цонх руу нь шидэж хагалаад, дотогшоо ороод, үйлчилгээний хэсгийн ард өрөөстэй байсан архи болон тамхинуудыг уутанд хийгээд аваад гарсан. Яг хичнээн шил архи, хичнээн хайрцаг тамхи авснаа одоо санахгүй байна. Тэгээд амралтын газраас гараад замдаа нэг шил архийг нь задлаад талыг уунгаа шууд Одгариг, О.О нар дээр очоод задалсан архиа нөгөө хоёрт өгөхөд хаанаас ингэтлээ их архи олоод авчихав гэхээр нь тухайн үед би самарт явж ирээд удаагүй байсан болохоор самарт явсан мөнгөө сая авлаа тэгээд Тэрэлжийн гүүрнээс архи авсан гэж хэлсэн. Тэгээд л архиа уугаад машинаа гаргах гээд үзэж байтал цагдаа нар хүрч ирээд хулгайлсан архи болон тамхинуудыг хураагаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

            “...........” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...........дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Үнэлэгдэж буй хөрөнгө 345.700 төгрөг” тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосго,

 

   Шүүгдэгч Ц.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн буюу гэмт хэрэг, зөрчлийн талаарх “АСАП” сангийн мэдээлэл /хх-ийн 58-63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....................” нэртэй амралтын газрын үйлчилгээний байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Гын өмчлөлийн архи, тамхи зэрэг эд зүйлийг хулгайлан авч 355.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны орой 00 цаг өнгөрөөд унтаад өгсөн ба маргааш нь 11 цагийн үед амралтын газраа эргээд байшингуудаа тойроод явж байтал зоогийн газрын арын жижиг цонх хагархай байхаар нь очоод хартал тоосго шидээд хагалсан байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирээд манай хяналтын камерыг шүүж үзэхэд хар курткатай, хар өмдтэй, хар малгайтай цамц өмссөн, хар нүдний шилтэй залуу гаднаас цонх хагалаад орж ирээд шууд үйлчилгээний хэсэг дээр очоод гялгар уут аваад архи болон тамхинуудыг хийгээд гарч байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бороо ах /Ц.М/ тусламж дуудаж машин чирч гаргахаар явсан. Би тэр хооронд унтчихаж нэг мэдсэн намайг сэрээгээд нэг хайрцаг парламент тамхи өгсөн. Тэгээд босоод ир архи ууя гэхээр нь “та хаанаас архи авсан юм бэ гэхэд хүнээс 350.000 төгрөг авах ёстой байсан юм, тэрийгээ авлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар 1 шил Соёрхол нэртэй 0.75 граммын архи уугаад дуусаж байтал цагдаа нар ирсэн. Ц.М “....................” чиглээд явсан манай ах Одгариг гол дагаад өгсөөд явсан. Ц.М нь хар өнгийн эсгий түрийтэй гуталтай, хар өнгийн савхин курткатай, дотуураа хар саарал малгайтай цамцтай, хар өнгийн биеийн тамирын өмдтэй явж байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...амралтын газар руу яваад ортол ресторан дотор хүнгүй, архи текэн дээр нь өрөөстэй харагдахаар нь хойгуур нь тойрч очоод хүн байхгүй юм шиг байхаар нь байшингийн ард байсан хураалгаатай тоосгоноос тал тоосго аваад цонх руу нь шидэж хагалаад, дотогшоо ороод, үйлчилгээний хэсгийн ард өрөөстэй байсан архи болон тамхинуудыг уутанд хийгээд аваад гарсан. Яг хичнээн шил архи, хичнээн хайрцаг тамхи авснаа одоо санахгүй байна. ...Тэгээд л архиа уугаад машинаа гаргах гээд үзэж байтал цагдаа нар хүрч ирээд хулгайлсан архи болон тамхинуудыг хураагаад авсан” гэх мэдүүлэг,

 

            “...........” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...........дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосго зэрэг болно.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Ц.Мийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Мийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Улсын яллагч яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг “...........” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...........дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 345.700 төгрөг гэж тогтоосон байна. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/-д дурдсан эд зүйлсийн тоо ширхэг, “...........” ХХК-ийн үнэлгээний тайлангийн тоо ширхэгтэй зөрсөн тул шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд дурдсан тоо ширхэгийн дагуу “...........” ХХК-ийн үнэлсгээний тайлангийн үнэлгээний тохируулагдсан нэгжийн дундаж үнийг үндэслэн тооцоог дахин гаргахад бодит хохирол 355.920 төгрөг болсон тул зөвтгөсөн болно.

 

            Хохирогч Б.Га нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ихэнх зүйлсээ буцаагаад авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Мд  2 жилийн хугацаагаар хорих ял ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартаас “хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй тул Ц.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүгдэгч Ц.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2002 он, 2016 онд ял шийтгэгдэж байсан байх ба эдгээр ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Улсын яллагч яллах дүгнэлтэд хохирогч Б.Гын нэрийг Б.Г гэж, тухайн гэмт хэрэг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өглөө гарсан байхад орой гэж, шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт яллагдагчийн төрсөн огноо, регистрийн дугаарын нэг нэг тоог зөрүүлж буруу бичсэн байсныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөвтгөсөн бөгөөд дахин техникийн шинжтэй алдаа гаргахгүй байхыг анхааруулж тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журмлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Мд 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.                
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ