Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр           Дугаар 156/ШШ2017/00207      Хэнтий аймаг

    
    
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00033/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 03-01 тоотод оршин суух, Шадав овогт Дамдинсүрэнгийн Эрдэнэцэцэг/ РД:СД93080204/-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 08-12 тоотод оршин суух, Боржигон овогт Аюушийн Галхүү / РД:СЭ90021374/-д  холбогдох  
    “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 

      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Д.Эрдэнэцэцэг миний бие 2011 онд А.Галхүүтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 21-нд хүү Анхбаатар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. А.Галхүү анх хэвлийдээ үр тээсэн цагаас эхлэн өдий хүртэл "Миний хүүхэд биш, өөр хүнээс жирэмсэн болчихоод худлаа хуцаад бай" гэж үргэлж зодож, үг хэлээр дарамталдаг байсан. Одоо хүртэл мөн адил эгчтэйгээ нийлж доромжилж гэрээсээ хүүтэй минь хамт хөөж гаргасан. А.Галхүү нь намайг төрөөд удаагүй байхад "Бузрын хөхөө битгий хөхүүл" гээд дарамтлан, манай эгч хоёр хүүхдээ угжаад хүн болгосон. Би сардаа сүүний мөнгө 200,000 төгрөг явуулаад байна" гэж загнаж хүүхдийг минь хөхнөөс нь гаргасан мөртлөө бид хоёрт мөнгө төгрөг огт өгөөгүй. А.Галхүү нь 2016 оны 08 дугаар сарын 10-нд гараад огт холбоогүй алга болоод 11 дүгээр сарын 05-нд бид хоёрыг эмнэлэгт хэвтэж байхад ирсэн. Эмнэлгээс гаргаад гэртээ аваачсан боловч эгчтэйгээ хамтран загнаж дарамтлан хөөж туусан. А.Галхүүгийн эгч нь "Танай хүүхэд миний дүүгийн хүүхэд биш. Гудамжны архичнаас хүүхэдтэй болчихоод” гэх мэтээр загнаж дарамталдаг байсан. Эгч нь "Галхүүгийн хүүхэд мөн юм бол чи шинжилгээг нь нүүр бардам өгүүлчихээч, чи шүүх цагдаа гэж яваад юу ч олохгүй" гэж үг хэлээр доромжлон загнасан. Би сар гарантай хүүхэдтэйгээ аав, ээж дээрээ очиж эцэг эх маань хүүхдийг минь тэжээж өсгөж байгаад аймагт ирээд байгаа. Хүү бид хоёр сардаа 60,000 төгрөг, хүүхдийн 20,000 төгрөгөөс өөр орлогогүй. А.Галхүү хүүхдээ гэх сэтгэлгүй, бид хоёрт тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Манай аав, ээж хоёр эрхэлсэн ажилгүй ч чадлаараа тусалж дэмжиж байдаг. Би амьдралын түвшин доогуур ядуу өрхийн бүртгэлд байдаг. Одоо хүү маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул А.Галхүүг хүү Анхбаатарын эцэг мөн болохыг тогтоож, мөн энэ асуудалд гарах зардлыг А.Галхүүгээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    А.Галхүүтэй 2011 онд танилцсан. 2016 оны 07 дугаар сарын 21-нд хүү Анхбаатар төрсөн. Намайг төрөөд 2-3 хонож байхад хаяж явсан. Миний хүүхэд биш гэж гар хүрдэг байсан. Эгч нь хүртэл загнадаг байсан. Тэгээд би хөдөө ээж аав руу явсан. 2016 оны 11 дүгээр сард хүүхдийн маань бие муудаж эмнэлэгт хэвтсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-нд эмнэлэгээс гаргаж байшиндаа түр байлгасан. Миний бие хүүхдээ тэжээх боломжгүй болсон тул шүүхэд хандсан. А.Галхүү нь миний хүүхэд биш гэсэн учраас шинжилгээ өгсөн. А.Галхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч А.Галхүү нь  шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Эрдэнэцэцэгийн хүүхдийг өөрийн хүүхэд гэхэд эргэлзэж байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 16х/

Хариуцагч А.Галхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Д.Эрдэнэцэцэгийг жирэмсэн эсэх талаар мэдээгүй. Өвөл мэдсэн. Төрснийх нь маргааш эмнэлэгээс гаргаж авсан. Би 7 хоног гэртээ байж байгаад Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 11 дүгээр сард ирж эмнэлэгээс гаргаж авсан. Миний хүүхэд мөн эсэх талаар бид маргалддаг байсан. Шинжилгээгээр миний хүүхэд гэж гарсан тул одоо эргэлзэхгүй байна. Шинжилгээг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хууль заасны дагуу төлнө гэв.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

              Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Галхүүд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
              Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Галхүүтэй 2011 онд танилцаж, эр эмийн холбоотой болж, тэдний дундаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Анхбаатар төрсөн болох нь №2301000387 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 1х/, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 16х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-гийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2287 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-25х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
                 Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн хариуцагч А.Галхүүтэй эр эмийн харьцаатай байх хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсэн хүү Э.Анхбаатар /РД:СЮ62272138/-ын эцэг нь хариуцагч А.Галхүү мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Нэгэнт Анхбаатар хүүгийн эцэг нь хариуцагч А. Галхүү мөн болох нь ДНХ-гийн нарийвчилсан шинжилгээний дүгнэлт болон хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрлөөр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д. Эрдэнэцэцэгийн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А. Галхүүгээс Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Шадав овогт Дамдинсүрэнгийн Эрдэнэцэцэг/ РД:СД93080204/-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсэн хүү Э.Анхбаатар /РД:СЮ62272138/-ын эцэг нь хариуцагч Боржигон овогт Аюушийн Галхүү / РД:СЭ90021374/ мөн болохыг тогтоосугай.
         2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү Э.Анхбаатарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Галхүүгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, хүү Э.Анхбаатарыг тэжээн тэтгүүлсүгэй.
 
         3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгт анхааруулсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй.

        5 Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР