Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2017/00089/и |
Дугаар | 151 |
Огноо | 2017-04-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- **************** нэхэмжлэлтэй,
хариуцагч- *************** холбогдох,
36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 4 дүгээр сараас эхлэн одоогийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд байрны багш, номын санчаар ажилд орж энэ байгууллагад нийтдээ 33 жил тасралтгүй ажилласан болно. Ажиллах хугацаандаа багшийн дээд сургуулийг номын санчийн мэргэжлээр төгссөн дараа нь Боловсролын их сургуулийг бага ангийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн. Гэтэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал *********** нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 6сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тушаал дээр дурдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5-д зааснаар мөн Төрийн албаны тухай хуулийн 30.2-т зааснаар 36 сарын нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгохоор заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд Улаанбаатар хотод очиж яамны хүмүүстэй уулзаж амьдралын байдлаа танилцуулж, өргөдөл хүртэл бичиж өгөхөд 2017 оны төсөвт хуулийн дагуу ажилласан жилээр нь тэтгэмж суулгаад явуулна гэсэн. Гэтэл 2017 оны төсөвт 28.089.200 төгрөгийн тэтгэмж суугдаж ирсэн. Надтай хамт тэтгэвэрт гарч байгаа 4 хүн 25 жил ажиллаагүй тул 6 сараар тэтгэмж аваад гарах ёстой гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрч байгаа. Засгийн газрын 405 дугаар тогтоолын 3 дугаар заалтанд 25 буюу түүнээс дээш жил боловсролын салбарт ажилласан ажилтан тэтгэвэрт гарах үед 36 сараас хэтрэхгүй хугацаагаар тэтгэмж олгоно гэж бичсэн хуулийн зүйл заалт байгаа тул түүнийг үндэслэж байгаа. Мөн энэ тогтоолд бүх шатын боловсролын ажилтан гэж байгаа. Тиймээс Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5, Засгийн газрын 405 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь заалтуудыг үндэслэн энэ мөнгийг нэхэмжилж байна. Миний сарын цалин 469.000 төгрөг бөгөөд 36 сараар үржүүлээд 16.884.000 төгрөг гарч байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус төвийн номын санчаар ажиллаж байсан ************** өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэг, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8-ыг үндэслэн тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж түүнд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцож олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 56 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул уг хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг үндэслэн 6 сарын тэтгэмж олгохоор болсон. Боловсролын тухай хууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хуульд заасан 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгохоор заасан боловч үүнд сургуулийн номын санчийн албан тушаал хамрагдаагүй. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтад Боловсролын тухай хуулийн 43.5-д заасан гэж тусгасан бөгөөд үүнд мэргэжлийн боловсролын байгууллагыг тусгаагүй. Манай байгуулага 2017 оны төсвийн төслийг бэлтгэн холбогдох яаманд хүргүүлэхдээ номын санч ************* олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч 2017 оны төсөв 6 сараар тооцон батлагдсан буюу төсөв багасаж батлагдсан. Төсөвт тусгагдсан 28.069.200 төгрөг нь манай байгууллагаас тэтгэвэрт гарсан 6 хүнийн тэтгэмж бөгөөд *********** нь 25 жил ажилласан нягтлон бодогч ажиллаж байгаад нас барсан хүүхдүүд нь өргөдөл өгч авах ёстой тэтгэмжийг авмаар байна гэдэг байдлаар хандсан тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгөхөөр болсон гэж сонссон. Ерөнхийдөө төсөв багасаж батлагдсан, тэтгэврийн санд суугдсан мөнгөн дүн байгаа. Иймд номын санчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ************ 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* нь хариуцагч **************** холбогдуулан боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан тул тэтгэвэрт гарахад олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 16.884.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ /хх-1/.
Нэхэмжлэгч ************** нь хуучин Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд үйлчлэгчээр ажилд орж байрны багш, номын санчаар энэ байгууллагад тасралтгүй 33 жил ажилласан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан *************** захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, нягтлан бодогч нарын гарын үсэгтэй 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай цалингийн тодорхойлолт, 0128156 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд ************н ажилласан хугацаа болон ажиллаж байсан байгууллагын талаар маргаагүй болно /хх-51, 4-6/.
Нэхэмжлэгч ************* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.5, Засгийн газрын 405 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн, мөн 2017 оны төсөв 28.069.200 төгрөгөөр батлагдсан, бусад хүмүүсийн авах тэтгэмжийг хасаж тооцоод 4 дүгээр сарын төсөвт тусгагдсан 16.671.600 төгрөгийн тэтгэмжийг боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй гэж тайлбарладаг болно /хх-46/.
Хариуцагч **************** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь ...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тухай хууль, Боловсролын тухай хуульд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгохоор заасан бөгөөд эдгээр албан тушаалд номын санч гэх ажил, албан тушаал хамрагдаагүй, 2017 оны төсвийн төслийг хүргүүлэхдээ номын санч************* олгох тусламжийг 24 сараар тооцон хүргүүлсэн боловч 2017 оны төсөв 6 сараар тооцож батлагдсан, төсөвт тусгагдсан 28.069.200 төгрөг нь манай байгууллагаас тэтгэвэрт гарах эрх нь үүссэн 6 хүний тэтгэмж бөгөөд эдгээр хүмүүсийн тэтгэмж 6 сараар тооцож батлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж... татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ /хх-19-24, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэж заасан бөгөөд үүнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж тусгагдаагүй,
3 дугаар зүйлийн 3.1.15-д “боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг” гэж,
43 дугаар зүйлийн 43.1.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж заасан бөгөөд 36 сарын цалинтай тэнцэх гэсэн үг, өгүүлбэр тусгагдаагүй,
43 дугаар зүйлийн 43.1.2-т “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно...” гэж заасан бөгөөд номын санч гэх ажил, албан тушаалын нэр тусгагдаагүй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “энэ хуулийн 5.1.2-т заасан буюу төрийн захиргааны, 5.1.3-т заасан буюу төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасан бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан бөгөөд уг журам нь 1-10 хүртэл тоогоор дугаарлагдсан, Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг дагаж мөрдөхөөр байна.
Уг журмын 21–д “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа ...оруулан тооцно” гэж заасан бөгөөд журмын 3-т “...төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж, 4-т “төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл бүх шатны боловсролын үйлчилгээний бусад ажилтан 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгохоор заасан бөгөөд “36 сарын цалинтай тэнцэх” гэсэн үг өгүүлбэр дээрх хуулиудад тусгагдаагүй, Монгол Улсын Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан журамд Боловсролын тухай хуулийн 43.5, 43.1.4-д заасан гэж, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход дагаж мөрдөхөөр байна.
Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос баталсан дээрх хуулийн зохицуулалтад тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг зохицуулсан байх бөгөөд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар хуулиар зохицуулаагүй байх тул 36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч ************* шаардах эрхгүй байна.
Хариуцагч байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалд 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан байх бөгөөд уг тэтгэмжийг нэхэмжлэгч аваагүй талаараа тайлбарлаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учраас ажлаас чөлөөлөгдсөн талаар нэхэмжлэгч маргаагүй болно /хх-3/.
Хариуцагч байгууллага өндөр насны тэтгэвэрт гарах нийт 6 хүнд буюу багш, нягтлан бодогч, жижүүр-2, бичиг хэргийн ажилтан, номын санч гэсэн албан тушаалын алба хаагч нарт олгох нэг удаагийн тэтгэмжийн саналаа 38.268.600 төгрөгөөр тооцож холбогдох байгууллагад хүргүүлсэн талаарх баримтаа ирүүлсэн бөгөөд уг баримтанд нэхэмжлэгч ************* олгох тэтгэмжийг 24 сараар тооцож 11.258.400 төгрөг байхаар тусгасан байх боловч ************** 2017 оны төсвийн хуваарьт тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 28.069.200 төгрөгөөр баталсан байна /хх-50, 46/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус төвийн өмнөх захирал нь нэхэмжлэгч ************** олгох тэтгэмжийг 24 сараар тооцсон байсан, төсөв батлагдахдаа 6 сараар тооцож ирүүлсэн гэж тайлбарлаж байх боловч төсөвт тусгагдсан 28.069.200 төгрөгийг дээрх 6 иргэнд буюу ямар албан тушаалд ажилласан иргэнд хэдэн төгрөгийн тэтгэмж хувиарлагдсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Боловсролын тухай хулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4, 43.5, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч ************* нь хариуцагч *************** 36 сарын тэтгэмжид 16.884.000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4, 43.5, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч **************** 36 сарын тэтгэмжид 16.884.000 /арван зургаан сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн *************** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ