Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн М.Өт холбогдох эрүүгийн 2007004290017 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ..................................................  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

******* овгийн М.Ө /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ............................................ тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Цтэй маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгслээс буулгах зорилгоор түүний хэвлий, мөр хэсэг рүү түлхэх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

            Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр М.Өийн хашаанаас машинаа авах гээд очтол манай машины эд зүйлүүд нь байхгүй байсан. Урьд нь М.Өээс машинаа авна, авсан зүйлсээ буцааж хийгээрэй гээд аль 9 сард М.Өт хэлсэн байхад М.Ө манай эд зүйлийг хийгээгүй байсан. Тэгээд би М.Өийн гэрт явж очоод машины юмнуудыг буцааж хийгээгүй байхаар нь М.Өт хэлсэн чинь би аваад идчихсэн юм уу, би ямар тэрийг чинь бөгсрүүгээ хийчихсэн юм уу гээд хэл амаар доромжлоод байхаар нь би М.Өийн машины урд талд суугаад М.Өтэй хэл амаа олох гэж оролдсон боловч М.Ө дахиад хэл амаар доромжлоод орилоод нүүр рүү салаавч гаргаад байсан. Тэгээд би чи наад машиндаа тавьсан дугуйнуудаа тайлж өг би тэгж байж машинаас чинь бууна гэж хэлсэн чинь намайг түлхээд хүзүү рүү тохойгоороо нударсан. Би тэр үед машинаас нь буухгүй гээд сууж байсан чинь М.Ө хаалга онгойлгоод миний гэдэс рүү хүчтэй түлхэхээр нь би буцаагаад өөрийг нь түлхсэн. Тэгээд бид 2 маргалдаж байгаад би машинаас нь буусан, тэгээд М.Ө машинаа унаад зугтаасан. Тэр үед би жирэмсэн байсан тул хүүхэддээ санаа зовоод тэр даруй эмнэлэгт хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед эмээгийн гэр рүү явах замдаа М.Өийн гэрээр ороод машинаа үзэх гээд яваад орсон чинь М.Ө гэрийнхээ гадаа машиндаа сууж байсан. Тэгээд би очоод уулзаад машинаа үзсэн чинь миний машины моторын дээд анги нь байхгүй байхаар нь би эхнэртээ хэлсэн. Манай эхнэр М.Өтэй уулзсан чинь манай эхнэрийн урдаас хэгжүүрхээд урдаас нь салаавч өгөөд хэрэлдээд байсан. Тэгээд М.Ө машинаа асаагаад явах гэхэд нь манай эхнэр машинд нь ороод суугаад хэрэлдээд байсан. Би тэр үед анзаараагүй цаана нь хүүхдүүдээ хараад байж байсан. Тэгээд манай эхнэр машинаас нь бууж ирээд гэдэс, толгой өвдөөд байна гэхээр нь бид эмнэлэг явсан. Манай эхнэр машинаас нь бууж ирээд М.Ө миний ам руу салаавч өглөө гээд бас машин дотор тохойгоороо цохичихлоо, нүүр ам самардчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Д.Ц нь бусдад зодуулсан гээд толгой, хэвлийгээр өвдсөн зовиуртай байсан. Үзлэг хийхэд ил шарх сорвигүй, хэвлий бага зэрэг эмзэглэлтэй, жирэмсэн хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №817 дугаар:

“1. Д.Цийн биед умайн доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй,

5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

         

            Шинжээч эмч Ч.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үзүүлэгч Д.Цийг өөрийн биеэр үзсэн ба үзлэг хийх үед Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас дээр бичигдсэн тархи доргилт гэмтэл ерөнхий биеийн үзлэг, мэдрэлийн үзлэг болон асуумжаар тогтоогдоогүй. Жирэмсэн эмэгтэйн биеийн аль ч хэсэг доргих үед хэвлийн булчин, мөн ураг агуулж буй умай доргиж умайн булчин чангардаг. Энэ нь ураг эрт зулбах хүртэл аюултай байж болдог. Мөн дээрх умайн доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл нь цээж, хэвлий хэсэгт мохоо зүйлийн цохих цохигдох үед хэвлийн хэсгээр доргилт үүсэх боломжтой. 33-34 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн хэвлийн тойрог энгийн хүнийхээс ихэссэн байх ба тухайн хүний өмссөн хувцас, биеийн галбир, ерөнхий төрх, биеийн жин зэргээс шалтгаалж гадна талаасаа харагдах байдал өөр өөр байж болно”  гэх мэдүүлэг /хх-ийн 38-дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч М.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би гэрийнхээ гадаа машиндаа сууж байхад Д.Ц, Л.Б хоёр ирээд хашаанд ороод машин үзэж шалгачихаад Д.Ц надруу манай нөхрийн машины эд зүйл, 4 дугуй нь байхгүй байна гээд надруу орилж дайраад байхаар нь би машиндаа суугаад явах гэтэл Д.Ц миний машины хаалгыг онгойлгож орж ирж суучихаад манай нөхрийн машины юмнууд нь алга байна чи төлж өг гээд надруу орилоод дайраад байсан. Би түүнийг машинаас буулгах санаатай цээжний элэг хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа түлхсэн. ...Би тухайн үед Д.Цийг жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан, тэр үед Д.Цийн гэдэс нь жирэмсэн гэдэг нь илт мэдэгдэж байсан. Миний машины баруун талын зорчигчийн суудал дээр сууж байхад нь Д.Цийн биеийнх нь цээж, зүүн мөр, зүүн талын хавирга, гэдэсний зүүн талруу нь гараараа 2 удаа түлхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч М.Өийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч М.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 28-03 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Цтэй маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгслээс буулгах зорилгоор түүний хэвлий, мөр хэсэг рүү түлхэх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд би чи наад машиндаа тавьсан дугуйнуудаа тайлж өг би тэгж байж машинаас чинь бууна гэж хэлсэн чинь намайг түлхээд хүзүү рүү тохойгоороо нударсан. Би тэр үед машинаас нь буухгүй гээд сууж байсан чинь М.Ө хаалга онгойлгоод миний гэдэс рүү хүчтэй түлхэхээр нь би буцаагаад өөрийг нь түлхсэн. Тэгээд бид 2 маргалдаж байгаад би машинаас нь буусан, тэгээд М.Ө машинаа унаад зугтаасан. Тэр үед би жирэмсэн байсан тул хүүхэддээ санаа зовоод тэр даруй эмнэлэгт хандсан.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр М.Өтэй уулзсан чинь манай эхнэрийн урдаас хэгжүүрхээд урдаас нь салаавч өгөөд хэрэлдээд байсан. Тэгээд М.Ө машинаа асаагаад явах гэхэд нь манай эхнэр машинд нь ороод суугаад хэрэлдээд байсан. Би тэр үед анзаараагүй цаана нь хүүхдүүдээ хараад байж байсан. Тэгээд манай эхнэр машинаас нь бууж ирээд гэдэс, толгой өвдөөд байна гэхээр нь бид эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Д.Ц нь бусдад зодуулсан гээд толгой, хэвлийгээр өвдсөн зовиуртай байсан. Үзлэг хийхэд хэвлий бага зэрэг эмзэглэлтэй, жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч М.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Д.Ц надруу орилж дайраад байхаар нь би түүнийг машинаас буулгах санаатай биеийнх нь цээж, зүүн мөр, зүүн талын хавирга, гэдэсний зүүн талруу нь гараараа 2 удаа түлхсэн. Тухайн үед Д.Цийн гэдэс нь томроод жирэмсэн гэдэг нь илт мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг,

 

            Шинжээч эмч Ч.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жирэмсэн эмэгтэйн биеийн аль ч хэсэг доргих үед хэвлийн булчин, мөн ураг агуулж буй умай доргиж умайн булчин чангардаг. Энэ нь ураг эрт зулбах хүртэл аюултай байж болдог. Мөн дээрх умайн доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл нь цээж, хэвлий хэсэгт мохоо зүйлийн цохих цохигдох үед хэвлийн хэсгээр доргилт үүсэх боломжтой. 33-34 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн хэвлийн тойрог энгийн хүнийхээс ихэссэн байдаг” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн 817 дугаар зэрэг болно.

 

Хохирогч Д.Цийн эрүүл мэндэд учирсан “...умайн доргилт, умайн булчингийн чангарал” гэмтэл нь шүүгдэгч 2 удаа түлхсэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Ө нь хохирогч Д.Цийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Ө дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Д.Ц нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Улсын эмнэлэгт үзүүлсэн тул эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа тодорхой хэмжээний ажил хийж орлого олдог, өвчний улмаас байнгын асаргаанд байдаг ээжийгээ асардаг зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүгдэгч М.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /жирэмсэн эмэгтэйн биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог, өвчтэй эхийгээ асардаг/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* овгийн М.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ