Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн А.Сд холбогдох эрүүгийн 2007004220282 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн. эрэгтэй, 20 настай, яс үндэс *******, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, ............................... ажилтай, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт ................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

******* овгийн А.С РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Queen бааранд Э.Иын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Санамсаргүй андуураад өшиглөсөн. Өөрийнхөө болчимгүй үйлдлээс болж ийм зүйл хийсэн. Энэ хэрэгтээ харамсаж байна” гэв.

 

            Хохирогч Э.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“2020 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Queen гэх нэртэй бааранд найзууд болох Б, Э нартай хамт ороод би ганцаараа теккен дээр очоод таньдаг хүнтэйгээ юм яриад байж байтал цаана бүжгийн талбайд хэдэн хүн муудалцаад байж байхаар нь би явж очоод салгах гэтэл нэг шар цамцтай залуу доороо нэг залууг хийчихсэн цохих гээд байхаар нь би тэр залууг татаж салгасан чинь хажуугаас нэг улаан цамцтай залуу намайг эхлээд нүүр лүү цохиод миний өмсөж байсан цамцнаас татахаар нь би газарт унаад босох гэтэл нүүр лүү 2 удаа өшиглөсөн тэгээд тэнд болж байсан муудалцаад байсан залуучууд болон намайг цохисон залуу бас гараад явчихсан байсан тэгээд би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/

            Гэрч *******ы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх замын хажууд байдаг Queen нэртэй бааранд 10 цаг өнгөрөөд ороод ширээн дээр сууж байтал цаана бүжгийн талбайд хэдэн хөгшин ах нар согтсон бололтой тэр бүжгийн талбайд байсан хүмүүстэй маргалдаж байхаар нь би дундуур нь ороод салгаад болиулаад явж байгаад тэгсэн тэр баарны үүдэн Дээр цагдаа нар ирчихсэн байсан цагдаа ирээд надаас та нар яагаад зодоон хийгээд байгаа юм бэ гэхээр нь би бид нар зодоон хийгээгүй гэж хэлчхээд би тэр баарнаас гараад такси бариад найзындаа ирсэн чинь манай найзын гэрийн гадаа цагдаа нар ирээд хэлтэс дээр очиж тайлбар авах хэрэгтэй байна гэж хэлээд аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэр өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байдаг Queen нэртэй бааранд манай найзууд болон Амана Достан бид 3 ороод нэлээн байж сууж байсан чинь хойноос А.С ирээд бид нартай юм яриад сууж байгаад би тэр үед бие засах гээд ариун цэврийн өрөө орчхоод гараад ирсэн чинь бүжгийн талбай дээр зодоон болчихсон байсан тэгээд бид нар тэр баарнаас гараад явчихсан би найзтайгаа замын хажууд явж байгаад найз болон Аманатай тааралдсан чинь Амана төв орчоод ирий гээд би Аманатай хамт төв ороод тэгсэн чинь Амана Лхагвын дугуй засварын тэнд үлдчихсэн тэгээд би буцаад хороо явах гээд зам дагаад явж байсан чинь "Хангай сервис"-ийн тэнд цагдаа нар намайг дуудаад наашаа суучих хэлтэс орж тайлбар авъя гээд дагуулаад Налайх цагдаагийн хэлтэс дээр ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Т.Адийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Тухайн өдөр Налайх захын хажууд байдаг Queen нэртэй бааранд 10 цагийн үед би найзуудтайгаа ороод жоохон бүжиглэж байгаад тэнд танихгүй залуучууд маргалдаад байсан би тэр үед баарны хамгаалагч хийдэг Золоо гэх залуутай орж гараад явж байсан би тэр үед бааранд маргалдаад байсан хүмүүсийг огт танихгүй би тэгээд тэр залуучууд дээр очоод одоо ингээд болио гээд хэлсэн чинь тэр танихгүй залуучууд өөдөөс бас зодолдчих гээд байсан болохоор манай найзууд бас тэнд байсан залуучууд 2 тийшээ салгасан би тэгээд тэр баарнаас гараад шууд гэр лүүгээ цайзын зам дагаад алхаж байсан хойноос цагдаа ирээд бариад авсан би тэгээд Налайхын эрүүлжүүлэхэд орсон. Би огт хараагүй юу болоод байгааг ч сайн ойлгоогүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Тухайн болсон асуудлыг харсан зүйл байхгүй. Миний бие Queen баарыг түрээслүүлэн ажиллуулдаг бөгөөд тэр орой хөл хөдөлгөөн ихтэй үйлчлүүлэгчид орой 22 цагаас хойш заал дүүрэн байсан. Би тэр үед цаад өрөөндөө байсан бөгөөд 23 цагийн үед гарч ирэхэд Э.Иыг өшиглүүлчихсэн гэж хүмүүс ярьж байсан. Ямар залуучууд болохыг би танихгүй. Тэгтэл удалгүй цагдаа ирээд бичлэг ухрааж үзэх гэж оролдож оролдож манай төхөөрөмж болохгүй гацаад хуулж авч чадаагүй явсан. 1 хоног хадгалаад устчихдаг. Маргааш өглөө нь байхаа би ямар зодоон болсныг үзэх гээд оролдоод байсан бичлэг нь гацаад үсрээд болоогүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/

Шүүгдэгч А.Сгийн яллагдагчаар өгсөн:"...Би тэр өдөр Налайх захын хажууд байдаг Queen нэртэй бааранд найзуудтайгаа ороод тэндээ жаахан бүжиглэж байгаад пиво ууж сууж байгаад тэгээд манай найз Ерлантай тамхилахаар гараад буцаж орж ирэхэд голд бүжгийн талбайд хэдэн залуу маргалдаад бужигнаад байсан, би яваад очиход нэг залуу дундаас нь намайг түлхээд гараад ирэхээр нь тэр залууг татаж урагш нь татаж газарт унагаад нүүрэнд нь удаа өшиглөсөн. Тэгээд тэр баарнаас гараад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 ШЭ/836 тоот шинжээчийн

“1. Э.Иын биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Queen бааранд Э.Иын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Сгийн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Санамсаргүй андуураад өшиглөсөн. Өөрийнхөө болчимгүй үйлдлээс болж ийм зүйл хийсэн. Энэ хэрэгтээ харамсаж байна” гэх, Хохирогч Э.Иын мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “....бүжгийн талбайд хэдэн хүн муудалцаад байж байхаар нь би явж очоод салгах гэтэл нэг шар цамцтай залуу доороо нэг залууг хийчихсэн цохих гээд байхаар нь би тэр залууг татаж салгасан чинь хажуугаас нэг улаан цамцтай залуу намайг эхлээд нүүр лүү цохиод миний өмсөж байсан цамцнаас татахаар нь би газарт унаад босох гэтэл нүүр лүү 2 удаа өшиглөсөн...” гэх, Гэрч *******ы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Налайх замын хажууд байдаг Queen нэртэй бааранд 10 цаг өнгөрөөд ороод ширээн дээр сууж байтал цаана бүжгийн талбайд хэдэн хөгшин ах нар согтсон бололтой тэр бүжгийн талбайд байсан хүмүүстэй маргалдаж байхаар нь би дундуур нь ороод салгаад болиулаад явж байсан...” гэх, Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тэр үед бие засах гээд ариун цэврийн өрөө орчхоод гараад ирсэн чинь бүжгийн талбай дээр зодоон болчихсон байсан тэгээд бид нар тэр баарнаас гараад явчихсан...”гэх, Гэрч Т.Адийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...тэр үед бааранд маргалдаад байсан хүмүүсийг огт танихгүй би тэгээд тэр залуучууд дээр очоод одоо ингээд болио гээд хэлсэн чинь тэр танихгүй залуучууд өөдөөс бас зодолдчих гээд байсан болохоор манай найзууд бас тэнд байсан залуучууд 2 тийшээ салгасан...."гэх, Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн болсон асуудлыг харсан зүйл байхгүй.Миний бие Queen баарыг түрээслүүлэн ажиллуулдаг бөгөөд тэр орой хөл хөдөлгөөн ихтэй үйлчлүүлэгчид орой 22 цагаас хойш заал дүүрэн байсан. Би тэр үед цаад өрөөндөө байсан бөгөөд 23 цагийн үед гарч ирэхэд Э.Иыг өшиглүүлчихсэн гэж хүмүүс ярьж байсан...." мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/836 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч А.Сд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар талууд  зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.Сд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг баримтын үндэслэн өгсөн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэх санал, дүгнэлтүүд гаргажээ.

 

Шүүх талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагатай холбоотой санал дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн А.Слыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД