Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0625

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ц.О нарын 5 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,

Нэхэмжлэгч: Ц.О, Л.Т, Т.М, Т.Г, Ч.О

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газар,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 578 дугаар шийдвэр,

Нэхэмжлэлийн шаардлага: “.....Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-дахь хэсэгт зааснаар илт хууль бус актад тооцуулах”, “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай зөвлөмж”-ийг илт хууль бус акт болохыг тогтоох, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт” Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.Т, хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, С.М, хариуцагч Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Хэргийн индекс: 128/2022/0098/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0578 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О, Л.Т, Т.М, Т.Г, Ч.О нараас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай Гүйцэтгэгчтэй гэрээ байгууламж тухай зөвлөмж, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:

2.1.Гамшгаас хамгаалах байгууламжийг нураахыг, бүтэц зориулалт, хийцийг өөрчлөхийг шаардсан дэс дараалсан актууд гарсан атал шүүгч нь Үерийн далангийн зураг төслийг татан авч үзэлгүйгээр, мэргэжлийн дүгнэлтгүйгээр "...гамшгаас хамгаалах байгууламжийг нураасан, үерийн далангийн хийц, зориулалтыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна" гэж Үндэслэх нь хэсгийн 5-д дурдсан байна. 2022 оны 7 дугаар сарын 25-нд хэргийн газарт Хэргийн оролцогчид шүүгчийн хамт хэргийн газарт үзлэг хийхэд Үерийн далангийн өндрийг бууруулж, ус хашдаг хормойн бул чулуун болон бетонон хаалтуудыг ховхолж хаясан байсан ба энэ тухай тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан. Үерийн далангийн хийц, зориулалтыг өөрчилснөөс болж нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

2.2.Мөн Yерийн даланг байсаар байтал үл тоомсорлож, түүнийг нурааж, эвдэж, өөрчилж зам барьсан явдлыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, дараах хууль, дүрэм, журмыг зөрчиж гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал:

 "Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам" БНбД 33 01-03-д заасан усны байнгын, үндсэн байгууламж болох Туул голын үерээс хамгаалах далантай тус тус давхцуулсан байрлалд зам тавихыг захирамжаар тогтоосон байна.

 Улмаар энэ байршил БОНХАЖСайд, БХБСайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны А230/127 тоот хамтарсан тушаалаар баталсан "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын зохицуулалтад хамаарах байршил бөгөөд, уг журамд хот, суурин газрын нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс нь "үерийн хамгаалалтын далангаас 500 метрээс доошгүй зайд байна" (2.3.4) гэж заажээ.

2.3.Шүүгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч бидний зүгээс гаргасан шинжээч томилох удаа дараагийн хүсэлтийг хүлээн аваагүй буюу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.3-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй гэж заасан эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн.

Усны барилга байгууламжийн мэргэжлийн инженер буюу шинжээч томилсноор замын ажил нь авто замын ажлын шаардлага, гамшгаас сэргийлэх үерийн далан барих стандарт, дүрмийн дагуу баригдаж буй тухай дүгнэлт гаргуулах болон илт хууль бус акт болохыг тогтоох нотлох баримт болох атал шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа хүлээж аваагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2.4.Үерийн даланг нураан зам барих шийдвэр гаргах бүх үе шатандаа тооцоогүй гэдгийг баримтаар нь нотолж бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэгчийн байр суурийг огт авч хэлэлцээгүй. Тэр ч бүү хэл шүүх хурал дээр хариуцагч нарын төлөөлөл өөрсдийн мэдүүлэгтээ нэхэмжлэгчдийн байр суурийг нотолсон тайлбар өгсөн хэдий ч мэдүүлгийг тодорхой бичээгүй байна. Тухайлбал, Хариуцагч Авто замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ес шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "Үерийн далан байдаг гэдгийг Нийслэлийнхэн 60 жил мартчихсан байсан. Иргэд гомдол гаргах үед л энд ийм далан байгаа юм байна гэж мэдсэн". Мөн Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: "Магадлан итгэмжлэл хийхдээ манай экспертүүд газар дээр нь очоогүй. Ажлын даалгаврын дагуу магадлалын дүгнэлт боловсруулсан" гэж тус тус мэдүүлсэн юм. Эдгээр мэдүүлэг нь нэхэмжлэгч бидний олон сарын турш нотлон бичиж байсан Нийслэлийн Засаг дарга, бусад захиргааны байгууллагууд шийдвэр гаргахдаа инженерийн байгууламжийг тооцож үзэхгүйгээр буруу шийдвэр гаргаад, биднийг үерийн аюулд оруулаад байна гэсэн байр суурийг маань нотолсон хамгийн чухал мэдүүлгүүд байсан. Гэтэл шүүгч нь хэрэгт ач холбогдолтой баримт мэдээлэл, мэдүүлгүүдийг зориуд авч хэлэлцэхгүй орхигдуулж, харин хэрэгт ач холбогдол багатай, маргаан үүсгээгүй асуудлыг дөвийлгөн авч хэлэлцсээр иргэд бидэнд нэн хохиролтой шийдвэрийг гаргалаа.

2.5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийн хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж заасан. Замын ажил барьж буй байршил нь нийслэлийн өмч бөгөөд уг замыг барихтай холбоотой ямар ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, тогтоол гараагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дүгээр зүйлд заасан 1) орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах, 2) Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх; 77.2.3 болон 77.2.4-т заагдсан эрхтэй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ” гэсэн хэдий ч Нийслэлийн өмчийн газарт зам барих, эрх шилжүүлэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, тогтоол гараагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0578 тоот шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан эдгээр захиргааны байгууллагын дараахь захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар захирамж,

Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай “Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай зөвлөмж”,

Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 “Магадлалын ерөнхий дүгнэлт” ,

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл.

2.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарлан маргажээ:

“Үерийн гамшгаас хамгаалах зориулалттай, тооцоо судалгаатай баригдсан далангийн байгууламжийг нураах, бүтэц, хийцийг нь өөрчлөх аливаа байгууламж барих ёсгүй байтал хариуцагч захиргаанаас үерийн далангийн дотор талд байдаг үерийн усны хүчийг сааруулах үүрэгтэй жижиг тууш далангуудыг нурааж, үерийн далангийн байгууламжийн хийц, зориулалтыг өөрчлөн авто зам барих дараалсан шийдвэрүүдийг гаргасан, эдгээр шийдвэр нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус шийдвэр бөгөөд үерийн аюултай бүсэд амьдран суудаг иргэд бидний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодит хохирол учрах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн”,

“Нийслэлийн Засаг дарга нь үерийн хамгаалалтын даланг эвдэхгүй, нураахгүй харин ч засаж сэлбэж, бэхжүүлэх ...,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах  үүрэгтэй, гамшгийн аюулыг эрс нэмэгдүүлж байгаа нэг километр авто замыг барихаар гаргасан шийдвэрүүд нь хууль бус”,

“үерийн далангийн байгууламж байсныг тооцолгүйгээр магадлалын ерөнхий дүгнэлт, замын зураг төсөл батлагдсан нь үерийн аюулд иргэд өртөх боломж бүрдсэн” гэж маргажээ.

Тодруулбал “гамшгаас хамгаалах байгууламжийг нураахыг, бүтэц зориулалт, хийцийг өөрчлөхийг шаардсан дэс дараалсан актууд гаргасан гэж хариуцагч нарыг буруутган, эдгээр актууд нь хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, нэхэмжлэгч нарын гамшгийн эрсдэлээс хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр болсон, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гамшгаас иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг шаардсан, авто замын түгжрэлийг бууруулах зорилготой авто зам барихаар төлөвлөсөн шийдвэр нь нэхэмжлэгч иргэдэд үерийн гамшгийн эрсдэл бий болгосон” зэрэг агуулгаар нэхэмжлэгч нар маргасан байна.

Энэхүү нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, мөн маргаж буй захиргааны актуудыг дахин тодруулах шаардлагатай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”,

32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”,

34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,

106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж  тус тус заажээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрт[1] “...авто зам барихдаа үерийн даланг эвдээгүй, үндсэн бүтцийг өөрчлөөгүй, өндрийг нь бууруулаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан авто зам, барилгын ажлыг гүйцэтгэх зураг, магадлалын ерөнхий дүгнэлт, Геодези усны барилга, байгууламжийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/531 албан бичиг, Авто зам хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/2357 албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.” гэж дурджээ.

Шүүхийн үзлэгийн баримтаар[2] авто замын ажлын байдал, далан дээр баригдсан хэсэг болон далангаас салаалсан хэсгийн байдлыг үзэж, фото зургаар баталгаажуулсан, харин авто замын зураг төсөлд[3] далангийн асуудлаар холбогдох байгууллагатай зөвшилцөх, үерийн хамгаалалтын далан сувгийн эргийн бэхэлгээ төлөвлөх, зураг төсөлд тусгах, үерийн хамгаалалтын эргийн бэхэлгээний зураг төсөл мэргэжлийн байгууллагаар хянуулах талаар гараар тэмдэглэгээ хийжээ.

Магадлалын ерөнхий дүгнэлтэд[4] зөвшилцсөн байгууллага хэсэгт “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын ерөнхий инженер С.Б гэж дурджээ.

Харин Геодези усны барилга байгууламжийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/531 албан бичиг[5] нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Г-т хүргүүлсэн албан бичиг бөгөөд “КР” ХХК-ийн боловсруулсан авто замын зураг төсөлд тус байгууллагын инженер, техникийн ажилтнуудад өгсөн “голын үерийн хамгаалалтын далан сувгийн эргийн бэхэлгээ төлөвлөх, зураг төсөлд тусгах, голын үерийн хамгаалалтын далан сувгийн эргийн бэхэлгээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, голын үерийн хамгаалалтын далангийн хярын өндөртэй замын төвшинг нэг төвшинд төлөвлөх” саналуудыг өгсөн талаар дурдсан.

Харин Авто замын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/2357 албан бичиг[6] нь Туул голын эргийн далантай 260 м хэсэгт давхцаж байгаа. Зураг төсөлд тусгаснаар тухайн хэсэгт хуучин далангийн өндөр багасахгүй, өргөн нь тодорхой хэмжээнд өргөсөх бөгөөд далангийн бетон бэхэлгээ хийгдэх талаар дурджээ.

Дээрх баримтуудын агуулгаас үзэхэд  шүүхийн шийдвэрт дурдсан “авто зам барихдаа өмнөх үерийн далангийн байгууламжийг эвдээгүй, үндсэн бүтцийг өөрчлөөгүй, өндрийг нь бууруулаагүй” гэх нөхцөл байдал нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд авто замын зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт, болон ажлын даалгаврыг гаргах явцад авто зам барихаар төлөвлөгдсөн газартай давхцаж буй өмнө нь баригдсан үерийн далангийн байгууламжийн үндсэн бүтэц, зориулалтыг өөрчлөх, эсхүл өөрчлөлт оруулахгүйгээр ажлыг хийж гүйцэтгэсэн талаар мэргэжлийн этгээдийг оролцуулж, мэргэжлийн этгээдийн дүгнэлт, тооцоолол гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

Мөн авто зам баригдсан хэсэгт бодит байдал дээр өмнөх үерийн далангийн байгууламжийг эвдсэн, үндсэн бүтэц, зориулалтыг өөрчилсөн эсэх, өндрийг нь бууруулсан эсэх  талаар  мэргэжлийн этгээдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай.

5.Дээрхээс гадна нэхэмжлэгч нараас “үерийн хамгаалалтын далангийн байгууламжтай газарт анхнаасаа авто зам төлөвлөж болохгүй” гэж маргаж байгаа тохиолдолд уг авто замыг барихаар төлөвлөсөн шийдвэр нь өмнө барьсан үерийн далангийн байгууламжийн тооцооллыг алдагдуулсан эсэх, авто зам барьснаар нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа байрны орчим үерийн гамшгийн эрсдэлийг бий болгосон эсэх, авто зам барьсны дараа үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийсэн эсэх нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой баримтыг шүүхээс цуглуулах шаардлагатай.

Тодруулбал, авто зам төлөвлөсөн газарт үерийн далангийн байгууламж байсан эсэх, уг үерийн далангийн байгууламжийг авто зам барихдаа хэрхэн тооцсон, авто зам барих явцдаа үерийн далангийн байгууламжийн бүтцийг өөрчилсөн эсэхтэй холбоотой холбогдох төлөвлөлт, зураг төсөл, тооцоолол, лавлагаа, дүгнэлтийг мэргэжлийн холбогдох байгууллагууд болох Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гаргуулах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 3-р хавтас 41 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас 208-224 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 41-93 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 31-40 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 210 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 135 дахь тал