Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 16

 

Хас банкны Говь-Алтай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод оршин суух Сосорын Батмөнхөд холбогдох Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шагдархүү овогтой Цэдэнбал нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5001211620 тоот зээлийн шугамын гэрээгээр 40.000.000 сая төгрөгийн зээл авсан. 5001211620-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сосор овогтой Батмөнхийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд хандсан. 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь манай банкинд 54.373.597,23 /тавин дөрвөн сая гурван зуун далан гурван мянга таван зуун ерэн долоон төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөг төлөх тухай 271 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Ш.Цэдэнбал нь өнөөг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул С.Батмөнхийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 429.817,99 төгрөг, гэрээ нотариатаар батлуулсаны хөлс 50.000 төгрөг, нийт 479.817,99 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Батмөнх анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн энэ шүүх хуралдаанд Хас банкны нэхэмжлэлийн дагуу миний бие шүүх хуралд оролцож байна. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай баз болох Ш.Цэдэнбал нь бизнесийн 40.000.000 төгрөгийн зээл авах гэсэн чинь миний барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа учраас барьцаагаар орон сууцаа тавиад өгөөч би бизнес эрхэлж, хавар ноолуур авч эргэлдүүлэх гэсэн юм гэх хүсэлтийн дагуу надад хандсан. Бид хэдийн хувьд миний эхнэр болох Б.Бат-Өлзийгийн төрсөн эгч Б.Сарангэрэлийн нөхөр бөгөөд ураг төрлийн холбоотой хүмүүс байгаа. Уг мөнгийг Ш.Цэдэнбал нь аваад тухайн бизнесээ хийсэн. Уг авсан зээлээс би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Энэ талаар Ш.Цэдэнбалыг өөрөө төлөөд явж байгаа гэсэн ойлголттой байсан. Тэгээд Хас банк нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсанаар 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн анхан шатны шийдвэр гарч уг зээлийг авсан Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь уг мөнгийг төлөхөөр болж миний барьцаа хөрөнгөөр, зээл төлөхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Хас банкнаас тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах эрх нь байсан. Энэ шийдвэрт гомдол гаргаагүй, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Одоо энэ зээлийг миний барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Энэ Ш.Цэдэнбал нь өөрөө бизнес хийдэг, зээлээ төлөх бүрэн бололцоотой хүн. Зээлээ сар бүр зохих хэмжээний мөнгийг хийж байгаа гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр гарсан. Тийм учраас Хас банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс зээлээ төлөөд явж байгаа, үндсэн 54.000.000 төгрөгийн нэхэмжлэл дээр одоогоор 9 сая гаруй төгрөгийг хийчихсэн байгаа гэсэн. Цаашид үргэлжлүүлээд хийгээд явах бололцоотой учраас заавал миний хөрөнгөөр энэ мөнгийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн Хас банкны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод оршин суух Сосорын Батмөнхөд холбогдох ипотекийн гэрээний зүйл болох орон сууцаар банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.817,99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь Хас банктай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5001211620 дугаартай Зээлийн шугамын гэрээгээр 40.000.000 төгрөг зээлж авч, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 5001211620-01 дугаартай Батапгаат ипотекийн гэрээгээр С.Батмөнхийн өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах 50 мкв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 271 дүгээр шийдвэрээр тус банкны зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 13,970,235.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403,362.32 төгрөг, нийт 54,373,597.23 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул барьцаалуулагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргахаар хуульчилсан байна. Энэ нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тусгай зохицуулалт юм. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага нь банкны зээлийн гэрээний үүргийн ипотекийн гэрээний зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцаар хангуулах шаардлага нь үгийн шууд утгаараа ч, агуулгын хувьд ч хуулийн дээрх тусгай зохицуулалтад нийцээгүй буюу хуульд үүрэг гүйцэтгүүлэгчид ийм шаардах эрх олгогдоогүй байна" гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 175.1 дэх заалтад "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасан бөгөөд шүүх хуулийн уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалтын агуулга тайлбарласан шиг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа албадан худалдах талаар шүүхэд хүсэлт гаргана гэсэн агуулга байхгүй.

Банк зээл төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаад явдаг, шүүхийн шийдвэр гаргахдаа зээлийг төлүүлэх, сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж гардаг. Дээд шүүх ч ингэж шийддэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй С.Батмөнхөд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч С.Батмөнхөд холбогдуулан Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нарын Хас банкны Говь-Алтай салбарын зээлийн гэрээний үүргийг С.Батмөнхийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь Хас банкны Говь-Алтай салбараас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40.000.000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №50001211620 дугаартай зээлийн гэрээ, №5001211620 дугаартай барьцааны гэрээ, №5001211620 дугаартай баталгаат иптекийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 271 дугаартай шийдвэрээр Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нараас зээл, зээлийн хүү нийт 54.373.597 төгрөг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлээс С.Батмөнхөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзэхэд хариуцагч С.Батмөнхийн барьцаалсан эд хөрөнгөөс бусад өөрөөр хэлбэл Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байсан гэж шүүх үзсэн байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байвал тус бүрийг тухайн шаардлагыг хангахад ашиглана... гэж заажээ.

Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлдэгч Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь хэдэн төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн, тэдний барьцаалуулсан эд хөрөнгөнөөс хэдэн төгрөгний үүргийг хэрхэн хангуулсан эсэх, одоо хэдэн төгрөгний үүргийг С.Батмөнхийн барьцаалсан ямар эд хөрөнгөөр хэрхэн хангуулахаар шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас тодорхой бус, ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 429.818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгэт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН