Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Э.М,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.Бод холбогдох эрүүгийн 2007 000 000 168 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ******* суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ……………………….., ам бүл 6, ээж дүү нарын хамт ………………………………………….. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн Т.Б /РД:/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” амралтын газарт Э.Мтай маргалдаж нүүрэн тус газарт цохиж зүүн талд эрүү ясны далд хугарал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Би намайг цохисон хүн байна гэж бодоод хохирогчийг андуураад цохисон байсан” гэв.

            Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “07 сарын 10-11-нд шилжих шөнө Мөнхтэнгэр амралтын газар би хамгаалалтын албаны хүмүүстэй цуг ажиллаж байсан. Тэгээд оройхон Т.Б нилээн хэдэн найзуудтайгаа хүмүүс рүү агсам тавиад дайраад байхаар нь манайхан нэг нэгээр нь салгаад байж байсан. Тэгээд Т.Б хамаг юм аа тайлсан хүмүүс рүү дайрчихаад цаана хүн рүү дайрахаар нь татсан чинь эргэж харахдаа намайг цохисон юм. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ”гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Э.Мын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: "2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хамгаалагч нэг өдөр ажиллуулна гэсэн зарын дагуу Г.Мын хамт тэрэлжийн шугуйд байх ............... амралтын газар 12 цагийн үед очсон. Шувуу гэж дуудаж байсан залуутай уулзаад 50.000 төгрөгөөр 20:00 цагийн хооронд хамгаалагчаар ажиллахаар тохирсон. Шөнө 02 цагийн үед тараах ажиллагаа эхлээд хөгжмөө унтраасан чинь намайг цохиж гэмтээсэн залуу би мөнгө төгрөгөө төлсөн одоо яахаараа больдог юм гэж агсраад байсан. Нэг нөхөр лүү дайраад байхаар нь араас нь би бариад авсан чинь эргэж хараад миний нүүр рүү гараараа цохисон. Миний агт араа хугараад цус гарсан. Тэр үед цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Би араас нь очиж уулзсан миний хохирлыг төлөөд өгье гээд гуйгаад байхаар нь тэр залууг явуулчихсан. Миний эрүү зүүн талаараа зөрүүтэй хугарч агт араа унасан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/

 

Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Бид нар хүнтэй бүжиглээд байж байхад Т.Б хүнтэй муудалцаад хэрэлдээд зогсож байхаар нь очоод салгах гэхэд тэр хоёр зайндаа гараад үзье гээд цаашаа зайнд гарсан. Хамгаалагч нар ирээд тэр хоёрыг болиулах гэж оролдсон. Болиулах гэхэд үгэнд орохгүй байсан. Сүүлдээ Т.Б чи яах гээд байгаа юм гээд надтай муудалцсан. Бид хоёр муудалцаад зогсож байхад тэнд байсан хүмүүс намайг татаад больчих гээд болиулсан. Очоод яасан бэ гэхэд Т.Быг нэг танихгүй залуу цохиод унагачихсан гэж хэлсэн. Тэрийг хайж байна гэж хэлсэн. Т.Быг барьчихсан бас нэг залуу цохиулсан араа хугарсан гэж ярьж байсан. Т.Б үнэхээр агсам согтуу тавиад болохгүй байсан учир цагдаа аваад яваг гээд орхисон. Цагдаа явсны дараа бид нар хөдлөөд хот руу явсан." гэх мэдүүлэг /хх-н 15-17-р хуудас/

 

Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... Би хэсэг хамт явж байгаад буцаад машин дээрээ ирж машиндаа унтсан. 03 цагийн үед санагдаж байна хүмүүс орилолдоод байхаар нь сэрсэн. Босоод харахад найз Т.Б, Б.Ж хоёр хоорондоо муудалцаж байхаар нь би очоод тэр хоёрыг салгах үед нэг залуу гүйж орж ирээд Т.Быг цохисон. Т.Быг үлдээгээд цохисон залуу дээр очиж уулзсан. Б.Ж би уулзаж байна чи Т.Быг машин дээрээ аваачаад суулгаж бай гэж хэлсэн. Би Т.Б руу дөхөж явах үед нэг залууг Т.Б нүүр лүү нь гараараа цохисон очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд Т.Быг барьж байх үед цагдаа ирээд Т.Быг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/

 

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 03 цагийн үед ............... амралтын хашаанаас гараад 2 залуу маргалдаад байхаар нь би Э.Мын хамт салгах гээд очсон. Э.Мыг зодсон залуу эхлээд нэг танихгүй настай ахыг үг хэл амаар доромжлон цохисон. Очиж салгах гэсэн хүмүүс рүү дайраад байсан тэнд байсан хүмүүстэй маргалдаж зодолдох гээд байхаар нь барьж хамгаалагч нар авсан. Тогтуун гэх буюу/ Т.Б/ гэх залууг би барьж авахад намайг нударч холдоод нэг залуу руу дайрсан. Тэр залуугаас Э.М салгах гэж байгаад Тогтуун гэх залууд Э.М нүүрэн тус газраа цохиулсан. Тэр үед цагдаа ирээд байдал намжсан..." гэх мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/

 

            Яллагдагч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 02 цагийн үед байх яг гоё бүжиглэж байтал хөгжмөө унтраагаад цагдаа ирж байна үйл ажиллагаа дууслаа гэхээр нь тайзны хажууд зогсож байсан хамгаалагч хийж байсан том биетэй махлаг залууд хандаж та нар зөвшөөрөлгүй юм бол яах үйл ажиллагаа явуулдаг юм олон хүний мөнгө төгрөг авч байж гэхэд би мэдэхгүй чи манай менежертэй ярь гэхээр нь тэр менежертэй чинь уулзъя гэхэд хослолтой залуу ирээд чи яагаад асуудал үүсгээд байгаа юм гэхээр нь би та нар зөвшөөрөлгүй юм бол яах гэж ийм олон хүн цуглуулсан юм гэхэд чи муу тэнэг бацаан аятайхан хэлж байхад зүгээр яваарай гэхээр нь би яасан гэнээ гээд урдаас нь уурлаад ерөнхийдөө бол хоорондоо хэрэлдэхэд хамгаалагч нар нь гээд бараг 8 залуучууд ирээд тойроод зогссон ба Б.Ж над дээр ирээд явъя гэхээр нь за гээд машин руугаа буцаж явтал Б.Ж чи одоо хүмүүстэй яах маргалдаж муудалцаад байдаг юм гээд бид 2 хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад зодолдох гэж байснаа болиод эвлэрээд машин дээрээ очоод тамхи татаад зогсож байтал дахиад хамгаалагч нар нь ирээд одоо та нар явцгаа гэхээр нь би тамхиа татчихаад явлаа гэж хэлээд зогсож байтал нэг том биетэй залуу миний нүүр рүү нэг удаа гараараа цохиод би газар унасан ба босоод иртэл манай 3 найз нөгөө намайг цохисон залууг хөөгөөд гүйж байхаар нь би босоод иртэл миний хажууд бас хэдэн хамгаалагч нар зогсож байхаар нь намайг хэн цохисон, тэр хүнээ аваад ир гэхэд нэг залуу намайг чи хаанахын хулгайч бэ гээд доромжлоод байхаар нь би нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд л удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...   " гэх мэдүүлэг /хх-н 49-52-р хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №8044 дугаар:

            1."Э.Мын биед зүүн талд эрүү ясны далд хугарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэсэн дүгнэлт /хх-н 32-33-р хуудас/

            Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой бичгэн баримтууд /хх-ийн 58-60-р хуудас

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгэн баримтууд /хх-ийн 63-88-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” амралтын газарт хохирогч Э.Мыг бусадтай андууран нүүрэн тус газарт цохиж эрүү ясны далд хугарал, 1 шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Бын өгсөн Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Би намайг цохисон хүн байна гэж бодоод хохирогчийг андуураад цохисон байсан. ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Мын өгсөн: “07 сарын 10-11-нд шилжих шөнө Мөнхтэнгэр амралтын газар би хамгаалалтын албаны хүмүүстэй цуг ажиллаж байсан. Тэгээд оройхон Т.Б нилээн хэдэн найзуудтайгаа хүмүүс рүү агсам тавиад дайраад байхаар нь манайхан нэг нэгээр нь салгаад байж байсан. Тэгээд Т.Б хамаг юм аа тайлсан хүмүүс рүү дайрчихаад цаана хүн рүү дайрахаар нь татсан чинь эргэж харахдаа намайг цохисон юм. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна Гэрч Б.Жгийн өгсөн: “....машин дээрээ очиход цагдаа ирчихсэн байсан. Т.Быг барьчихсан бас нэг залуу цохиулсан араа хугарсан гэж ярьж байсан...." гэх мэдүүлэг, Гэрч М.Аын өгсөн "..... Б.Ж би уулзаж байна чи Т.Быг машин дээрээ аваачаад суулгаж бай гэж хэлсэн. Би Т.Б руу дөхөж явах үед нэг залууг Т.Б нүүр лүү нь гараараа цохисон очоод яаж байгаа юм бэ гэж хэлээд Т.Быг барьж байх үед цагдаа ирээд Т.Быг аваад явсан..." гэх мэдүүлэг, Гэрч Г.Мын өгсөн " Тогтуун гэх буюу / Т.Б/ гэх залууг би барьж авахад намайг нударч холдоод нэг залуу руу дайрсан. Тэр залуугаас Э.М салгах гэж байгаад Тогтуун гэх залууд Э.М нүүрэн тус газраа цохиулсан. Тэр үед цагдаа ирээд байдал намжсан " гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/8044 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Бод холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ

            Иймд шүүхээс шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас учирсан 1500000 төгрөгийг мөрдөн шалгах  ажиллагаанд нэхэмжилсэн боловч  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн дүнг баримтын хүрээнд багасган 1288205 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан бичгэн баримтуудыг хянан үзээд хангах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Т.Боос 1.288.205 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мт олгохоор шийдвэрлэлээ

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Т.Бод холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Боос 1,288,205 /нэг сая хоёр зуун наян найман мянга хоёр зуу тав/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД