Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1354

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/01354

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 хороо, 6Б-82 тоотод оршин суух, Даваадоржийн Бархасболдын /УХ92052136/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 хороо, 104 байр 17 тоотод оршин суух, Барбаатарын Нацагдоржид /УК97042117/ холбогдох,  

5,755,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваадорж овогтой Бархасболд миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Нацагдоржтой зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 15 хоногийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор харилцан тохиролцсон байдаг.

Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь нэхэмжлэгчийн олгосон зээлийг эргүүлж төлөөгүй бөгөөд маргааш, нөгөөдөр гэж хойш тавьсаар өнөөг хүрсэн болно.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 525,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг нийт 5,775,000 төгрөгийг шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Бархасболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,775,000 төгрөгийн 1,675,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Нацагдорж нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн дотор 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бархасболдод төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бархасболд нь хариуцагч Б.Нацагдоржоос  5,775,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Бархасболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,775,000 төгрөгийн 1,675,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Нацагдорж нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн дотор 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бархасболдод төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Д.Бархасболдын нэхэмжлэлтэй, Б.Нацагдоржид холбогдох 5,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Бархасболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,775,000 төгрөгийн 1,675,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Нацагдорж нь 2017 оны 04 сарын 26-ны өдрийн дотор 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бархасболдод  төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 107,350 төгрөгийн тал хувь болох 53,675 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Нацагдоржоос 53,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бархасболдод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ