| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтангэрэл,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогч М.Ш,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Март,
Гэрч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хоньч овогтой О.Бд холбогдох эрүүгийн 2007003790024 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, .................................... оюутан, ам бүл 7, ээж дүү нарын хамт .............................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
Хоньч овогтой О.Б РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний оройн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................" амралтын газрын ажилчдын 4 тоот өрөөнд хохирогч М.Штэй "намайг бусдад муулсан" гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөс нь чирч газарт унагаан биед нь нуруунд зулгаралт гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр М.Ш бид 2-ыг муудалцаж байхад Х эгч хажууд сууж байсан. Бид 2-ыг хэрэлдэж байхад Ш ажлын газрын дарга Б гэх эгч рүү станцаар залгах гэхэд нь би станцыг булааж авах гээд булаацалдсан. Тэгэхэд М.Ш би станцаа өгөхгүй гээд эрүү тус газар цохиход нь би станцыг нь хүчээр булааж аваад орны арагшаа шидсэн. Яг энэ үед Э Шийн хөлөөс бариад татаж унагасан. Тэгэхэд нь Х эгч яагаад байгаа юм бэ манай өрөөнөөс гар гар гэсэн. Тэгээд Ш босож ирээд уйлаад байж байсан чинь Ундрах ах орж ирээд та 2 яагаад байгаа юм бэ, өрөө лүүгээ ор ор гэж хэлээд хөөсөн. Дараа нь Э бид 2-ыг гарах гээд байж байхад Ш араас нуруу луу түлхээд Э хажуу талын гутлын шүүгээ рүү Шг түлхэхэд хойшоо шүүгээ налаад уначихсан юм. Ш чаргууцалдаад байсан болохоор суга руу гараа оруулаад татаад босгох гэж байхад Э шууд хөлөөс нь татаад унагаачихсан. Тэгэхээр нь Э бид 2 одоо Шг явуулж болохгүй гээд Э хаалга савж гараад Шг гарч ирэхэд нь хана руу түлхээд одоо бид 2-оос уучлалт гуй, тэгж байж яв гээд Ш лүү дайрсан. Араас нь Э гүйцэж очоод рестораны урд талын хайрга дээр Шг татаад унагаачихсан.” гэв.
Хохирогч М.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түлхүүрээс болж маргалдсан юм. Тэр орой О.Б согтуу байсан. О.Б намайг үсдээд, зодоод, чирээд, дээрээс дэвссэн. Э намайг зодоогүй бид 2-г салгасан. Тухайн үед би жирэмсэн байсан. Энэ охин бол аймар охин. Гомдолтой байна.” гэв.
Гэрч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр орой Х эгч, Ш 2 юм яриад сууж байсан. Бид 2 дулаахан хонох гээд паарыг нь авчихсан байсан. Тэгээд Ш хаалга нүдээд, бид 2 паараа өгөхгүй гээд гүрийсэн. Дараа нь Х эгч, Ш 2 өрөөндөө бид 2-ыг байхгүй гэж бодоод бие үнэлэгч, архи уудаг, завхай, замбал гээд янз бүрээр хэлсэн. Тэгж ярьсныг нь сонсчихоод бид 2 хажуу өрөөнд ороод чи хараагүй байж яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгсэн чинь Ш, Отгоо 2 хоорондоо зодолдоод, чирээд, орон дээрээс унагаагаад, үсдээд өшиглөөд тиймэрхүү зүйл болсон.” гэв.
Гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад О.Б бид 2 амрах байрандаа ирж усанд орчхоод гэрлээ унтрааж унтахаар хэвтэж байхад, хажуу өрөөнд М.Ш нь амралтын газрын тогооч Х эгчид О.Б бид хоёрыг муулж байхаар нь бид хоёр явж ороод "яагаад хүнийг хараагүй байж муулаад байгаа юм" гэхэд "яадаг юм бэ та хоёр янХд явдаг биз дээ" гэхээр нь "чи хүн мэдэхгүй байж яахаараа ингэж ярьдаг юм" гээд О.Б хөлөөс нь бариад татаж, нуруугаар нь унагааж, чирээд үүдэнд гаргаад хөлөөрөө дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэж, өшиглөхөөр нь би очоод дундуур нь орж салгах гэхэд О.Быг дийлэхгүй хөлөөс нь зуурчхаад тавихгүй гэдэс цээж рүү нь өшиглөж байхад Х эгч ирээд О.Быг түлхэж холдуулаад Шийг босгосон. Тэгээд Х эгч чи оролцох гээд байгаа юм уу хол бай гээд намайг түлхэж холдуулаад, би урд цонхны хажууд очоод зогссон. О.Б дахин дайрч Шг барьж аваад үсдэж сэгсрээд нүүр ам руу нь цохиж байх үед манаач Ундрах ах ирээд Отгоог түлхэж холдуулаад Шг авч өөр тийшээ дагуулж явсан." /хх-19-21/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 09 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчим амрах өрөөндөө үйлчлэгч Шгийн хамт ороод халуун цай уух зуур Ш надад хажуу өрөөнд амьдардаг зөөгч охиныг муулаад, энэ хоёр архичин, янхан банзал гэх зэргээр яриад байтал... хажуу өрөөний хоёр охин орж ирээд Ш рүү та яах гэж хүн муулаад байгаа юм. Бид хоёр тийм охид биш гэхэд Ш та хоёр янхан биз дээ гэтэл Отгоо гэдэг охин нь орон дээрээс хоёр хөлөөс нь нуруугаар нь татаж чирч нуруугаар нь унагаагаад дээрээс нь цээж хэвлий бие рүү нь хэд хэдэн удаа дэвсээд өшиглөж байхаар нь чи хүн аллаа гээд Отгоог түлхэж холдуулаад Шг босгосон. Тэгээд Отгоо дахин Ш рүү дайраад үснээс нь зулгааж, нүүр ам руу нь алгадаж, үүдэнд зодож байхад нь харуул Ундрах ирээд боль гээд гээд салгаж Шг авч яваад, өөр байранд оруулсан." /хх-22-25/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...охин О.Боос юу болсон талаар асуухад, тэр орой унтаж байхад хажуу өрөөнд муулаад яриад байхаар нь ороод муудалцсан гэж ярьсан." /хх-26/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байхад Э бид 2 амрах байрандаа ирж үс толгойгоо угааж цэвэрлээд унтахаар хэвтэж байхад хажуу өрөөнд Х эгчид М.Ш бид хоёрыг муулаад байхаар нь бид хоёр ороод яагаад хүнийг хараагүй байж муулаад байгаа юм бэ гэхэд Ш ажлынхаа газрын даргыгаа дуудна гээд станц авахаар нь би булааж авах гээд ноцолдсон, намайг Ш станцаар эрүүний баруун тал руу цохиод авахаар нь Э бид 2 нийлж байгаад барьсан станцыг нь булааж аваад би станцыг нь ор руу нь шидсэн. Тэгээд хөлөөс нь татахад Ш тийчилж байгаад орноос уначихсан. Шг босож ирэхэд Э сандал бариад цохих гээд дайрахад нь Х эгч сандлыг нь авсан. Ш гараад явах гээд Э барьж аваад надад Отгоо энийг бариарай гэхээр нь барих гэхэд надад баригдалгүй өрөөнөөс гарч зугтаагаад явахад Э араас нь гүйгээд явсан. Би араас нь гүйгээд очиход Ш газар уначихсан байхаар нь би гар хөлөөс нь барьж татсан. Ш хөлөөрөө тийчилж байхдаа миний хөл рүү өшиглөхөд би тээглээд Шгийн дээр нь унасан. Тэр үед манаач ах Хундагаа ирчихсэн боль, боль гээд татаж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-31-33/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 672 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Шийн биед нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-30-31/ гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-47/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний оройн 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................" амралтын газрын ажилчдын 4 тоот өрөөнд хохирогч М.Штэй "намайг бусдад муулсан" гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөс нь чирч газарт унагаан биед нь нуруунд зулгаралт гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч М.Шийн өгсөн: ...“Түлхүүрээс болж маргалдсан юм. Тэр орой О.Б согтуу байсан. О.Б намайг үсдээд, зодоод, чирээд, дээрээс дэвссэн. Э намайг зодоогүй бид 2-г салгасан.” Гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Эгийн өгсөн: ... Х эгч, Ш 2 өрөөндөө бид 2-ыг байхгүй гэж бодоод бие үнэлэгч, архи уудаг, завхай, замбал гээд янз бүрээр хэлсэн. Тэгж ярьсныг нь сонсчихоод бид 2 хажуу өрөөнд ороод чи хараагүй байж яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгсэн чинь Ш, Отгоо 2 хоорондоо зодолдоод, чирээд, орон дээрээс унагаагаад, үсдээд өшиглөөд тиймэрхүү зүйл болсон.” гэсэн мэдүүлэг. , Гэрч Л.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Бид хоёр тийм охид биш гэхэд Ш та хоёр янхан биз дээ гэтэл Отгоо гэдэг охин нь орон дээрээс хоёр хөлөөс нь нуруугаар нь татаж чирч нуруугаар нь унагаагаад дээрээс нь цээж хэвлий бие рүү нь хэд хэдэн удаа дэвсээд өшиглөж байхаар нь чи хүн аллаа гээд Отгоог түлхэж холдуулаад Шг босгосон. Тэгээд Отгоо дахин Ш рүү дайраад үснээс нь зулгааж, нүүр ам руу нь алгадаж, үүдэнд зодож байхад нь харуул Ундрах ирээд боль гээд гээд салгаж Шг авч яваад, өөр байранд оруулсан.“гэх мэдүүлэг, гэрч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Б хөлөөс нь бариад татаж, нуруугаар нь унагааж, чирээд үүдэнд гаргаад хөлөөрөө дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэж, өшиглөхөөр нь би очоод дундуур нь орж салгах гэхэд О.Быг дийлэхгүй хөлөөс нь зуурчхаад тавихгүй гэдэс цээж рүү нь өшиглөж байхад Х эгч ирээд О.Быг түлхэж холдуулаад Шийг босгосон...” гэх, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 672 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яг энэ үед Э Шийн хөлөөс бариад татаж унагасан. Тэгэхэд нь Х эгч яагаад байгаа юм бэ манай өрөөнөөс гар гар гэсэн.... Э хаалга савж гараад Шг гарч ирэхэд нь хана руу түлхээд одоо бид 2-оос уучлалт гуй, тэгж байж яв гээд Ш лүү дайрсан. Араас нь Э гүйцэж очоод рестораны урд талын хайрга дээр Шг татаад унагаачихсан гэсэн мэдүүлэг нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэгээд хөлөөс нь татахад Ш тийчилж байгаад орноос уначихсан. Шг босож ирэхэд Э сандал бариад цохих гээд дайрахад нь Х эгч сандлыг нь авсан. Ш гараад явах гээд Э барьж аваад надад Отгоо энийг бариарай гэхээр нь барих гэхэд надад баригдалгүй өрөөнөөс гарч зугтаагаад явахад Э араас нь гүйгээд явсан. Би араас нь гүйгээд очиход Ш газар уначихсан байхаар нь би гар хөлөөс нь барьж татсан гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасны дагуу өгсөн мэдүүлэг өгсөн гэрч Э.Э, Б.Л.Д , хохирогч Б.М.Ш нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Бд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасны дагуу, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдлаа
Хохирогч М.Ш нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 700.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт болон шүүхэд уг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан нотлох баримт хэлэлцүүлээгүй тул хохирогчийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хоньч овогтой О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-дахь хэсэгт зааснаар хохирогч нь 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД