| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баяуд овогтой Б.Гд холбогдох эрүүгийн 2107 0000 00027 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгаанчин, төнөг төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ....................................... ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт .................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, РД: , Баяуд овогтой Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ".................." гэх фейсбүүк хаягнаас иргэн Б.Эийг тодорхой үйлдэл хийхийг буюу өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаардаж, татгалзвал түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт буюу түүний бусадтай бэлгийн харьцаанд орж буй зураг, бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Гэрч О.Ммаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний мэдэхийн Б.Гэ гэдэг залуу нь шөнө хэд хэдэн удаа сэрж босоод байх шиг байсан. Яг юу хийгээд байсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд өглөө Б.Гэ гэдэг залуу нь босчихсон гадаа машин ирчихлээ гээд бид хэдийг сэрээчхээд өөрөө гараад явчихсан. Тэгээд би босоод хартал Б.Э, Э хоёр хоёулаа нэг орон дээр хэвтэж байсан ба намайг сэрэх яг тэр үеэр Эын бөгс нь гарчихсан дотуур хувцасгүй, өмдөө дээшээ татаад өмсөж байсан. Харин Б.Э дээгүүрх хувцастайгаа доод бүсэлхийгээ хөнжлөөр халхалчихсан унтаж байсан /доогуураа нүцгэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна." /хх-25-26/гэх мэдүүлэг,
Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Б.Э бид хоёр бэлгийн харьцаанд орсон, тэгж байхад манай найз Б.Гэ сэрчихсэн босоод гэр дотор тамхи татаад байх шиг байсан, Эийн найз О.Маа бас сэрчихсэн орондоо хөдлөөд байхаар нь би санаа зовоод болиод буцаад унтаад өгсөн" /хх-27-28/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Гийн яллагдагчаар өгсөн "...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 21-22 цагийн үед өөрийн найз Э болон түүний найз охин Б.Э, түүний найз охин О.Маа нарын 1 хамтаар Тэрэлжийн гүүрний цаад талд байх амралтын гэрт очиж 6 ширхэг лаазтай пиво, 2 том савтай Сэнгүр нэртэй пиво хувааж уунгаа хамт хөзөр тоглож суусан. Улмаар шөнө 03 цагийн үед намайг унтаж байхад Б.Э намайг алгадаж сэрээгээд хамт мөсөн дээр очъё хаашаа явахыг нь заагаад өг гэхээр нь хамт гарсан юм. Тэгээд би Б.Эээс фейсбүүкийг нь асуухад "Чам шиг халтар бүдүүн бандитай! харьцдаггүй" гэж хэлэхэд нь би өөрөө нэлээн таргандуу учраас эмзэглээд юм хэлж чадахгүй "за за оръё" гээд орж ирээд дуугай унтчихсан. Тэгээд унтаж байхад хоёр хүн шивнэлдээд байхаар нь сэрсэн тэр үед Б.Э, Э хоёр орон дотроо эхлээд юм ярьж байснаа дараа нь үнсэлцээд, хэсэг байж байгаад бэлгийн ажил хийж эхэлсэн, энэ үед нь би сэмээрхэн тэр хоёроос нууцаар хэдхэн секундын бичлэг хийж 1-2 зураг дарсан. Тэгээд тэр хоёрыг унасны дараа унтчихаад өглөө нь сэрээд бид хэд яваад өгсөн. Гэртээ харьснаасаа хойш Б.Э рүү фейсбүүкээр шууд шалдан байгааг нь харагдаж байгаа зургийг нь явуулаад харангуут нь буцаагаад устгачихсан, тэгээд бичлэгийг нь явуулаад харангуут нь устгачихсан. Утсан дээрээ авчихсан байсан бичлэг, зураг зэргийг нь ч гэсэн утаснаасаа устгачихсан. Энэ хоорондоо фейсбүүкээр Б.Эээр жаахан тохуурхаад хатуувтар үгтэй юм биччихсэн, намайг бүдүүн тарган халтар гээд байсанд нь миний дургүй их хүрч 1 бухимдсан байсан, тэгээд чаддаг юм бол 1 сая төгрөг олоод ир гэж хэлсэн, тэгтэл мөнгө байхгүй секс хүсээд байгаа юм уу гэхээр нь тэгье гэж бичсэн, тэгэхдээ тохуурхаад бичсэнээс өөрөөр жинхэнээсээ унтаж хэвтэнэ гэж бодоогүй юм. Мөн би өөрөө түрүүлж асууж заналхийлсэн юм байхгүй, Б.Э өөрөө мөнгө эсвэл секс би 1 чамд юу гэж тусалж чадах нь вэ? гэж бичсэн байсан юм, тэгэхээр нь би тохуурхаад 1 л тэгье юу чаддагийг чинь харья гэчхээд л орхичихсон юм." /хх-42/ гэх мэдүүлэг,
Гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-15, 17/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-46/,
“.....................” ХХК зүүн бүсийн үйлдвэрлэлийн албаны албан газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ".................." гэх фейсбүүк хаягнаас иргэн Б.Эийг тодорхой үйлдэл хийхийг буюу өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаардаж, татгалзвал түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт буюу түүний бусадтай бэлгийн харьцаанд орж буй зураг, бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Гийн шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэх мэдүүлэг, хохирогч Б.Эийн өгсөн: ...“ Тэгээд маргааш нь гэртээ байж байтал орой 21 цагийн үед "Б.Г" гэх Б.Гийн фейсбүүк хаягаас эхэндээ гайгүй юу, зүгээр үү гэж чат бичиж байснаа "би чамтай унтсан" гэхээр нь би юу болчихвоо гэж айсандаа Б.Гийн чатыг устгаад фейсбүүкийг нь "блок" хийчихсэн. Тэгтэл над руу ".................." гэх хуурамч фейсбүүк хаягаас "хүн, хүн шиг зан гаргаж байхад өөдөөс нохой шиг зан гаргах юмаа" гээд миний цаашаа хараад хэвтчихсэн, бөгс нь гарчихсан, дээгүүрээ цамцтай байгаа нүцгэн зургийг харуулснаа буцаагаад устгачихсан. Тэр зургийг нь харчхаад би өөрийгөө тэр оройн явж байсан хувцастай мөн байна гэж шууд таньсан. Өөрийнхөө биеийг ч мөн болохыг таньсан. Тэгээд Б.Гэ намайг шууд дарамтлаад эхэлсэн. Чи өдөөд байна уу, аятайхан ярьж байхад уур хүргэлээ энд зураг, бичлэг байгаа, Эын чамтай унтаж байгаа бичлэг байгаа. Тэгэхдээ Эыг хэн ч танихгүй бичлэг байгаа. Тэгэхээр чамайг яаж ч болно. Энэ бичлэг, зургийг чинь үнэ хүргэж болох зөндөө арга байгаа. Тэрэнтэй дүйцэхүйц миний сэтгэлд нийцэхээр ашигтай зүйл хэл тэгэхгүй бол порно сайт, фейсбүүк группүүдэд зарна. Фейсбүүкээр тараана гэж сүрдүүлж эхэлсэн юм.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Ммаагийн өгсөн: ... “Миний мэдэхийн Б.Гэ гэдэг залуу нь шөнө хэд хэдэн удаа сэрж босоод байх шиг байсан. Яг юу хийгээд байсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд өглөө Б.Гэ гэдэг залуу нь босчихсон гадаа машин ирчихлээ гээд бид хэдийг сэрээчхээд өөрөө гараад явчихсан. Тэгээд би босоод хартал Б.Э, Э хоёр хоёулаа нэг орон дээр хэвтэж байсан ба намайг сэрэх яг тэр үеэр Эын бөгс нь гарчихсан дотуур хувцасгүй, өмдөө дээшээ татаад өмсөж байсан. Харин Б.Э дээгүүрх хувцастайгаа доод бүсэлхийгээ хөнжлөөр халхалчихсан унтаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б.Э бид хоёр бэлгийн харьцаанд орсон, тэгж байхад манай найз Б.Гэ сэрчихсэн босоод гэр дотор тамхи татаад байх шиг байсан, Эийн найз О.Маа бас сэрчихсэн орондоо хөдлөөд байхаар нь би санаа зовоод болиод буцаад унтаад өгсөн.“гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Э, Э хоёр орон дотроо эхлээд юм ярьж байснаа дараа нь үнсэлцээд, хэсэг байж байгаад бэлгийн ажил хийж эхэлсэн, энэ үед нь би сэмээрхэн тэр хоёроос нууцаар хэдхэн секундын бичлэг хийж 1-2 зураг дарсан. Тэгээд тэр хоёрыг унасны дараа унтчихаад өглөө нь сэрээд бид хэд яваад өгсөн. Гэртээ харьснаасаа хойш Б.Э рүү фейсбүүкээр шууд шалдан байгааг нь харагдаж байгаа зургийг нь явуулаад харангуут нь буцаагаад устгачихсан, тэгээд бичлэгийг нь явуулаад харангуут нь устгачихсан. Утсан дээрээ авчихсан байсан бичлэг, зураг зэргийг нь ч гэсэн утаснаасаа устгачихсан. Энэ хоорондоо фейсбүүкээр Б.Эээр жаахан тохуурхаад хатуувтар үгтэй юм биччихсэн, намайг бүдүүн тарган халтар гээд байсанд нь миний дургүй их хүрч 1 бухимдсан байсан, тэгээд чаддаг юм бол 1 сая төгрөг олоод ир гэж хэлсэн, тэгтэл мөнгө байхгүй секс хүсээд байгаа юм уу гэхээр нь тэгье гэж бичсэн, тэгэхдээ тохуурхаад бичсэнээс өөрөөр жинхэнээсээ унтаж хэвтэнэ гэж бодоогүй юм....” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Гд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяуд овогтой Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд 1.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД