Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч С.Цэрэндалай,

            Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогтой Ж.Од холбогдох эрүүгийн 2007 0043 30016 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................................... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух хаягтай, РД: у , Боржигин овогтой Ж.О,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед согтуурсан үедээ ................................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Б.Эг М.Мтай хамт хонолоо гэх шалтгаар нүүр, зүүн дал, нуруу, зүүн, баруун хөлийн гуя хэсэгт гараараа олон удаа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “10 сарын 30-ны орой найзындаа байж байгаад шөнө 02 өнгөрөөд 03 цагийн үед гэр рүүгээ түлхүүрээр онгойлгоод орсон чинь М.М гээд залуутай манай эхнэр хамт унтаж байсан. Тэгээд ороод сэрээсэн чинь М.М нь гараад зугтаагаад Б.Эг босож ирэхээр нь 2 алгадаад гаргах гээд чирсэн. Гаргах гээд чирч байх хооронд гар, хөл нь хөхөрсөн байх. Тэгээд гаргаад хаалга хаасан чинь хаалга өшиглөөд байхаар нь онгойлгосон чинь цагдаа ороод ирсэн.” гэв.

            Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найзуудтайгаа гадуур гараад Налайх захын доор байдаг бааранд орж бүжиглэж байтал нэг байранд хамт байсан багын найз М.Мтай таарсан. Ингээд би баарнаас гараад манай найзууд намайг байрны гадаа буулгаад би гэртээ орох гээд орцныхоо урд явж байтал М.М бас нэг найзыгаа манай хажуу талын байранд хүргэж өгөөд явж байна гээд дахиад таараад би архиндаа согтоод алхаж чадахгүй гуйваад байсан чинь М.М намайг гэрт чинь оруулаад өгье гэхээр нь зөвшөөрөөд хамтадаа манай орц руу ороод гэртээ оруулсан. Тэгээд би орондоо ороод хэвтээд өгсөн ба сүүлд М.М ярихдаа намайг өөрт нь нөхөртэйгөө маргалдсан талаар яриад уйлаад байсан гэж хэлсэн ба намайг унтаад өгөхөөр нь хажууд хэсэг жоохон хэвтээд архиа гаргаж байгаад гарья гэж бодоод хэвтэж байгаад унтаад өгсөн байна лээ гэж хэлсэн. Унтаж байтал гэнэт намайг үстээд газар унагаад хүн чирэхээр нь хартал манай нөхөр Ж.О байсан ба миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд нуруу, хөл гар руу хэд хэдэн өшиглөж цохисон. Яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна. М.М бид 2 нэг байрны нэг орцонд байсан нэг үеийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд багадаа найзалж нөхөрлөдөг байж байгаад М.М нь Швед Улс руу яваад саяхан ирсэн гээд бааранд тааралдсан. Ж.О нь намайг үстэж чирээд цохиж зодож байгаад гэрээс гаргахаар нь би хаалгаа цохиж байгаад буцаж ороод цагдаа дуудсан. Урьд өмнө нь 4 жилийн өмнө согтуу байхдаа намайг бас зодож байсан..." /хх-7-11/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Налайх дүүрэгт гэртээ охин Б.Эгийн гэрт иртэл манай 2 зээ 8 настай С, 7 настай Со нар нь намайг дагаад хамтдаа явъя гэхээр нь 5 дахь өдөр байсан болохоор би охиноосоо асуугаад ач нараа дагуулаад автобусаар Улаанбаатар хотынхоо гэрт очоод 2 хоноод буцаад ирье гэхэд манай охин Б.Э яахын бэ би хүргээд өгье гэхээр нь зөвшөөрөөд 19 цагийн үед охин хөдлөөд явтал цас орсон, зам айхтар халтиргаатай болоод Б.Э машинаа барьж чадахгүй гулгаад явахгүй байхаар нь Хонхор ороод зогсоод би Б.Эг буц халтиргаатай үед дэмий, бид 3 автобусаар явчихъя гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 3 буугаад автобусанд суух үед Б.Э намайг та Ж.О руу залгаад ирээд ав гэж хэлчих гэхээр нь би зөвшөөрөөд зээ Сын утсаар шиг санагдаж байна Ж.О руу залгаад бид гурвыг Б.Э хот руу хүргэж өгөхөөр явтал зам халтиргаатай явж чадахгүй байна. С, Со бид 3 эндээсээ автобусанд суулаа, чи Б.Эг ирээд авахгүй бол явж чадахгүй байна машин нь гулгаад гэхэд урдаас чадахгүй гэх шиг болсон. Яг үгийг нь сайн сонсож чадаагүй учир нь С би аавтай ярина гээд утас булаацалдаад сайн сонсож чадаагүй. Би Б.Эгийн машинаас буухдаа Ж.О чадахгүй гэж байх шиг байна гэж хэлээд л буугаад явчихсан. Ингээд тэр өдрийн шөнө 03 цагийн үед над руу Ж.О залгаад энэ янхан охиноо ирээд аваад яв гэртээ хүнтэй унтаад хэвтэж байна гээд л дахин дахин залгаад байхаар нь гараад явах гэтэл машин асахгүй байхаар нь буцаж гэртээ орж унтаад маргааш нь ирээд Б.Этай уулзаад болсон асуудлыг мэдсэн. Б.Э надад хэлэхдээ би бааранд пиво уугаад тэрэндээ согтоод М.Мтай таараад намайг гэрт оруулж өгөөд хоорондоо юм ярьж байгаад архиндаа согтоод унтсан байна лээ. Тэгээд нэг сэрсэн Ж.О ороод ирсэн байсан гэж надад ярьсан. Ямар нэг асуудал огт болоогүй хувцас, хунартайгаа унтаж байсан гэж хэлсэн. Ж.Оаас хүртэл асуухад хувцастайгаа унтацгааж байсан гэж хэлсэн.../хх-19-20/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна 22-23 цагийн хооронд болов уу Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................" нэртэй бааранд ганцаараа ороод бүжиглэж байтал манай 10 жилийн нөгөө ангид сурдаг байсан мөн нэг байрны нэг орцонд хамт амьдардаг байсан Б.Этай таарсан. Ингээд мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байгаад тус тусдаа явж байсан болохоор салаад бүжиглэж байгаад таньдаг хүн байхгүй болохоор нээх удалгүй 30 орчим минутын дараа гараад Налайх дүүргийн 8 дугаар хороо 10 шарын 54 дүгээр байранд байдаг найз Угийнд очсон. Тэднийд У бид хоёр 1 шил 0,75 литрийн хар экс нэртэй архи хувааж уучхаад гэртээ харихаар гарсан. Гэтэл .....-р байрны орц руу нэг эмэгтэй хүн орох гээд нэлээн согтуу бололтой гуйвж дайваад байхаар нь сайн лавлаж хартал Б.Э байхаар нь очиход нэлээн согтуу байхаар нь би оруулж өгье гээд түшээд дээшээ 3 байна уу 4 давхар шиг санагдаж байна гэрт нь оруулж өгсөн. Тэгэхэд Б.Э ганц, ганц пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд том өрөөнийх нь буйдан дээр суугаад пивоо уугаад ойр зуурын юм ярьж байтал Б.Э манай нөхөр архи их уугаад байна 7 хоног бараг хэл сураггүй алга болчихдог гээд л уйлаад юм яриад сууж байсан, би ч яриаг нь сонсоод дээрээс нь уусан архи үйлчлээд нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Тэгээд хүн татахаар нь сэртэл Б.Эгийн нөхөр жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Оогоо байхаар нь босоод за битгий буруугаар ойлгоорой ямар ч асуудал байхгүй шүү гэдгээ хэлээд шууд гэрээс нь гараад явсан.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

            Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...Тухайн өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад үүрээр 95 дугаар байрны 15 тоотод хэрүүл маргаан үүсээд байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсний дагуу хаягаар нь очиход эхнэр, нөхөр хоёр хоёулаа согтуу байсан ба хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Нөхөр нь эхнэрээ зодсон байдалтай эхнэрийнх нь нэг нүд нь хөхөрсөн байхаар нь би Ж.О гэх залууг эрүүлжүүлэхэд хүргэж өгөөд эхнэрийг нь эмнэлэгт үзүүл гээд явуулсан.” /хх-25/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ирээд хаалгаа онгойлгоод яваад ортол том өрөөний буйдан дээр манай эхнэр Б.Э зүс таних М.М гэж залуутай тэврэлдээд унтаж байхаар нь очоод М.Мыг мөрнөөс нь татахад сэрээд шууд хөгшөөн чи буруугаар ойлговоо, ямар ч асуудал байхгүй шүү гэж хэлээд шууд гараад явсан. Тэгээд би Б.Эг дахиад мөрнөөс нь татахад сэрхээр нь юу болж байгаа юм гэхэд чи буруугаар ойлгоод байна гэхээр нь чи манайхаас зайл гээд гэрээс гэхэд гарахгүй болохоор нь мөрнөөс нь татаад гаргах гэхэд урдаас хэрэлдээд чи буруу бодоод байна гээд байхаар нь баруун гараараа зүүн хацар руу нь 2 удаа алгадаад чирээд гэрээс гаргасан...” /хх-36--39/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12862 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 

  1. Б.Эгийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн дал, бүсэлхий, нуруу, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун шагайнд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-27-28/ гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогтой Ж.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007 0043 30016 дугаартай хэргийг хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед согтуурсан үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо 95 дугаар байрны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Б.Эг М.Мтай хамт хонолоо гэх шалтгаар нүүр, зүүн дал, нуруу, зүүн, баруун хөлийн гуя хэсэгт гараараа олон удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Эгийн өгсөн: ...“ Унтаж байтал гэнэт намайг үстээд газар унагаад хүн чирэхээр нь хартал манай нөхөр Ж.О байсан ба миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд нуруу, хөл гар руу хэд хэдэн өшиглөж цохисон. Яг хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна. М.М бид 2 нэг байрны нэг орцонд байсан нэг үеийн хүүхдүүд байгаа юм. Тэгээд багадаа найзалж нөхөрлөдөг байж байгаад М.М нь Швед Улс руу яваад саяхан ирсэн гээд бааранд тааралдсан. Ж.О нь намайг үстэж чирээд цохиж зодож байгаад гэрээс гаргахаар нь би хаалгаа цохиж байгаад буцаж ороод цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэггэрч Д.Бгийн өгсөн: ... Ингээд тэр өдрийн шөнө 03 цагийн үед над руу Ж.О залгаад энэ янхан охиноо ирээд аваад яв гэртээ хүнтэй унтаад хэвтэж байна гээд л дахин дахин залгаад байхаар нь гараад явах гэтэл машин асахгүй байхаар нь буцаж гэртээ орж унтаад маргааш нь ирээд Б.Этай уулзаад болсон асуудлыг мэдсэн. Б.Э надад хэлэхдээ би бааранд пиво уугаад тэрэндээ согтоод М.Мтай таараад намайг гэрт оруулж өгөөд хоорондоо юм ярьж байгаад архиндаа согтоод унтсан байна лээ. Тэгээд нэг сэрсэн Ж.О ороод ирсэн байсан гэж надад ярьсан..” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б.Э байхаар нь очиход нэлээн согтуу байхаар нь би оруулж өгье гээд түшээд дээшээ 3 байна уу 4 давхар шиг санагдаж байна гэрт нь оруулж өгсөн. Тэгэхэд Б.Э ганц, ганц пиво ууя гэхээр нь зөвшөөрөөд том өрөөнийх нь буйдан дээр суугаад пивоо уугаад ойр зуурын юм ярьж байтал Б.Э манай нөхөр архи их уугаад байна 7 хоног бараг хэл сураггүй алга болчихдог гээд л уйлаад юм яриад сууж байсан, би ч яриаг нь сонсоод дээрээс нь уусан архи үйлчлээд нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Тэгээд хүн татахаар нь сэртэл Б.Эгийн нөхөр жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Оогоо байхаар нь босоод за битгий буруугаар ойлгоорой ямар ч асуудал байхгүй шүү гэдгээ хэлээд шууд гэрээс нь гараад явсан.“гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад үүрээр 95 дугаар байрны 15 тоотод хэрүүл маргаан үүсээд байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсний дагуу хаягаар нь очиход эхнэр, нөхөр хоёр хоёулаа согтуу байсан ба хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Нөхөр нь эхнэрээ зодсон байдалтай эхнэрийнх нь нэг нүд нь хөхөрсөн байхаар нь би Ж.О гэх залууг эрүүлжүүлэхэд хүргэж өгөөд эхнэрийг нь эмнэлэгт үзүүл гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12862 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон тохирсон байна гэж үзлээ.

           

Гэвч шүүгдэгч нь энэхүү үйлдлийг  гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Эгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчилсэн улсын яллагчийн зүйлчлэл нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Ж.О нь  хохирогч Б.Эгийн өөр эрэгтэй хүнтэй нэг оронд унтаж байгаа зүй бус үйлдлийн улмаас зодсон шалтгаан сэдэлт зорилго нь   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хүчирхийллийн хэлбэр болох бие махбодид халдсан үйлдлийн сэдэлтийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ж.Од холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогтой Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3 . Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ж.Од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД