Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогтой Д.Бд холбогдох эрүүгийн 2107 0000 50036 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 дүүгийн хамт ...................................... оршин суух бүртгэлтэй,

-Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/109 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/27 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас заримыг буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 cap хорих ялаар,

-Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны 5 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйл ийн 153.1 -д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний 42 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2020 оны 03 дугаар сарын 09 ны өдөр суллагдсан ,

Дархан овогтой Д.Б /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж складны 4 дүгээр гудамжны урд үзүүрт Б.Цтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маргасан зүйлгүй. Таньдаг хүнтэй андуураад дуудаад зогсохоор нь таниад юм хэлсэн. Цохисноо санахгүй байна. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэв.

 

            Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Хорго төвийн ATM орж мөнгө авахаар гэрээсээ гарч засмал зам дагаад явж байхад зам хөндлөн гардаг төмөр замын хажууд өөдөөс алхаж яваа 2 залуу зөрснөө нэг нь “хөөе зогсож бай” гэх шиг болохоор нь юм асуух гэж байгаа болов уу гэж бодоод эргээд харсан чинь хар пальто өмссөн согтуу залуу ирснээ “хөгшин банди минь өдөөд байна уу” гэхээр нь “ахын дүү хүн андуураад байгаа биш үү, чи согтуу байна харьж амар” гэж хэлэхэд миний нүүр духны зүүн тал руу хоёр удаа гараа атгаж байгаад цохисон, тэгтэл цуг яваа залуу нь “яаж байгаа юм боль” гээд тэвэрч аваад үлдэхэд би холдож зам дагаад Хорго чиглээд алхаж байтал араас нөгөө хар пальтотой залуу ирээд намайг барьж авч тонгойлгож байгаад нэг удаа нүүрэнд өшиглөхөд миний хамраас цус гарсан. Тухайн үед засмал замаар явж байсан цагаан машин дотроос нэг залуу “хөөе болиоч” яагаад хүн зодоод байгаа юм гэсэн чинь араас нь ирсэн залуу намайг өшиглөдөг залуугаа татаж аваад явчихсан, дараа нь би цагдаа руу залгаж зодуулчихлаа гэж дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирэхээр нь ийшээ явсан гэж зааж өгч цагдаа тэр хавиар явж байгаад намайг зодсон залууг цуг яваа залуутай нь бариад бүгдээрээ хэлтэс дээр ирсэн. Намайг зодсон залууг нэрийг нь Д.Б гэж байсан..." /хх-6-8/ гэх мэдүүлэг,

            Гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороо баялаг 7-8 тоот гэртээ байж байтал манай эхнэр Мягмарсүрэнгийн төрсөн дүү Цагаанаа буюу Д.Б над руу залгаад "Далай бид хоёр баялгийн 2 дугаар гудамжинд байна, нэг асуудалд орчих шиг боллоо ирээд авчих" гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол цагдаа нар ирсэн Цагаанаа буюу Балжиням, Далай хоёрыг машиндаа суулгаад аваад явсан байсан. Өөр надад мэдэх юм алга. Далай гэдэг нь манай хашаанд тусдаа гэр барьж амьдардаг хотын залуу. Одоо Баттөр гэдэг хүний уурхайд ажилладаг, би бас Далайг сайн мэдэхгүй саяхнаас л бие биеэ зүс таних болсон хүмүүс байгаа. Бүтэн нэрийг нь санахгүй байна..." /хх-9/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 12 дугаар сарын 17-ны орой дэд ахлагч Сүхболдын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр орой 20 цаг өнгөрч байх үед бид 2 Налайх дүүргийн 3 дугаар хорооны Хорго төвийн ойролцоо явж байхад Чулуут 10 /төв/-өөс Баялагийн 2-10 тоот гэрээсээ гарч яваад Хорго төвийн зүүн талд хүн зодуулсан байна шалга гэсэн дуудлага ирэхээр нь яваад очтол Хорго төвөөс зүүн тийш холгүй төв замын дэргэд Б.Ц гэдэг эрэгтэй хүн зодуулсан байдалтай духны хэсэгт шалбарсан, хамраас нь цус гарсан байсан. Хэн зодсон хаашаа явсан гэхэд зөрсөн 2 залуугийн 1 нь нүүр рүү цохиж зодсон, нөгөө нь залгаад тийшээ аваад явсан гээд зүүн тийш гэр хороолол руу заахаар нь тэр орчимд явж байгаад Баялагийн 2 дугаар гудамжны баруун үзүүрийн блокон хашааны дэргэд явж байсан 2 залууг саатуулж шалгасан. Б.Цаас хэн нь зодсон гэхэд энэ зодсон гээд хар пальто өмссөн залууг нь зааж байсан. Тэр зодсон залууг нь Д.Б, салгаж авсан залууг нь Буяндалай гэж байсан. Тэгээд дээрх 2 залууг Цагдаагийн хэлтэст хүргэж эрүүлжүүлсэн..." /хх-10/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой пиво ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хорго төвийн зүүн талд зөрж өнгөрсөн Б.Ц гэдэг ахыг зодож гэмтэл учруулсан нь үнэн. Хохирогчид би боломжтой болохоороо хэдэн төгрөг өгье гэсэн чинь Б.Ц ах хэрэггүй би чамаас юм авахгүй гэсэн, хохирогч надад гомдол санал байхгүй гэсэн...” /хх-33-35/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 

  1. Б.Цын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-41/,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-60-83/,

 

Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хохирогч нь шүүгдэгчид гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-87-88/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж складны 4 дүгээр гудамжны урд үзүүрт Б.Цтай бусадтай андуурсан гэх шалтгаанаар түүний  нүүрэн тус газарт цохиж тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Бын өгсөн: “Маргасан зүйлгүй. Таньдаг хүнтэй андуураад дуудаад зогсохоор нь таниад юм хэлсэн. Цохисноо санахгүй байна. Хохирогчоос уучлалт гуйсан...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой пиво ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хорго төвийн зүүн талд зөрж өнгөрсөн Б.Ц гэдэг ахыг зодож гэмтэл учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг, хохирогч Б.Цийн мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “....хар пальто өмссөн согтуу залуу ирснээ “хөгшин банди минь өдөөд байна уу” гэхээр нь “ахын дүү хүн андуураад байгаа биш үү, чи согтуу байна харьж амар” гэж хэлэхэд миний нүүр духны зүүн тал руу хоёр удаа гараа атгаж байгаад цохисон, тэгтэл цуг яваа залуу нь “яаж байгаа юм боль” гээд тэвэрч аваад үлдэхэд би холдож зам дагаад Хорго чиглээд алхаж байтал араас нөгөө хар пальтотой залуу ирээд намайг барьж авч тонгойлгож байгаад нэг удаа нүүрэнд өшиглөхөд миний хамраас цус гарсан...” гэх, гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... манай эхнэр Мягмарсүрэнгийн төрсөн дүү Цагаанаа буюу Д.Б над руу залгаад "Далай бид хоёр баялгийн 2 дугаар гудамжинд байна, нэг асуудалд орчих шиг боллоо ирээд авчих" гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол цагдаа нар ирсэн Цагаанаа буюу Балжиням, Далай хоёрыг машиндаа суулгаад аваад явсан байсан....” гэх, гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Налайх дүүргийн 3 дугаар хорооны Хорго төвийн ойролцоо явж байхад Чулуут 10 /төв/-өөс Баялагийн 2-10 тоот гэрээсээ гарч яваад Хорго төвийн зүүн талд хүн зодуулсан байна шалга гэсэн дуудлага ирэхээр нь яваад очтол Хорго төвөөс зүүн тийш холгүй төв замын дэргэд Б.Ц гэдэг эрэгтэй хүн зодуулсан байдалтай духны хэсэгт шалбарсан, хамраас нь цус гарсан байсан. Хэн зодсон хаашаа явсан гэхэд зөрсөн 2 залуугийн 1 нь нүүр рүү цохиж зодсон...”гэхШүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал болгосныг  шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан овогтой Д.Бд                                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 240/ хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

           

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД