С.Загдсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийдвэртэй, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 8 дугаар баг, Индэрт 5-р гудамжны 5 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Есөнбулаг сумын Индэрт 5 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, эрэгтэй, РД- ДИ81111111, Тавьчуул овогт Содномын Загдсүрэнгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, 1 дүгээр баг, Баянхайрхан хөгжил 9 дүгээр байрны 5 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ71121916, Хар азарга овогт Цэен-Ойдовын Түмэнбаярт холбогдох, худалдсан автомашины үнэ 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Түмэнбаярын гомдлоор 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Загдсүрэн, хариуцагч Ц.Түмэнбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов. Нэхэмжлэгч С.Загдсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ц.Түмэнбаярт өөрийн өмчлөлийн 59-87 ГАҮ улсын дугаартай, цагаан өнгөтэй суудлын зориулалттай Истана маркийн автомашиныг худалдсан юм. Хоёр тал харилцан тохиролцож автомашины үнийг 10.000.000 төгрөгөөр тохирч, төлбөр төлөх хугацааг 2016 оны 7 дугаар сарын 15-нд төлөхөөр болж, үнийг төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор болсон. Гэтэл Ц.Түмэнбаяр нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй өдийг хүрч байна. Энэ машиныг Хятад компанид явуулах гэж байгаа, тэр хятад хүн гарын үсэг зурж чадахгүй тул би нэр дээрээ гэрээ хийнэ, төлбөрийг 7 дугаар сарын 15-ны өдөр гэхэд мөнгө нь ороод ирнэ ямар ч асуудал байхгүй гэсэн. Нотариатч Г.Нямаа чи хүний өмнөөс гэрээ хийж байна, 7 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрэх юм бол хариуцлагыг нь хүлээх юм байна нэг өдрийн алдангийг 0.5 хувиар тооцож байна гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 15-ны өдөр болсон мөнгөө авья гэхэд байж бай гэж явсаар 9, 10 сар болж би шүүхэд өгнө гэхэд удахгүй мөнгө ороод ирнэ гэсэн. Тэгээд би эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч 2017 оны 5 дугаар сард мөнгийг чинь өгнө гээд байсан тул би зөвшөөрөхгүй шүүхэд өгсөн. Ц.Түмэнбаяр надтай гэрээ хийсэн тул би Ц.Түмэнбаяртай асуудал ярьсан. Тухайн үед М.Алтанхүүгийн талаар ярьсан зүйл байхгүй. Энэ машины өмчлөл миний нэр дээр байгаа. Машин аймаг дээр байгаа, гэхдээ М.Алтанхүүд байгаа юм шиг байна лээ. Би өөрөө харсан. Эвлэрүүлэн зуучлал дээр ирэх үед М.Алтанхүү авсан түүнээс мөнгөө ав гэхэд нь тийм зүйл байхгүй би өөртэй чинь гэрээ хийсэн тул өөрөөс чинь авна гэж хэлсэн. Ц.Түмэнбаяр захаар мал зардаг хүн байсан, дотно танил харилцаа холбоо байхгүй. Гэрээ хийж байхад асуудалгүй найдвартай мөнгө нь ороод ирнэ гээд байхаар нь өгсөн. М.Алтанхүү, Ц.Түмэнбаярын авсан машиныг унаад яваад байгаа, тэр хоёрын хооронд юу болсон талаар би мэдэхгүй. Иймд Истана маркийн ГАҮ 59-87 дугаартай машины үнэ 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.0000 төгрөгийг Ц.Түмэнбаяраас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Ц.Түмэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: С.Загдсүрэнгийн машины үнэ гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Загдсүрэнтэй наймаа хийгээгүй. Тухайн үед С.Загдсүрэн машин зарна гэж, М.Алтанхүү машин авна гэж байсан тул энэ хоёр хүнийг уулзуулж өгсөн. М.Алтанхүү миний иргэний үнэмлэх байхгүй байна, та үнэмлэхээрээ худалдах, худалдан авах гэрээ хийчих гэхээр нь би энэ хүний өмнөөс гэрээ хийсэн. Тиймээс энэ хоёр хүний наймааны дундаас намайг чөлөөлж өгнө үү. Би хариуцагч биш тул С.Загдсүрэнгийн нэхэмжлэлтэй надад холбогдох машины үнэ гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хар азарга овогт Цэен-Ойдовын Түмэнбаяр /РД-ДЮ71121916/-аас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тавьчуул овогт Содномын Загдсүрэн /РД-ДИ81111111/-нд олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Түмэнбаяраас 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Түмэнбаяр миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Загдсүрэнгийн машины үнэ гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Загдсүрэнтэй наймаа хийгээгүй. Тухайн үед С.Загдсүрэн машин зарна гэж М.Алтанхүү машин авна гэж байсан тул энэ 2 хүнийг уулзуулж өгсөн. М.Алтанхүү миний иргэний үнэмлэх байхгүй байна. Та үнэмлэхээрээ худалдах, худалдан авах гэрээ хийчих гэхээр нь би энэ хүний өмнөөс гэрээ хийсэн. Иймд би хариуцахгүй. Хариуцагч Ц.Түмэнбаяр миний бие шүүх хуралдаанд гэрч М.Алтанхүүг оролцуулахаар хүсэлт гаргасан боловч архи уусан гэж оруулаагүй байна. Энэ хэргийн үнэн зөвийг хэлэх ганц гэрч нь М.Алтанхүү байгаа юм. М.Алтанхүү нь би төлнө гэж байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ. Нэхэмжлэгч С.Загдсүрэн нь хариуцагч Ц.Түмэнбаярт холбогдуулан машин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг, биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: ... Миний бие 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өөрийн өмчлөлийн Истана маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр тохирч Ц.Түмэнбаярт өгсөн. Үнийг төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор болсон. Ц.Түмэнбаяр надтай гэрээ хийсэн тул би энэ хүнтэй асуудал ярьсан. Тухайн үед М.Алтанхүүгийн талаар ярьсан зүйл байхгүй. Гэрээ хийж байхад асуудалгүй найдвартай мөнгө ороод ирнэ гээд байхаар нь өгсөн... гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа: ... Тухайн үед С.Загдсүрэн машин зарна, М.Алтанхүү машин авна гэж байсан тул би энэ хоёр хүнийг уулзуулж өгсөн. М.Алтанхүү миний иргэний үнэмлэх байхгүй байна, та иргэний үнэмлэхээрээ худалдах, худалдан авах гэрээ хийчих гэхээр нь би энэ хүний өмнөөс гэрээ хийсэн. Тиймээс энэ хоёр хүний наймааны дундаас намайг чөлөөлж өгнө үү... гэж шүүхэд тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтаар С.Загдсүрэн, Ц.Түмэнбаяр нарын хооронд 59-87 ГАҮ улсын дугаартай, цагаан өнгийн, суудлын зориулалттай, Истана маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр тохирч, машины үнийг төлөх хугацааг 2016 оны 7 дугаар сарын 15-нд байхаар, уг хугацаанд төлөхгүй бол үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор худалдах, худалдан авах гэрээ хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хариуцагч Ц.Түмэнбаяр нь ...би машин зарах гэсэн, машин авах гэсэн хоёр хүний хооронд зуучилж, уулзуулсан болохоос өөрөө уг машиныг аваагүй... гэж тайлбарлаж байгаагаа баримтаар нотлоогүй байх тул түүнийг хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа, мөн алданги тооцсон хугацааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж зааснаар нэхэмжлэгч С.Загдсүрэн нь хариуцагч Ц.Түмэнбаяраас алдангид 5.000.000 төгрөг шаардах эрхтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2.Хариуцагч Ц.Түмэнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР Т.ЖАРГАЛСАЙХАН |