Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01891

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00077 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

Б/41 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус газрын харьяа Асрамжийн төвийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезхан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нярваар ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн б/41 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн. Миний бие ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэлийг хариуцагчаас тодруулж асуухад чиний орон тоо хасагдсан хэлсэн. Түүнчлэн тус Асрамжийн төвийн бүтэц өөрчлөгдөөгүй байна. Ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Д.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.           

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан төсөв орон тоог танилцуулж, нярав 7 хоногт нэг л удаа хүнс гаргаж өгдөг, тийм учраас цалин хүрэхгүй хасагдан гэдгийг тодорхой дэлгэрэнгүй хэлж, Монгол улсын МNS5823:2016 стандарт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол зэрэг эрхийн актуудыг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж мэдэгдэх хуудас өгсөн. Нярав хийх ажилгүй, илүү жижүүр хийлгүүлэх талаар санал тавихад Д.Б- нь би баас шээс угаахгүй, түүний оронд гаргачих гэж хэлж байсан. Энэ хэлсэн үгээ өөрөө тод санаж байгаа байх. Д.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн тэтгэмж олгосон ба зайлшгүй нэг хүн цомтголд орох асуудал хөндөгдөж зөвхөн хүнс тараахаас өөр хийх ажилгүй нярвыг хассан. Асрагч жижүүр нь хамгийн хүнд хэцүү ажил тул хасах боломжгүй. Нярвын орон тоо хасагдсан болохоос жижүүрийн орон тоо хасагдаж Д.Б-ыг ажлаас чөлөөлөөгүй. Ажил олгогч миний бие ажлын ачааллыг харгалзан ажлын байр, цалингийн фондыг үндэслэн ажлын байрыг цөөрүүлсэн маань огт хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Д Байболын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан Д.Б-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00077 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Б-ыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг: 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Д.Б-ын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200.00 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00077 тоо магадлалтай танилцаж эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Асрамжийн газрын төсвийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл ХАХНХЯ сайдын А/97 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2.1.2 заалтын дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гэсэн дагуу аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор төсвийг батлан өгсөн. Ажилчдын цалингийн санг 43.1 сая төгрөгөөр урьд оноос 5.3 сая төгрөгөөр дутуу баталсан болно. Стандартчиллын үндсэн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор асрамжийн газрын стандартыг баталсан ба уг стандартад асрамжийн газрын хүний нөөцийг 30 хүртэл үйлчлүүлэгчтэй Асрамжийн газарт Нийгмийн ажилтан -1, Үйлчлэгч-4, Тогооч, Туслах тогооч тус бүр -1 байхаар заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 16.5-д төсвийг шууд захирагч нь төсвийн талаар дараах эрх эдэлнэ гэсэн ба мөн хуулийн 16.5.3-т "Батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийг байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалт, хуулийн 16.5.9-т дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээлийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэсэн заалтуудыг үндэслэл болгон батлагдсан цалингийн сангийн хүрээнд няравын орон тоог цөөрүүлсэн нь хуульд зөрөөгүй дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзэж байна. Байболыг холбогдох хуулийн дагуу өөр албан тушаалд санал болгосон боловч уг саналыг хүлээн аваагүй ба хуулийн дагуу олгогдох тэтгэмжүүдийг бүгдийг авсан нь байгууллагын даргын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно.

Иймд Д.Б-ын нэхэмжлэлтэй аймгийн эрүү, иргэн хэргийн давж заалдах шатны 212/МА2018/00077 тоот шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ын “...тушаалыг хүчингүй болгож, няравын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар эс зөвшөөрч, орон тоо хасагдсан гэж маргажээ. 

Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2018 оны 2 дугаар сарын 5-ний өдөр Б/41 тоот тушаал гаргаж, Д.Б-ыг тус газрын харьяа Асрамжийн төвийн няравын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ний 26 дугаар тогтоолыг үндэслэл болгожээ /хэргийн 3 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэх ба няравын орон тоо хасагдсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг орон нутгийн төсөв  гэх бөгөөд Баян-өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 26 дугаар тогтоолоор Асрамжийн газрын 2018 оны төсвийг 43.492.100 төгрөгөөр тогтоож, ажилчдын тоог 6 үүнээс удирдах ажилтан 1, үйлчлэх ажилтан 5 байхаар баталжээ /хэргийн 16-19 дүгээр тал/.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34.-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгох ба Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төсвийн байгууллага байна.

Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд тэрээр батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхийг хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18., 16.5.3.-т тус тус заасан.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан төсөв, цалингийн сан, орон тоонд багтаан Асрамжийн төвийн бүтэц орон тоог тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх тогтоолоор нэхэмжлэгч Б.Байболын орон тоо хасагдсан, энэ тухайг түүнд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэж, 1 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5., 42 дугаар зүйлийн 42.1.-г зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж энэ тухайгаа шийдвэрт тодорхой тусгасан ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа “...няравын орон тоо хасагдсан нь баримтаар тогтоогдоогүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2018/00077 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.           

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ