Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 34

 

 

     2018            04             23                                                   34

 

                        Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох, эрүүгийн 1719000000100 дугаартай, 1 хавтас 173 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ийн А /РД:ЕС88091714/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.АЗг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн А-ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 253 200 төгрөг гаргуулж хохирогч Ж.АЗд олгож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хохирлын 253 200 төгрөгийг 3 сарын хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А-д үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.АЗ нь олох байсан орлого, цалин хөлс, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.А-д урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хэдэн цагаар хийлгэхийг шийтгэх тогтоолд зааж өгөөгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн хэдэн цагаар эдлүүлэх талаар тусгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.АЗг эхнэрт нь өөрөөс нь сал гэж хэллээ гэж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд 8, 9-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан тул түүнийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Ж.АЗ, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн 391, 02/033 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Б.Энхсанаа, Б.Ариунаа, С.Эрдэнэчимэг нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн өөрийнх нь сэжигтэн, яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба эдгээр хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өдөрт хийх хугацааг зааж өгөөгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад сөргөөр нөлөөлөхгүй юм.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 1-т “ нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаа нь амралтын өдөр, үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр болон хичээлийн үед 2 цаг, эсхүл өөрөө зөвшөөрсөн тохиолдолд ажлын өдөр ажил болон хичээлийн дараа 4 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна” гэж зохицуулагдсан нь нэгдүгээрт Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасан өдөрт хийх ялын хугацаа нь 4 цагаас ихгүй байх хугацаатай адилхан зохицуулагдсан тул ялыг гүйцэтгэх явцад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлах боломжтой.

 хоёрдугаарт Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед ялтны хийж байгаа ажлын онцлог, цаг улирлын нөхцөл байдал, мөн ялтны хувийн ажил, амьдралын шаардлагаар тухайн цаг хугацаанд нь ажлын цагийн талаар ялтан, шийдвэр гүйцэтгэгч нар хоорондоо тохирч, цагаа өдөрт 4 цаг хүртэл хугацаагаар тогтоон эдлүүлж болохоор заасан гэж ойлгоно.

Иймээс шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийх ялын өдөрт хийх хугацааг хатуу тогтоох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах нөхцөл журамд нийцэхгүйн гадна ийнхүү тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                 А.САЙНТӨГС